The Treasure of the Sierra Madre (1948). Америкийн нэрт кино найруулагч John Huston-н нео-вестерн жанрын кино. Уг кинонд, ядарч, дарлагдсан хоёр тэнүүлч эр хашир туршлагатай хөгшинтэй нийлээд Мексикт алт хайж байгаа тухай өгүүлдэг. Германы зохиолч B. Traven-н 1927 оны ижил нэрт романаас сэдэвлэн Huston кино зохиолыг бичсэн бөгөөд киноны гол дүрүүдэд; Humphrey Bogart, Tim Holt, Walter Huston (найруулагчийн аав) нар тоглосон. Найруулагч Huston бүр 1935 онд Traven-н зохиолоор кино хийхээр хүсч байж. Киноны хөгжүүлэлт 1941 онд буюу найруулагчийн "Maltese Falcon" шедеврийн араас эхэлсэн ч Америк дэлхийн 2-р дайнд татагдан орж, Huston армид алба хаахаас өөр аргагүй болсон тул хойшилжээ.
"The Treasure of the Sierra Madre" бол АНУ-ын газар нутгаас гадна гарч зураг авалт хийсэн Холливуудын анхны продакшнуудын нэг буюу Мексикт ихэнх зураг авалтаа хийсэн кино юм. Кино нээлтээ хийгээд арилжааны хувьд амжилт олсноос гадна критикүүдээс сайшаал хүртсэн бөгөөд Оскарын наадмаас шилдэг найруулагч, шилдэг туслах эрэгтэй дүр (Walter Huston), шилдэг кино зохиол гэсэн гурван төрөлд ялалт байгуулсан; нэг киногоор аав, хүү хоёр Оскар хүртсэн анхны тохиолдол болсон. Өнөөдөр уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг киноны тоонд оруулдаг төдийгүй Huston-н сор бүтээл гэж үзэх болсон ба хэзээ ч дахин хийх юмуу хуулбарлах боломжгүй уг бараан ёгт ёс суртахууны үлгэрийг Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 268-р байрт эрэмбэлээд байна. Ингээд хамтдаа Мексикийн ууланд алт хайцгаая.
Энэхүү бүтээл нь эд баялаг, шунал нь хүний мөн чанарт туйлын муугаар нөлөөлж байгааг харуулсан кино урлагийн түүхэн дэх хамгийн шилдэг бас хамгийн гүнзгий утгатай кинонуудын нэг юм. Киноны хяналттай гэрэлтүүлэгт байгалийн эффект бараг байгаагүй нь дүр бүрийн дотоод сэтгэлийн тэмцлийг тодотгохын сацуу тэдний тэмцлийг яруу найраглаг болгодог. Хагас реализм, хагас яруу найраглаг ч бүрэн ёс суртахуунлаг энэхүү кино нь үзсэн хүнээ трансцэндент болгодогоороо заавал үзэх ёстой цөөхөн кинонуудын шилмэл сонголтод багтдаг. Найруулагч John Huston анх 1935 онд Traven-н номыг уншаад аавыгаа гол дүрд нь тоглуулбал тун сайхан кино болох нь гэж боджээ. Германы 19-р зууны балладаас сэдэвлэсэн Traven-н ном нь Huston-д Мексикт морин цэрэгт явсан цагийг нь санагдуулсан аж. Найрагчийн дебют болсон "The Maltese Falcon" кино нь гайхалтай амжилт үзүүлсний дараа Huston уг төсөл дээрээ ажиллаж эхэлсэн бөгөөд студи George Raft, Edward G. Robinson, John Garfield гэсэн жүжигчдийг гурван гол дүрдээ тоглуулахаар төлөвлөж байсан ч дэлхийн 2-р дайны эхэлжээ.
Дайны жилүүдэд Vincent Sherman найрагчаар, кино зохиолчоор Robert Rossen нар ажиллахаар төлөвлөж байсан авч кино зохиолыг Мексиксчүүдийг доромжилсон гэсэн үндэслэлээр Америкийн кино цензурын газраас хориглосон аж. Huston дайны нөлөөний тухай хэд хэдэн баримтат кино хийж байгаад буцаж ирэхэд Humphrey Bogart аль хэдийнээ Warner Brothers-ийн хамгийн том од болсон байлаа. Huston төслийг удирдан найруулж магадгүйг дуулсан даруй Bogart Huston-г "мөшгөж" эхэлсэн; ийнхүү тэрээр Dobbs-н дүрийг авсан. Зураг авалт эхлэхээс өмнөхөн Bogart Нью-Йоркийн шөнийн клубээс гарч явахдаа нэгэн критиктэй таараад "намайг дараагийн киноноос харах хүртлээ хүлээгээрэй, би таны харж байгаагүй хамгийн муу хүний дүрд тоглож байгаа" гэж хэлжээ. Traven анхандаа Walter Huston-г Howard-н дүрд тоглуулах найруулагчийн шийдвэртэй санал зөрж байсан ба Lewis Stone гэгчийг илүүд үзэж байсан ч эцэстээ зөвшөөрсөн байна. Харин аав Walter хүүгийнхээ сонголтод эргэлзэж байсан буюу тэрээр өөрийгөө гол дүрийн жүжигчин гэж үзсэн хэвээр байж, туслах дүрд тоглох хүсэлгүй байлаа. Найруулагч маань хожим аавынхаа гүйцэтгэлийг өөрийнх нь хийсэн бүх кино дахь жүжиглэлтүүдээс хамгийн сайн жүжиглэлт болсон гэсэн байдаг.
Walter-н гүйцэтгэлийг хараад Bogart "Нэг Huston хангалттай муу, хоёр Huston бол аллага" гэсэн алдартай үгээ хэлжээ. "The Treasure of the Sierra Madre" киног голдуу шуналаас үүдэлтэй ёс суртахууны доройтлын тухай түүх гэж тайлбарладаг; критикч Roger Ebert тус санааг гүнзгийрүүлж, "энэ кино үнэндээ алтны тухай биш, харин зан төрхийн тухай өгүүлсэн" гэж бичжээ. Критикүүд мөн шунал, алт, байгаль болон хаягдаж эзгүйрсэн байгалийн ач холбогдол дүрүүдийн үйлдэлд нөлөөлж байгааг онцолсон. Найруулагч Stanley Kubrick уг киног өөрийнхөө хамгийн дуртай кинонуудынхаа дөрөвдүгээр байрт жагсаасан бол найруулагч Sam Raimi бүх цаг үеийн хамгийн дуртай киногоороо нэрлэсэн. Найруулагч Paul Thomas Anderson "There Will Be Blood" киноныхоо зохиолыг бичиж байх үедээ унтахынхаа өмнө заавал үздэг байсан гэсэн буй. Критикч James Agee: "Энэ бол Холливууд дуутай болсноос хойш хийгдсэн хамгийн шилдэг киноны нэг, ямар ч ичих зүйлгүйгээр хамгийн шилдэг бүтээлүүдийн нэг, энэ бол жавхлантай, уламжлалт бус дэлгэцийн энтертайнмент мөн". Критикч Pauline Kael: "Америкийн хамгийн хүчирхэг кинонуудын нэг, сэтгэл хөдлөлийн хувьд мартагдашгүй кино, хүчирхэг цогц нөлөөтэй, дууссаных нь дараа та ямар нэгэн гайхалтай зүйл үзсэн гэдгээ мэдэрнэ". Их Британийн критикч Leslie Halliwell киног дэлхийн хамгийн эртний сэдэвт үлгэр гээд харин жүжигчдийн сонголт буруу байсан гэж дүгнэсэн нь сонирхолтой.
Критикч Leonard Maltin: "Traven-н алт, шунал, хүний мөн чанарыг хамгийн муугаар дүрсэлсэн үлгэрийн тун сайн дэлгэцийн хөрвүүлэлт". Кино түүхч Lee Pfeiffer Bogart-г замналынхаа хамгийн аугаа тоглолтыг гаргасан гэж магтаад киног найруулагч Huston-н ялгуусан ялалт гэжээ. Энэхүү кино нь эзгүйрсэн, цөхрөл төрүүлэм байгальд өрнөхдөө хамгийн сайн байж болохуйц дүр нь өөрийг нь алахаар төлөвлөсөн хүмүүсийг хамгаалж байгаад үхэж, гол баатруудын мөрөөдлийн бүтэлгүйтлийг бурхан шоолж инээж, ер нь жаргалтай төгсгөлгүй гэмээр байдлаар дуусдаг. Уг киног бүтээсэн студийн захирал Jack L. Warner төсөв нь хэтэрсэн ч "энэ бол бидний хийж байсан хамгийн аугаа кино" гэж бодсоор байсан гэдэг. "The Treasure of the Sierra Madre" кино нь Польш-Британийн зохиолч Joseph Conrad -н аргаар адал явдлыг төгсгөхөд бус харин дүрүүдийнхээ сорих хэрэгсэл болгон ашигладагтай адил байдлаар ажилладаг. Бид ухаалаг хөгшин эр ба паранойтой дунд эргэм насны эр хоёрын ёс суртахууны зөрчил, мөн аль нэгийг нь заавал дагах ёстой арай залуувтар эрийг хардаг. Эл түүхээ найруулагч маань эрчүүдийн нөхөрлөлийг эрхэмлэдэг гэсэн санаагаа нуулгүйгээр цогтойгоор өгүүлдэг бөгөөд ингэхдээ хааяа хөгжилтэй, заримдаа гашуун ёжтойгоор өгүүлдэг. Киноны үйл явдал ихэвчлэн алт эрж буй гурван гол дүрийн эзгүйрсэн, нар шарсан байгалийн өндөрлөг газарт байгаагаар дүрслэгдсэн ба үзэгчид үе үе индианчууд, дээрэмчид бас тосгодтой учирна. Киноны төгсгөлд Bogart-н дүр Dobbs-н солиорол бага атугай Shakespeare-н "King Lear" зохиолтой төстэй санагдсан.
1925 оны Тампико хотод энэ Dobbs өөр шигээ тэнүүлч Curtin-тэй танилцсанаар кино маань эхлэх бөгөөд тэд McCormick гэгчид луйвардуулан цалингүй ажилласнаа мэдээд хамсан байж луйварчныг отож байгаад хариугаа нэг сайн авахдаа цалингаа ч бас авдаг боловч цаашдын ирээдүйн бүрхэг хэвээр үлдэнэ. Залуус санамсаргүйгээр хөгшин уурхайчин Howard-г алтны тухай ярьж байхыг сонсоод өөрсдийн хүч чадал дээр хөгшиний хур туршлагыг нэмбэл ууланд гарч алт хайхад бүтмээр санагдаж, улмаар тэр гурав хамтдаа Мексикийн уул руу гарцгаана. Залуус Howard-аас зөвлөгөө л авна гэж бодож байтал Howard ууланд яг л ямаа шиг авирч, мөн хэрхэн алтыг олох, олсон алтыг хэрхэн нуух, хамгийн чухал нь энэ зууртаа яаж үхчихгүй байх талаар шинэковуудын чихийг мялаана. Киноны үндсэн үйл явдал уулсын энгэрь өрнөдөг; киноны нэрнээс энэ нь тодорхойлогдож байгаа ч дүрүүдэд өөрөөр байдаг буюу тэд зүгээр л "уул" гэж нэрлэдэг. Howard-н туршлага, Испани хэл байгаагүй бол Dobbs, Curtin хоёр юун алт олох, наана нь алуулах байсан болов уу. Эхлээд тэд хичээнгүй хамтран ажилласаар овоохон алттай болмогц Dobbs-н шунал хөдөлж, олсноо тэнцүүхэн хуваая гэж зогсоо зайгүй үглэж эхэлнэ.
Сүүлдээ Dobbs-н хардалт сэрдэлт илэрхий болж, нөгөө хоёр нь ч тэвчихэд бэрх болно. Howard өмнө нь ийм байдалд орж байсан; "алт хүмүүсийн сэтгэлийг яадгийг би мэднэ" гэж тэр ууланд гарахаасаа өмнө хэлж байсан билээ. Тэр Dobbs-н паранойтой аль болох зохицож, энхийг сахиулахыг чармайдаг агаад яагаад гэвэл эцсийн өдөр ирэхэд юу ч болж мэдэхийг тэр гадарлаж байдаг; тэд нэг бол эсэн мэнд алтаа аваад гарна, үгүй бол алт ч үгүй, амь ч үгүй. Жүжигчин Walter Huston-н ярьж байгаа, бүжиглэж байгаа, хашир хөгшин алт хайгчийн дүрд хэрхэн хувирсныг үзэх үнэнхүү бишрэм байдаг; ялангуяа түүний харцаараа тоглож байгаа нь яагаад энэ жүжигчин Оскар авсныг бэлээхэн хэлээд өгнө. Howard нөхцөл байдлыг үглэж уншиж, дотроо цэгнэж, Dobbs-н уналтыг удаашруулахыг хичээж байдаг. Bogart царайлаг биш эр од болж болохын тод жишээ юм. Түүний эхнэр Lauren Bacall дурсамж номондоо бичихдээ, Bogart 1947 онд "Dark Passage" кинонд тоглосноос хойш үс нь хурдтай унаж, The Treasure of the Sierra Madre" кинод тоглох үед бүр халзарсан байжээ. Эмч нар үүнийг архи их уудаг, В витамины дутагдалтай холбон тайлбарласан; мэдээж янз бүрийн арга хэмжээний ачаар үс ургаж эхэлсэн аж. Гэхдээ "The Treasure of the Sierra Madre" кинонд гурван гол дүр маань нөхцөл байдлын хүчир хүндийг харуулахын тулд шавартаж, бохирдсон хиймэл үс өмсдөг байсан гэж Lauren Bacall дурсжээ. Bogart ерөнхийдөө Huston-н "The Maltese Falcon" кинонд тоглосноороо од болон гарч ирсэн бөгөөд намхан, халзан, уруул дээрээ сорвитой тэрээр баатарын дүрд тоглож чаддаг боловч төгс бус жижигхэн залуугийн дүрд тоглох дуртай байлаа. Dobbs үйл явдал урагшлах тусам алгуурхан доройтож, эцэстээ солиорч, өөрийгөө үгүй хийдэг. Хэдийгээр туршлагатай уулчин Howard түүнд туслаж, Curtin уурхайд ухаангүй байхад нь авардаг ч Dobbs илүү их алт авахын төлөө хэнд нь ч итгэж чадахгүй болсон байдаг. Dobbs Curtin-г алчихлаа гэж боддог, энэ мөчид тэр галзуурлын харанхуй руу унадаг.
Алтны төлөөх, ерөөсөө өнгө мөнгөний хатуу ширүүн нөхцөлд аллага үргэлж сонголт болдогийг энэ киноноос харж болно. Cody-н дүр тэднийг мөшгөсөөр хуаранд нь ирдэг ч тэдэнд тусалж, ирээдүйд хүртэх олзоос нь хувь хүртэхийг хүсдэг, учир нь тэр гэр бүлээ тэжээх гэж яваа цөхөрсөн эр, гэтэл манай гурав түүнийг алахаар санал хураадаг, энэ нь тэдний ёс суртахууны жин хэр тэнцвэрээ алдсныг харуулахаас гадна Cody-той эпизод бол киноны хамгийн гунигтай хэсэг болов уу. Bogart-г харуулдаг сүүлчийн сцэн маш сайня, тэр тэнд өрөвдөлтэй, айсан, амиа бодогч хүнийг бараг төгс гаргаж чадсан. Curtin, Howard хоёрын түүхүүд уламжлалт шинжтэй болох тусам Dobbs-н дүр эмгэнэлт шинжлэх болж иржээ. Шөнө унтаж чадахгүй элдэвийг сонсож, халуун нар шарсан элсэн цөлөөр алтаа чирэн хатаж үхэх гэж байгаа энэ дүрийг сул талаасаа болж үхэж байгаа эмгэнэлт баатар гэж үзэж болмоор юм. Үүнтэй хамаатай шударга ёс хийгээд үнэн рүү хөтөлдөг өршөөлгүй, хатуу бодит байдлын сцэнүүд кинонд байдаг ба Dobbs өөрийгөө алуурчин гэж бодохдоо "Ёс суртахуун. Ямар аймшигтай гээч! Хэрвээ чи өөрийгөө ёс суртахуунтай гэж итгэж байвал, энэ чамайг үхтэл чинь зовооно. Гэхдээ чи өөрийгөө ёс суртахуунтай гэж итгэхгүй байвал, энэ чамайг яана гэж?" гэдэг нь Shakespeare маягийн монологи юм. Киноны төгсгөлд Dobbs хариугаа олдог билээ.

Comments
Post a Comment