Яадаг ч байсан гэрлэ

 


The Awful Truth (1937). Америкийн нэрт кино найруулагч Leo McCarey-н ойворгон комеди. Америкийн зохиолч Arthur Richman-н 1922 оны ижил нэрт жүжгээс сэдэвлэн бүтээсэн уг кинонд бие биедээ итгэхээ больж салах шийдвэр гаргасан ч эцсийн мөчид дахин бие биедээ дурлан эргэн нийлж байгаа тухай өгүүлдэг. Киноны гол дүрүүдэд Cary Grant, Irene Dunne, Ralph Bellamy нар тоглосон. Энэ кино McCarey-н Columbia Pictures-тэй хамтран ажилласан анхны төсөл болсон. Киноны диалоги болон хошин шогийн элементүүдийн ихэнхийг найруулагч, жүжигчид импровиациар хийжээ. Хэдийгээр Grant найруулагч McCarey-н ажиллах арга барилаас болж төслийг орхихоо шахсан ч "The Awful Truth" киногоороо тэр Холливууд А зэрэглэлийн жүжигчин, гайхалтай импровиацилах авъяастай жүжигчин болохоо таниулсан. Уг кино бокс оффист өндөр амжилт гаргаснаас гадна Оскарын наадамд шилдэг кино, шилдэг эмэгтэй гол дүр гэх мэт 6 төрөлд нэр дэвшсэнээс шилдэг найруулагчийн шагналын эзэн болсон.

Уг киноны араас Irene, Grant хоёр "My Favorite Wife", "Penny Serenade" гэсэн хоёр ч кинонд хамтран тогложээ. Импровиацилах урлагийн магтуу болсон уг киног бүх цаг үеийн хамгийн инээдтэй ойворгон киноны нэг гэж үздэг; хөгтэй, хөгжилтэй хэдий ч зүрхнийхээ гүнд тун ноцтой агуулгатай бүтээл юм. Grant, Irene хоёр эксистенциалын хямралд орсон дээд зиндааны гэрлэсэн хосууд ба тэд "нээлттэй" гэрлэлтийг дэмжигчид шиг дүр эсгэн өөрсдийгөө хуурдаг ч амьдралд нь өөр хүмүүс орж ирсэнээр гэрлэлт, хайрынхаа үнэ цэнэ, жинхэнэ байдлыг ойлгодог; аймшигтай үнэн бол тэд бие биедээ хэрэгтэй бас бие биенгүйгээр амьдарч чадахгүй юм. McCarey моногамид гүн гүнзгий итгэдэг нь гол дүрүүдийг хөгжилтэй байдлаар алгуурхан өөрсдийнхөө үнэн сэтгэлийг ухаарч байгаагаар илэрнэ. Тэдний асуудал нарийн, аяндаа гүнзгийрдэг буюу кино бараг утгагүй зүйлээс эхэлж, үзэсгэлэнтэй бас зөвшилцөл дунд төгсдөг. Theyshootpictures сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 429-р байрт жагсаагаад байна. Arthur Richman-н жүжиг 1922 онд Бродвейн театрт анх тавигдсан; жүжигт Norman болон түүний эхнэр Lucy нарын хоёр биесээ үнэнч бус байсан гэж буруутгаж, салахаар болж байгааг үзүүлдэг. Lucy өөр залуутай гэрлэхээр төлөвлөж байтал өнөөх нь гэрлэхээсээ өмнө нэр төрөө цэвэрлэхийг түүнээс хүсэх бөгөөд нэр төрөө сэргээхээр хичээж байх явцдаа Lucy хуучин нөхөртөө дахин сэтгэл алдарч, эргээд нийлж байгаа тухай үзүүлдэг аж. McCarey-н киноноос өмнө "The Awful Truth"-ээр 1925 онд дуугүй кино, мөн 1929 онд дуутай кино тус тус хийчихээд байв.

Продюсер D. A. Doran жүжгийн эрхийг Pathe студид зориулан худалдаж авсан ба Pathe хаагдсаны дараа тэрээр Columbia Pictures-д нэгдэж. Columbia компани Pathe-н бүхий л кино зохиол болон зохиолын эрхийг худалдаж авсан байдаг. Doran "The Awful Truth"-ээр 1937 онд дахин кино хийхээр шийдсэн бөгөөд яг энэ үед Columbia-н тэргүүн Harry Cohn студидээ инээдмийн кинонууд хийлгэхээр McCarey-г авчраад байлаа. Cohn эхлээд киноны найруулагчийн ажлыг Tay Garnett-д тавьсан ба Dwight Taylor-н бичсэн кино зохиолыг уншаад найруулагчийн ажлаас татгалзжээ. Garnett-н хэлснээр, McCarey уг төслийг ажил хэрэгтэй байсан болохоор авсан гэжээ. McCarey-д жүжгийн өгүүлэмжийн бүтэц, өмнөх кинонууд, Pathe-н хэрэгжээгүй үлдсэн кино зохиол гээд бүгд таалагдаагүй. Cohn төслийг хэрэгжүүлэх ажлыг продюсер Everett Riskin-д хэдийнээ даалгачихсан байсан ба Taylor зохиолын нооргийг бэлэн болгочихсон байлаа. Taylor Norman гэдэг дүрийн нэрийг Jerry болгон өөрчилж, жүжгийн ёс суртахуунлаг өнгө аясыг багасгаад оронд нь ойворгон комедийн элементүүдийг ахиухан нэмж оруулсан.

  Энэ зохиолд Jerry түргэн ууртай гэж дүрслэгдсэн, мөн хосууд нохойноос бус харин хүзүүний зүүлтний төлөө маргалддаг аж. Taylor-н зохиолд үйл явдлын ихэнх Jerry-н клубт өрнөж, хосууд эд хошглоо дуудлага худалдаагаар худалдах үеэр уулзахдаа дахин дурлалцдаг аж. McCarey-д Taylor-н бичсэн зохиол таалагдаагүй. Гэхдээ тэр энэ кино нь өндөр ашиг олно гэдэгт итгэж байсан, учир нь Их Хямрал эхлээд долоон жил өнгөрч байсан тул үзэгчид баян хүмүүст тулгарч байгаа асуудал бэрхшээлийн түүхийг сонирхоно гэж боджээ. Ийнхүү McCarey Cohn-той шууд нүүр тулан уулзаад өөрийнхөө болзлуудыг тавьтал Cohn эргэлзсэн хандлага гаргаж. McCarey ойрхон байсан төгөлдөр хуурын өмнө суугаад мюзикл, шоуны дуунуудаас тоглож эхэлж, мюзиклд дуртай Cohn ийм төрлийн хөгжимд дуртай хүн авъяаслаг байх ёстой гэж үзээд түүний бүх болзлыг зөвшөөрсөний дотор кинонд хөндлөнгөөс оролцохгүй гэсэн тохироо байлаа. McCarey эхнэр, нөхөр кино зохиолчид болох Vina, Eugene хоёртой хамтран кино зохиолоо бичсэн. Хурц сэдэвтэй романууд бичдэг хосууд өмнө нь найруулагчийн "Make Way for Tomorrow" киноны зохиолыг бичиж байжээ. Эхнэр, нөхөр зохиолчид маань зохиолоо бичиж байх явцдаа гэрээсээ гарахыг хүсдэггүй байсан, тэд студи дээр очих, жүжигчидтэй уулзах зэргээс татгалздаг байв.

  McCarey тэдний гэрт очиж сцэнүүдийнхээ тухай ярилцдаг байсан агаад McCarey тэднээс жижиг сажиг зүйлсийг орхиод Jerry, Lucy хоёрын эвлэрэхэд саад болж буй бардам занд төвлөрөхийг хүсчээ. Irene Dunne Холливуудад ирсэнээсээ хойш ямар нэгэн студитэй гэрээ байгуулаагүй, чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байсан ба тэрээр "Theodore Goes Wild" кинонд тоглож, улмаар Оскарт шилдэг эмэгтэй гол дүрийн шагналд нэр дэвшсэн дороо манджээ. Дараа нь, "Show Boat" кинонд хар арьстны дүрд тоглосон нь замналыг нь баллах дөхсөн бөгөөд яаралтай нэр хүндээ сэргээх хэрэгтэй байсан тул McCarey-н саналыг шууд хүлээн авсан. McCarey түүнийг сонгосон шалтгаан нь, Irene шиг "эрхэмсэг" жүжигчин ойворгон комеди жанрын кинонд тоглох "зохицолгүй" байдал бий болгон, киног улам инээдтэй болгоно гэж үзсэнийх юм. Irene сонгогдсоноос хойш гурван хоногийн дараа Cary Grant киноны бүрэлдэхүүнд нэгджээ. Тэр үед Grant мөн л ямар нэгэн студитэй гэрээ байгуулаагүй, чөлөөт уран бүтээлч статустай байв. 1936 онд тэрээр Columbia-тай гэрээ байгуулах хэлэлцээр хийж яваад гудамжинд McCarey-тай таарч, өөрийгөө чөлөөтэй байгаагаа хэлжээ.

  Ингээд Grant Columbia-тай хоёр жилийн хугацаанд дөрвөн кинонд хамтрах гэрээ байгуулсан, гэхдээ энэ дөрвөн кино нь өндөр зэрэглэлийн бүтээлүүд байх ёстой гэсэн нөхцөлтэй байлаа. Grant McCarey-тай ажиллахыг тун их хүсч байсан тул Cohn түүнийг Jerry-н дүрд сонгожээ. Найруулагчийн ажиллах арга барилаас болж зураг авалтын талбай дээрх эхний 4,5 өдөр Grant, Irene, Ralph Bellamy зэрэг голлох жүжигчид учраа олохгүй гайхаш өнгөрүүлсэн; McCarey эхний хэдэн өдөр жүжигчидээ тойруулан суулгаад зүгээр л ээлжлүүлэн түүх яриулдаг байж. Кино зохиол байхгүй, бэлтгэл сургуулилт байхгүй байсан нь Irene-г сэтгэл санааны хямралд оруулж, өдөрт хэдэнтээ гэнэт учиргүй уйлдаг хүртэл болгов. Grant ч мөн ялгаагүй сандарч, заримдаа бие нь тавгүйтэх болжээ. McCarey жүжигчдийнхээ сэтгэл санааны байдлыг харгалзан үзээд Irene, Grant хоёрт зориулан тухайн мизансцэнийг зааварлаж өгөхөд Grant гүйцэтгэхээс татгалзжээ. Grant ямар ч зохиолгүй, дээр нь найруулагчийн ааш авираас болж галзуурах дөхсөн; замналынхаа туршид киноны продакшн яг л үйлдвэрийн дамжлага шиг яв цав зохион байгуулалт дор явагддаг гэсэн ойлголттой байсан түүнд өглөө босоод үгээ цээжилж, нарийн хуваарийн дагуу зураг авалтад орохгүй байна гэдэг байж болшгүй зүйл байв. McCarey-н импровиацийн хэв маягт дасч өгөхгүй байсан Grant тэвчээр алдаж, Cohn-д хандан, өөрийг нь төслөөс гаргаж өгөхийг хүссэн; Grant бүр гаргаж л өгвөл оронд нь өөр кинонуудад чинь цалингүй тоглож өгье гэж гуйсан байдаг. Үүнийг дуулсан McCarey Grant-д маш их уурлаж, түүнтэй харьцахаа больж, Grant-г төслөөс зайлуул гэжээ. Гэвч Cohn хэн хэнийх нь үгийг дагаагүй.

  Хожим McCarey хэлэхдээ, сайн комеди хийхэд юу хэрэгтэйг Grant ойлголтгүй байсан гэсэн байдаг. Grant-н сайхь үйлдлээс болж McCarey түүнд олон жил гомдож явсан гэдэг яриа бий. Найруулагч McCarey-н аав Холливуудөд боксын тэмцээн зохион байгуулагч гэдгээрээ алдартай нэгэн байсан бол ээж нь Франц эмэгтэй байжээ. McCarey өөрөө дунд жингийн боксчин болохыг зорьж байсан ч хүүгээ илүү амар амжилтанд хүрээсэй гэж хүссэн аав нь түүнийг хуулийн сургуульд явуулсан аж. Нийгэмд эзлэх байр сууриа ахиулахын тулд аав нь спортын ордноо зараад архины дэлгүүр нээж; улмаар архины дэлгүүрээр кино урлагийнхан байнга үйлчлүүлдэг байсан нь зөлуухан хөвгүүнд нөлөөлсөн нь дамжиггүй. Царайлаг, хар үстэй, сурлага сайтай McCarey Өмнөд Калифорнийн Их Сургуулийн Хуулийн ангийг төгсөөд хуульчаар ажилласан ч сонирхолыг нь татсангүй. Лифтний хонгилд унаж бэртсэнийхээ дараа тэрээр шүүхдэж, нөхөн төлбөрт овоохон мөнгө авсан ч мөнгөө буруу газарт хөрөнгө оруулснаар алдаж, дампуурсан аж. Авъяаслаг төгөлдөр хуурч McCarey мэргэжлийн дуу зохиогч болохыг хүсч, олон зуун дуу бичжээ. Тэдгээр дууны аль нэгийг бид сонсож байгаагүй байх, үүндээ ч баярлах хэрэгтэй, учир нь хэрэвзээ тэр амжилттай хөгжмийн зохиолч болсон бол кино урлаг нэгэн гайхамшигтай найруулагчийн өвөрмөц бүтээлүүдээр дутах байсан юм.

Бокс ба хүсэл тэмүүлэл, дээдсийн хүрээний соёлтой төрх ба эгэл ардын шулуун бүдүүлэг авир, амьдралд ойрхон хошигнол ба шашны трансцэндент; хөгжим хаа сайгүй эгшиглэж  дүрүүд дуулж бас төгөлдөр хуураар тоглож, бүжиглэхэд цаг хугацаа нэг хурдсаж, нэг удаашрах мэт мэдрэмж төрүүлдэг; энэ түүний кино ертөнц. McCarey импровиацилах урлагийн мастер байсан ба түүний кино зохиолууд эгээ л түүний замналын эхэн үеийн намтар шиг байдаг буюу тодорхой бүтэцгүй, эмх замбараагүй, хувирамтгай, гэнэтийн шийдлээр дүүрэн, ерөнхийдөө зөн совингоо дагасан шинжтэй байдаг. Түүнийг Frank Capra, Ernst Lubitsch хоёртой харьцуулдаг байсан агаад гэхдээ Lubitsch, Capra хоёр илүү тогтвортой бас урт хугацааны замналтай байсан (Capra олон сайн кинотой байсан бол Lubitsch олон шилдэг кинотой байсан). Гэхдээ McCarey ид оргил үедээ Capra-аас илүү, харин Lubitsch-тэй тэнцэхүйц чадварлаг уран бүтээлч байлаа. McCarey-н замнал дуугүй эриний "Laurel and Hardy"-ийн хоёр дамарт комедигоор эхэлж алдарт "Duck Soup" хүртэл яваад ер бусын үзэсгэлэнтэй мелодрам болох "An Affair to Remember" кино дээр ирдэг, тэр энэ киногоо хоёр удаа хийсэн байдаг. Дараагаар нь "Going My Way" болон "The Bells of St. Mary's" гэсэн хоёр хит кино хийсэн бөгөөд эл хоёр кино нь найруулагчийн гүн сүсэг бишрэл хийгээд Католик шашныг комедитэй хослуулсан гэдгээрээ онцлогтой байв.

  Залуудаа танилцсан бүсгүйтэйгээ насан туршдаа амьдарсан McCarey сонирхолоо даган кино урлагт хөл тавьсан байна. Кино урлагийн салбарт танилаараа дамжуулан орсон McCarey тэр даруй л кинонд дурлав; алдарт найруулагч Tod Browning-н гуравдахь туслах найруулагчаар ажиллах болсон McCarey ихэнх цагийг зураг авалтын талбайд өнгөрүүлж, янз бүрийн ажилд нь оролцохын зэрэгцээ өөрийгөө "script girl" буюу кино текст, тэмдэглэл хариуцдаг ажилтан гэж нэрлэх хүртлээ ажилдаа дурласан гэдэг. Хошин үзэгдэл, элэглэл зохиохдоо гаргууд байсан тэрээр удалгүй ажлаасаа гараад Hal Raoch Studios-д орж, богино хэмжээний кино найруулж, бүрэн хэмжээний кино зохиол бичиж эхлэв.  McCarey тэнд Stan Laurel, Oliver Hardy хоёрыг нэгтгэх санааг олж, хамтдаа кино урлагийн түүхэн дэх классик комеди кинонуудыг бүтээж алдаршсан. Тухайн цагт McCarey-н ажиллаж байсан студи нь Mack Sennett-н студитэй өрсөлддөг байсан ба энэ бол Charlie Chaplin, Buster Keaton, Fatty Arbuckle зэрэг инээдмийн жүжигчид мандаж байсан тэдний алтан үе байв. Найруулагчийн маань илүү нухацтай кино хийх хүсэл нь 1936 онд хайртай аавыгаа алдсаны дараа хүчтэй төрөх болсон гэдэг, "Make Way for Tomorrow" кинонд нь хагацлын сэдэв, мэдрэмж хүчтэй мэдрэгддэг билээ. "Make Way for Tomorrow" кинонд гарах хөгшин хосын хагацлын гунигт түүхийн эсрэг бүтээл нь "The Awful Truth" комеди юм.

"Make Way for Tomorrow" кинонд хөгшин хосууд сүүлчийн удаа уулзаад дурсамжаа хуваалцдаг бол "The Awful Truth" кинонд салж байгаа залуу хосууд дурсамжаараа дахин нийлдэг билээ. Capra-н "It Happened One Night" киног анхны ойворгон комеди жанрын бүтээл гэж үзэгсэд байдаг, гэхдээ McCarey-н эл киног бүх цаг үеийн хамгийн шилдэг ойворгон комеди кино гэж үнэлэгчид ч байдгийн нэг нь би байна. Ойворгон комеди жанрын кинонд төгсгөл хэсэг үргэлж бэрхшээл байдаг гэдэг, учир нь ийм жанрын хосууд нь эртний Грекийн жүжгээс романтик комеди киноны хэв загварын төгсгөлийн шийдэлд нийцдэггүй журамд баригддаггүй, бараг анархи шинжтэй байдаг. Хагарсан өндөг дахин бүтэн болох, өөрөөр хэлбэл хосууд нийгэмдээ эргэн нэгдэх нь өөрөө ойворгон жанрын үндсэн шинжтэй зөрчилддөг, учир нь, энэ жанрын хосууд нийгмийн хэвшмэл ойлголтын эсрэг зогссон өөрсдийн гэсэн хэл яриа, зөвхөн өөрсдөө л ойлгодог хошигнол бүхий хувийн ертөнц бүтээсэн байдаг. Тийм ч учраас энэхүү киноны маань хосууд өөрсдийнхөө хэлээр ярьсаар байгаа эргэн нийлдэг; ер нь зөвхөн өөрсдөө л ойлгодог хошигнол, нууц үг, яриатай байх нь хосуудад зайлшгүй байдаг хувийн харилцаа юм. Романтик комеди жанрын кинонд заавал байдаг сэдэв бол эхэндээ санаа, зорилго нь зөрчилдөж буй хосууд бэрхшээлийг даван туулж, хоёр дахь боломжоо ашигласнаар өөрсдийгөө шинээр нээж, харилцан буулт хийснээр илүү хүчирхэг нэгэн болж байгааг харуулдаг; харин McCarey энэ кинондоо өөрчлөлтийг илүү шашны үүднээс авч үзсэн буюу хосууд зөвхөн бие биедээ төдийгүй хайр гэдэг зүйлд тохирон, нийцнэ гэдгээ батлах шаардлагатай болдог. 

Comments