The Tin Drum (1979) . Германы Шинэ Давалгаа Хөдөлгөөний гол найруулагчдын нэг Volker Schlondorff-ын Нобелийн шагналт Германы зохиолч Gunter Grass-ын ижил нэрт романаас сэдэвлэсэн шидэт реализмын элементүүдийг бараан хошигнолтой хослуулсан дайны драм кино. 1920 онд Германд төрсөн Oskar хүү 3 нас хүрдэг төрсөн өдрөөрөө өөрийнхөө биеийг хөгжлийг зориудаар зогсоож, хүүхэд биетэйгээ насанд хүрэгчдийн дунд үлдэхээр шийдэх болсон шалтгаан нь насанд хүрэгчдийн хоёр нүүрт увайгүй ба хариуцлагүй байдлыг жигшсэнээс үүдэлтэй бөгөөд өсөхөө больсон Oskar дэлхийн 2-р дайн, өсөн хүчирхэгжиж буй нацизм, улам бүр галзуурч буй дэлхий ертөнцийн гэрч болно. Энэ үеэрээ тэрээр биедээ байнга авч явдаг тоглоомон тугалган бөмбөрөөсөө салахгүйн сацуу өөрийн ер бусын хөнөөлт хашгирах орилооныг (уурласан үедээ хашгирч хавь ойрын цонх, шилийг хагалагч хүчтэй) төгс төгөлдөр болгосоор байдаг. Schlondorff нутгийн зохиолч Grass-ынхаа аварга романыг сюрреал дүрслэлтэй, сонирхол татам эротик, холын бодолтойгоор кино руу хөрвүүлсэн нь үлэмж магтаал хүртжээ. Кино тухайн жилийнхээ Оскарын наадмаас шилдэг гадаад хэл дээрх кино болон Канны наадмын тэргүүн шагналыг хүртсэн нь аль аль нь Германы кино урлагийн хувьд анхных болжээ.
TSPDT сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 826-р байрт эрэмбэлээд байна. Кинонд дэлхийн 2-р дайны өмнөх болон дэлхийн 2-р дайны ид үед Данцигийн чөлөөт хотод төрсөн Oskar хүүгийн түүхийг найдваргүй өгүүлэгч эргэн дурсах маягаар хүүрнэдэг. Oskar-ын ээж хагас Польш Agnes гэгч бол аав нь тогооч мэргэжилтэй Герман хүн. Agnes Польшийн шууданд ажилладаг Jan гэдэг үеэлтэйгээ нууц амрагийн харилцаатай, гэвч нөхөр Alfred нь энэ явдлыг мэдээгүй мэт царайлна. Oskar-ын эцэг нь тодорхойгүй, хүү өөрөө Jan-ын хүү гэдэгт итгэдэг. Oskar-ын эмээ нь өвөөтэй нь танилцсан түүх нь хөгтэй; өвөө нь гэмт хэрэгтэн байсан бөгөөд эмээ нь цагдаа нараас өвөөг нь банзал дороо нууж байхдаа жирэмсэн болсон буюу ингэж тэд танилцаж, улмаар Agnes төржээ. Өвөө нь байнга зугтаж амьдарч байгаад нэг өдөр нуур руу үсрэн үүрд алга болжээ. Oskar өвөөгөө живсэн эсхүл Америкт очоод саятан болсон гэж таамаглана. Oskar 3 насны төрсөн өдрөөрөө тугалган бөмбөр бэлгэнд авдаг. Согтуу томчуудын тэнэглэл, худал хуурмаг байдлыг жигшсэн тэрээр энэ мөчөөс эхлэн өсөхөө болихоор шийдээд онгорхой байсан зоорь руу унаж бэртэл авдаг бөгөөд тэрээр сайхь өдрөөс хойш дахиж өсөөгүйн дээр чанга орилвол шилэн эдлэл хагалах чадвартай болсноо олж мэднэ. Нэгэн өдөр тэрээр Циркт очоод 10 настайдаа өсөлтөө зогсоосон одой Bebra гэгч жүжигчинтэй нөхөрлөдөг. Alfred, Agnes, Jan болон Oskar нар далайн эргээр зугаалж явахдаа үхсэн адууны толгойгоор могойн загасы өгөөш хийсэн байхтай таарах агаад үүнийг харсан Agnes тувт бөөлжинө.
Alfred оройн хоолонд могой загасаар хоол хийсэн ч эхнэр нь идэхгүй гэж байгаад эцэст нь Jan-ын ятгалтаар иднэ. Үүнээс хойш Agnes үргэлж загас иднэ; ээж нь түүнийг жирэмсэн болсон байх гэж таамаглахад бүсгүй уурлаж, энэ хүүхдийг хэзээ ч гаргахгүй гэж амлана. Удалгүй тэрээр хуримтлагдсан бухимдлаасаа болж нас бардаг. Oskar ээжийнхээ оршуулга дээр тоглоомон бөмбөрийг нь худалддаг дэлгүүрийн эзэн Markus-тай таарах ба Markus ээжид нь сэтгэлтэй байв. Нацизм улам нэмэгдэж, Данцигийн еврей, польш иргэдэд дарамт шахалтад өртөх нь ихсэх бөгөөд дэлгүүрийг нь сүйрүүлсний дараа Markus амиа хорлодог. 1939 онд Oskar тугалган бөмбөрөө засуулахаар Jan-ын хамтаар Польшийн шуудангийн газарт орох ба Jan ингэснээр нацистуудын эсрэг тэмцэлд оролцоно. Удсангүй Jan шархдаж, нацистуудад баригдаж цаазлуулна. Alfred 16 настай Maria бүсгүйг гэрийнхээ дэлгүүрт ажиллуулахаар хөлслөн хамт амьдарч эхэлнэ. Oskar бүсгүйг илт эргүүлэх хэдий ч Alfred Maria хоёр янаг амрагийн харилцаатай болохыг олж мэднэ. Maria жирэмслээд, улмаар хүү төрүүлэх бөгөөд чухам эцэг, хүү хоёрын алиных нь хүүхэд болохыг хэн ч мэдэхгүй (тэр мөн Oskar-тай секс хийсэн). Харин Oskar хүүг өөрийнх нь гэдэгт бат итгэнэ. Ингээд дэлхийн 2-р дайн эхэлнэ; Oskar Bebra-ын циркт орж, хашгирдаг үзүүлбэр үзүүлдэг болохын дээр Roswitha гэдэг жүжигчин одой хүүхэнтэй амраглана. Холбоотнууд Нормандыг довтлох үеэр Roswitha их бууны суманд өртөж амиа алддаг. Киноны зураг авалтын ихэнхийг Баруун Германд, тэр дундаа Spandau студиуд гудамжны зарим хэсгийг авсан ба Данцигийн хэсгийг Польшийн Гданск-д авчээ. Польшийн коммунист эрх баригчид романыг Зүүн блокийн орнуудад хориглосон байсан тул кино багийнханд тус улсад зураг авалт хийх багахан хугацаа өгчээ.
Schlondorff романыг кино зохиол болгох хийгээд продакшны өмнөх ажилд зохиолч
Grass-аас бүрэн зөвшөөрөл авсан байв. Oskar-ын дүрд тоглосон David Bennett бол
найруулагчийн найз жүжигчин Heinz Bennett-ын хүүхэд байжээ. Мөн зураг авалтын
үеэр багагүй бэрхшээл тулгарсан; тухайлбал, зарим жүжигчид романтик харилцаа
үүсгэж байсан бол зарим нь өөр хоорондын биесээ булаацалдаж маргаан дэгдээж
байжээ. Энэ кино нь 1970-аад оны Германы хамгийн их ашиг олсон киноны нэг
болсоны дээр мөн Америкт хамгийн их ашиг олсон Герман кино болж байжээ. Кино
шүүмжлэгч Roger Ebert киног таагүй хүлээж авсан байдаг буюу тэрээр энэ киног
"сайн" ойлгоогүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. The New York Times
сэтгүүл уг киног аварга том романд хариуцлагатай хандсан ч кино нь өөрөө бие даасан
амьдралгүй гээд кинонд маш их юм хэлж бас харуулдаг; романыг нь сайн мэдэхгүй
хүнд энэ кино тийм ч утгатай биш гэжээ. Киноны өгүүлэмж асар том, хачирхалтай,
инээдтэй бас ер бусын байдаг тул кино хүмүүсийн анхаарлыг татах нь зайлшгүй юм.
The Los Angeles Times сэтгүүл эл бүтээлийг "Citizen Kane" киноноос
хойш гарсан цөөхөн кино шиг материаллаг хангамж, техник болоод хүмүүнлэг
сэдвийг агуулсанаараа гайхалтай нөлөө үзүүлсэн бүтээл гэжээ. Кинонд зарим улс
орнууд хориг тавьж, хүүхдийн порно хэсэгтэй гэх мэтээр буруушааж байсан.
Тухайлбал, кинонд тухайн үед 11 настай байсан Bennett (Oskar), кино дээр 16
настай Maria-д (тоглосон жүжигчин нь амьдрал дээр 24 настай байв) аман секс
хийж өгөөд дараа нь тэд секс хийдэг. Энэ хэсэг хүүхдийн порно хэмээгдэж бөөн
асуудал дагуулж байсан ба Америк, Канадын зарим хотуудад хориглож байжээ.
Comments
Post a Comment