Cairo Station (1958). Египетийн нэрт кино найруулагч Youssef Chahine-н гэмт хэрэгт, драм. Кинонд, Каир хотод аймшигтай цуврал аллага гарч хүмүүсийг сэрдхийлгэж байх үеэр киноны маань эрэгтэй гол болох хазгар сонин худалдагч залуу, эмэгтэй гол дүр болох үзэсгэлэнтэй ундаа зарагч хүүхэнд дурлаж, энэ нь аюултай галзуурал руу хүргэж байгаа тухай өгүүлдэг. Киноны зохиолыг Mohamed Abu Youssef, Abdel Hay Adib хоёр бичсэн бол гол дүрүүдэд Hind Rostom, Farid Shawqi нар тоглосон. Анх нээлтээ хийгээд Египетийн үзэгчдэд ад үзэгдэн, бараг 20 жил хэзээ ч хийгдээгүй юм шиг алга болсон ба шинэ үеийн үзэгчид хийгээд критикүүд энэ киног дахин гаргаж ирснээр олон улсад алдаршиж, өнөөдөр неореалист хэв маягаар хийгдсэн шедевр гэгдэх болжээ. "Cairo Station" бол хүсэл тачаал, хардалт, психийн түргэн буцалгагч (үргэлжлэх хугацаа нь ч тийм урт биш) учир тухайн үеийн үзэгчид хүлээж авахад хэт хурц, ширүүн байв. Энэ бол маргаангүй кино урлагийн нэгэн ялгуулсан ялалт мөн бөгөөд Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 810-р байрт жагсаагаад байна.
1952 онд Египетийн Хаант засаглалыг түлхэн унагаснаар Египетийн кино уррлаачдад туурвихуйн сайхан боломж олдсон буюу найруулагч Youssef Chahine хотын ажилчин анги, жендерээс үүсэлтэй хүчирхийлэл, дур тачаалын дарамт зэрэг сэдвүүдийг уг киногоороо хөндсөн нь Египетийн кино урлагийн хил хязгаарын чадамжийг харуулсан гэдэг. Хэд хэдэн жанрыг энэ кинонд нэгтгэсэн: ялангуяа Италийн неореализм ба нуар жанруудыг хооронд нь "гэрлүүлсэн". Кинонд 1950-аад оны Египетийн нийгмийг тодоор дүрсэлсэн ба үүгээрээ үзэгчдэд хувьсгалын дараах Египетийн нийгмийн үнэт зүйлс, үзэл суртлын өөрчлөлтийг товчхон өгүүлдэг. Тэр үеийн Египетийн үзэгчид дасал болсон уламжлалт комеди эсхүл мелодрам киног хүлээж байтал Chahine гол дүрээ анти-баатараар дүрслээд зогсохгүй түүнийг сексийн дур хүсэлдээ шаналж яваагаас гадна энэ дур хүсэл нь сэтгэцэд нь нөлөөлж байгааг харуулсан нь цочир үзэгдэл байв. Мөн түүнчлэн харгис эршүүд зан болон ажилчдын эрх зөрчигдөж байгааг нийгмийн психологийн үүднээс дүрсэлсэн нь цаг үеэсээ түрүүлсэн хэтийдсэн зориг байлаа.
Хагас зууны туршид шахуу Египетийн кино урлагийг олон улсад бараг ганц л найруулагчийн нэр тахлаж байсан ба 1950-2000 он хүртэл олон кино бүтээж, 1997 онд Канны кино наадмаас Хүндэтгэлийн шагнал хүртсэн Youssef Chahine-г өнөөдөр шинэчлэгч, кино урлаач гэж салбарынхан нь үнэлдэг. Эх орондоо тэр үргэлж мөргаан таригч байсан, гэсэн хэдий ч кино урлаг төдийлөн өндөр хөгжөөгүй Египетэд түүний бүтээлийг үзэх нь ёс заншил шиг үнэтэй хэвээрээ байна. Соёлын ч, улс төрийн ч зүтгэлтэн болсон Chahine зарим Египетчүүдийн хувьд дээд зэргийн энтертайнментэр, хосгүй уран бүтээлч, үндэстний баялаг байсан бол бусад нь түүнийг олон нийтийн дайсан, Өрнөдийн урвагч, зальт этгээд гэж үздэг байлаа. 1950-аад оны эхээр, Египетийн кино урлагийн алтан үед тодорсон Chahine тэр дороо л Египет хэв маягийг Холливууд хэв маягийн энтертайнменттай хослуулж чадах кино найруулагч болохоо харуулжээ. 1950-аад оны сүүлээр, мөн 1960-аад оны турш тэрээр Италийн неореализм, социологийн нуар, түүхэн туульс гэх мэт Өрнөдийн жанруудаар илүү радикал эксперимент бүтээлүүд хийхийн хажуугаар Египетийн дүрс бичлэг болон социалист чиг баримжаатай өвөрмөц эрлийн кинонуудын бүтээжээ. Эдгээр бүтээлүүдээрээ тэрээр Арабын кино урлагийн хамгийн бүтээлч, хамгийн оригнал дуу хоолой гэсэн алдарыг нь бататгасан ба хамгийн чухал нь Chahine энэ хүндтэй байр сууриа замналынхаа туршид хадгалсан.
Chahine 1970-аад онд улс төрийн зөрчилт кинонууд хийсэн бол 1980-д онд илүү дотогшоогоо хандсан намтарчилсан кинонууд хийсэн ба харин сүүл үедээ илүү гадагшаагаа чиглэсэн олонд хүрсэн туульсын кинонуудаа хийсэн. 80 гарсан настай байхдаа бүтээсэн "Chaos, This is" кино Египетийн хувьсгалыг урьдчилан таамагласан кино гэж үздэг ба тэрээр эцсийн амьсгалаа татах хүртлээ улс төрийн сөрөг хүчин байсан. 1950-аад оны сүүлээр түүний эрлийз хэв маягийг илтгэсэн "Cairo Station" бүтээл нь Chahine-н домогт хөшөөний орой дээр зарлагч од нь юм. Уг кино бокс оффисын сүйрэл болж, найруулагчийн замналыг эрт дуусгавар болгох шахсан шуугиантай бүтээл болсон. Хөгжлийн бэрхшээлтэй, сексийн дур хүсэлдээ цөхөрсөн ядуу сонин худалдагч эрийн аллагын тухай өгүүлдэг уг кино онцолууштай мэдрэмтгий мөртлөө хариу хайрлагдаагүй цочроом харгис романс билээ. "Cairo Station" нь Хаант засаглал унасны дараа Египет баяр хөөрдөө умбаж байх үед; Африкийн колоничлолыг цуцлан Бүгд найрамдах улс болсны дараа, мөн түүнчлэн 1956 онд Суэцийн хямралаар Их Британи, Израиль, Франц улсуудад ялагдсаны араас өргөн хэмжээний аж үйлдвэржилт, соёлын сэргэн мандалтаар тодорхойлогдсон өөдрөг үзлийн эринд нээлтээ хийжээ.
Гэсэн хэдий ч Chahine-н кино нь тухайн үеийн "аюулгүй" Мелодрамуудын дунд хэт этгээд байв; энэ нь хувьсгалаар гадуурхагдсан давхаргынхны психологийн судалгаа байлаа. Тэр цагийн Египетийн үзэгчид дассан фаталист мелодрамд кинонуудаа хүчилсэн эсхүл зохиомол хэв маягтай байсан ч ядаж л ёс суртахууны агуулгатай гэж итгэж байсан агаад харин Chahine-н дүрсэлсэн Каирын вокзалд эдгээрийн аль нь ч байгаагүй; энд дэндүү гажууд, хэтэрхий цэвдэг, ёс суртанхууны хувьд тодорхойгүй байв. Тиймээс үзэгчид энэхүү киног бүрэн үгүйсгэж, бараг 20 жил зүгээр л мартчихсан байж байгаад далаад онд дахин олж илрүүлэн, хожим нь хүлээн зөвшөөрсөн байдаг; масс ийм л байдаг хойно доо. Киноны араб нэр нь "The Iron Gate" буюу нийслэл хотын төв галт тэрэгний буудлын хуучин нэр аж. Энэ нэрийг киноны зохиолыг бичсэн Abdel Hay Adib бодож өгөхдөө өөрийнхөө өссөн нутгийн төмөр замаар давхих галт тэрэгний дурсамжаасаа санаа авчээ. Chahine-нд хандахаасаа өмнө Adib бичсэн зохиолор Египетийн реализмын хөдөлгөөний тэргүүлэх найруулагчад санал болгосон боловч Консерватив ёс суртахууныг дэмждэг тэд татгалзаж, харин ийм асуудалтай зохиолыг чинь асуудалтай найруулагч болох Chahine сонирхож магадгүй гэж зөвлөснөөр Adib, Chahine хоёр уулзжээ. Chahine-н харааны мэдрэмж нь '"Son of the Nile" киноноос эхлэн илэрсэн; тэнүүчилсэн камар, хурц тод кадр, урд болон хойд талын хоорондын драматик харилцан үйлчлэл, түргэн монтаж хийгээд жүжигчдийн бие бялдарыг тодотгосон байдлуудыг энд дурдаж болно.
Тэрээр кино найруулагчийн хувиар хувьсан сайжрахдаа илүү том хүрээтэй кино хийх, камерын хөдөлгөөнөөрөө илүү нарийн мэдрэмж төрүүлэх, хүрээлэн буй орчин дахь бие хүний физикал болон симболик байр суурь зэргийг судлахыг эрэлхийлсэн байдаг. Уг кинонд дээрх бүхнийг сэтгэл өвтгөм золгүй байдал болон сэтгэл хөдлөлийн ил тод байдалтай хослуулан бүрэн илэрхийлжээ. Каирын вокзал болон үүнийг тойрон бүхэлдээ өрнөхдөө ганцхан нар шатсан өдрийн үйл явдлыг харуулдаг уг кино нь үзэгчийг эхнээс нь л олны хөдөлгөөн дунд оруулчихдаг; давхин өнгөрөх галт тэрэг, яарах зорчигчид, хичээнгүй ажиллах ачигчидын хөдөлгөөн хийгээд ирэгсэд ба буцагсадыг чангаар зарлах чимээнүүд гэх мэт. Уг хүн шоргоолжны ертөнцөд сонины мухлаг эрхлэгч Madbouli сонин худалдагч хазгар Kenawi-н хүнлэг сэтгэлийн тухай хүүрнэлээр киног нээдэг. Kenawi үзэсгэлэнт ундаа зарагч Hanuma-г хүсэн мөрөөдөх нь ер бусын ухаалаг, нарийвчлалтай бичигдсэн авсаархан өгүүлэмжийн зүрх нь юм. Киноны дэд үйл явдалд, Hanuma-н сүйт залуу Abu-н ачигчидын холбоо байгуулах гэсэн оролдлогыг тойрон харуулсан байдаг ба энэ нь киноны мелодрамыг нийгмийн реализм, психологийн триллер, нуар жанруудын элементүүдийг хослуулсан полифоник давхаргад улс төрийн агуулгыг нэмдэг.
Бид хувьсгалын дараах Египетийн баялаг панорамаагаар олон тооны дүрүүдийг ажигладаг; хамгийн сонирхолтой бас нууцлаг нь дундаж давхаргын дурлалт залуутайгаа салах ёс хийхээр вокзал дээр ирсэн доод давхаргын бүсгүйн түүх юм. Дараагийнх нь зохиолч Ihsan Abdel Quddous-н "I Am Free" гэдэг феминист роман барьсан феминист удирдагчийн дүр шинэлэг санагдана. Эцэст нь, Kenawi-г эхнэртэйгээ хардаж буруутгасан хартай фермер хөгжилтэй санагдах болно. Каирын өдөр тутмын амьдралын өнгө аяс дэлгэсэн зураг аятай харагдана; самбарт зар сурталчилгаанууд, хотын төв дэх 1920-оод оны Европын неоклассик архитектурын сэргээгдсэн байгууламжууд, төмөр зам руу нурсан барилгууд. Хурдацтай орчин үеийн болж буй Каирын эдгээр харагдах тэмдэгүүд нь хотын зөрчилдөөнийг үзүүлэхийн зэрэгцээ дүрүүдийн хоорондох эсрэгцэлийг тодотгодог. Abu-н үйлдвэрчний эвлэл байгуулах гэсэн социалист шаардлага Hanuma-н зардаг капиталист экспортын ундаа буюу бараатай эсрэгэцэнэ, мөн Abu-н түрэмгий төрх, феминист удирдагчийн тууштай чанартай эсрэгцэж байна. Нөгөө талд Kenawi нь секс хийгээд эршүүд байх талаарх үзлийг үргэлж хязгаарладаг нийгэмд байхыг хориглосон эмзэг бүлгийн эр хүний нуугдаж, дарагдсан хүчирхийллийг илтгэнэ. Хүмүүс түүнийг Abu-тай харьцуулахдаа Abu-г эр хүн, харин Kenawi-г хүүхэд гэж үздэг.
Kenawi-н унтрашгүй дур тачаал, сексийн харьцаанд орох шатлал нь киноны амин сүнс бөгөөд фантааз бол дур хүслийн салшгүй хэсэг, мөн Kenawi-н Hanuma-д донтох түлхүүр юм. Hanuma хэзээ ч түүний үхтлээ хүсдэг эхнэр байж чадахгүй, өөрөөр хэлбэл Kenawi өөрөө хүүхний хүсдэг эр байж чадахгүй. Hanuma бол үнэндээ Kenawi-н жижигхэн мухлагаа чимэглэдэг нүцгэн хүүхнүүдийн зураг шиг ердөө түүний секс фантааз л юм. Түүний хүсдэг Hanuma бол дур хүсэл ихтэй хэрнээ дуулгавартай, хөгжлийн бэрхшээлийг ойлгож, болзолгүйгээр хайрладаг энэрэнгүй эхнэр буюу зөвхөн түүний төсөөлөлд оршдог идеал эмэгтэй. "Cairo Station" нээлтээ хийхэд Hind Rostom хэдийнээ Египетийн од эмэгтэй жүжигчин болчихсон байлаа. Hind Rostom нь цаг үеийнхээ секс симбол байсан ба авъяаслаг энэ бүсгүй олныг татах увдистай байсан гэдэг. Уг кинонд тэрээр Hanuma дүрээ тодорхойлоход түвэгтэй болгодог харш шинж чанаруудыг гайхалтай гаргасан; Hanuma хэрцгий хэрнээ эмпатик, хүчтэй бие даасан хэрнээ сексийн харьцаанд хүлцэнгүй, үнэнч мөртлөө сээтгэнүүр, амбицтай мөртлөө прагматик байдаг. Яаж тэр эдгээрийг зохицуулж чадаад байгаа нь гайхамшигтай.

Comments
Post a Comment