Ф. М. Достоевский "Цагаан Шөнө"

 


"Цагаан Шөнө". Оросын аугаа зохиолч Ф. М. Достоевскийн замналын эхэн үед буюу 1848 онд хэвлэгдсэн богино өгүүллэг. Достоевскийн олон бүтээлийн адилаар энэхүү өгүүллэг нь нэргүй хүүрнэгч нэгдүгээр биеэс өгүүлэх бөгөөд хүүрнэгч Санкт-Петербургт амьдардаг ганцаардмал залуухан эр юм байдаг. Тэрээр залуухан бүсгүйтэй танилцаж түүнд дурлах боловч бүсгүй өөр хүнд сэтгэлтэй байсан тул хүүрнэгчийн маань хайр сэтгэл бүтэлгүйтдэг ч бүсгүй хайртай хүнтэйгээ эргэн нийлж буй тухай энэ номонд гарна. 

ҮЙЛ ЯВДЛЫН АНАЛИЗ. "Тоска" гэдэг үг бол орчуулагдах боломжгүй Орос үгсийн нэг юм. Энэ нь сэтгэлийн шаналал, уй гуниг, зовлон зүдгүүр зэргийг нэгэн зэрэг илэрхийлдэг. Зохиолч Владимир Набоковын хэлснээр: "Ямар ч Англи үг тоскагийн бүх өнгийг бүрэн илэрхийлж чадахгүй. Туйлын гүнзгий бөгөөд хамгийн тарчлаантай нь энэ голдуу аливаа тодорхой шалтгаангүй сэтгэлийн шаналгаат мэдрэмжийг илэрхийлдэг. Хөндүүр багатай төлөвтөө энэ нь сэтгэлийн хоосон шархираан, тэмүүлэлгүй хүслэн, уйтгарлан зовох, тодорхойгүй тайван бус байх хийгээд сэтгэцийн тарчлаан, тачаадал байдаг. Зарим тохиолдолд энэ нь хэн нэгэнд тэмүүлэх эсхүл ямар нэгэн зүйлийг дурсан санагалзах, хайр дурлалын өвчин байж болно. Тэгвэл хамгийн доод түвшиндээ үүнийг гуниг, зовлон гэж ангилж болно". "Тоска" гэдэг энэ үг Португалийн "saudade" гэдэг үгтэй төстэй мэт боловч энэ нь зөвхөн Оросын онцлогтой өвөрмөц утгыг агуулах буюу Оросын ард түмний хүнд хүчир түүхэн тэмцэл хийгээд хатуу ширүүн цаг уурын уур амьсгалтай нягт холбоотой, тэдний мөн чанараас улбаалан гарсан үг болов уу. 

Достоевскийн "Цагаан Шөнө" чухам энэ "Тоска" хэмээх тодорхойгүй, бүдэг бадаг шинжийг хамгийн ойрхон харуулсан байж магадгүй юм. Уг богино өгүүллэг Достоевскийн хожмын бүтээлүүд шиг "төгс" биш нь мэдээж хэдий ч ирээдүйд нарийвчлан авч үзсэн сэдэв, өнгө аяс "Цагаан Шөнө"-д дүрслэгдсэн буй. Энэ бол мэдрэмтгий мөрөөдөгчийн талаарх түүх буюу бүх мөрөөдөгчдөд зориулсан түүх гэж хэлж болно. Уншихад шууд л танил Достоевскийн маягийн баатар "үнэртэнэ". Хүүрнэгч Санкт-Петербургт амьдардаг, төсөөллийнхөө ертөнцөд төөрөн хөвж буй тун ичимхий нэгэн болой. Тэр хотын гудамжаар тэнүүчилж, учирсан танихгүй хүмүүстэй ярилцдаг ба тэр танихгүй хүмүүсийг ойр дотно мэднэ гэж боддог. Тэр байшин барилгуудыг мэддэг, байшин барилга ч түүнийг таньж байх шиг байдаг. Уншигчид хүүрнэгчийн талаар их зүйл мэдэхгүй, бүр нэрийг нь ч мэдэхгүй бөгөөд тэрээр 26 орчим настай, орон байрыг нь төвхнүүлдэг Матрона гэдэг үйлчлэгч авгатайгаа амьдардаг. Хүүрнэгч туйлын романтик, хайр дурлалыг мөрөөддөг хэдий ч хэзээ ч бүсгүйчүүдтэй хамт байж үзээгүй. Тэр бол тайлбарлахын эцэсгүй бүрэг, дотогшоогоо хүн юм. Өөрийнх нь мөрөөдлийн ертөнц ганцаардлаас холдох нэг төрлийн орогнох байр нь болдог.

Эл түүх нь нэргүй хүүрнэгчийн амьдралын дөрвөн шөнө, нэг өдрийн үйл явдлаар бидэнд хүрдэг. Нэгэн орой Санкт-Петербургийн гудамжаар тэнүүчилж яваад тэрээр гүүрэн дээр уйлж буй Настенка хэмээх хөөрхөн бүсгүйтэй таарна; энэ үед өөр нэгэн залуу бүсгүй рүү заналхийлэхэд хүүрнэгч маань муу савраас бүсгүйг авардаг. Дараагийн хэдэн шөнө тэд найзууд болж, итгэл найдвар болоод мөрөөдлүүдээ хоорондоо хуваалцдаг; нэг үгээр ганцаардмал хоёр сэтгэл ганцаардлаараа нэгддэг. Настенка бол ачлалтай, залуухан бүсгүй бөгөөд эрчүүд толгойг нь эргүүлээд аваад явчих бий гэхээс хөгшин эмээ нь айгаад өдөр цагаар түүнийг өөрийнхөө даашинзтай сүлбээр зүүгээр холбочихдог ажээ. Настенка чөлөөт цагаараа ном унших юмуу үйл хийх бөгөөд эмээгээ унтсан хойно сүлбээр зүүг тайлснаар хотоор зугаалах чөлөөтэй болдог. Хэдийгээр бүсгүй хүүрнэгчийг өөрт нь дурлаж болохгүй гэж сануулдаг ч хүүрнэгч маань бараг агшин зуурт дурлачихна Настенка байрыг нь түрээсэлж байсан өөр нэгэн залуутай сүй тавьсан ба залуугаа аяллааас нь ирэхийг хүлээж буй юм. Түрээслэгч залуу хотод ирсэн ч өөр дээр нь хэлсэн ёсоороо ирэхгүй байгаад хэрхэн зовж шаналж буйгаа бүсгүй ярихад хүүрнэгч маань Настенкаг энэрч, сэтгэл нь догдолсондоо захиаг нь хүргэж өгөх зуучлагч болъё гээд мөн хайр сэтгэлтэй болсоноо бүсгүйд илчилнэ. 

Настенка эргэлзэнэ; Настенка-д сүйт хархүү нь эргэж ирэхгүй юм шиг санагдаж, сүйт хархүүгээ мартаж эхэлсэн, хүүрнэгчийг маань илүү сайн хүн учраас хайрлаж байна гэж хэлдэг. Тэд ирээдүйгээ төлөвлөж эхэлдэг. Гэтэл бараг яг тэр мөчид сүйт хархүү гараад ирэх бөгөөд Настенка хүүрнэгчийг орхиод шууд л сүйт хархүүгийнхээ энгэрт наалдчихна. Хүүрнэгчийн ертөнц бутран сүйрлээ. Настенка зүүд мөрөөдөл байж, хүүрнэгч чимээ шуугиантайгаар бодит байдалдаа буцаж ирэв. Энэ танд зүрх сэтгэлээ өөр хүнд өгсөн бүсгүйд дурласан залуугийн тухай улигт түүх шиг санагдаж болно, гэхдээ Достоевский өөрийн гэсэн давтагдашгүй хэв маягаараа энэ түүхэнд сэтгэл татам, шинэлэг чанарыг шингээж өгсөн. Энэ нь мөрөөдөгчийн "төрөлд" ач холбогдол өгдөг уран зохиолын анхны бүтээл юм. Хүүрнэгч нь "Газар дороос бичсэн тэмдэглэл" зохиолтой төстэй мөрөөдөгч байх тухай урт монологийг хүргэдэг ба тэрээр өөрийгөө баатар гэж нэрлээд түүхээ гуравдагч биеэс өгүүлдэг билээ. Тэр бол танил нь өөр дээр нь зочлон ирэхэд ичиж, эвгүй аашилдаг мөртлөө танихгүй бүсгүйд бүх сэтгэл зүрхээ уудалчихдаг сэтгэл хөдлөл ихтэй, уянгалаг хүн юм. Настенка түүний ярихыг яруу найраг уншиж байгаа аятай гэж шоолдог: "Та энэ бүхнийг арай л уран яруу дүрсэлж байна, уран яруу дүрслэлээ багасгаж болохгүй юу?. Та яг л ном уншиж байгаа мэт ярих юм" гэдэг билээ. 

Хүүрнэгчийн сэтгэл хөдлөлдөө хэт авсаныг харах хачинаас гадна бараг инээдамтэй байдаг. Мөрөөдөгчөөр дамжуулан Достоевский хүмүүс өөрсдийнхөө жинхэнэ дүр төрхийг илчлэхээс эмээхийн зэрэгцээ бусадтай харилцаж, холбогдохыг хүсдэг болохыг харуулжээ. Мөрөөдөгч нэгэн үүрнээсээ гарахад түүний сэтгэлийг адилхан мэдрэмжээр хуваалцдаг сэтгэлийн хань хэрэгтэй юм. Энэ бүтээлийн хүүрнэхүй нь өөрөө биднийг мөрөөдөж буй аятай барьчихдаг. Нарны эрчимжилтийн үеийн зуны нар хараахан жаргаж амжаад байхад "Цагаан Шөнө"-ийн үйл явдал өрнөх тул та зүүд мөрөөдлийн мэдрэмжийг мэдэрнэ. Санкт-Петербург хот Арктикийн циклийн ойролцоо байрладаг агаад шөнийн тэнгэрт бүүдгэр туяа тусахад шөнө дунд бүрэнхий шиг байдаг аж. Францаар цагаан шөнийг "nuits blanches" гэдэг, энэ нь нойргүй хонох гэсэн утгатай ажээ. Хүүрнэгчийн шөнийн тэнүүчлэл нь бидний бодол ердийн сэтгэцийн шүүлтүүрээр шүүгдэхгүй байх үед зүүд, бодит байдлын хооронд, сэрэх, унтах хоёрын дундах шилжилтийн хийгээд хий харах шинж байдалд явагддаг. Хүүрнэгч мөрөөдлөөсөө хагацаад үйлчлэгч Матронатайгаа дассан нэгэн хэвийн амьдралдаа эргэн ирнэ. Матрона таазан дээрх аалзны шүлсийг тоодоггүй байсан бол хүүрнэгч Настенкатай уулзсанаас хойш Матрона бүх аалзны шүлсийг цэвэрлэчихсэн юм шиг санагдана. Гэвч одоо Настенкаг алдсаны дараа орон гэр нь хуучирч муудаад, Матрона нь улам хөгшрөөд, аалзны шүлс бүр ч их болсон мэт түүнд санагддаг. 

Бүх зүйл чухам эхэлсэн газартаа төгсдөг. Настенка түүнд захидал бичжээ; тэр гэрлэсэн талаараа хэлээд мөн хүүрнэгчтэй өнгөрүүлсэн дурсамжаа үргэлж нандигнана гээд түүнийг хамгийн сайн найз, ах шигээ үзэх болно гэж бичсэн байдаг. Орчин үеийн хэллэгээр бол үүнийг "найзын-бүс" гэх болов уу. Харин хүүрнэгчийн хариу захидал гоц эелдэгээё гадна чин сэтгэлийнх байдаг ба магадгүй түүний захиа хариу нэхээгүй хайрын хамгийн зүрх шимшрүүлэм, үзэсгэлэнтэй үгсээр бичигдсэн болов уу (түүний захиаг та өөрөө олж уншаарай). Энэ бүтээлийн эхлэлд, хүүрнэгчийн хайрын талаарх оргилсон сэтгэл бидэнд түүнийг хайранд гоц төгс ханддаг гэсэн сэтгэгдэл өгдөг ч тэр сэтгэлийг нь шархлуулсан бүсгүйд чин үнэнчээр сайн сайхныг хүсэн ерөөж байгаа нь гайхалтай хэрэг юм. Хүүрнэгч Настенка-д зөвхөн сайн сайхныг л хүсдэг бөгөөд хүүрнэгчийн хувьд тэдний хуваалцсан агшин зуурын жаргал нь түүнийг насан туршид нь тэтгэн тэжээх болно. 

ҮНДСЭН СЭДЭВ. "Цагаан Шөнө"-ийн хүүрнэгч тусгаарлагдмал, ганцаардмал байдалдаа зовдог; зовлонгоо намжаахын тулд тэрээр төсөөлөл рүүгээ хандаж, өдөр тутмын амьдралын тэмцлээс өөрийнхөө ангижруулахын төлөө төгс төсөөллийн амьдралыг бий болгодог. Өөрөөр хэлбэл, ганцаардсан амьдрал нь үнэнтэй нүүр тулахад дэндүү ахадсан болохоор тэрээр өөрийн бүтээсэн бодит бус ертөнцөд амьдардаг. Гэвч, Достоевскийн үзсэнээр ийм практик нь гүн гүнзгий асуудалтай аж. Оюун ухааны иймэрхүү "илбэнд" хэт найдах нь эрүүл мэндэд хортой, учир нь ийм зүйлс нь ямар ч үнэ цэнэтэй баяр баясгалан өгдөггүй бөгөөд хэт төсөөлөл буюу мөрөөдөгч байх нь амьдралтайгаа тэмцэж байгаа хүмүүсийг зогсоож, бодит байдлаас татгалзсан, зугтаах л боломжийг олгодог ажээ. Жишээлбэл хүүрнэгч маань яг сэрүүн зүүдэлж байхад найз нь ирснээр тэдний харилцаа улам л дордсоноос биш сайжраагүй нь харагддаг билээ. Бодит амьдралын нөхөрлөл, харилцаа нь оюун ухааны зохиосон, романтикчилсан хувилбартай эн зэрэгцэхүйц биш юм. Амьдралыг төсөөлдөггүй, амьдралыг амьдарч туулах ёстой гэж Достоевский хэлж байна. Хүүрнэгчийн адилаар төсөөллийн ертөнцөд орсон хүн чин сэтгэлээсээ хүсдэг жинхэнэ бүхнээсээ, жинхэнэ хүмүүний холбогдох бүхнийг үгүйсгэдэг аж. 

Ерөнхийдөө хэтэрсэн фантаазын урхинд орохгүйн тулд сэрэмжлэх хэрэгтэй; фантааз зугтах, бултах тайвшралын эх сурвалж байж болох ч энэ нь уртдаа найдах боломжгүй сүйрлийн аргачилсан хүйтэн хөндий механизм юм. Достоевскийн ""Цагаан Шөнө" бол хамгийн эгэл жирийн амьдралыг ч зовниулж буй айдас, түгшүүрийн тухай; ганцаардал, тусгаарлагдах, өөрийгөө үнэлэхгүй байх болоод бүх төрлийн хүслээс зайлсхийх талаарх гашуун ярилцлага юм. Хүүрнэгчийн Платоник болон романтик нөхөрлөлийн харилцаанд бусдтай холбогдох гэсэн тэмцэл, мөн гашуун ч бодит байдлыг зөнгөөрөө үгүйсгэх нь уншигчдад нийтлэг санагдах сэдэв. Зогсолтгүй шинэчлэгдэж буй ертөнцөд амьдралдаа чухал хүмүүсийг олж, олсон харилцаагаа хадгалах нь улам бүр ярвигтай болж байгаа билээ. Иймд, нийгмээс хөндийрөх, тусгаарлагдах нь нийтлэг, байнгын шинж тэмдэг болоод байгаа ба хүн ийм харийссан үедээ хүнтэй танилцахад энэ харилцаа хурцадмал таагүй байдалд ордог аж. Бусдын бодлыг ойлгох боломжгүй ба иймэрхүү нөхцөлд хүмүүсийн харилцаа нь хэт хувийн, заримдаа хувиа хичээсэн хүслээс улбаалдаг. Үнэндээ амьдрал гэдэг цэцэглэхээсээ өмнө гундсан, ихэвчлэн алдаатай, төгс бусаар холбогдсон урт хугацааны хүчин чармайлт юм шиг санагддаг билээ. Хүн байна гэдэг бол хүлээн зөвшөөрдөг, хайрын төлөө эцэс төгсгөлгүй тэмүүлэх явдал буюу энэ бүхэн бол хүүрнэгчийн хувьд бараг боломжгүй зүйл юм. 

Comments