Taxi Driver (1976). Америкийн мастер кино найруулагч Martin Scorsese-н нео-нуар, сэтгэл зүйн драм. Киноны үйл явдал, Вьетнамын дайны дараах ялзарч өмхийрсөн Нью-Йорк хотод өрнөх бөгөөд гол дүр болох Вьетнамын дайны ветеран эрийн шөнөжин их хотын дундуур таксинд явж, улмаар нойргүйдэх өвчтэй болж, сэтгэцийн хямралд орж вижилант болж байгааг (хууль үйлчлэхгүй газарт өөрөө хууль сахиулагч бологч) харуулсан. Киноны зохиолыг Paul Schrader бичсэн бол гол дүрүүдэд; Robert De Niro, Jodie Foster, Cybill Shepherd, Harvey Keitel нар тоглосон. Киноны хөгжмийг алдарт Bernard Herrmann бичсэн; энэ түүний эцсийн ажил байсан ба энэ киног түүний гэгээн дурсгалд зориулсан юм. Кино арилжааны хувьд амжилт олоод критикүүдийн зүгээс сайшаал хүртсэн хэдий ч киноны оргил үеийн хүчирхийлэл, мөн түүнчлэн 12 настай байсан Jodie Foster-г биеэ үнэлэгч хүүхдийн дүрд тоглуулсан зэргээр маргаан дэгдээсэн байдаг. "Taxi Driver" 1976 оны Канны кино наадмаас Алтан далдуу мод дээд шагналыг хүртсэн бол Оскарын наадамд Шилдэг эрэгтэй гол дүр (De Niro) зэрэг 4 төрөлд нэр дэвшсэн. 2020 онд New York Magazine "Taxi Driver" киног Оскарын шилдэг кино төрөлд нэр дэвшсэн ч ялагч болоогүй шилдэг кинонуудын жагсаалтад багтаажээ.
Энэхүү кино нь 1981 онд John Hinckley Jr.-д ерөнхийлөгч Ronald Reagan-г хөнөөхийг завдахад нь сэдэл болсон учраас маш их маргаан, шуугиан дэгдээсэн ч өнөөдөр ч алдартай хэвээр байгаа ба тэр байтугай "Taxi Driver"-г бүх цаг үеийн хамгийн аугаа кинонуудын нэг гэж өргөмжилдөг. Тухайн цаг үеийнхээ хамгийн соёлын ач холбогдолтой, бусад кино найруулагчдад харин их санаа сэдэл болон киноны тоонд оруулдаг. Замналынхаа оргил үед явсан гайхамшигт De Niro болон эрч хүчтэй шигээ сэтгэл татам Scorsese-н найруулагтай уг бүтээл нь кинонд дурлагсдын заавал үзэх ёстой кино юм. "Taxi Driver"-г Америкийн кино хүрээлэнгээс гаргасан хамгийн шилдэг Америкийн 100 кино жагсаалтынхаа 52-р байрт жагсаасан бол мөн тус хүрээлэнгээс гаргасан хамгийн шилдэг 100 хорон санаатан дүрийн 30-р байрт Travis Bickle-г жагсаажээ. Empire сэтгүүл бүх цаг үеийн хамгийн шилдэг аугаа 500 кино жагсаалтынхаа 17-р байрт, Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 14-р байрт тус тус эрэмбэлээд байна. Ингээд түр хугацаагаар таксины жолооч хийцгээе.
Нью-Йоркийн бохир гудамжны ганцаардал, хүчирхийллийн талаарх Scorsese-н хөрөг зураг оригнал Америкт бүтээл юм. Вижилант De Niro буюу Travis шөнийн ээлжинд таксинд явдаг Вьетнамын дайны ууртай бас хүнийссэн ветеран билээ. Уг кино 1970-аад оны Америкийн кино урлагийн хамгийн чухал кинонуудын нэг бөгөөд өөрийгөө сүйтгэх, галзуурлын халуунд буцалж байгаа модерн готик кино гэгддэг. Scorsese-н тууштай дүрслэл, тод найруулга, мөн De Niro-н эрэлхэг, эрэмгий гүйцэтгэл киног төрж бий болсноос хойш хэдэн арван жилийн хугацаанд тоо томшгүй олон найруулагчдад, жүжигчдэд урам зориг, санаа сэдэл өгсөөр байна. Scorsese өөрийг нь Schrader-тэй танилцуулсан хүн найруулагч Brian De Palma байсан гэж хэлсэн; мөн энэхүү кино нь зүүд юмуу мансууруулах бодисоос үүдэлтэй төлөөллүүдтэй адилхан мэдрэмж өгдөг кинонуудаас улбаатай хэмээн Scorsese хэлсэн буй. Тэрээр үзэгчдэд унтаа, сэрүүн хоёрын хоорондох тодорхойгүй байдалд байгаа мэт мэдрэмж төрүүлэхийг оролджээ. Scorsese зураг авалтынхаа санааг Alfred Hitchcock-н "The Wrong Man" болон Jack Hazan-н "A Bigger Splash" кинонуудаас авчээ. Scorsese мөн "Le Samourai" шедеврийн Alain Delon бүтээсэн ганцаардмал хөлсний алуурчин Jef Costello дүрээс Travis дүрийнхээ санааг авсан гэдгээс гадна Travis-н дүрийг олон жүжигчдэд санал болгосны дотор Alain Delon ч багтаж байв. Scorsese найруулагчийн суудалд суухаас өмнө John Milius, Irvin Kershner нар төслийг удирдахаар яригдаж байсан.
Кино зохиолоо бичихдээ Schrader Arthur Bremer гэгчийн (1972 онд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч George Wallace-г буудсан) өдрийн тэмдэглэлээс, мөн дуучин Harry Chapin-н салсан найз охин нь таксинд сууж байгаа тухай "Taxi" дуунаас багагүй сэдэл авсан гэдэг. Киноны төгсгөлд Travis хэвлэл мэдээллийн баатар болж байгаа хэсгийг Schrader ерөнхийлөгч Gerald Ford-н амь гасанд халдахыг завдсан Sara Jane Moore гэгчийн Newsweek сонины нүүрэнд гарч байсан явдлаас санаа авчээ. Schrader мөн өөрийнхөө амьдралаас зохиолдоо оруулсан; 1981 онд өгсөн нэгэн ярилцлагадаа тэрээр, Нью-Йорк хотод нойргүйдэлтэйгээ тэмцэж байхдаа шөнөжин кино театр юмуу порнограф номын дэлгүүрээр хэсүүчлэхэд хүргэсэн үзэж туулсан амьдралаа зохиолдоо шигтгэж өгсөн гэжээ. Гэр бүл салалтын дараа хамтран амьдрагч хүүхэнтэйгээ ч харилцаагаа тасалсан тэрээр хэдэн долоо хоногийн машиндаа амьдарсан агаад ходоодны шархны улмаас эмнэлэгт хүргэгдээд "Taxi Driver" киноныхоо зохиолыг хоёр долоо хоног хүрэхгүй хугацаанд бичжээ. Schrader: "Эмнэлэгт байхад таксины бүхээгийн зураглал толгойд орж ирсэн; энэ бол би гэж би өөртөө хэлсэн: Бохирын хоолойд хөвж буй шар хайрцагт түгжигдсэн, хүмүүсээр хүрээлэгдсэн ч ганцаарддаг энэ залуу бол би байсан".
Schrader Вьетнамын дайнаас үүдэлтэй траума орон даяар элбэг болж байгаа явдал нь Travis-н паранойд сэтгэцийн өвчинтэй яв цав зохицож байгааг анзаарч, дайны дараах үзсэн мэдэрсэн бүхэн нь түүнийг улам заналхийлсэн, бухимдалтай болгож байсан учраас Travis-г Вьетнамын дайны ветеран болгохоор шийджээ. Францын найруулагч Robert Bresson-н "Pickpocket" шедевр мөн Schrader-д нөлөөлсөн гэдэг. Scorsese кинондоо шашны симболизм байгааг дурдсан байдаг; тухайлбал, Travis ухаан болон биеийнхээ сул доройг цэвэрлэхийг хүсдэг гэгээнтэнтэй зүйрлэхүйц гэсэн буй. Жүжигчин Dustin Hoffman-д таксины жолоочийн дүрийг санал болгосон боловч Hoffman Scorsese-г галзуу амьтан байна гэж бодоод саналыг нь хүлээж аваагүй байдаг. Al Pacino, Jeff Bridges нарын Travis-д тоглуулахаар яригдаж байжээ. De Niro найруулагч Bernardo Bertolucci-н "1900" киноны зураг авалтад оролцон Италид байхдаа Travis-н дүрдээ давхар бэлдэж байж. Тэрээр Ромд зураг авалтад орчихоод шууд Нью-Йорк руу нисдэг байсан ба Нью-Йоркт байхдаа тэрээр таксины жолоочийн үнэмлэх аваад Нью-Йоркоор таксинд явж байгаад завсарлага нь дуусангуутаа буцаад Ром руу нисээд "1900" киноныхоо зураг авалтад ордог байв. De Niro 1974 онд "The Godfather Part Two" кинонд тоглож Оскарын эзэн болчихоод байсан ч Нью-Йоркоор таксинд явахад түүнийг ганцхан хүн л таньсан гэдэг.
De Niro дүрийн судалгаа болгож гэмт хэрэгтэн Arthur Bremer-н өдрийн тэмдэглэлийн бичлэгийг ахин дахин сонсож байснаас гадна 16 кг хүртэл жин хассан гэдэг. Италид кино зураг авалтгүй чөлөөтэй цагтаа De Niro Италид байрлах Америкийн цэргийн баазаар зочилж, Америкийн Баруун Хойд бүсийн цэргүүдийн хэл ярианы аялгыг бичиж аваад судалдаг байсан нь Travis-н цэргийн ветеран дүрийг гаргахад нь тус болсон гэдэг. De Niro энэ дүрээрээ Оскар аваагүйд би хувьдаа гайхдаг, энэ бол Оскар том алдаануудыг нэг гэж боддог. "Taxi Driver" киног 1975 онд Нью-Йорк хотын зуны халуунд бас ариун цэврийн байгууламжийн ажилчид ажил хаялт зарлаад байсан үед хийсэн нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байв. Кино хүчирхийллийн агуулгатай байсан учир MPAA-тай зөрчилдсөн ба Scorsese төгсгөлийн зураг авалтын кадрын өнгийг бууруулсанаар кинондоо R үнэлгээ авч чадсан байна. Travis-н такситай атмосферик сцэнүүдийг авахын тулд дууны техникчид машины тээшэнд сууж, Scorsese болон зураглаач Michael Chapman хоёр арын суудалд суугаад боломжит гэрлийг ашиглан зураг авалтыг хийж байв.
Зураглаач Chapman киноныхоо зураг авалтын хэв маягт Францын Шинэ Давалгаа, ямар найруулагч Jean-Luc Godard ба түүний нэрт зураглаач Raoul Coutard-н нөлөө багагүй байсныг хүлээн зөвшөөрсөн байдаг ба Францын Шинэ Давалгаа-г дагах болсны гол шалтгаан бол зураг авалтын багт уламжлалт аргаар ажиллах хугацаа ч, мөнгө ч байгаагүй гэжээ. "Taxi Driver" кинонд Travis сенатор Palantine-г алахаар шийдэхдээ үсээ мохавк маягаар засдаг; энэ талаарх бүхнийг найруулагчийн маань найз, кинонд нууц албаны ажилтаны жижигхэн дүр бүтээсэн Victor Magnotta хэлжээ. Magnotta Вьетнамын дайнд явсан ветеран байсан ба түүний Сайгонд, та мохавк шиг үсээ засуулсан залуустай таарвал тэдэнд ойртож болохгүй, ийм үстэй залуус тодорхой тулаанд ороход бэлэн, бараг алуурчид гэсэн үг, хэмээн кино багийнханд ярьж байсныг Scorsese тэмдэглэж авчээ. Зарим критикүүд 12 настай байсан Jodie киноны оргил хэсгийн зураг авалтын үеэр байсанд сэтгэл зовниж байгаагаа илэрхийлсэн; Jodie тухайн сцэнийг бүтээх үйл явцад байлцсан гэж өөрөө хэлсэн байдаг ба бүх үйл явцыг алхам алхмаар түүнд тайлбарлаж бас харуулжээ. Түүнээс гадна Jodie хөшигний ардах бэлтгэл ажил сонирхолыг нь татаад зогсохгүй зугаатай санагдсан гэж хэлсэн байдаг. Jodie-н настай холбоотой нэмэлт асуудлууд байсан нь ийм насны охин биеэ үнэлэгчийн дүрд тоглосон явдал байлаа.
Олон жилийн дараа тэрээр зураг авалтын талбай дээр эвгүй байснаа хүлээн зөвшөөрсөн. Scorsese тухайн сцэнүүдэд Jodie-той хэрхэн харьцахаа мэдэхгүй байсан ба Scorsese түүнд заавар зөвлөгөө өгөхдөө De Niro-оор дамжуулан харьцдаг байж. Jodie тухайн үед De Niro өөрт нь хэрхэн зөвлөж, туслаж байсан тухайгаа дурдаж; ирээдүйн замналд нь De Niro-н өгч байсан зөвлөгөөнүүд ихээхэн нөлөөлсөн гэсэн буй. Критикч Pauline Kael "Taxi Driver"-ийг Нью-Йоркийн гадуурхагдсан, хүний нийгэмд нэвтэрч чадахгүй байгаа хүний сэтгэл зовоосон түүх гэж нэрлээд Scorsese-н "Mean Streets" киноноос ч илүү сэтгэл зовоосон гэж тодорхойлжээ. Критикч Roger Ebert киноны төгсгөлийн тухай; "Төгсгөлийн талаар маш их хэлэлцүүлэг өрнөж байна, бид Travis-н Iris-г аварсан "баатарлаг" үйлсийн тухай сонины хайчилбаруудыг харж, дараа нь Betsy таксинд сууж, өмнө нь түүнийг жигшдэг байсан бол харин одоо түүнийг биширч байгаа мэт харагддаг. Энэ фантааз сцэн үү? Travis буудалцаанаас амьд үлдсэн үү? Бид түүний үхэх үеийн бодлыг үзэж байна уу? Энэ үзэгдлийг шууд утгаар нь үнэн гэж хүлээж авах уу?. Эдгээр асуудлуудад хариулт байгаа эсэхийг би мэдэхгүй. Төгсгөлийн үзэгдэл драм бус хөгжим шиг тоглогддог; энэ нь үйл явдлыг шууд утгаар бус, харин сэтгэл хөдлөлийн түвшинд дуусгадаг. Бид алаан хядаан биш, харин гэтэлгэлийн Төгсгөлийг хардаг буюу энэ бол Scorsese-н олон дүрүүдийн зорилго нь байдаг. Тэд өөрсдийгөө үзэн яддаг, тэд нүгэл дотор амьдардаг, тэд бохир гудамжинд амьдардаг ч өршөөгдөж, бишрэгдэхийг хүсдэг".
Критикч James Berardinelli киноны фантааз эсхүл зүүдний тайлбарыг эсэргүүцсэн; тэрээр "Scorsese, Schrader хоёр кинондоо төгс төгсгөлийг нэмж оруулсан. Таван минутын эпилоги нь егөөдлөөр баян, мөн хувь тавилангийн тодорхойгүй байдлыг тодотгодог. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Travis-г баатар болгодог авч, хэрэвзээ тэр сенаторын эсрэг буугаа хурдан сугалсан бол түүнийг алуурчин гэж жигших байсан. Киноны төгсгөл хэрд мизантропийг бяцхан охиныг аврахын төлөө янхан зуучлагчид, хар тамхины наймаачид, дээрэмчидтэй тулалдсан үлгэр жишээч иргэн гэж өргөмжлөгдөж байна". 1990 онд найруулагч маань хэд хэдэн критикүүдийн киноны төгсгөлийг Travis-н үхлийн зүүд гэж тайлбарласныг хүлээн зөвшөөрсөн аж. Travis харагдахгүй объект руу ширтдэг сүүлчийн сцэнийг Scorsese Travis ирээдүйд уур хилэн, ухаангүйд унаж, түүнийг "цагтай тэсрэх бөмбөг" шиг болохыг илэрхийлнэ гэжээ. Хожим Schrader үүнийг баталсан ба Travis киноны төгсгөлд "эдгэрээгүй", тэр дараагийн удаа баатар болохгүй гэж хэлж. Мөн Schrader киноны төгсгөлийг зүүдний үзэгдэл гэж үзэж болохгүй, харин тэр киноны эхлэл рүү буцаж байгаа явдал гэж төсөөлж байгаа агаад сүүлчийн кадрыг эхний кадртай холбож байгаа юм шиг кино дахин эхэлж байгаа мэт юм гэжээ.
"Taxi Driver"-ийг 1970-аад оны вижилант сэдэвт кино давалгаатай холбож байсан ч үүнээс илүү нэр хүндтэй Шинэ Холливууд давалгааны кино гэж үздэг. Вижилант сэдэвтэй кинонуудтай зарим талаараа төстэй боловч уг бүтээл нь илэрхий вижилант жанрын кино биш, вижилант давалгаа ч кино урлагийн чухал давалгаанд хамаарагддаггүй аж. Критикч Roger Ebert эл киног "The Searchers" киноны оюун санааны залгамжлах гэж нэрлэсэн; хоёр кинонд хоёуланд нь ганцаардмал дайны ветеран залуухан охиныг аврахыг оролдсон ч охин нь харин эсэргүүцэж байгааг харуулдаг. Мөн хоёр киноны гол дүрүүдийг нийгмээс тусгаарлагдсан, бусадтай хэвийн харилцаа тогтоох чадваргүй гэж дүрсэлсэн байдаг ба Schrader "The Searchers" киноноос санаа авсан эсэх нь тодорхойгүй ч хоёр кинонд энэ мэт төстэй чанарууд байгааг хэлэхгүй өнгөрч болохгүй. Зарим критикүүд уг киног нео-нуар жанрынх гэж тодорхойлсон бол зарим анти-баатартай кино гэж нэрлэж байв. Кино телевизээр гарахад төгсгөлийн кредитэд "баатар ба хорон санаатны ялгааг заримдаа баримтыг хэрхэн тайлбарлаж байгаа юмуу баримтыг буруу тайлбарлахаас хамаардаг" гэсэн мэдэгдлийг хар цагаан дэлгэцэн дээр үзүүлж байжээ. Киноны алдарт "You talkin'to me?" гэдэг мөрийг Scorsese 1967 онд гарсан John Huston-н "Reflections in a Golden Eye" кино дахь Marlon Brando-н тольтой сцэнээс авсан гэж хэлжээ. Schrader харин энэ хэсгийг De Niro импровизи хийсэн, түүний гүйцэтгэл Нью-Йоркийн нэгэн комедианы үзүүлбэрээс улбаатай байж магадгүй гэжээ.
Киноны санамсаргүй төгсгөл нь нийгэм Travis-н хүчирхийллийг алдаршуулж байгааг харуулдаг. Тэрээр хэд хэдэн хүн алж, өөрөө амь өрссөн буудалцаанаас амьд үлдээд зогсохгүй бүр орон нутгийн баатар болж байна. Кино Travis-н өрөөний хананд дүүрэн сонины хайчилбар, тэр дундаа Iris-н эцэг эхээс ирсэн талархлын захидал байгааг харуулдаг. Егөөтэй нь мөнхөд нийгмээс хөндий байсан тэрээр хуулийг зөрчсөнөөр нийгэмд алдаршдаг ба хууль сахигч Travis үл үзэгдэгч бол хууль зөрчигч Travis баатар болж байна. Нэг үгээр зохиолын энэ эргэлт нь хүчирхийллийг хүлцэн тэвчиж, харин ч магтан сайшааж байгаа явдал бол Нью-Йоркийн нийгэмд хандсан түүний шүүмжлэлийг бататгана. Гагцхүү харгислал үйлдсэнээрээ тэрээр хувь тавилан нь болсон мэт ганцаардлаас зугтаж чадаж байна. "Taxi Driver" кинонд гарах таксины салхины шил бол Travis-н хотыг харах линз ба такси ганцаардал, тусгаарлагдмал тээврийн хэрэгсэл юм. Киноны нээлтэд, борооноор тэрээр такситайгаа хотоор явж өнгөрдөг. Салхины шил борооны усыг арчих хүртэл хотын гэрэл бүдэгхэн байдаг. Уг булингартай байдал нь түүний хотыг, ертөнцийг харах өнцөг гажуудсаныг илтгэнэ. Travis-н ертөнцийг хэзээ ч байгаагаар нь хардаггүй, учир нь сэтгэцийн эмгэгийн улмаас түүний мэдрэмж гажуудсан ба такси нь нэг ёсондоо түүнийг гадаад ертөнцөөс хамгаалдаг. Такси дотроо тэрээр атаархуу эрчүүд, үзэсгэлэнтэй хүүхнүүд, мөн өөрийн уур хилэнд өртдөггүй. Travis хувь заяагаа хянан залж байгаа эсхүл хувь заяа нь урьдаас тодорхойлогдсон эсэх талаар байнга бодож, энэ бодол нь зогсолтгүй өөрчлөгдөж байдаг.
Киноны эхлэлд тэрээр очих газаргүйдээ, ганцаардаж байгаадаа гомдоллодог. Тэр ажилд орж, бүсгүйтэй танилцах замаар хувь заяагаа гартаа авах гэж оролддог ба төлөвлөсөн нь итгэж байсан шиг нь болохгүй үед тэрээр өөрийгөө "Бурхны ганцаардмал хүн" байх заяатай учраас л зорьсон нь бүтэлгүйтээд байна хэмээн урьдчилсан хувь төөрөгт итгэн бурууг өөрөөсөө зайлуулдаг. Киноны хоёрдугаар хагаст Travis өөрийнхөө бүхий л үйлдэл цаанаасаа гэсэн идеанаас татгалзна. Тэрээр өөрийгөө болон Palantine-г хөнөөх төлөвлөгөөтэй байрнаасаа гарахдаа энэ бол түүний хувь тавилан, өөрт нь хэзээ ч сонголт байгаагүй гэдэг. Гэвч түүний нэр дэвшигчийг алах бүтэлгүйтсэнээр түүний хувь заяаны тухай онол алдаатай байсныг харуулна. Travis Iris-н харгалзагчдыг хөнөөх замаар өөртөө шинэ хувь заяаг бий болгох агаад тэр өөрөө шийдвэр гаргагч, хувь заяаг нь Бурхан биш тэр өөрөө бүтээгч нь болж байна. Нью-Йорк хотын сая сая хүмүүсийн дунд жинхэнэ, утга учиртай харилцаатай хүмүүс цөөхөн харагддаг ба уг киноноос их хотын тусгаарлагдсан амьдралын хэд хэдэн жишээг харж болно. Таксинд нь суусан хүмүүс өөрийг нь огт оршихгүй байгаа мэт дүр эсгэн буйд Travis эгдүүцдэг; мөн нэг талаараа Нью-Йорк бол асар том Travis-н такси юм. Хот бие биенээ анхаардаггүй хүмүүсээр дүүрэн. Travis киноны ганцаардсан цор ганц дүр биш. Tom, Betsy өөр хоорондоо сээтэгнэдэг ч тэдний дунд жинхэнэ хувийн харилцаа үүсээгүй мэт байдаг. Betsy мөн л ганцаардмал дүр бөгөөд огт танихгүй Travis түүн дээр ирээд болзохыг асуухад зөвшөөрч байгаагаас харагдана.
Кинонд гардаг цорын ганц жинхэнэ харилцаа бол Higgins, Iris хоёрынх боловч энэ нь хууль бус бэлгийн мөлжлөгт суурилдаг билээ. Кинонд хүн болгон өөр өөрийнхөөрөө явж буйг харуулсан олон кадр бий. Нью-Йоркийг ингэж харуулсанаар Travis-н гажуудсан, тусгаарлагдсан мэдрэмжийг тодорхой хэмжээгээр илэрхийлж байгаа ч тэр ганцаараа ч ганцаарддаггүй. Travis өөрийнхөө хувь тавиланг удирдаж байгаа эсэх, эсхүл хувь тавилан нь урьдчилан зурагдчихсан эсэх талаарх түүний бодол байнга өөрчлөгддөг. Киноны эхэнд тэр ганцаардаж, очих газаргүйдээ гомдоллодог; тэр ажилтай болж, найз бүсгүйтэй болж, өөрийнхөө хувь тавилангийн эзэн болоод нөхцөл байдлаа өөрчлөхийг хичээдэг. Travis-н төлөвлөсөн бүхэн хүссэнээр нь болоогүй үед тэрээр хувь тавилан нь зурагдчихсан гэдэгт итгэж, бурханы ганцаардмал хүн байх ёстой учраас л бүтэлгүйтсэн гэсэн найдвараар буруугаа өөрөөсөө зайлуулдаг. Киноны хоёрдугаар хагасаас тэр юу хийхээ өөрөө удирдаж чадна гэсэн санаагаа орхидог агаад тэрээр сенатор болон өөрийгөө хөнөөх төлөвлөгөөтэй гэрээсээ гарахдаа энэ бол түүний хувь тавилан, өөрөөр байх боломжгүй гэдгийг онцолдог. Гэсэн хэдий ч тэр нэр дэвшигчийг буудаж алах зорилгодоо хүрээгүй нь түүний хувь тавилангийн талаарх онол алдаатай болохыг харуулж байна.
Travis Iris-н эргэн тойрны новшнуудыг устгаж, өөрөө ухамсарлан шийдвэр гаргаснаар өөртөө шинэ хувь тавилан бүтээдэг буюу түүний хувь тавиланг Бурхан бус тэр өөрөө зурж байна. Iris, Wizard зэрэг бусад дүрүүд хувь тавилангаа өөрчлөх тухай өөрсдийн гэсэн үзэлтэй байдаг агаад Wizard амьдралыг илүү пассив философоор хардаг ба тэр Travis-д "чи юу ч хийсэн хамаагүй үргэлж таксины жолооч байх болно" гэж хэлдэг. Travis үнэхээр таксины жолооч хэвээрээ байгаа нь түүний хувь тавилангаа хүлээж байсан шиг удирдахгүй байгаагаас харагдах шиг болдог. Iris олон талаараа хүчгүй, дорой охин; түүний хувь тавилан урьдчилан зурагдаагүй байж болох боловч тэр бусдаас хамааралтай нь гарцаагүй юм. Higgins түүний толгойг эргүүлж, ашиглаж, сонголт хийх эрх чөлөөг нь боомилдог ба охин хүссэн эсэхээс үл хамааран Travis түүнд эрх чөлөөг тулгадаг. Хэдийгээр Iris Нью-Йорк хотод бие даан ирсэн ч киноны төгсгөлд хувь тавилангаа удирдах чадамжгүй болсон байдаг.

Comments
Post a Comment