Нядалгааны цэг

 


The Texas Chain Saw Massacre (1974) . Бараг таван арван жил өнгөрсөн ч Tobe Hooper-ын энэхүү хоррор өнөөдөр ч цус царцаам аймшигтай, утга гүн, гоо зүйтэй хэвээр байна. Эл хоррор алдар хүндийг өнө удаан хадгалахад зайлшгүй шаардлагатай төгс шуурганд хүрсэн бөгөөд гарал үүслийн цаг хугацаа хийгээд газар нутгийг өө сэвгүй тусгахын зэрэгцээ нууцлаг далд хүч, авангард эвлүүлэг болоод Америкийн хэрэглээний нийгмийн солиорлыг жихүүцмээр дүрсэлж чадсанаар шедевр статусаа хадгалсаар байна. Найруулагч Tobe Hooper кино зохиолоо Kim Henkel-тэй хамтран бичсэн. Гол дүрүүдэд: Marilyn Burns, Paul A. Partain, Edwin Neal, Jim Siedow болон Gunnar Hansen нар тоглосон ба эдгээр жүжигчид тухайн үедээ орон нутгийн олонд танигдаагүй жүжигчид байжээ. Кинонд хэсэг найзууд хуучны эдлэн газарт зочлохоор яваад хүн идэштэн гэр бүлийн золиос болж буй тухай гарна. Олон үзэгчид татахын тулд, мөн тухайн үеийн улс төрийн уур амьсгалыг нарийвчилан тайлбарлахын зорилгоор киног бодит үйл явдлаас сэдэвлэсэн гэж сурталчилсан агаад хэдий Арьсан нүүрт дүр хийгээд киноны зарим зүйлсийг зартай цуврал алуурчин Ed Gein-ын хэргээс сэдэвлэсэн боловч зохиолын дийлэнх нь зохиомол бөлгөө. Энэ бол "The Texas Chainsaw Massacre" франчайзын анхных бөгөөд нийт 9 кино гараад буй. Киноны зураг авалт Техаст авагдсан, Hooper төсөв мөнгө бага байсан тул түргэвчилсэн хуваариар зураг авсан ба киноны хүчирхийллийн агуулгын улмаас тэрээр дистрибьютер олох гэж нэлээд явсны эцэст Louis Perano-тай тохиролцож чадсан. Hooper кинондоо PG үнэлгээ авахыг тулд зарим засвар хийсэн ч тусыг эс олж Америкийн киноны холбооноос R үнэлгээ өгсөн ба олон улсад мөн энэ асуудал үүссэн байдаг. Уг киног хэд хэдэн оронд хориглож, хүчирхийллийн талаарх гомдлын улмаас олон театраас буугдаж байв. Гэсэн хэдий ч он цаг улирах тусам киноны нэр хүнд өсөж, хамгийн нөлөө бүхий хоррор киноны тоонд багтах болсон ба аллагын зэвсэг болгож цахилгаан багаж барьсан том биетэй алуурчныг нүүр царайгүй дүрсэлсэн нь хожмын "slasher" жанрын үндсэн элементийн нэг болсон байдаг. Ухаалаг зохиолтой, баримтад маягийн камерийн ажиллагаатай уг хоррорыг бага төстэй "Б" жанрын кино классик бүтээл болж болдогийн үлгэр жишээ гэж үздэг бөгөөд TSPDT сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган 179-р байрт, харин Sight & Sound сэтгүүл хамгийн шилдэг 250 киноныхоо тоонд багтаасан байдаг бол 1990 онд Hooper энэ киногоороо "Хоррор киноны алдрын танхимд" заларсан билээ. 

Уг киноны ерөнхий концепт 1970-аад оны эхээр Hooper Техасын их сургуульд туслах найруулагч, баримтад киноны зураглаачаар ажиллаж байхад төрсөн ба тэрээр тусгаарлагдсан, ой модтой, харанхуйн элементүүдийг багтаасан түүхийг боловсруулаад байв. Тэрээр Сан Антониогийн мэдээллийн хэрэгслээр хүчирхийллийн тухай мэдээ үзсэн нь кинонд туссан байдгаас гадна цуврал алуурчин Ed Gein-ын хэргээс зарим элементийг авчээ. Дашрамд хэлэхэд "Psycho" ба "The Silence of the Lambs" кинонууд мөн энэ нөхрөөс улбаатай байдаг. Мөн Hooper соёлын болоод улс төрийн ландшафтын өөрчлөлт кинонд нь гол нөлөө үзүүлсэн гэж хэлсэн байдаг. "Таны үзэх гэж байгаа кино үнэн" гэсэн зориудын ташаа мэдээлэл бол "Вьетнамын дайн, 1973 оны газрын тосны хямрал, Watergate-ын хэрэг гээд дэлхий даяар болж буй үйл явдлын талаар засгийн газар худлаа хэлдэгийн хариу юм" гэж тэрээр хэлжээ. Hooper орон нутгийн мэдээг үзэж байхдаа юу анзаарсан бэ гэвэл ямар ч сэтгэл хөдлөлгүй үзүүлсэн явдал агаад хүн бол жинхэнэ мангас юм гэсэн итгэл үнэмшлийг түүнд төрүүлсэнээр киноныхоо мангас дээр зүгээр л шууд маск зүүлгэх шийдийг олжээ. Аллагын зэвсэг болох цахилгаан хөрөө ашиглах санааг тэрээр хөл хөдөлгөөнтэй дэлгүүрт явж байхдаа бодож олжээ. Kim Henkel "Би мэдээж Gein-г судалж байсан, гэхдээ тэр үед Хьюстонд нэгэн хүн амины хэрэг миний анхаарлыг татсан. Elmer Wayne Henley гэгч цуврал алуурчин хөгшин ижил хүйстэнд хохирогчдыг нийлүүлдэг байсан. Elmer Wayne би хэргүүдийг үйлдсэн, хэргээ би эр хүн шиг хүлээнэ гэсэн мэдээг хараад ийм үед тэр уламжлалт ёс суртахуунтай байж чадсан нь миний сонирхлыг татсан. Ийм төрлийн ёс суртахууны шизофренитэй дүрийг би бүтээхийг оролдсон" гэжээ. Кино нээлтээ хийгээд холимог үнэлгээ авсан. Жигшүүртэй гэдэг шошго шууд л авсан ба Hooper, Henkel хоёрын бодит уур амьсгал бүтээхээр зорьсныг онцолсон ба Roger Ebert "гарчигт амалсан шиг хэрцгий, аймшигтай, цусан далай бөгөөд жүжигчид болоод техникийн гүйцэтгэл сайтай" гэжээ. 

Ерөнхийдөө Marilyn Burns-ын тоглолтыг шүүмжлэгчид шагшиж, кино урлагийн түүхэн дэх хамгийн үнэмшилтэй тоглолт толилуусан энэ бүсгүй Оскараас тусгай шагнал хүртэх эрхтэй гэж байжээ. Variety сэтгүүл "хүнд тунгаар хийгдсэн аймшиг" гэсэн байхад зарим нь George A. Romero-ын "Night of the Living Dead" киноноос хойших хамгийн чухал хоррор хэмээж байв. Хэсэг хугацааны дараа шүүмжлэгчид киноны гоо зүйн чанар ба хүчийг магтсан. Steven Seagal-ын кинонуудыг бодвол энэ кинонд цус бага урсдаг гэж зарим нь ёжилсон байдаг аж. Мөн айдас ба үзэн ядалтын тухай бөглүүд газрын шедевр гэсэн ч бий. Их Британид энэ киног хориглосон нь найруулагчийн уран сайхны чадварт үзүүлсэн хүндэтгэл гэж зарим нь хошигносон. Аймшгийн кинонд өдрийн гэрлийг бүтээлчээр ашиглах нь маш ховор зүйл байсан бөгөөд уг киноны эхлэлд оршуулгын чулууг налсан цогцсыг гэрэлд үзүүлсэн нь тун шинэлэг хэрэг болсон агаад киноны арын дэвсгэрт Техасын эргэн тойронд гарсан аймшигтай аллагын талаарх радиогийн нэвтрүүлэг зэрэг кинонд нарийн ширийн мэдрэмжтэй хэсгүүд олон. Аймшгийн болоод "Б" жанрын киног зөв хийж чадвал үргэлж ашгаа өгдөг. Уламжлалт маягаар амжилт олохооргүй найруулагчдын хувьд хоррор жанр нь сайн эхлэл болох тал байдаг. Шүүмжлэгч Rex Reed уг киног амьдралдаа үзсэн хамгийн аймшигтай киногоор нэрлэсэн байдаг. Аймшгийн киноны найруулагч Wes Craven энэ киног анх үзсэн талаараа "Ямар Мансонит галзуу амьтан ийм юм хийдэг байна аа" гэж гайхсан байдаг. 

Аймшгийн зохиолын Хаан Stephen King энэ киноны талаар "гамшгийн аймшигтай" гэсэн байдаг бол шүүмжлэгч Robin Wood "Жинхэнэ хар дарсан зүүдний чанартай" гэжээ. Alfred Hitchcock-ын "Psycho" болон "The Birds" кинонуудаас хойш Америкийн хоррор киног Америкийн соёл иргэншлийн үйл явцын суурь хууль ёсны байдлын талаарх асуулт гэж тодорхойлж ирсэн байдаг ба "Psycho" орчин үеийн амьдрал дахь абсурд байдлын шинэ мэдрэмж, учир шалтгааны сүйрэл хийгээд Америкийн готикийн эмгэг гэж судалж ирсэн бол уг киног дээрх эрлийг логик дүгнэлтэд хүргэсэн гэж үздэг. Арьсан нүүрт болон түүний гэр бүл капитализмын золиос бологсод буюу тэдний мал нядалгааны ажил шинэ технологийн дэвшилд арчигдан үгүй болдог. Кино орчин үеийн хамтын ухамсрын гадаргуугаас тийм ч хол оршдоггүй мэт санагдах сөрөг байдлын сэтгэлд төвлөрдөг. Киноны каннибалист капитализмын дүрслэлийг Georges Bataille-ын хорио цээр, зөрчлийн онолтой холбож тайлбарлах нь байдаг ба Sawyer-ын гэр бүлийн үнэт зүйлийг тогтсон, харилцан хамааралтай Америкийн институциудын тусгал, эсхүл тэдгээрийн нийцэл гэж үздэг ч эдгээр нийгмийн нэгжүүдийн биелэлт нь гаж бас зөрчилтэй. Hooper оройн хоолны үеэр Sawyer-ын гэр бүлийг танилцуулж байгаа нь Америкийн байдаг л нэг ситком гэр бүлийн элэглэл юм. Шатахуун түгээх станцын эзэн бол аавын дүр бол Арьсан нүүрт бол хөрөнгөтний гэрийн эзэгтэйн дүр, харин замд дайгдагсад бол тэрслүү өсвөр насныхан болно. Cristina Pinedo "хоррор жанр терроризм, элэглэл хоёрыг тусгаарлах нарийн шугамыг амжилттай давахын тулд айдас, инээдэм хоёрыг хурцадмал байдалд байлгах ёстой ба энэ нарийн тэнцвэрийг уг кино олж авсан" гэжээ. Киноны далд сэдвүүд өргөн хүрээнд шүүмжлэл өрнүүлэх сэдэв болсон. Тухайлбал, киноны гол дүрийн эмэгтэйчүүд харгис, хэрцгий, садист хүчирхийлэлд өртдөг парадигматик "Б" кино гэж тайлбарлах болсон. Судлаачдын үзэж буйгаар эрэгтэй, эмэгтэй дүрүүдийн үхдэг тооны харилцаа ойролцоогоор тэнцүү байдаг ч эмэгтэй дүрүүдийн эсрэг үйлдэгддэг хүчирхийллийн дүрслэлүүд илүү удаан үргэлжилдэг аж. Кинонд 3 эрэгтэй хурдан хугацаанд "маягтайгаар" алагддаг бол нэг эмэгтэй дүр махны дэгээнд аймшигтайгаар алагдаж, үлдсэн бие махбодийн хийгээд сэтгэлзүйн хувьд туйлаас тамлагдан зовдог билээ.

Comments