Жеймс Жойс "Улисс"

 

 


"Улисс". Ирландын аугаа зохиолч Жеймс Жойсийн модернист роман. Романы зарим хэсгийг 1918 оны 3-р сараас 1920 оны 12-р сар хүртэл Америкийн "The Little Review" сэтгүүлд анх цувралаар хэвлүүлж байгаад бүхэлд нь Жойсийн 40 насны төрсөн өдрөөр буюу 1922 оны 2-р сарын 2нд Парист Сильвия Бич хэвлэн ном болгожээ. Уг бүтээлийг модернист уран зохиолын хамгийн чухал бүтээлийн нэгд тооцдог ба "бүхий л санааны нийлбэр цогц нотолгоо" хэмээдэг. Ирландын зохиолч, судлаач Деклан Киберд "Жойсоос өмнөх ямар ч уран зохиолын зохиолч бодлын процессыг ингэтлээ чухалчилж байсангүй". Улисс гэдэг бол Хомерийн "Одиссей" туульсын баатар Одиссейгийн латинчилсан нэр юм.

  Романд, Блум ба Одиссей, Молли ба Пенелопа, Стивен ба Телемах нарын дүрүүд болон мэдрэмжүүдийн хооронд бүтцийн харилцан холбоос үүсгэснээр роман, яруу найргийн хооронд цуврал зэрэгцээ байдлыг бий болгохоос гадна 20-р зууны эхэн үеийн модернизмын хам сэдэв, мөн Дублин, Ирландын Их Британитай харьцах харилцааг тусгадаг. Уг роман ёгт санаагаар дүүрэн бөгөөд Английн хэл дээрх уран зохиолын янз бүрийн цаг үеийн хэв маягийг дуурайсан байдаг. Романы ухамсарын урсгал техник, нарийн зохион байгуулалт, туршилтын бичлэг - үгийн наадаан, элэглэл хийгээд зүйрлэлээр дүүрэн агаад түүнчлэн баялаг шинж чанар, өргөн хэмжээний хошигнол нь уг романыг манай гаригийн хамгийн аугаа уран зохиолын бүтээлийн нэг үзэхэд хүргэдэг. Дэлхийн даяарх Жойсийн шүтэн бишрэгчид 6-р сарын 16-ны өдрийг "Блумын өдөр" болгон тэмдэглэдэг. 

ҮНДСЭН САНАА. Хамгийн ерөнхий түвшиндөө бол "Улисс" Стивений симболик эцгээ, Блумын хүүгээ хайж байгаө тухай ном юм. Энэ утгаараа "Улисс"-ын өрнөл нь "Одиссей" дахь Телемах Одиссейг хайж буйтай адилхан. Блум хүүгээ хайж байгаа явдал бол үр удмаараа дамжуулан өөрийн мөн чанар, өв уламжлалыг бататгах хэрэгцээнээс зарим талаараа үүдэлтэй бол Стивен төрсөн эцэгтэй (Саймон Дедал) хэдий ч эцгээ зөвхөн "махан биеийнх" гэж үздэг. Стивен өөрийнхөө төлөвших, эцэг болох (урлагийн юмуу хүүхдийн) чадвар нь Саймоны шүүмжлэл, ойлголт дулимаг байдлаас нь болж хязгаарлагддаг гэж боддог. Тиймээс, Стивений эрэл хайгуул бол түүний өөрөө эцэг болохыг зөвшөөрсөн симболик эцгээ олох явдал юм. Чухамдаа, энэ хоёр эр хоёулаа өөрсдийнхөө мөн чанарыг бататгах арга зам болгон эцгийг хайж байна. Стивен Блумыг бодвол илүү эцгийн эрэл хайгуулаа ухамсарладаг бөгөөд тэрээр эцэг болохыг ойлгох хэд хэдэн чухал сэдвийг оюун ухаандаа дахин дахин боддог. Стивений Ариун Гурвалын тухай бодол нь нэг талаас Эцэг, Хүү хоёрын нэгдлийг дэмжсэн сүмийн сургааль бол нөгөө талаас Гурвалын үлдсэн хэсгийг Бурхан бүтээсэн гэж маргадаг, бүтээл болгон угаасаа ялгаатай гэж дүгнэдэг, энэ сургаалийг эсэргүүцсэн тэрс үзэлтнүүдийн бүтээлүүдийг агуулдаг аж. 


Стивений хоёр дахь санаа бол Шекспирийн "Гамлет" дахь сүнс-эцгээр дамжуулан өөрийгөө илэрхийлэн нотлохыг зорьдог Гамлетын онолыг багтаадаг боловч, мөн өөрийн амьдралыг урлагт хөрвүүлснээрээ эцгийнхээ, өөрийнхөө амьдралынхаа болоод "бүх төрөлхтний" эцэг болж байна. Ариун Гурвал ба Гамлетын сэдэв нь Стивен, Блум хоёрын эцэг болохын зэрэгцээ эрэл хайгуулын талаарх бидний мэдрэмжийг бэхжүүлдэг. Энэ эрлүүд Блум Стивений "ирээдүйг", Стивен Блумын "өнгөрсөнийг" хүлээн зөвшөөрсөнөөр Блумын гал тогоонд төгсөж байх шиг байна. Хэдийгээр энэхүү мөчид эцэг, хүү шиг нэгдсэн ч тэдний зам удахгүй салах ба эцэг болох эцгийн эрэл үргэлжилсээр байх нь дамжиггүй, учир нь, эцэг болохн эрэлхийлэл нь өөрийгөө мөнхөд илэрхийлсэн хайгуул гэдгийг уг романд харуулдаг. "Сэтгэлийн гэмшил" гэсэн утгатай шашны нэр томьёо болох "agenbite of inwit" гэсэн хэллэг "Улисс"-д Стивений оюун ухаанд байн байн орж ирдэг. Стивен энэ хэллэгээр өөрийгөө ээжийнхээ үхэлд буруутай гэж үздэг бөгөөд ээжийгээ гуйхад орных нь дэргэд өвдөглөөд залбирахаас татгалзсан нь ээжийг нь үхэлд хүргэсэн байж болзошгүй. Гэмшлийн сэдэв нь гэр бүл ба уламжлал орчин үед хагарч буй мэдрэмж романы туршид хамардаг ба Блум л гэхэд эцгийнхээ дагаж мөрдөж байсан зарим уламжлалыг дагаж мөрдөхөө больсон тул өөрийгөө эцгийнхээ өмнө буруутай гэж боддог. 

15-р хэсэгт, Блумын "өнгөрсний нүгэл" сэргэж, түүнтэйгээ нэг нэгээр нь нүүр тулгарахад энэ гэмшил онцгойрон тодордог. Стивений ээжийг ичгүүргүйгээр "үхсэн араатан" гэж хэлдэг Бак Маллиган болоод талийгаач эхнэрийнхээ үхэлд гашуудаж байгаа ч харамсдаггүй Саймон Дедал зэрэг романд гарах дүрүүдийг гэмшдэг дүрүүдтэй хольж гаргадаг. Хэдийгээр сэтгэлийн гэмшил нь Стивений хэрэг шиг дарамттай, саажилтын нөлөө үзүүлдэг ч энэ нь бүдэг бадаг эерэг байдаг. Өнгөрсөний гэм нүглээ өөрөө ухамсарлах нь тухайн хүнийг одоо цагт ёс суртахуунтай болгон төлөвшүүлэхэд дэмтэй ажээ. Бараг бүхий л утгаараа Леопольд Блумыг туульсын баатар гэж үзэх нь инээдтэй хэрэг юм; түүний ажил хэрэг, авъяас чадвар, гэр бүлийн хийгээд олон нийттэй харьцах харилцаа, мөн хувийн үйлдлүүдээс нь түүнийг туйлын энгийн нэгэн болохыг харж болно. Блумын ер бусын симпати, энэрэх чадвар нь түүний романы явцад өвөрмөц баатарлаг байдлыг нь харуулах боломжийг олгодог. Блум муур, шувууд, нохой, үхсэн хүн, сохор хүн, хөгшчүүл, амаржсан эмэгтэй, ядуус гэх мэт олон янзын хүмүүс ба амьтдыг ойлгож чадвартай буюу энэ нь Одиссейгийн олон төрлийн сорилтод дасан зохицох чадвартай дүйцэхүйц юм. Блумын энэрэх сэтгэл голдуу Лиффи голын дэргэд цахлай хооллох юмуу Пүрефой хатагтайг эмнэлэгт эргэх зэрэг түүний өдрийн, мөн романы явцад тодорхой харагддаг. 

Блумыг Ирландын аврагч гэж харуулдаг симболик сүлжээ романд байдаг ба түүний захиас нь ерөнхий түвшиндөө "хайрлах" тухай юм. Тэр Ирландын аврагч боловч энэрэх сэтгэлээр дутмаг Стивентай зэрэгцээ байдаг. Блум гэртээ буцаж ирээд араараа тавиулсан баримттай нүүр тулгараад өрсөлдөгчөө сумаар бус зөвхөн энэрэх сэтгэлийн чадвараараа л хөнөөнө гэдгээ ойлгодог. Парраллакё гэдэг үг Блумын уншдаг юман дотроос хэд хэдэн удаа гарч ирдэг, энэ нь одон орон судлалын нэр томьёо бөгөөд хоёр өөр цэгээс харахад нэг объектын байрлалын зөрүүг хэлдэг аж. Эдгээр ялгаатай харах өнцгийг объектын байрлалыг илүү ойртуулахын тулд нэгтгэж болох агаад "Улисс" романд ийм ижил төстэй тактикийг ашигладаг. Гурван гол дүр болох Блум, Молли, Стивен ба мөн үйл явдал, дүрүүдийн талаарх бидний мэдрэмжинд нөлөөлдөг хүүрнэх аргуудын дэд олонлог нэг мэдрэмжийн алдаатай байдлыг харуулахын тулд нэгддэг. Бид цаашдын мэдрэмжийг авч үзэхийн тулд тодорхой дүр ба үйл явдлын талаарх өөрсдийн ойлголтыг үргэлж шинэлчиж байх ёстой юм. Хамгийн тод жишээ бол Моллигийн өнгөрсөн амьдралын хайр юм. Хэдийгээр бид романы Блум, Ленехан, Диксон гэх мэт дүрүүдийн дүгнэлтээс Моллиг хөнгөн явдалтай эмэгтэй гэж бодож болох ч энэ дүгнэлтийг Моллигийн өөрийн эцсийн гэрчилгээгээр шалгаж нэгтгэн дүгнэх ёстой. 

МОТИФ. Гэрэл сайн, харанхуй муу гэсэн уламжлалт холбоосын хөл толгойг "Улисс"-д сольдог буюу хоёр гол баатар гашуудлын хар хувцастай байдаг бол илүү хорон дүрүүд нь гэрэл гэгээтэй холбогддог. Эл урвуу шинж еврейчүүдийг  "гэрлийн эсрэг нүгэлтэн" гэсэн ноён Дейсигийн антисемит үзлийн хариу үйлдэл болдог ба Дейси өөрөө зоосны гэрэлтэй холбоотой бөгөөд сүнслэг сэтгэлгүй баялгийг төлөөлөгч болдог. Блумын өштөн "Блэйз" Бойлан нь өөрийн нэр болоод гялалзсан зан авираараа гэрэл гэгээтэй холбоотой байдаг нь мөн чанаргүй өнгөц байдлыг дахин сануулж байна. Блум, Стивен нарын бараан өнгө нь еврей, эмх замбараагүй, тэнүүлч, гадны хүн гэсэн олон төрлийн холбоог илэрхийлдэг. "Одиссей" -д Одиссей Итакагаас хол байх үед түүний гэр орныг эхнэр Пенелопаг нь хүсэгчид булаан эзэлдэг ба энэ сэдэв шууд "Улисс" руу хөрвөж, Стивен Блум хоёрын хоорондын холбоог бий болгодог. Стивен Бак, Хейнс нарын хамт амьдардаг Мартелло цамхагийн түрээсийн төлбөрийгтөлдөг; Бак байшингийнтүлхүүрийг шаардаж буй нь Стивений өрх гэрийн эрхийг булааж авсан хэрэг бөгөөд Стивен үүнийг хүлээн зөвшөөрч, цамхаг руу буцахаас татгалздаг. 

Стивен энэхүү хууль бус булаан авалтыг Клавдиусын Гертруда болон "Гамлет" дахь Хаан ширээг булааж авсан үйлдлийг давтсан байдлаар оюун санаандаа буулгадаг. Энэ хооронд Блумын гэрийг Блэйз Бойлан булаан авсан буюу дур зоргоороо ирж эзгүйд нь эхнэр Моллитой нь хурьцдаг. Стивен, Блум хоёр романы туршид гэрийн түлхүүргүй байгаа нь энэ хууль бус булаан эзэрхийллийг бэлгэдэнэ. Дорно дахины сэдэв голчлон Блумын бодлоор илэрдэг. Блумын хувьд Дорно бол сайн сайхныг амалдаг диваажингийн оршихуй юм. Блумын энэхүү алс газрын талаарх бүдэг бадаг төсөөлөл шинж чанарын сүлжээнээс үүдэлтэй: тариалагчдын компаниуд шинээр үржил шимтэй, ашигтай байхуйц байшингуудыг санал болгодог; Эх орны төлөөх сионист хөдөлгөөнүүд; Молли ба түүний Гибралтар дахь хүүхэд нас; хар тамхи ба эротик. Блум болон уншигчдад Дорно нь итгэл найдвар биелэх боломжтой төсөөллийн орон зай болдог. Молли, Стивен, Блум нарын цорын ганц уулздаг газар бол тэдний бие биенийхээ тухай зэрэгцээ зүүдэлдэг зүүд бөгөөд зүүд Дорно дахины хаа нэгтээ болж буй мэт байдаг.



Жэймс Жойсийн "Үлисс" романы гол баатар Леопольд Блумын дүрийн анализ. Блум нь хорьдугаар зууны нийгмийн хөрөнгөтөн ангийн Одиссей буюу уран зохиолын "байдаг л нэг эр" хэмээх зохиомол дүр юм. Үүний зэрэгцээ, түүний бие хүний зан чанарыг романд гайхалтай дүрсэлж өгсөн нь бүх уран зохиолын дотроос хамгийн нарийвчлан үзүүлсэн дүрийн нэг болгож байна. Блум гучин найман настай, зар сурталчилгааны төлөөлөгчийн ажилтай ба аав нь Унгарын еврей байв. Жойс Дублины нэн шинэ үеийн Одиссей бол үнэхээр Унгар гаралтай еврей хүн гэсэн баримтыг ёжтойгоор ашиглахдаа уншигчдыг Блумын ээж Ирланд хүн байсан, мөн олон удаа загалмайлуулж байсныг нь мартуулахад хүргэж байна. Блум нь харийн хүний статустай бөгөөд түүнийг төсөөлөх чадвартаа болон 1904 оны Ирланд хүн ба Ирландын тусгаарлагдсан байдалд зовж буй дүр болгон бүтээжээ. Гэвч Блумыг нийгмээс хөөгдсөн байдал нь зөвхөн нэг талын зүйл биш ба Блум нь үе тэнгийнхээ эрчүүдийн дэргэд хэрсүү, голдуу сэтгэл хөдлөлгүй байдаг. Тэрээр архидаж, хов жив хөөцөлдөх дургүй агаад үргэлж найрсаг байдаг хэдий ч бусдын хүрээллээс хасагдсандаа харамсдаггүй. 

Блум "Үлисс"-ын дөрөвдүгээр бүлэгт анх гарч ирэхэд түүний дүр эхний гурван бүлэгт төвлөрсөн Стивений дүрээс ялгаатайгаараа онцлог байдаг. Стивений оюуны үйл ажиллагаа Блумыг физик ертөнцөд тухтай болгож байгаа нь гайхалтай юм шиг санагдана. Энэ нь түүний практик оюун ухаан, шинжлэх ухааныг сониучирхах зантай нийцдэг. Гуравдугаар бүлэгт, Стивен өөрийнхөө мэдрэмжийн талаар эрэгцүүлэн бодохын тулд материаллаг ертөнцөөс өөрийгөө хааж байхад дөрөвдүгээр бүлгийн эхэнд Блум муур руугаа бөхийгөөд муурынхаа мэдрэхүйг хэрхэн ажилладагийг мэдэхийг хүсдэг. Блумын бие махбодийн тав тух нь түүний бэлгийн амьдралын илэрхийлэмж болдог бөгөөд ихэвчлэн Стивений дүрийн эзгүй хэмжээст байдаг.  Уншигч Блумын бэлгийн амьдралын тухай хангалттай баримтыг авдаг; түүний идэвхгүй ажиглах хийгээд эмэгтэй хүний дотуур хувцас харж гар хангалга хийж дур ханахаас гадна эротик захидлаар харилцахын хажууд Стивен энэ тал дээр туршлагагүй бөгөөд гоонь эр шиг санагдана. Хоёр эрийн хоорондох бусад ялгаа нь Блумын зан чанарыг улам бүр тодорхойлдог; Стивен сэтгэл гутралтай, зарим талаараа драматик байдаг бол Блум төлөвшсөн, шударга байдаг. Блум өөрийгөө хөгжөөх чадвартайгаас гадна сэтгэл хямраах сэдвээр бодохоос татгалзах хандлагыг чухалчилдаг. Гэсэн хэдий ч Стивен, Блум хоёрт адилхан чанар бий; тэд ялгаатай хөтөлбөртэй ч хоёулаа бодит бус уран бүтээлчид юм. Блумын урлагийн арга хэлбэрийг хүмүүсийн үйл ажиллагаа болон мэдрэмжийг тэр дор нь гүйцэтгэдэг гэж үзвээс түүний урлагийн үзэл баримтлал бол хөрөнгөтөн ангийнх гэж хэлж болно. 

Түүний шинэ, илүү сайн зар сурталчилгаа хийх хүсэл ба Молли-д бичсэн хайрын шүлэг, Шекспирийн ёс суртахууны үнэ цэнийн талаар уншиж байгаа, мөн урлагийг харж буй хэлбэр нь бодит амьдралын нөхцөлөөс нь хол зөрдөггүй. Блумын соёлын мэдрэмж, "соёлтой" болох хүсэл эрмэлзлэл нь түүнийг Стивентэй ойртуулсан мэт санагдана. Эрчүүд хөгжимд адилхан дуртай ба Стивений Блум-д гэсэн нөхөрлөлийн сайхан нь янз бүрийн сэдвээр сонирхогч байхаас илүү мэргэжилтэн болгохыг хүсдэгт оршино. Сэтгэл хөдлөлийн хоёр хямрал романы турш Блумын хөгжилтэй зан авирыг тавгүй болгож байна; удмыг нь залгах явдал үгүй болж, эхнэр Молли нь өөр эртэй нөхцөж байна. Блумын аав (амиа хорлосон) болон цор ганц хүү Руди (төрснөөсөө хэд хоногийн дараа) хоёулаа цаг бусаар нас барсан нь Блумыг хорвоод ганцаардмал, хүчгүй болгож байна. Романы сүүл хэсэгт Стивентэй нэгдэх үедээ Блум эдгээр сэтгэл хөдлөлөөсөө түр хугацаанд ангижирдаг. "Үлисс"-ын туршид гэр бүлийн удмын талаарх анхны хямрал гэрлэлтийн үнэнч бус байдлын талаарх хоёрдахь хямралтай холбоотой болохыг уншигч аажмаар ухаарна; арван нэгэн жилийн өмнө ганц хүүгээ алдсанаас хойш Блумын бэлгийн харилцаанд орох, үр хүүхэдтэй болох гэсэн оролдлогууд нь үгүй болжээ. Моллигийн  өөр эртэй (Бойлан) секс хийхээр шийдсэнд Блумын хариу үйлдэл түвэгтэй байдаг. Бусад эрчүүд эхнэрийг нь үнэлж буйд Блум дуртай байдаг ба тэрээр ерөнхийдөө идэвхгүй, хүлээн зөвшөөрөгч төрлийн хүн юм. 

Бойлан бол өөрийг нь шалихгүй орлогч гэдгийг Блум ухаарахуйц алсын хараатай хүн агаад эцэст нь энэ асуудлыг шинэчлэн тайлбарлаж өөрийгөө хөгжөөдөг. Бойлан бол олон хүмүүсийн зөвхөн нэг нь бөгөөд Блум өөрийнхөө эрч хүчийг Молли дээр төвлөрүүлдэг. Блумыг баатар болгож буй өөр нэг харах өнцөг бол түүний бусдыг ойлгох мэдрэмжээ өөрчилж чаддаг чадвар юм. Түүний энэрэх сэтгэл нь бүхэлдээ ил байдаг буюу тэрээр амьтад болон тусламж хэрэгтэй хүмүүст буян үйлдэх хандлагатай байдаг бөгөөд төрж байгаа эмэгтэйг хүртэл ойлгон өрөвддөг. Блумын эршүүд чанар бусад дүрүүдийн хувьд байнгын эргэлзээ төрүүлдэг; "Үлисс"-ын хоёрдахь ёжтой байдал бол Блумын "байдаг л нэг эрийн" дүр зарим талаараа эмэгтэйлэг шинжтэй байдаг. Чухамдаа түүний бүх төрлийн юмс болоод хүмүүсийг ойлгох уян хатан чадвар нь түүнийг романы баатар болгож байна.

Comments