Гэм ба гэтэлгэл


 The Virgin Spring (1960). Шведийн мастер кино найруулагч Ingmar Bergman-н эмгэнэлт драм. Киноны үйл явдал, Дундад зууны Шведэд өрнөнө; нүдний цөцгий шигээ хайрладаг ганц охиныг нь хүчиндээд хөнөөчихсөн ах дүү гурваас хэрцгийгээр өш авч байгаа эцгийн тухай өгүүлдэг. Кино зохиолыг 13-р зууны Шведийн "Tore's daughters in Vange" гэдэг балладаас санаа авч Ulla Isaksson бичсэн бөгөөд Bergman уг домгийг судалж, кино болгохоосоо өмнө театрт дуурь хэлбэрээр тавих талаар бодож байжээ. 1957 онд хийсэн "The Seventh Seal" киног нь түүхийн хувьд үнэн зөв биш гэж шүүмжлүүлсэн тул Bergman Isaksson-г кино зохиолыг бичүүлэхээр урьсан байдаг. Уг кинонд Японы найруулагч Akira Kurosawa-н "Rashomon" кино нөлөөлсөн гэдэг. Киноны гол дүрд Max von Sydow тоглосон. "The Virgin Spring" кинонд Bergman, Isaksson хоёр ёс суртахуун, өшөө авалт, шашны итгэл үнэмшил зэрэг хэд хэдэн сэдвийг судалсан. Кино дахь хүчиндэлтийн сцэн маргаан дагуулж, Америкт цензурт орж байсан.

  Эл бүтээл 1961 оны Оскарын наадмаас шилдэг гадаад хэл дээрх кино шагналыг хүртсэн. 1972 онд гарч шуугиан тарьсан "The Last House on the Left" хоррор киноны үндэс нь "The Virgin Spring" юм. Bergman энэхүү харгис хэрцгий боловч сенсаацгүй Дундад зууны ёгт үлгэртээ Христийн шашин ба паганизмын хооронд хэлбэлзэж байсан Шведийг дүрслэхдээ мухар сүсэг, өш хонзон, хүчирхийллээр будаж өгчээ. Формал энгийн байдал болон илэрхий симболизм (гэрэл ба харанхуй, гал ба ус) нь материалын сенсаацтай элементүүдийг бууруулж, Sven Nykvist-н цацарсан хар-цагаан зураглал нь Bergman-н дүрслэлийн ширүүн байдалтай нийлж, ер бусын метафизик хүчийг үүсгэдэг. Theyshootpictures сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 668-р байрт эрэмбэлээд байна. Эл кинонд олон янзын сэдвүүдийг судалсан, үүнд; Христийн шашин, Паганизм, Норс домог зүй, гэм буруугийн мэдрэмж, өшөө авалт, шашны итгэл үнэмшил, сексийн ариун байдал зэрэг багтдаг.

  Бүх дүрүүд гэм буруугийн мэдрэмжтэйгээ тэмцдэг; ingeri аллагын үеэр зүгээр зогссондоо гэмшин Одинд залбирдаг, охин Karin нь өөрт бус аавдаа илүү дотно байдагт Mareta нөхөртөө дурамжхан байдаг, Tore хүүг алсандаа гэмшдэг. Шашны тухай олон сэдэв нь паганизм болон Христийн шашны хоорондын зөрчил дээр төвлөрч, хоёр шашны ноёрхлын төлөөх тэмцлийн үед Швед улсын үзэж туулсан зовлон зүдгүүрийг эргэн дурсдаг. "The Virgin Spring" кинонд паганизм нь ид шидийн шившлэг, атаархал, өш хонзонтой холбоотой байдаг ба кинонд Один нь чөтгөртэй ижил утгатай байх магадлалтай. Гүүрний манаач нь Одины шинж чанартай байдаг; сохор, өндөрт суугаад хэрээ тэжээдэг нь Норс домогт гардаг Хлидскялфыг илтгэдэг аж. Найруулагч маань "The Seventh Seal" кинондоо авч үзсэн шигээ уг кинондоо спиритуал хямралыг дүрслэхийн тулд дүрүүдийнхээ сэтгэл, дотоод зөрчилдөөнд тулгуурладаг; Tore өшөөгөө авахын тулд Христийн шашны үнэт зүйлсээ алдаж, дараа нь, нүгэлээ наманчлан сүм барихаар болдог. Критикч Marc Gervais Tore-н өшөө авалтыг "зан үйлийн дагуух паган өшөө авалт", "Tore нь паган өшөө авалт, Христийн гэмшил ба уучлалт гэсэн хоёр зан үйлийн хооронд эргэлддэг" гэж бичжээ. Gervais мөн киног "харанхуй хүчийг хүлээн авах, муу муухайд татагдах, ёс суртанхуунд автах" зэрэг сэдвүүдээрээ William Shakespeare-н "Macbeth" бүтээлтэй харьцуулжээ.

Үлгэрт гардаг шиг Karin, Ingeri хоёрыг эсрэг тэсрэгээр дүрсэлсэн бөгөөд Karin үргэлж цэвэрхэн, сайхан хувцасласан ариун онгон охины дүрээр гардаг бол эсрэгээр Ingeri бохир, халтар төрхтэйгээс гадна хар морь унаж, жирэмсэн байгаа нь онгон байдлын эсрэг юм. Хүчиндэлтийн сцэнд Karin ариун байдлаа алдаж, дараа нь бохирдон гутаагдсан байгаагаар нь харагддаг. Кино зохиолыг бичсэн Isaksson булгийн усаар Karin-н ариун байдлыг симболчилсон. Ingeri булгийн усаар толгойгоо, нүдээ угааж байгаа нь хүчирхийллийг харсан гэм буруугаа цагаатгаж байгаа симбол юм. Критикч Peter Cowie булгийн усыг киноны нээлтэд гарах Ingeri-н галтай холбож, киноны туршид үзэгдэх гал, ус, шороо нь паганизмын ач холбогдлыг илэрхийлдэг гэжээ. Найруулагч Bergman анх оюутан байхдаа долоон охиноо долоон хүнд хүчиндүүлсэн Per Tore-н домгийг уншаад жүжиг болгон тавихад тохиромжтой гэж үзжээ. Тэр санаагаа Шведийн Хааны Операд балет юмуу жүжиг болгон тавих саналыг тавиад байсан ч "Wild Strawberries" киногоо хийж байхдаа ерөөсөө кино болгохоор шийджээ. Дэлгэцнээ хөрвүүлэхийн тулд Bergman Tore-н тухай хамгийн энгийн балладуудын нэг болох "Tores dottrar I Wange"-г сонгосон байна.


Bergman "Rashomon" шедеврийн шүтэн бишрэгч байсан; хожим тэрээр уг киногоо "Kurosawa-н киноны гамшгийн дуураймал" гэж нэрлэсэн. Ulla Isaksson өмнө нь түүний "Brink to Life" киноны зохиолыг бичсэн байснаас гадна Дунд зууны талаарх романуудаараа алдартай нэгэн байв. Isaksson кино зохиолдоо Христийн шашин болон паганизмын хоорондох зөрчлийг тусгах сонирхолтой байсан бол Bergman илүүтэй гэм буруугийн сэдвийг чухалчилсан. "The Virgin Spring"-ийг Шведэд янз бүрээр хүлээж авсан, Шведийн нэгэн сэтгүүлд "цохон дундуураа дэлсүүлсэн мэт боллоо" гэж бичжээ. Зарим нь киноны гүйцэтгэлийг тааруу болсон гэж. Критикч Bosley Crowther: "найруулагч киногоо хязгааргүй реализмаар харуулахын тулд цочирдом, гайхшрам харгислалын сцэнүүдээр дүүргэсэн". Критикч Stanley Kauffman: "өшөө авалтын сцэн хэтэрхий урт учраас хөгийн инээдтэй болоход ойрхон байдаг". Зохиолч Alexandra Heller-Nicholas киноны тансаг хар-цагаан зураглалыг магтаж, "хүчин ба өшөө авалт"-ийн сэдэвт кинонуудад "таатай өв үлдээсэн" классик бүтээл гэж бичжээ. Найруулагч Ang Lee өөрт нь уг кино тун их нөлөалсөн гэсэн бол уг киноноос санаа авч "The Last House on the Left" хорророо хийсэн найруулагч Wes Craven мөн замналд нь чухал нөлөөтэй кино байсан гэжээ.

Найруулагч Bergman "The Virgin Spring" киногоо хийж байхдаа амьдралынхаа хамгийн жаргалтай мөчүүдийн нэгийг эдэлж байсан буюу тэрээр концертын төгөлдөр хуурч Kabi Laretei-тэй дөрөв дэх гэрлэлтээ жаргалтайгаар батлуулсан. Хувийн амьдрал нь ийм байсан бол мэргэжлийн хувьд тэрээр өөрийн шинэ зураглаач Sven Nykvist-тэй (Bergman-н тухайн үеийн байнгын хамтрагч Gunnar Fischer өөр төсөлд ажиллахаар явчихсан байв) ажиллах болсондоо баяртай байлаа. Уг киноноос Bergman, Nykvist хоёрын ялгуусан хамтрал эхэлсэн бөгөөд өмнө нь Nykvist түүний "Sawdust and Tinsel" киноны гадаах зарим зураглалыг авч байсан. Мастерууд шууд дотно болцгоосон. Nykvist Bergman-н кино хэлэнд шинэлэг төрхийг авчирсан; илүү натурал, гурван хэмжээст байршлын зураглал зэрэг болно. Найруулагч маань "The Virgin Spring" киногоо хэзээ ч томоохон амжилт гэж үзэж байсангүй; намтар номондоо уг киногоо бараг дурддаггүй. Гэхдээ энэ кино нь санхүү болон нэр хүндийг нь өргөсөн гэдгийг тэр хүлээн зөвшөөрсөн байдаг. Найруулагчийн даруу зангаас үл хамааран өнөөдөр энэхүү киноны цэвэр бүтэц, хүчирхэг өгүүлэмжээрээ Bergman-н оргил тэрээр нэг гэгдэж байна.

Швед улс паганизмаас Христийн шашин руу дурамжхан шилжих үйл явцыг арын дэвсгэрээ болгосон энэхүү киноны Ingeri нь өргөж авсан айлынхаа эсрэг Одиныг нууцаар шүтэгч тун сонирхолтой дүр юм. Харин түүнийг өргөж авсан айлын эхнэр, нөхөр хоёр бол шинээр нахиалж буй Христийн шашны үнэнч итгэгчид. Шинэ Гэрээний аядуу эелдэг хандлага болон паганизмын бүдүүлэг хандлага хоёрын хоорондох мөргөлдөөн нь киноны туршид лейтмотиф болж явдаг. Бөөгийн ертөнц хийгээд үүний мухар сүсгийг голын эрэг дээрх гүүрний манаач симболчилдог ба тэрээр өөрийн эд өлгийг хайрцагт нандигнан хадгалж байгаагаар гардаг. Ingeri-н ферм дээр өглөө гал асааж байгаа нээлтийн кадраас эхлээд ойд гялтганах горхины усны ойрын кадр, эцэст нь, Tore охиныхоо толгойг өргөхөд газраас булгийн ус гарч байгаа зэрэг нь паганизмын гал, шороо, ус гэсэн симболын илрэл болно. Энэхүү кинонд хувцасны дизайнераар ажилласан Marik Vos-н ажил бидэнд амьдрал болон шашинд хандах эртний хийгээд модерн гэсэн хоёр үеийн ялгааг онцлон харуулдаг;  Ingeri товчгүй, хэлхэгэр даашинз өмсдөг бол Karin нарийн хийцтэй торгон даашинз өмсдөг (арван таван онгон охиноор хийлгэсэн гэж ээж нь бахархалтайгаар хэлдэг).

  Христийн шашинд орсон бөөгийн шашинтан байсан Tore анхандаа албан ёсны, дараа нь этгээд хувцастай харагддаг нь түүний итгэл үнэмшилд хоёрдмол хандлага байгааг илтгэнэ. Bergman-н "The Seventh Seal" кинонд хэдийнээ гялалзсан Max von Sydow энэ кинонд эхнээсээ л захирангуй эцгийн дүрийг бүтээсэн бөгөөд түүний дүр бол цэвдэг сэтгэлдээ эцэстээ нугарч буй патриарх юм. Ээжийн дүр бол охиноо гэр бүл хийгээд өөрийнхөө шинэ итгэл найдварын үндэс гэж үзэгч байсан учир туйлаас гашуудан эмгэнэж байна. Ingeri-н дүр бол Христийн ёс суртахууны мандалтад харанхуй, хуял тачаалын аюулыг заналхийлэгч болдог. Харин Karin-н дүр нь бардамнал, хуурамч төрхийг илтгэх ба эцэг эхдээ эрхэлж өссөн тэрээр хүчиндэлтийн үзэгдлээр аймшигтай золгүй явдлыг илэрхийлэгч болж байна. "The Virgin Spring" киноны хүчиндэлтийн сцэн эдүгээ болхи харагдаж байж болох ч тухайн үедээ Скандинавын орнуудад шуугиан тарьсан. Одоо ч тус аймшигт сцэнийн тодорхой бус байдлаас үл хамааран ерөөсөө гоо үзэсгэлэн, ариун нандин байдал хэрхэн устгагдаж байгааг үзэхэд амаргүй байдаг. Киноны төгсгөлд, Tore-н яах учраа олохгүй байгаа байдал нь модерн эриний хүн төрөлхтний спиритуал хүслээ дагах уу, эсхүл натурал зөнгөө дагах уу гэсэн төөрөгдлийн тусгал аж. "The Virgin Spring" кино бол Bergman-н амьдрал болоод кино урлагт хандах хандлагыг өөрчилсөн эргэлтийн цэг болсон ба дараагийн арван жилд тэр ёс зүйн асуудлыг орхин психологийн асуудалд нухацтай хандах болсон. Нэг үгээр тэрээр энэ киногоороо түүхэн сэдэвт баяртай гэж хэлээд ирээдүй рүү зоригтой харсан. 

Comments