Psycho (1960). Английн мастер кино найруулагч Alfred Hitchcock-н продюсерлэж, найруулсан хоррор. Америкийн зохиолч Robert Bloch-н 1959 онд хэвлэгдсэн романаас сэдэвлэн Joseph Stefano кино зохиолыг бичжээ. Киноны гол дүрүүдэд; Anthony Perkins, Janet Leigh, Vera Miles, John Gavin нар тоглосон. Анхлан шуугиан тарьж, маргаан дагуулсан агуулгаасаа болж критикүүдийн дунд янз бүрийн үнэлгээ авсан ч энэхүү кино нь үзэгчдийг татаж, өндөр ашиг олсон нь критикүүдийн харах өнцөгийг өөрчилсөн байдаг. "Psycho" Оскарын наадамд шилдэг найруулагч зэрэг 4 төрөлд нэр дэвшиж байсан. Өнөөдөр уг хоррорыг Hitchcock-н хамгийн шилдэг кинонуудын нэг гэж үздэгээс гадна түүний хамгийн алдартай бас нөлөө бүхий кино нь гэдэг. Киноны цэгцтэй найруулга, мартагдашгүй хөгжим, жүжигчдийн гайхалтай гүйцэтгэл, уран камерын ажиллагаа, хурцадмал уур амьсгалыг олон улсын критикүүд өндөрт өргөмжилж, кино урлагийн сор бүтээлд тооцох болжээ. Уг кино нь найруулагчийн хамгийн их судлагдсан, задлан шинжилсэн бүтээл гэдэг ба мөн Америкийн кино урлагт хүчирхийлэл, сексийн хүсэл, гажууд зан авирыг хүлээн зөвшөөрөх шинэ түвшинг тогтоосон гэж үздэг. "Psycho"-ийг slasher жанрыг эхлүүлэгч гэж үзэгсэд байдаг. Ингээд хоррор жанрын гарын авлага болсон уг киноны гүн рүү орцгооё.
"Psycho" киноны шүршүүртэй сцэн бол кино урлагийн түүхэн дэх хамгийн алдартай бас хамгийн сэрдхийлгэм сцэнүүдийг нэг төдийгүй хоррор жанрт оруулсан хувь нэмэр нь мөнхийн юм. Энэ бүтээлийг нарийн тактик, уртайгаар бүтээснээр Hitchcock модерн хоррорыг үүсгээд зогсохгүй үүнийгээ баталсан. "Psycho" байгаагүй бол өнөөдөр кино урлаг ямар байх байсан бэ? нэн ялангуяа хоррор жанр өдий зэрэгт хүрсэн байх эсэх асуултын тэмдэгтэй. Энэ кино нь мөн Б зэрэглэлийн кино чанар, инновацаар А зэрэглэлийн кино болж чадна гэдгийг салбарынхандаа баталсан юм. BBC Америкийн шилдэг 100 кино жагсаалтынхаа 8-р байрт "Psycho" киног нэрлэсэн бол Variety сэтгүүл бүх цаг үеийн хамгийн шилдэг киногоор нэрлэсэн. Entertainment Weekly сэтгүүл бас л бүх үеийн хамгийн шилдэг триллер киногоор нэрлэсэн байхад Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 24-р байрт жагсаасан байна. Критикч Roger Ebert: "Бид кино театраас гарахдаа үзсэн ихэнх киноныхоо хагасыг аль хэдийнээ мартчихсан байдаг, харин "Psycho"-г мөнхийн болгодог зүйл бол айдастай шууд холбоотой юм. Би санамсаргүйгээр гэмт хэрэгтэн болохоос айдаг, бид цагдаагаас айдаг, бид галзуу хүний хохирогч болохоос айдаг, тэгээд мэдээжээр ээжийнхээ урамыг хугалахаас айдаг".
Эх номын зохиолч Robert Bloch номоо Висконсин мужийн алуурчин, булш ухагч Ed Gein гэгчийн бодит түүхээс санаа аван бичжээ. Bloch-н гол баатар болон Gein хоёр хоёулаа хөдөөний алслагдсан газарт амьдардаг ганцаардмал алуурчид байлаа. Аль алиных нь ээж нас барж, амьддаа дарангуйлагч зан авиртай хүмүүс байсан ба байшингийн нэг өрөөг ээждээ зориулан бунхан аятай битүүмжилсэн байв. Norman эмэгтэй хүний хувцас өмсдөг бол Gein ухаж гаргасан эмэгтэйчүүдийнхээ арьсыг өмсдөг байж, Gein хоёр аллага үйлдсэнийхээ дараа баривчлагдсан. Найруулагч Hitchcock-н олон жилийн туслах Peggy Robertson The New York Times сониноос Bloch-н номын талаарх эерэг шүүмжийг уншаад Hitchcock-д мэдэгдсэн аж; гэвч Paramount Pictures-ийнхан үүнийг хэдийнээ олж уншаад кино болгох боломжгүй гэж үзсэн байв. Hitchcock романы эрхийг худалдаж авсан ба тэрээр романы гэнэтийн цочирдом байдлыг хадгалахын тулд бүх хувийг худалдаж авахыг Peggy-д даалгасан байдаг. Нас маань өмнөхөн нь Paramount Pictures-тэй хамтран хоёр ч төсөл хэрэгжүүлэх гээд чадаагүй учир энэ шинэ материалдаа дэмжлэг авахыг хүсч байв. Paramount Pictures-ийн удирдлагууд түүний болзолыг хүлээж аваагүй, өгдөг байсан төсвөө өгөхөөс ч татгалзсан. Үүний хариуд Hitchcock "Alfred Hitchcock Presents" гэдэг телевизийн цувралыг хийсэн багийнхантайгаа хамтран "Psycho" төслөө хар-цагаанаар түргэн хугацаанд хямд төсөрөөр хийх санал тавьжээ.
Студийн удирдлагууд уг хэмнэлттэй аргыг няцаасан. Улмаар Hitchcock төслөө өөрөөсөө санхүүжүүлж, хэрэв Paramount Pictures киног түгээвэл Shamley Productions багийнхаа тусламжтайгаар Universal-International-д зураг авалт хийнэ гэж мэдэгджээ. Hitchcock найруулагчаар ажилласаны цалин авахын оронд киноны орлогын 60%-ийн авах санал тавьсан ба эдгээр холимог саналыг талууд зөвшөөрсөнөөр кино бий болох замдаа оржээ. "Alfred Hitchcock Presents"-ийн зохиолыг бичсэн James P. Cavanagh анхны зохиолын нооргийг бичсэн боловч Hitchcock хэтэрхий телевизийн богино кино шиг гэж үзээд татгалзсан. Joseph Stefano өмнө нь ганцхан кино дээр ажиллаж байсан туршлагатай байсан ч Hitchcock түүнийг хөлслөсөн байна. Киноны зохиол номоо нэлээд дагасан; гэвч Hitchcock, Stefano хоёр хэдэн чухал өөрчлөлтийг хийсэн. Stefano Norman-н дүрийг симпатик бус гэж үзсэн, номонд тэрээр дунд настай, тарган, илүү тогтворгүй гэж дүрслэгдсэн байж, Hitchcock энэ дүрд Anthony Perkins-г тоглуулахаар болсноор дүр улам сонирхол татам болжээ. Stefano Norman-н архины хамааралтай байдлыг хассан нь Norman согтсон үедээ ээжийн дүрд ордог байдлыг арилгах шалтгаан болсон ба мөн Norman-н спиритуализм, оккулт, порнограф сонирходог талуудыг хассан. Эх номонд Norman түүхийн ном уншиж байгаагаар түүх эхэлдэг бол Hitchcock, Stefano хоёр Marion-н амьдралын тухай сцэнээр эхлүүлж, 25 минут хүртэл Norman-г гаргаж ирдэггүй. Эх романд Marion-н түүх 17-р бүлгийн багахан хэсгийг эзэлдэг, харин Hitchcock үүнийг өгүүлэмжийн бараг тал хүртэл өргөжүүлжээ. Мөн эх номонд Marion, Sam хоёрын зочид буудалд болзож байгаа хэсэг байдаггүй. Stefano-н хувьд дэн буудал дахь Norman, Marion хоёрын харилцан ярианы үеэр Marion Norman-г эх хүний сэтгэлээр өрөвддөг, энэ нь Marion-н аллагын дараа үзэгчдэд Norman-г илүү ойлгох боломжийг олгоно гэж үзжээ.
Кинонд, Lila Norman-н унтлагын өрөөг нэгжиж байхдаа хоосон хавтастай ном нээдэг ч агуулга нь харагддаггүй, харин романд энэ нь "патологийн порнограф" зурагтай байдаг аж. Stefano үзэгчдэд энэ сцэнд ямар нэгэн буруу зүйл байгааг илэрхийлэхийг хүссэн ч хэтрүүлж, юмуу илэрхий харуулахыг хүсээгүй аж. Финикс хотод үнэхээр бодитой Mary Crane гэдэг хүн амьдарё байсан учраас эмэгтэй гол дүрийн нэрээ Marion болгон өөрчилсөн бөгөөд мөн номонд Sam, Lila хоёрын дунд романтик харилцаа цэцэглэж байгаа түүхийг өөрчилсөн, Hitchcock үзэгчдийн анхаарлыг нууцыг шийдвэрлэн тайлахад төвлөрүүлэхийг чухалчилсан. Сонирхолтой нь, кино зохиолоо бичиж байхдаа Stefano ээжтэйгээ харилцааны асуудалтай байжээ. Үнэндээ роман нь киноноосоо илүү харгис, хүчирхийлэлтэй; кинонд Marion-г хутгалж алдаг бол романд толгойг нь тасддаг аж. "Psycho" кино нээлтээ хийж байх цагт Америкийн кино урлагт жорлонг бараг огт гардаггүй байсан учир энэ нь үзэгчдийн тухыг алдуулж, цочирдуулсан.
Киноны төсөв бага байсантай холбогдуулан хөгжмийн зохиолч Bernard Herrmann цалингаа бууруулахаас татгалзсан хэдий ч Hitchcock түүнээр л киноныхоо хөгжмийг хийлгэнэ гэж зүтгэжээ. Судлаач Christopher Palmer-н бичсэнээр Herrmann-н бичсэн ажил магадгүй Hitchcock-н хамгийн сайн хөгжимтэй кино болсон гэдэг. Hitchcock ч хөгжим нь кинонд хурцадмал шинж нэмсэн гэсэн бөгөөд дараа нь "Psycho" киноны эффектийн 33% нь хөгжимтэй холбоотой гэсэн байдаг. "Psycho" бол 1960-аад онд Америкт кино цензурын журам үгүй болсны дараа гарч ирсэн тод жишээ болсон кино байв. Энэ нь, киноны нээлтэд Sam, Marion хоёр нэг оронд хамт байгааг харуулж, дараа нь Marion хөхөвчтэйгээ харагдаж байгаа, мөн хүчирхийлэл, сексийг дүрсэлсэн байдлаараа урьд өмнө нь байгаагүй явдал байлаа. Өмнө нь, цензурын стандартаар гэрлээгүй хосуудыг нэг оронд байгаагаар харуулах нь хориотой байлаа. Бас нэг асуудал байсан нь хүйсийн үл нийцэл байв; Perkins ижил хүйстэн байсан ба Hitchcock өмнө нь ижил хүйстнүүдийн сэдэв агуулсан "Rope" кино хийчихээд байсан нь гал дээр тос нэмсэн зүйл болов. "Psycho" киноны төгсгөлд Lila-г алахыг завдах үеэр тодорхой болох хүртэл үзэгчид Norman-г эмэгтэй хүний даашинз өмсөж байсныг мэддэггүй.
Цагдаагийн газарт Sam Norman яагаад ингэж хувцасласан тухай асуухад Norman-н хуваагдмал зан төрхийг мэдэхгүй цагдаа трансвестит гэсэн өөрийн дүгнэлтийг хийдэг; харин сэтгэцийн эмч түүнийг залхуулж, Norman ээжийнхээ даашинзыг өмсөхөөрөө өөрийгөө өөрийн ээж гэж боддог юм гэж тайлбарладаг. Hitchcock энэхүү хоррортоо гэнэтийн айдас цочролыг алгуурхан цуглуулахдаа мелодраматик тулгуураар сайтар бэхэлж аваад эцэст нь тань руу хайр найргүй харвчихна; Hitchcock психологийн хувьд байгаа дэндүү сайн онох буюу таныг гайхшруулж бас цочроож чаддаг. Anthony Perkins энэ кинонд тоглосноороо замналаа батжуулсан бол Janet Leigh өөрийгөө Hitchcock-н "шаргал үст" хүүхнүүдийн дунд эргэлзээгүйгээр оруулж чадсан. "Psycho" гарч байх үед Холливуудын кинонууд Европын кинонуудад дарагдах хандлагатай байсан агаад "Psycho" хуучин Холливуудын байр суурийг сэргээсэн гэдэг. Энэ кинондоо найруулагч маань өөрийн мэддэг бүх кино "орц жорыг" хийж найруулснаар түгшүүрийн мастер болохоо баталсан. Hitchcock өөрийгөө зугаацуулах гэж кино хийдэг буюу айдас, түгшүүрээр үзэгчдийг зовоохоос таашаал авдаг гэсэн утгатай үгсийг замналынхаа туршид хэлж ирсэн бөгөөд тэр уг кинондоо хаа сайгүй хүчирхийлэл, аймшиг, түгшүүр байрлуулаад хөхин баясан байгааг эгээ л бяцхан хүүхэд дуртай тоглоомуудаа газраар тараачихаад маадгар суудаг шиг юм.
Hitchcock уг киногоороо өмнөх кинонуудад нь харагддаг романтик элементүүдээс татгалзсан. Уг кино романтик шинжийн "тодорхой бас биелэлтийг" ёгтолж харуулдаг. Өнгөрсөн бол киноны төв бөгөөд гол дүрүүд нь өөрсдийн өнгөрсөний муу муухайг ойлгож, шийдвэрлэхийн төлөө тэмцдэг ч бүтэлгүйтдэг. Өнгөрсний нүгэл, алдаа нь одоогийн аз жаргалын итгэлийг үгүй хийдэг. Кино талдаа орж байхад Marion үхэж байгаа явдал нь найдвар үгүй болсныг тодорхойлдог. Marion-г эртний Грекийн домогт гардаг амьдралын ертөнцөөс түр хугацаагапаар хулгайлагдсан Persephone шиг гэдэг; гэхдээ домог Бэйтс дэн буудалд авралгүй үхдэг Marion-д тус болдоггүй. Түүний дэн буудлын өрөө Persephone-ийнх шиг цэцэгс шиг цэцгэн хээтэй хананы цаастай ч энэ нь зөвхөн бодит байдлаас хоёр дахин хөндийрсөн дүрслэлийн дүрслэл шиг толинд тусгагддаг. Marion-н үхлийн сцэнд, угаалгын өрөөний усны хоолойноос түүний амьгүй нүд рүү шилжих шилжилт нь Federico Fellini-н "La Dolce Vita" киноны төгсгөлд аморф далайн амьтны нүдийг санагдуулна; энэ бол найдвар төгсөж, ялзрал илэрч, үхэл төрж байгаагийн симбол аж. Hitchcock-нхооор хүний жаргалын элемент болох: хайр, гэрлэлт, гэр бүл нь Marion-д байдаггүй. Norman бас гэр бүлийн хувьд адилхан гажуудалтай. Тэр нялх хүүхдийн хуваагдмал шинж чанартай ба өнгөрсөн нь одоо цагийг хүртэл эрхшээсэн харшид амьдардаг. Norman "цаг хугацаанд хөлдсөн" тоглоом, чихмэл шувуудаар дүүрэн өрөөнд амьдардаг ба тэр Marion-г алж, өнгөрсөн үеэ хадгалж үлдэхийг хичээдэг. Norman өнгөрсөн үеэс холдох санал санаануудыг жадлан эсэргүүцдэг.
Жишээлбэл, Marion түүний ээжийг "хаа нэг газар" аваачих санал гаргадаг, үр дүнд нь Marion түүний өнгөрсөн үеэ хадгалж үлдэх хүслийн хохирогч болдог. Norman-н хувьд энэ "хаа нэг газар" гэдэг бол түүний хайр, гэр орон, гэр бүлийн талаарх солиорол хүчингүй болж, ил гарах газар аж. Уг кинонд гэрэл ба харанхуй нь чухал ач холбогдолтой. Sam, Marion хоёрыг тод харагдуулах зочид буудлын харанхуй өрөөнд камер орохоос өмнө киноны гарчигийн араас анхны кадр нь Финиксийн нарлаг ландшафт байдаг билээ. Marion бараг тэрхэн даруй л харанхуйд хаягддаг; мөнгө хулгайлахаар оффис руугаа буцахад мөн унтлагынхаа өрөөнд ороход түүний сүүдэр нь урьдаар харагддаг. Түүнийг Финиксээс зугтахад харанхуй болох ба маргаашийн нарлаг өглөөг хар нүдний шилтэй цагдаа үймүүлж, эцэст нь хүүхэн шөнө Бэйтс дэн буудалд ирдэг. Тод гэрэл нь мөн кинонд "харанхуйтай дүйцэхүйц ёжтой" үүрэгтэй буюу гэрэлтүүлэхийн оронд "сохлох нь" багагүй. Тод гэрлийн жишээнүүд гэвэл Sam, Marion хоёрын зочид буудлын өрөөний цонхны нээлхий, шөнөөр давхих машины гэрэлтүүлэг, Бэйтс дэн буудлын неон тэмдэг, Marion-н үхдэг угаалгын өрөөний плитаний "цацарсан цагаан" болоод Norman-н ээжийн цогцос дээр гялалзах жимсний зоорины чийдэнгийн гэрэл зэрэг болно.
Ийм тод гэрлүүд нь Hitchcock-н кинонд голдуу аюул, хүчирхийллийг тодорхойлдог. Кинонд сүүдэр, толь, цонх ба бага зэргийн ус байнга гардаг. Marion зугтах гээд ачаагаа баглаж байхад толь байдаг, тэр машиныхаа толинд ард яваа цагдааг ажиглаж явдаг, мөн түүний царай цагдаагийн нарны шилэнд тусгагддаг. Машины дилерийн угаалгын өрөөнд мөнгөө тоолж байхад бас л толь байдаг. Тэр Бэйтс дэн буудалд ирээд өрөө захиалахаар Norman-тай ярилцаж байхад цаана толь харагддаг ба мөрдөгч Arbogast утсаар ярихаар утасны бүхээгт ороход бүхээг шилэн байдаг; удалгүй тэр үхдэг. Мөн аадар бороог шүршүүртэй сцэний урьдач гэж харж болох ба бороо зогссоныг Marion Финикс рүү буцахаар шийдсэний тэмдэг гэж үзэж болно. Кинонд шувуутай холбоотой далд санаанууд байдаг; Norman-н хобби нь шувууны чихмэл байдаг, Marion-н овог нь Crane буюу Тогоруу шувууны нэр юм. Norman Marion-г шувуу шиг иддэг гэж хэлдэг, дэн буудлын ханаар шувуудын зураг байдаг. Norman-н шувууны чихмэл хийх хобби болох "Stuffing Birds" гэдэг нь Их Британийн хар ярианы хэллэгээр эмэгтэй хүнтэй секс хийх гэсэн утгатай аж. Norman-н анхны шувуун чихмэл бол түүний ээж бөгөөд биетээр ч, психологиор ч тэр ээжийгээ дотроо үүрд хадгалж.
Marion-г хооллож байхад дээрээс нь чихмэл шувууны сүүдэр тусдаг бол Norman-н ээж зөвхөн сүүдэрт л харагддаг. Илүү нарийвчилбал, арын гэрэлтүүлгэ барилгын дэлгүүрийн тармуурыг Lila-н толгой дээрээс өнгийх сарвуу шиг харагдуулдаг. Уг киног "анхны психоаналитик триллер" гэж нэрлэдэг. Кинонд гардаг секс, хүчирхийллийн агуулга дүрслэл өмнө нь гарч байсан кинонуудаас ялгаатай байв. Францын критикч Serge Kaganski: "шүршүүр дэх сцэн хүсэл тачаал, айдсыг зэрэг төрүүлдэг. Hitchcock эмэгтэй үзэгчдийг айлгасан нь дамжиггүй байх гэвч эрэгтэй үзэгчидээ хүчингийн хэрэгтэн болгон хувиргаж байна, учир нь эхний сцэнд Janet Leigh хөхөвчтэйгөөр гарч ирснээс хойш эрчүүдийн хувьд энэ нь эргэлтийн цэг болсон юм". Философич Slavoj Zizek "The Pervert's Guide to Cinema" баримтат кинондоо Norman-н байшин гурван давхартай байгааг Freud-н онолын хүний ухааны гурван түвшинтэй зэрэгцүүлэн авч үзсэн; дээд давхар бол Norman-н ээжийн оршдог супер эго аж; дунд давхар бол Norman-н эго буюу түүний энгийн хүн байхын функц бол; доод давхар буюу зоорь нь Norman-н id аж. Zizek-н үзэж байгаагаар Norman ээжийнхээ цогцсыг дээд давхраас доод давхар руу зөөж байгааг психоанализын хувьд супер эго ба id хоорондоо гүнзгий холбоотой болохыг илэрхийлдэг гэж тайлбарлажээ.

Comments
Post a Comment