The Blue Angel (1930). Австри-Америкийн нэрт кино найруулагч Josef von Sternberg-н комеди-драм. Герман-Америкийн зохиолч Heinrich Mann-н 1905 онд бичсэн "Professor Filth" романаас сэдэвлэн Carl Zuckmayer, Karl Vollmoller, Robert Liebmann болон Sternberg нар хамтран кино зохиолыг бичсэн. Уг кинонд хүндлэгдсэн профессор кабарегийн дуучин хүүхэнд дурлаад кабарегийн алиалагч болж хувирч, цаашлаад галзуурч байгаа тухай өгүүлдэг. Киноны гол дүрүүдэд Marlene Dietrich, Emil Jannings нар тоглосон ба уг киногоороо Marlene олон улсад алдаршиж, кинонд дуулдаг "Falling in Love Again" дуу нь хит болсон. Германы кино урлагийн классик бүтээлд тооцдог уг киног Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 577-р байрт жагсаагаад байна.
Кино урлагийн түүхэн дэх хамгийн бохир шөнийн цэнгээний газарт кабаре дуучин Lola буржуа, профессор Rath-тай танилцаж, түүнийг уруу татаж, эцэстээ хөнөөж байгаа тухай өгүүлэх энэ түүх комеди юу? эсхүл трагеди юу? Үнэндээ энэ бол гайхамшигтай комплекс ёс суртахууны үлгэр; Lola-н дур тачаалын магтуу болон Rath-н дарамттай, мазохизмын ёжтой ажиглалт юм. Кино өнө эртнийх мэт харагдавч сэтгэл татам бүтээл хэвээрээ байна. Marlene Dietrich "Falling in Love Again" дууг анх дуулахад дууны хандлага нь хөгжөөнтэй, сээтэгнэсэн, өөрийгөө мэдэрсэн байдлаар уруу татсан байдаг ба киноны төгсгөлд дуулах хандлага хүйтэн, хөндий, өршөөлгүй байдаг. Хандлагын ийм ялгаанууд нь сээтгэнүүр хүүхэн эцэстээ үнэн төрхөө харуулдаг гэсэн хуучны хэвшмэл ойлголттой холбоогүй, харин Marlene-н Lola дүрийн психологийн хөгжил нь ердөө дур хүслийн идэвхгүйгээс хүсэл тачаалынхаа мөн чанарын илүү хүчтэй фатализм руу шилжиж байгаа хэрэг юм. Lola-н анхны зөн совин нь профессорын хайр халамжийг эцгийн үүднээс хүлээн авах бол сүүлийнх нь төрөлхийн зөн совингоо бататгах буюу аальгүй, сээтгэнүүр байх нь түүний эксистенциалыг илэрхийлэл болно.
Профессор түүний гоо үзэсгэлэнд ялагдсан шиг Lola түүний хардалтаар өөрийгөө эрхэм болгодог. Профессор Rath-н трагеди бол тэр хүүхнээс болж толгойгоо алдсан бус, харин эрх мэдлээ эрх чөлөөгөөр сольсондоо эвлэрч чадахгүй байгаад оршдог. Түүнийг сургуулиас чөлөөлөхөд тэр хайхрамжгүй харийссан төлөвт унадаг агаад тэр өөрт нь олдсон боломжийг ашиглаж чадаагүй учраас түүний чимээгүй байх нь улам бүр нэмэгддэг; профессор хөгийн, марзан алиалагчийн дүрд алгуурхан гунигтайгаар живдэг. Киноны төгсгөлд, уран зохиол, Англи хэлний мастер маань Lola-д доромжлуулсанаа мэдээд ярих чадваргүй болж, ердөө тахиа шиг донгоддог билээ. "The Blue Angel" бол найруулагч Sternberg-н бүтээлүүдээс хамгийн харгис, хамгийн бага хошигнолтой кино нь юм. Ширүүн өгүүлэмж нь богемиан хүүхний гарт үрэгдсэн буржуа эрийн тухай жижигхэн жанрыг трансцэндент болгосон ба Sternberg-н дүрийн хөгжүүлэлтийн комплекс нь нөхрөө хэрцгийгээр хуурдаг завхай хүүхний хэвшмэл ойлголтоос татгалзжээ. 1929 он гэхэд Sternberg Paramount-д зориулж хэд хэдэн кино хийсэн ч бокс оффист олигтой амжилт гаргаагүй; гэвч Paramount-ын Герман дахь студи болох UFA Emil Jannings-г гол дүрд нь тоглуулсан киног Sternberg-ээр найруулуулахыг хүссэн.
Jannings 1928 онд Sternberg-н "The Last Command" кинонд тоглон Оскарын эзэн болчихоод байсан ба өмнө нь Jannings, Sternberg хоёрын дунд бяцхан маргаан болж байсан ч студи найруулагчийн суудалд Sternberg-г л суулгахыг хүсчээ. 1930 онд гарсан "The Blue Angel" болон "Morocco" кинонуудыг найруулагчийн анхны дуутай кинонууд гэж үздэг хэдий ч Sternberg 1929 оны "Thunderbolt" кинондоо асинхрон дууны техникийг туршчихсан туршлагатай нэгэн байв. Дуучин Lucie Manheim-г UFA-н продюсер Erich Pommer Lola-н дүрд сонгоод байв. Jannings ч түүнийг дэмжиж байсан ч Sternberg дуучин бүсгүйг том кинонд тоглохуйц хангалттай дур булаам биш гэж үзэн татгалзсан аж. Тэр бас зохиолч Mann-н найз охинд үгүй гэж хэлсэн. Түүний сонгосон Brigitte Helm боломжгүй байлаа. Sternberg 29 настай байсан Marlene-г анх нэгэн хөгжмийн тоглолтон дээрээс харсан; ингээд тэрээр Marlene-г өөрийнхөө төсөөлж байсан эмэгтэйн дүрд бэлтгэж эхэлжээ. Sternberg Marlene-н нууцлаг шинж байдалд хэтэрхий их захирагддаг байсан гэж судлаачид бичиж байдаг ба Sternberg, Marlene хоёр хамтдаа нийт 6 кино хийсэн байдаг.
Берлиний IFA студид ирснийхээ дараа Sternberg Оросын хоёрдугаар Nicholas Хааны зөвлөх Grigori Rasputin-н тухай кино хийх саналаас татгалзсан ба гэсэн хэдий ч тэрээр социалист шинэчлэгч Heinrich Mann-н Германы дундаж давхаргын ёс суртахууны доройтол, үнэт зүйлсийн алдаатай талыг шүүмжилсэн "Professor Filth" зохиолыг кино болгохоор тохиролцсон. Mann-н түүхийн өгүүлэмжийг найруулагч маань (Mann-н зөвшөөрлөөр) бараг бүхэлд нь өөрчилсөн буюу зөвхөн нэр хүндтэй профессор болон түүний дурласан кабаре дуучин хүүхэн хоёрын харилцааг дүрсэлсэн хэсгүүдийг хэвээр үлдээжээ. Зураг авалтын үеэр Sternberg диалогийг өөрчилж, сцэнүүд нэмж, жүжигчдийн төрх байдлыг өөрчилсөнөөр кино зохиолд бүхэлдээ шинэ хэмжээсийг өгсөн байна. Профессорын сексийн дур хүслээс хардалтын уур хилэн рүү, дараа нь галзуурал руу унаж байгаа нь бүхэлдээ найруулагчийн бүтээл аж. Зураг авалт явагдаж байхад киноны хамгийн өндөр үнэлгээтэй том од нь Jannings байв, гэвч тэр Sternberg, Marlene хоёрын ойр дотно байгаад атаархаж, өөрийг нь тоохгүй байна гэж үзэн продакшныг орхино гэж сүрдүүлсэн байдаг. "The Blue Angel" Jannings-н хувьд аугаа замналынх нь сүүлчийнх нь гялбаа болох ёстой байсан боловч харамсалтай нь бүхэлдээ шахуу Marlene-н кино болчихсон.
"The Blue Angel" кинонд эмгэнэлтэй егөөдөлт байдаг нь Lola-н сэргэн мандалт ба профессорын уналт нь бодит амьдрал дээрх Marlene-н мандалт ба Jannings-н уналт болчихсон давхар утгатай, мэдээж найруулагч анхнаасаа төсөөлөөгүй л болов уу. ",Faust" болон "The Last Laugh" дуугүй шедеврүүдэд тоглосныхоо дараа анхны Оскарын наадмын шилдэг эрэгтэй гол дүрийн шагнал (энэ шагналыг хоёр авсан) хүртсэн домогт Jannings-д зориулагдсан "The Blue Angel" нь кино урлагийн түүхэнд үүрд гайхамшигт Marlene Dietrich-г кино урлагийн домогт замналыг нь эхлүүлсэн кино гэдгээр дүгнэгдэх болно. Marlene-н агшин зуурын од болсон явдал дистрибьютерүүдэд кинонд дахин засвар их санаа өгснөөр дахин засварласан хувилбарт кино профессорын өрөвдмөөр мөчийн оронд Lola-н дуугаар төгсөх болжээ. Jannings болон Sternberg хэл ярианы бэрхшээл гэж мэддэггүй дуугүй кино эринд өөрсдийнхөө замналыг бүтээгчид байсан; киног Англи, Герман хоёр хэлээр хийсэн, олонх хүмүүс Герман хэлтэй хувилбарыг нь илүүд үздэг шалтгаан нь Jannings Герман хэлтэй хувилбарт илүү тухтай байгаа нь мэдрэгддэгийнх юм. Гэхдээ энэ кино ямар ч хэлээр яригдсан байсан хамаагүй сэтгэл хөдлөлийг тодотгосон, жүжигчдийн гүйцэтгэл дээр тулгуурласан, дуугүй кино шиг харагдаж бас мэдрэгддэг.
Европт төрж, Америкт кино найруулагчийн замналаа эхлүүлсэн Sternberg-д Германы экспрессионизм хэрхэн нөлөөлснийг "The Blue Angel" киноны гудамжтай сцэнүүдээс харагдах хазайсан, муруй барилгуудын өнцөг, хэлбэрээс харж болно. Тэр жүжигчидээ урд талын эд зүйлстэй сүүдэрлэгдсэн орон зайд хамт байршуулсан кадруудад дуртай найруулагч байсан агаад кинонд гарах шөнийн цэнгээний газрын тайзны доорх хувцас солих өрөөг галзуугийн эмнэлгийн хорих өрөөг шиг дүрсэлсэн байдаг. Sternberg үе тэнгийнхээ найруулагчдыг бодвол дуу чимээтэй учраа олчихсон байсан нь кинонд хаалга онгойж, хаагдахад гаднаас тайзны дуу чимээ орж ирэн сонсогдож байгаагаас харж болох буюу тайзны гаднах чимээ хэрхэн өөрчлөгддөгийг харуулсан анхны найруулагч гэдэг. Өмнө нь дуу чимээг бие даан тусдаа гэж үздэн байсан, харин Sternberg үүнийг аль хэдийнээ өөрчлөөд реализм руу чиглүүлсэн байв. Jannings доромжлуулж, адлуулсан дүрийг бүтээхдээ мастер байсан; "The Last Laugh" кинонд тэр албан тушаалаа алдсан хөөрхийлөлтэй бардам зочид буудлын хаалгачийн дүрд гайхамшигтай тоглодог.
"The Blue Angel" кинонд бүтээсэн түүний дүр профессор, буржуа хүн гэж үзвэл ухаалаг байх ёстой боловч цаанаа л нэг болхидуу, удаан, мэлэрсэн маанагдуу байдаг нь хачирхалтай. Marlene энэхүү бүтээлээс өмнө 7 дуугүй кинонд тоглочихсон байсан ч дуутай кинонд амархан дасахаа харуулсан нь өөрийг нь од болгосон "Falling in Love Again" дууг дуулж байгаагаас нь харж болно. Киноны туршид Lola яагаад гунигтай, уух дуртай профессортой гэрлэсэн сонирхолтой таавар; заримдаа хүүхэн Rath-д сайн мэт байдаг, заримдаа огт хайхардаггүй, хүүхэн түүнийг араар нь тавьдаг нь илэрхий. Lola түүнд зориуд зөрүүдлэн хандаж, бараг үүнээсээ таашаал авч байх шиг байдаг ба магадгүй хүүхний завхай, цэвэрхэн биеэ үнэлэлтийг нь профессор хүлцэнгүй хүлээж авдагаас болж Lola түүнийг тэвчдэг байх, эсхүл өөрийгөө хог новш гэж үздэг энэ ертөнцөд өөрийг нь тахин шүтдэг цорын ганц эр болохоор гэрлэсэн болов уу. "The Blue Angel" киноноос бид дайны дараах Германы шөнийн цэнгээний газраар дамжуулан тухайн үеийн Германы төдийгүй Европын оюунлаг сэхээтнүүдийн уналт доройтлыг харна. Lola, профессор хоёрын хачин харилцаанаас нацист садомазохизмыг ч харж болно.

Comments
Post a Comment