A Streetcar Named Desire (1951). Грек-Америкийн нэрт кино найруулагч Elia Kazan-н Өмнөдийн Готик драм. Америкийн зохиолч Tennessee Williams-н Пулитцерийн шагналт ижил нэрт жүжгийн зохиолыг Tennessee Williams өөрөө Elia Kazan болон Oscar Saul нартай хамтран дэлгэцнээ хөрвүүлсэн. Бродвейн тайзны жүжгийг мөн Kazan найруулан тавьж байсан киногоо хар-цагаанаар хийсэн. Киноны гол дүрүүдэд; Vivien Leigh, Marlon Brando, Kim Hunter, Karl Malden нар тоглосон. Оригнал Бродвейн продакшн болон жүжигчдийн ихэнх бүрэлдэхүүнийг кинонд ашиглахдаа цензураас зайлсхийхийн тулд хэд хэдэн өөрчлөлтийг хийжээ. Киноны үйл явдалд, Миссисипид чинээлэг амьдралтай байсан ч дампуурч хоосорсоныхоо дараа Blanche Нью Орлеанд дүү охин Stella болон хүргэн Stanley хоёрын гэрт толгой хоргодохоор ирж байгаа тухай өгүүлдэг. Brando, Malden, Hunter нар оригнал Бродвейн жүжгийн дүрүүдээ кинонд мөн бүтээсэн бөгөөд Jessica Tandy Бродвейд Blanche-н дүрд тоглоод байсан ч кинонд том од хэрэгтэй гэж үзэж Англиас Vivien Leigh-г авчран тоглуулжээ. Bette Davis, Olivia de Havilland хоёрт санал тавьсан ч тэд татгалзсан.
Гэхдээ Vivien жүжгийн Лондоны продакшн-д тоглож байсан болохоор ямар ч асуудалгүй байв. Brando хожим хэлэхдээ, Jessica сайн байсан ч жинхэнэ Blanche бол Vivien байсан гэсэн буй. Энэ киногоороо өмнө нь төдийлөн танигдаагүй байсан Brando өөрийгөө Холливууд хурц од болгон мандуулсан ба Stanley дүрээрээ Оскарт шилдэг эрэгтэй гол дүрийн шагналд нэр дэвшсэн нь дөрвөн жил дараалан тус шагналд нэр дэвшсэнийх нь анхных нь болсон. "A Streetcar Named Desire" кино Оскарт 12 төрөлд нэр дэвшсэнээс шилдэг эмэгтэй гол дүр (Vivien) шилдэг эрэгтэй туслах дүр (Malden), шилдэг эмэгтэй туслах дүр (Hunter) гэсэн төрөлд ялалт байгуулсан ба ингэснээр жүжигчдийн төрөлд 3 шагнал авсан анхны кино болж байжээ. Хүргэнийхээ хүчирхийлэл дор сүйрэн бутарч буй Blanche-н хөөрхийлөлтэй шинжийг давахуйц кино өнөөдөр ч ховор. Харгис, хэрцгий Stanley-н дүрээр замналаа эргүүлсэн Brando-н супер гүйцэтгэлд Оскар өгөөгүй нь хачирхалтай. Найруулагч Kazan битүү утгатай үгс, бараан уур амьсгал ашиглан секс хийгээд хүчирхийллийг илэрхийлж чадсанаар цензурын савраас мултарч чадсаныг дурдахгүй байж болохгүй. Theyshootpictures сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 748-р байрт жагсаагаад байна.
Найруулагч Woody Allen "A Streetcar Named Desire" киноны тухай номондоо ингэж бичжээ: "Энэ кино бол миний хувьд урлагийн төгс бүтээл. Энэ бол миний харж байсан зохиол, жүжиглэлт, найруулгын хамгийн төгс нийцэл. Дүрүүдийг маш сайн бичсэн, бүх нарийн ширийн өнгө аяс, бүх зөн совин, бүх харилцан яриа нь байж болох хамгийн шилдэг сонголт болсон. Бүх жүжиглэлт сенсаацтай. Vivien-г зүйрлэшгүй, тэр миний мэдэх бүх хүмүүсээс илүү бодитой, тод томруун тоглосон. Brando амьд яруу найраг байсан. Тэр дэлгэцэн дээрээс жүжиглэх урлагийн түүхийг өөрчилсөн. Ямар ч хязгаарлалт байхгүй урлагийн суут бүтээл". Критикч Bosley Crowther: "Дотоод сэтгэлийн зовлон шаналал дэлгэцнээ ийм мэдрэмтгий бас тодорхой гарах нь ховор" гэсэн байдаг мөн тэрээр Brando, Vivien хоёрын гүйцэтгэлийг магтжээ. Зүрх эмтлэм жүжгийн түлэм халуун хувилбар болсон уг кино Kazan-н бишрэм найруулга болон жүжигчдийн ансамбль гүйцэтгэл дэлгэцнээ тэсрэх бөмбөг шиг дэлбэрдэг. Дээр Brando бусад Bogart тэр жилийнхээ Оскарын эзэн болсон гэж хэлсэн билээ.
Гэхдээ Brando-н бүдүүлэг, бохир, сексийн хүчирхийлэгч Stanley-н дүрээс илүүтэй модерн кино урлагийн жүжиглэх хэв маягт нөлөө үзүүлсэн дүр ховор, бараг байхгүй гэж хэлж болно. Энэ дүрээс өмнөх Америкийн кино урлагийн жүжиглэх урлагт тодорхой хэмжээний хязгаарлалт байдаг байсан ба жүжигчид хүчирхийллийг сэтгэл хөдлөлөөрөө дүрсэлдэг байсан ч сэтгэлээ цэвэр байгаагаар илэрхийлэхээс сэргийлсэн тодорхой хэмжээний "даруу" байдаг үргэлж оршиж байв. Харин Brando бүхнийг чөлөөтэй тавьсан нь хэдхэн жилийн дотор түүний хэв маяг Холливуудын жүжиглэх арга барилд давамгайлав. "A Streetcar Named Desire" кино нь Brando-н "өв залгамжлагчид" болох Jack Nicholson, Montgomery Clift, James Dean, Sean Penn нарын "сурах бичиг" шахуу болсон. 1951 онд реалист гэж магтагдсан уг кино эдүгээ клаустрофобик, содон, түүгээр ч барахгүй үлэмж нөлөөтэй кино гэгдэх болжээ. Метод жүжигчид, ялангуяа Brando өөрсдийн хэв маягийг жүжиглэлтээр реализм-д хүрэх арга гэж үргэлж мэдэгддэг байсан ч Метод сүпер реализм-д хөтөлж, цөөхөн хэдхэн "бодит" хүн л удаан хугацаанд, итгэл үнэмшилтэйгээр өндөр түвшинд хадгалж чадсан байдаг.
Brando-н Stanley дүр жижигхэн орон сууцныхаа өрөөнд хэрхэн алхан явж байгааг харвал амьтан шиг санагдана; түүний диалогийг бас анхаарна уу. Тэр булчин нь ил гарсан, хөлсөндөө норсон урагдсан футболк өмсдөг; тэр таашаалтайн аргагүй тамхи татаж бас архи уух агаад түүний биеэ авч яваа байдал, зан авир тэр цаг үед маш муу хүний дүрслэл байв. Brando-н энэ дүрийг Bogart-н "The African Queen" киноны ахмадтай харьцуулахад тэд адилхан бохир заваан боловч Bogart-н дүрд төрөлхийн сайн сайхан шинж оршин байдаг бол Stanley-д үгүй юм. Түүнчлэн Brando-н хөдөлгөөнд муурын төрлийн амьтны дэгжин шинж ажиглагддаг агаад тэр бол эршүүд, нэг үгээр увайгүй эр гэхдээ тэнэг хүн бол биш. "A Streetcar Named Desire" анх нээлтээ хийхэд ёс зүйгүй, бүдүүлэг, нүгэлтэй гэх зэргээр критикүүд шүүмжийн галан бороо оруулсан. Гэхдээ Warner Bros студи киног нээхээсээ өмнө цензурчдын нүдийг хорсгох хэсгүүдийг хассан байсан, хэрэв оригнал хувилбараар нь шууд гаргасан бол "дайн" үүсэх байв. Найруулагч Kazan кинондоо гар хүрэхгүй гэж тэмцсэн ч ялагдсан ба 1993 оны сэргээн засварлалтад найруулагчийн оригнал цомхотголыг багтаасан байдаг.
Өнөөдөр бид Blanche залуу хөвгүүдэд татагддаг нимфоманиак болохыг ойлгоход найруулагчийн оригнал цомхотгол тус болж байна; 1993 оны хувилбарт Blanche-н сонин худалдагч хөвгүүнтэй хийсэн ярилцлагыг өргөжүүлсэн явдал тодорхой харуулна. Мөн Blanche-н нөхөр үхсэн шалтгаан нь үнэндээ амиа хорлолт байгаагүй ижил хүйстэн байсан учир хардалтаасаа болж Blanche нөхрөө хөнөөсөн нь тодорхой болж байна. Brando-н гүйцэтгэл дэндүү хүчтэй, анхаарал татахуйц байсан ч уг кино бол ансамбль гүйцэтгэлийн нэгэн тод жишээ болсон кино буюу киноны бүх дүрд тоглосон жүжигчид маш сайн байсан. Vivien-н Blanche бол сексийн хүсэлд автсан, гунигтай, хатаж буй цэцэг шиг дүр юм. 1951 онд хийгдсэн олонх драм жанрын кино хар-цагаанаар хийгдсэн байдаг, шалтгаан нь өнгө нь онцгой өнгө аясыг сүйтгэнэ гэж үздэгт байв. Хар-цагаанаар хийгдсэн киноны дүрүүд бидэнд тун бодитой санагддаг, дүрүүдийн хүсэл мөрөөдөл, хэрэгцээ дэлгэцнээ буух хар, цагаан, мөнгөлөг саарал шиг байх ёстой юм. Энэ киног үзэх нь William Shakespeare-н эмгэнэлт жүжиг үзэхтэй адилхан гэж үздэг бөгөөд үр дүн тодорхойлогдчихсон боловч дүрүүд түүнд ямар хэв маягаар хүрэх нь чухал.

Comments
Post a Comment