Хорлонтой хайр

 


The Panic in Needle Park (1971). Америкийн кино найруулагч Jerry Schatzberg-н драм. Кино зохиолыг Америкийн зохиолч James Mills-н 1966 онд хэвлэгдсэн ижил нэрт зохиолоос сэдэвлэн Joan Didion, John Gregory Dunne хоёр бичжээ. Энэхүү кинонд, тухайн цаг үед хар тамхичид цуглан хар тамхиа хамтран татаж эсхүл борлуулан наймаалцдаг байсан учраас Нийдл Парк хочтой байсан Манхаттений Дээд Уэст Сайдын Верди Скүэр-Шерман Скүэрийн бүс орчмын герионд донтогчдын тухай өгүүлдэг. Илүү дэлгэрэнгүйлбэл, жижиг гарын хулгайч, донтогч Bobby (Al Pacino - түүний бүрэн хэмжээний анхны кино) болон түүнд дурласан, тогтворгүй Helen (Kitty Winn - түүний дебют кино) хоёрын хайрын түүхийг үзүүлжээ. Том хотын бараан боловч бодитой энэхүү киног нээлтээ хийхэд Герман зэрэг Европын зарим оронд хүчирхийлэл, мансуурах бодис хэрэглэхийг дэндүү бодитой зурагласан хэмээн X үнэлгээ өгч байсан бол 1974 он хүртэл Их Британид бүрэн хориглож байв. 1970-д оны эхэн үед заавал порнограф биш X үнэлгээтэй кинонууд гарч шуугиан дэгдээж байсан, тухайлбал, Stanley Kubrick-н "A Clockwork Orange", Sam Peckinpah-н "Straw Dogs", John Boorman-н "Deliverance" болон мэдээж "The Panic in Needle Park" кинонууд юм.

Критикч Arthur D. Murphy уг киног зоригтой, ширүүн, сонирхолтой, мөн жигмээр тод дүрсэлснээс гадна уран сайхны хувьд харцаа салгахын аргагүй төгс, их хотын донтолтын талаарх хүчтэй эмгэнэлт бүтээл гэжээ. Критикч Gene Siskel " Нью-Йоркийн Уэст Сайдын хар тамхины соёлыг дэвсгэрээ болгосон байдаг л түүхээс арай илүү. Энэ кино онц сонирхолтой драм ч биш, үр дүнтэй хар тамхины эсрэг кино ч биш. Найруулагч маань киногоо аль алийг байлгахыг хүссэн гэж би бодож байна". Критикч Charles Champlin; "Энэ бол хар тамхины тухай кинонуудаас хамгийн шинэлэг нь, мөн хамгийн шилдэг нь гэж би бодож байна. Гэхдээ энэ нь оргил үе бол энэ нь бас мухардмал төгсгөл мөн; өөрөөр хэлбэл, энэ кино хар тамхичдын орчны (үнэн зөв, аймшигтай) дүрслэлээр өөртөө ханаж, гадаргуугаас цаашлахыг сонгодоггүй учир киноны боломжит байдал шавхагдаж, тодорхойлогддог". Ингээд найруулагч Schatzberg-н зүүгээр судсыг тань нэвт сүлбэх мэт өвтгөм хайрын түүхийн үйл явдлыг товчхон хүргэе.

  Нью-Йорк хот, залуухан бас аятайхан хүүхэн Helen үр хөндүүлчихээд найз залуу Marko-тойгоо хамтран түрээсэлдэг байрандаа ирж байгаагаар кино маань эхэлнэ. Helen өвджээ. Энэ үед Marko-д зээлүүлсэн мөнгөө авахаар Bobby гэдэг жижиг гарын хар тамхины наймаачин залуу ирнэ. Bobby шуудхан л Helen-д анхаарал халамж тавьж эхэлдэг. Marko арилж өгнө, харин Helen гэр рүүгээ буцахын оронд Bobby-той хамт амьдрахаар болно. Хүүхэн түүнийг хар тамхи зараад зогсохгүй өөрөө хүртдэг болохыг мэдэхэд Bobby түүнд "ердөө л амсах төдийхөн" гэж тайлбарладаг. Helen нэг мэдэхэд Bobby-н найзууд, танилуудтай танилцсан байх буюу хар тамхичдын цуглардаг Нийдл паркийн нэг хэсэг болсон байна. Bobby түүнийг өөрийнхөө хамгийн итгэлт бас хар тамхины наймаачин, хэрэглэгч Hank гэдэг залуутай танилцуулна. Шинэхэн хосууд байрнаасаа хөөгдөөд муу усны нүх шиг газарт нүүж орно. Мөнгө хэрэгтэй тул Bobby-н хар тамхийг Helen зарахаар болж, туршлагагүй учир мөрдөгч Hotch-д баригдчихна.

Hotch хүүхэнд, Bobby чамайг удахгүй баллана, угаасаа бүтэхгүй нөхөр, чи хурдан түүнийг орхи гэж зөвлөдөг. Hotch алсыг харж, ирээдүйд Bobby-г барихын тулд түрдээ Helen-г суллана. Helen мэдээж Bobby руугаа очно; энэ үед Bobby-н хар тамхины хэрэглээ ихсээд байснаас гадна Helen ч хар тамхи руу толгой гудайн унана. Bobby нэгэнт адилхан хар тамхины хэрэглэгч болсон тул хүүхэнд гэрлэх санал тавьдаг. Hank Bobby-г хамт хулгай энэ тэр хийж мөнгө ольё гэхэд Helen эсэргүүцэж, өөрөө ажилд орж мөнгө олохоор болно. Тэрээр ресторанд зөөгчөөр ажилд ордог ч мансууран хүн хэрхэн ажиллах билээ удахгүй ажлаасаа гарна. Нэг өдөр Hank-тай хамт хулгай хийхээр төлөвлөж байсан Bobby хар тамхиа хэтрүүлэн хэрэглэсэний улмаас шоконд орж Helen-г сандаргана. Hank уурладаг ч Bobby-д бас нэг боломж олгодог ба боломжийг ашиглаж яваад Bobby цагдаад баригддаг. Түүнийг шоронд байх хойгийн хар тамхи авч чадахгүй болсон Helen аргагүй эрхэнд Hank-тай секс хийдэг. Bobby суллагдаж гарч ирээд Helen-г хайр найргүй зоддог. Bobby хар тамхины томоохон дилер Santo-н дор ажиллаж эхлэхтэй зэрэгцэн Helen мөнгөний төлөө биеэ үнэлэгч болно.

  Удсангүй Bobby хар тамхичдын дунд найдвартай эх сурвалж болно. Үүний хажуугаар Helen-н мансуурсан өдрийн тоо нэмэгдэж, улмаар бие нь муудаж, энэ бүхэн Bobby-той харилцах харилцааг нь хар тамхи шиг ялзруулж эхэлнэ; мөн хүүхнийг мөрдөгч Hotch хараан дороо ажигласаар байлаа. Нэг үгээр Helen биеэ үнэлэгчээр цагдаад баригдсан ч Hotch түүнийг сулладаг байв, учир нь мөрдөгчид илүү том загас чухал байлаа. Helen Bobby-д эндээс хамт явъя гэхэд Bobby "би Нийдл паркт амьдардаг" гэж хариулдаг. Bobby энэ газар нутаг, энэ газар нутгийн хэв маягтай гүн гүнзгий холбогдсон учир явж чадахгүй гэж хэлдэг. Helen хэсэг хугацаанд Marko руугаа явдаг ч буцаад л Bobby дээрээ ирдэг. Helen-н энэ дахин ирэлт түүний хар тамхины хэрэглээг улам нэмэгдүүлнэ.

Болохоо байж, эмнэлэгт хүргэгдсэн Helen эмчээс өвчин намдаах эм гуйна, өрөвч сэтгэлтэй эмч таарсан нь гай болж түүнд эм өгөх бөгөөд Helen илүүдэл эм ээ хүүхдүүдэд зарж байгаад цагдаад баригдчихна. Hotch түүнд ийм санал тавина; хамтран ажиллан Bobby-г газар дээр нь барьж өг эсхүл шоронд орно. Hotch Bobby-оор дамжуулан том гар Santo-г барьж болохыг ухаараад байв. Сонголтгүй болсон Helen Bobby-г барьж өгөхөөр тохиролцоно. Нэгэн шөнө Helen-н нүдэн дээр маш их хар тамхитай Bobby-г цагдаад баривчлагдаж байгааг харна. Helen-г хараад Bobby хашгирдаг. Хэдэн жилийн дараа Bobby суллагдана; түүнийг Helen хүлээж байлаа. Bobby тоохгүй цааш алхдаг ч Helen араас нь чимээгүйхэн дагадаг. Bobby түүнээс татгалзаж чадахгүй шиг Helen ч бас түүнийг хэзээ ч орхихгүй. Кино ингэж төгсдөг.

  James Mills-н эх зохиол 1965 онд Life сэтгүүлд хоёр хэсэгтэйгээр нийтлэгдсэн бөгөөд эхлээд кино болгох эрхийг 1967 онд Avco Embassy Pictures авсан бол дараа нь 1969 онд продюсер Dominic Dunne кино болгох эрхийг худалдаж аваад ах John Gregory Dunne болон бэр эгч Joan Didion хоёроор кино зохиолыг бичүүлжээ. Кино зохиолчид Bobby-д The Doors хамтлагийн дуучин Jim Morrison-г тоглуулахыг хүсч, "Waiting for the Sun" цомгийн бичлэгийн үеэр нь уулзаж байсан гэдэг. Ned Rorem кинонд зориулсан хөгжим бичсэн ч эцэстээ хөгжим ашиглахгүй байхаар шийдвэрлэжээ. Киног бараг бүхэлд нь cinema verite хэв маягаар зурагласан. "The Panic in Needle Park" бол жинхэнээсээ хар тамхи тарьж байгааг харуулсан анхны мэйнстрим кино гэж үздэг. Зарим хар тамхинд донтогчид зөвхөн мансуурах бодистоо төдийгүй психологийн хувьд үүнтэйгээ холбогдох заншилдаа автчихсан байдаг. Мансууралах бодисын донтолтын тухай зарим кинонууд мансууралах бодистой холбоотой фетиш буюу хүчтэй хүслийн талаар өгүүлдэг. "The Panic in Needle Park" кинонд хүний биед нэвтрэн орж байгааг ойроос зурагласан кадр олон байдаг; ийм физикал бодит байдлаас болж үзэгч бараг зохиомол дүр үү, бодит бичлэг үү гэдгийг ялгахаа больдог. Уг кинонд цочирдом баримтат дэлгэрэнгүй мэдээлэл байгаа ч киноныхоо өнгө аясын тэнцвэрийг алдагдуулдаг.

  Гэхдээ энэхүү бүтээлийг хайрын түүх гэж үзэх ёстой, өөрөөр хэлбэл хоёр хүний эксистенциалист хөрөг юм. Та энэ киноноос цус, тариур, завхарлыг үзнэ гэж хүлээвэл сэтгэл гонсойх болно, энэ тийм кинонуудаас хамаагүй илүү ухаалаг кино. Helen киноны хамгийн гол дүр; тэр нэгэн зэрэг хатуужилтай бас эмзэгхэн байдаг, мөн нэгэн зэрэг увайгүй бас цайлган байдаг; тэр энэ төрхүүдээ тэнцвэртэй зохицуулаад байх шиг байдаг ба заримдаа хайрлах ба өөрийгөө анхаарах тал дээр будлиад байх шиг санагддаг. Helen яагаад бас чухам юунд нь болоод хүүхэд байхын хулгайч байсан Bobby-д дурлаад салж чадахгүй байдаг нь сонирхолтой таамаг юм. Helen-г Bobby руу харах харцыг ажиглаарай; тэгвэл та түүний сэтгэлийг мэдэрч магадгүй. Түүнд Bobby-н танхай, дураараа, салхи шиг байдал таалагддаг нь тодорхой байдаг. "The Panic in Needle Park" анхаарал татахуйц эвлүүлэг, дуу алдам зураглалгүй боловч энэ кино амьд бас ахиц дэвшилттэй байдаг. Энэ бүхэн найруулагч Schatzberg-н уртай найруулгын үр дүн юм. 

Comments