Данте Алигери "Там"

 

 




"Там". Италийн яруу найрагч, зохиолч Данте Алигеригийн 14-р зуунд бичсэн "Тэнгэрлэг туульс" найраглалын эхний хэсэг бөгөөд үүний араас "Ариутгалын орон", "Диваажин" гэсэн бүтээлүүд гарсан. "Там"-д эртний Ромын яруу найрагч Вергилийгээр замчлуулсан Дантегийн тамаар дамжин өнгөрөх аяллыг дүрсэлдэг. Найраглалд, тамыг дэлхийн дотор байрладаг эрүү шүүлтийн есөн тойрогтойгоор дүрсэлдэг. Ёгт үлгэрийн хувьд "Тэнгэрлэг туульс" нь сүнсний Бурхан руу чиглэсэн аяллыг төлөөлж, тамаар нүглийг хүлээн зөвшөөрч, мөн нүглээс татгалзахыг дүрсэлдэг.

  ҮНДСЭН САНАА. Данте сүнсний дэлхий дээрх нүгэл ба тамд хүлээн авах шийтгэл хоёрын хооронд төсөөлөхүйц зохицлыг бүтээдэг. Зөрүүдлэгчид шаварт хахаж, уцаартангууд биесээ дайрдаг бол шунахайчууд ялгадас идэхээс өөр аргагүйд хүрдэг.Эл энгийн санаа тамын дүр төрх, бэлгэдлийн хүчийг агуулсан олон мөчийг өгөхөөс гадна Дантегийн гол сэдвийн нэг болох Бурхны шударга ёсны төгсийг тодотгоно.Там нүглийг шийтгэхийн тулд оршдог ба тамын шийтгэлийн зохистой шинж бүх нүгэлтэй зөрчилддөг Бурхны төгс төгөлдөрийг гэрчилнэ. Бурхны шийтгэлийн зохистой шинжийн тухай ойлголт Дантегийн ёс суртахууны захиасууд болон Дантегийн тамын бүтцэд ихээхэн тусгагдсан. Орчин үеийн уншигчдад Данте, Вергилий хоёрын харж буй эрүү шүүлтүүд аймшигтай ширүүн санагдаж магадгүй; ижил хүйстнүүд халуун элсэн дээгүүр мөнхөд алхах ёстой; зээлээс хүү авагчид галан борооны дор сууна. Гэсэн хэдий ч бид найраглалыг бүхэлд нь авч үзвэл эдгээр шийтгэлийн зарчим тэнцвэртэй байдаг. Нүгэлтэнгүүд нүглийнхээ мөн чанарт тохирсон шийтгэлийг амсдаг. Эл бүтээлийн загвар энэхүү харилцан зохицлыг бэхжүүлэхэд үйлчилдэг; үйл явдлын өрнөх явцад бага нүглээс их нүгэл гэж шилждэг (зэрэглэлийн асуудал) ба мөн байрлуулсан газарзүйн бүтэц нь тамын янз бүрийн бүсчилсэн нүглийн төрлүүдтэй зохицдог (төрлийн асуудал). Тэнцвэрийн талаарх энэхүү ойлголтод Бурхны сонгосон бүхий л шийтгэлийг илтгэдэг учраас түүний шударга ёс нь хатуу объектив, механик байдлаар илэрдэг бөгөөд тамд ямар ч зөөлрүүлэх асуудал байхгүй; шийтгэл нь бараг шинжлэх ухааны томьёо шиг байдаг. "Там" найраглалын эхэнд Данте Бурхны шударга ёсны объектив бус байдал хийгээд Дантегийн дүрийн эргэн тойронд харагддаг сүнснүүдийг өрөвдөх сэтгэлийн хооронд асар хурцадмал байдлыг бий болгодог ба гэвч үйл явдал өрнөх тусам дүрийн өрөвдөх сэтгэл багасаж, Вергилийн ахин дахин тайлбараар энэхүү хувьсал дэмжигдсээр байдаг. Иймд, текст нь тэнгэрлэг шударга ёсны хязгааргүй мэргэн ухааныг баталж, нүгэлтнүүд өөрсдийн гэм нүгэлд тохирсон төгс шийтгэлийг хүлээн авч, тэдний зовлонг ойлгох боломжгүйг харуулж байна. 

Дантегийн Там олон талаараа хүмүүний муу муухайгийн системчилсэн төсөөллийн ангилал гэж үзэж болох бөгөөд Данте төрөл бүрээр нь ангилж, тусгаарлаж, судалж бас шүүдэг. Зарим үед бид түүний зохион байгуулалтын зарчимд эргэлздэг; жишээлбэл, хээл хахууль авагчдын тамын наймдугаар тойрогт шийтгэгдсэн нүгэлтэнгүүд яагаад Тамын зургаа дахь тойрогт шийтгэгдсэн хүн амины хэргээс илүү нүгэлд тооцож байгаа нь гайхмаар. Энэ зохион байгуулалтыг ойлгохын тулд Дантегийн хүүрнэл Христийн шашны сургаалын үнэт зүйлсийг хатуу баримталдаг болохыг ойлгох хэрэгтэй юм. Түүний ёс суртахууны систем дэлхий дээрх хүмүүний аз жаргал ба эв найрамдлыг бус харин Тэнгэрлэг Бурхны хүслийг чухалчилдаг. Иймд, Данте луйвар хүчирхийллээс илүү хорон муу гэж үздэг;  энэ хоёр нүглээс луйвар бол Бурхны хүслийг эсрэг байдаг хамгийн том нүгэл аж. Бурхан биднийг бие хүний хувьд өөрийнх нь бидэнд үзүүлдэг хайраар бие биенээ хайрлаасай гэж хүсдэг ба хүчирхийлэл энэ хайрын эсрэг бол луйвар нь үүний гажуудлыг бүрдүүлдэг аж. Луйварчин этгээд халамж ба хайранд нөлөөлөх замаар үүний эсрэг нүгэл үйлддэг. Гэсэн хэдий ч "Там" дээрх ёс суртахууны аргументуудыг гаргадаг боловч ерөнхийдөө энэ талаар багахан л хэлэлцдэг. Эцэст нь, энэ нь Бурхны хүсэлд харшилж байгаа учраас л муу муухай гэж зарлаж байгаа ба Бурхны хүсэлд нэмэлт үндэслэл хэрэггүй. Дантегийн муу муухайгийн талаарх судалгаанд муугийн шалтгаан, муугийн сэтгэлзүй болоод муу зан авир амьдралд ямар үр дагавартай хамаагүй бөгөөд энэ бол философийн зохиол биш юм. Түүний зорилго бол хоронд мууг шүүмжлэхээс илүүтэй Христийн шашны сургаалыг бэхжүүлэх явдал юм. Данте найраглалын туульч хүүрнэлээрээ мөнхийн тухай, домог болон уран зохиолын өвөөр дамжуулан мөнх амьдралыг чухалчилдаг.

 Хэд хэдэн сүүдэр Дантегийн дүрээс дэлхийд буцаж очоод өөрсдийнх нь нэр хийгээд түүхийг эргэн санахыг хүсдэг ба тэд өөрсдийнх нь түүхийг дахин ярьснаар хүмүүсийн дурсамжинд амьдрах боломжийг олгоно гэж найддаг. Дантегийн дүр үргэлж үүрэг хүлээдэггүй; жишээлбэл, Тамын наймдугаар тойргийн есдүгээр саванд байх Италийн сүнснүүдийн хүсэлтийг тэрээр дэлхий дээрх хүмүүст сэрэмжлүүлэг болгож хэлэхээс татгалздаг. Гэсэн хэдий ч яруу найрагч Данте өөрийн гэсэн хөтөлбөртэй юм шиг байна, учир нь түүний яруу найраг сүнснүүдийн түүхийг төслийн төв хэсэг болгон авч үздэг. Хэдийгээр яруу найрагч Тэнгэрлэг шударга ёсны төгс төгөлдөрийг, нүгэлтнүүдийн шийтгэлийг таарч тохирсон гэдгийг ахин дахин онцолдог ч нүгэлтнүүдийн хүүрнэлийг зохиолдоо оруулснаар тэдэнд тодорхой хэмжээгээр амьдрах боломжийг олгодог. Гэвч яруу найрагч Данте нүгэлтнүүдийн түүхийг дахин ярихдаа тэднийг бодолцсон гэхээсээ илүү өөрийнхөө үхэшгүй мөнхийн тухай илүү анхаарсан мэт. Үнэндээ, Данте өөрийнхөө алдар гавьяаг ахиулах боломжийг байнга ашигладаг. Жишээлбэл, 24-р Кантод, хулгайч нарын шийтгэлийн талаар тайлбарлахдаа Данте хувирал ба хувьслыг бичих чадвараараа Овид, Лукан хоёрыг давж гарсан гэдгээ шууд тунхагладаг. Домоглог зохиол, тод дүрслэлээрээ хамгийн алдартай хоёр классик яруу найрагчийг давж гарсан гэдгээрээ Данте өөрийнхөө мөнхрөлийг баталгаажуулахыг эрмэлздэг. Иймд, Данте тууль хүүрнэлээрээ олон өвийг хэрэгсэл болгон танилцуулдаг; хүүрнэгчийн сэдэв нь түүхийн ч сэдэв болдог. Зохиолын өрнөл нь гол баатрын амьд байхын дурсамжийг хадгалж үлддэг ч зохиолын хэв маяг, ур чадвар нь зохиолчийнхоо алдар гавьяанд үйлчилдэг. Хэдийгээр түүний олон нүгэлтнүүд шатаж, тас татагдаж эсхүл хэдэн хэсэг болтлоо мэрүүлж, дахин дахин амилахын тулд мянга дахин үхдэг боловч Данте өөрийнхөө хүүрнэлийн сэдэв болоод зохиолчийнхоо хувьд мөнхийн авъяастайгаа адилхан онцолдог.

 МОТИФ. Дантегийн "Там"--г бичсэн зорилгын нэг хэсэг бол өөрөө дөнгөж цөлөгдөөд байсан 14-р зууны Флоренцын улм төрийн аймшигтай ялзралын талаар өргөн хэмжээгээр тайлбар өгөх явдал байжээ. Тэрээр өөрийн мэдэгдлээ олон янзаар хэлдэг. Нэгдүгээрт, тэрээр өөртэйгөө санал зөрж байсан улстөрчдийг Тамаар нэг таарчихаад буруушааж байна. Хоёрдугаарт, Данте эл бүтээлийнхээ үйл явдлыг бичихээсээ хэдэн жилийн өмнө зохиочихоод байсан байсан тул бичиж байхдаа аль хэдийн болчихсон үйл явдлыг таамаглаж чадахаар байв. Тэр хараагдсан хүмүүсийн дуу хоолойгоор дамжуулан эдгээр таамаглалаа гаргадаг ба эдгээр сүнснүүдээр ирээдүйн Флоренцын ялзрал, үймээн самууныг онцлохдоо Данте өөрийн хуучин гэр орноо хатуу шүүмжилж байна. Гуравдугаарт, Данте найраглалынхаа туршид сүм ба төрийг тусдаа байх ёстой гэдэг ч дэлхий дээр ижилхэн эрх тэгш мэдэлтэй байх ёстой гэсэн хувийн улс төрийн итгэл үнэмшилээ бататгахын сацуу шашин хүний сэтгэлийг удирдаж, төр хүнийг захирдаг гэснийг дагана. Иймд, Данте эртний Ромын тухай олонтаа ишилдэг буюу Ромын иргэний болон оюун санааны ач холбогдолыг анхааруулан дурддаг. Найраглалын сүүлчийн драматик хэсэгт сүм ба төрийн ижил ач холбогдолыг харуулдаг. Люсифер Иуда, Брут нарыг мэрдэг бөгөөд шашин ба засгийн газрын эсрэг урвах нь Тамын эцсийн тойрогт орохын баталгаа болно. Данте эл хоёр институцийн эрх тэгш байдлыг онцлохын зэрэгцээ тэдгээрийг салгах зайлшгүй шаардлага гэж үздэг. Тэрээр хахууль авсан юмуу улс төрийн эрх мэдэлд тэмүүлсэн санваартнууд, ламууд гэх мэт хил давсан гэм буруутай сүнснүүдэд онцгой хатуу шийтгэл оноодог.

 Хэдийгээр уг бүтээл баталж буй үнэт зүйлсээрээ Христийн шашных байсан ч сэдэвчилсэн болон уран зохиолын түвшинд найраглал нь Грек ба Ромын уран зохиолын уламжлалд өртэй юм. Дантегийн Христийн Тамд Кентавраас Минос хүртэлх эртний, олон төрлийн домоглог уран зохиолын бүтээлүүд байдаг ба үүгээр зогсохгүй Ахерон, Стикс мөрнүүд гэх мэт домоглог газруудын багтаасан байдаг. Нэмж хэлэхэд, Хомер, Овид, Лукан, Вергилий зэрэг аугаа классик зохиолчдын хэв маягийг байнга дурдаж бас дуурайж байв Данте. Иймд, тэрээр өөрийгөө классик туульчдын тоонд багтаахыг оролдохыг зэрэгцээ классик яруу найрагчдаас илүү аугаа нэгэн гэдгээ харуулахыг оролджээ. Данте эл эртний материалыг өөр бусад шалтгаанаар, тэр дундаа домоглог элементүүд нь маш их драматик боломж агуулдаг тул хэрэглэжээ. Гэхдээ илүү чухал зүйл бол Данте найраглалдаа домоглог болон классик уран зохиолын элементүүдийг оруулсан нь Христийн шашин эдгээр алдартай түүхийг шингээсэн болохыг илтгэнэ; олон шашны урсгалыг нэг шүхэр дор нэгтгэснээр Данте өөрийн эрэл хайгуулын ач холбогдол нэмэгдүүлж, энэ нь бүх хүн төрөлхтөнд хэрэгтэй гэж үздэг.

Comments