Dog Day Afternoon (1975). Америкийн нэрт кино найруулагч Sidney Lumet-н найруулсан намтарчилсан, гэмт хэрэгт драм. Thomas Moore болон P. F. Kluge нарын Life сэтгүүлд нийтлэгдсэн "The Boys in the Bank" өгүүллэгээс үндэслэн Frank Pierson кино зохиолыг бичсэн. Киноны үйл явдал 1972 онд өрнөх бөгөөд Манхэттенд байрлах нэгэн банкыг дээрэмдэн, доторх хүмүүсийг нь барьцаалсан John Wojtowicz, Salvatore Naturile хоёрын бодит түүхийг уран сайханжуулан харуулжээ. Киноны продюсерээр Martin Bregman, Martin Elfand хоёр ажилласан бол гол дүрүүдэд Al Pacino, John Cazale, James Broderick, Charles Durning нар тоглосон. "Dog Day Afternoon" нээлтээ хийгээд арилжааны амжилт гаргаж, критикүүдээс алга ташилт хүртсэн ба Алтан Бөмбөрцөг болон Оскарт 6 төрөлд нэр дэвшсэнээс Оскарын наадмаас шилдэг эх зохиол шагналыг хүртсэн; харин Pacino BAFTA наадмын шилдэг эрэгтэй гол дүрийн шагнал хүртсэн. Америкийн кино хүрээлэнгээс гаргасан шилдэг 100 кино ишлэл жагсаалтын 86-р байрт Pacino-н дүрийн хэлдэг "Attica!" гэдэг ишлэл орсон, харин Premiere сэтгүүл бүх цаг үеийн хамгийн шилдэг 100 гүйцэтгэл жагсаалтынхаа 4-р байрт Pacino-н тоглолтыг нэрлэжээ. Theyshootpictures сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 334-р байрт эрэмбэлээд байна. Ингээд гаслам халуунд Манхаттенд болсон бүтэлгүй дээрэмтэй танилцацгаая.
Энэ киноны нийт жүжигчин бүрэлдэхүүний тоглолт тун сайн ба Al Pacino эдгээр жүжигчдийг толгойлон банк дээрэмдэх төлөвлөгөө нь нурж байгаа хурцадмал, тэсвэрлэшгүй сэтгэл хөдөлгөм түүхийг урлан бүтээсэн. Хэдийгээр голдуу ганцхан газарт хязгаарлагдмал орчинд өрнөдөг ч уг кино Нью-Йоркийн шинж төрхийг бодитоор үзүүлсэн ба бүх үйл явдлын дунд Pacino-н бүтээсэн Wojtowicz байдаг; түүний бадрангуй гүйцэтгэл замналынх нь нэгэн эрдэнийн шигтгээ чулуу болж байна. "Dog Day Afternoon" киноны нөлөөг "Reservoir Dogs" болон "Heat" зэрэг дээрэм тонуултай олон кинонуудаас харж болох ч өнөөдрийн хүртэл ямар ч кино "Dog Day Afternoon" шиг бодитой бас сентиментал бус дүрслэлтэй биш юм. 1972 оны Life сэтгүүлд банкны дээрмийн тухай өгүүллэг нийтлэгдсэн бөгөөд "The Boys in the Bank" гарчигтай өгүүллэгийн эзэд нь Kloge, Moore хоёр байлаа. Уг өгүүллэгт, банк дээрэмдэгчид ба банкны байран доторх барьцаалагчдын хооронд үүссэн нөхөрсөг харилцааг дэлгэрэнгүй бичсэн байж. Зохиогчид маань Wojtowicz-н харагдах төрхийг Al Pacino юмуу Dustin Hoffman-тай адилхан болохыг харьцуулж эхэлсэн гэдэг. Уг өгүүллэг продюсер Elfand-н анхаарлыг татсан ба тэрээр өгүүллэгийг Bregman-д өгч, Bregman Warner Bros Pictures-ийн гүйцэтгэх захирлын Richard Shepherd-н сонорт хүргэв. Elfand Kluge болон Moore хоёрыг бодит явдалд оролцсон хүмүүсээс ярилцлага авахад хөлслөсөн бөгөөд кино зохиол бичигдэхээс өмнө Elfand түүхийн эрхийн төлөө бүх ярилцлага өгсөг хүмүүс гарын үсэг зурсан эсэхийг шалгахын хүсчээ.
Хэлэлцээрийн дараа барьцаалагдаж байсан хүн бүр $600 доллар авсан, харин нэг хүн л илүү мөнгө хүссэн учраас киноны зохиолд ороогүй аж. Wojtowicz түүхийн эрхийн төлөө $7,500 доллар авсан (дандаа тухайн үеийн ханшаар болно). Харин мэдээллийн хэрэгслүүд Wojtowicz киноны цэвэр ашгийн нэг хувийг авсан гэж мэдэгдсэн бөгөөд Bregman хожим үүнийг үгүйсгэсэн байдаг. Харин Warner Bros Pictures жинхэнэ Salvatore Naturile-н оршуулгын зардлыг төлжээ. Frank Pierson кино зохиолчоор хөлслөгдсөн; Kluge, Moore хоёрын судалгаанаас гадна Pierson өөрөө ч судалгаа хийжээ. Pierson ижил хүйстнүүдийн хэвлэлд зориулсан банкны дээрмийн түүхийг сурвалжилсан сэтгүүлч Randy Wicker-тэй холбогдож, Манхаттений ижил хүйстнүүдийн шөнийн клубийн талаар зөвлөгөө авсан. Тэрээр Wojtowicz-н эргэн тойронд түүхээ зангидахыг хүссэн ба Pierson шоронд байсан Wojtowicz-той уулзахыг хүсэхэд Warner Bros Pictures-тэй мөнгөний асуудалтай байсан Wojtowicz уулзахаас татгалзсан гэдэг. Pierson тухайн дээрмийн талаарх ярилцлага, бичлэг, сонины нийтлэлд анализ хийж, нэг үгээр маш бүтээлч байсан. Гэхдээ тэр Wojtowicz-н дүр төрхийг тодорхойлж чадаагүй, учир нь, Wojtowicz-той хамаатай гэсэн бараг хүн болгонтой уулзаж мэдээлэл авсан ч тэдгээр хүмүүсийн Wojtowicz-н талаарх сэтгэгдэл өөр өөр байлаа.
Pierson төслөөс гарахыг хүссэн ч мөнгөгүй болчихсон, бас төслөөс гарахааргүй гүн шигдсэн байлаа. Ингээд тэрээр байгаа материалаа дахин хянаж үзээд Wojtowicz-н биелээгүй найдварыг нийтлэг зан чанар гэж үзэж, үүнийг бүтэлгүйтсэн дээрэмтэй холбосноор зохиолынхоо учрыг олжээ. Кино зохиол бэлэн болсны дараа продюсер Bregman, Lumet, Pacino нар Лондонд уулзацгаасан ба Bregman гол дүрийг Pacino-д өгөхийг хүсч байлаа. Pacino дараа нь татгалзаж, Dustin Hoffman дүрийг сонирхож буйгаа илэрхийлж. Харин Bregman Hoffman-тай хамтрахыг хүсэхгүй байв; тэр Pacino л дүрд нь шаардлагатай байгаа мэдрэмтгий, эмзэг байдлыг гаргаж чадна гэж мэдрээд байв. Яриа хэлцэл дахин болсны дараа Pacino хүлээн зөвшөөрсөн боловч дахин татгалзсан аж. Продюсер маань түүний татгалзаад байсан шалтгааныг Pacino-н "method" жүжиглэх аргатай нь холбож тайлбарласан байдаг ба Bregman "энэ нь Pacino-н судлахыг хүсээгүй ертөнц байсан байж магадгүй, ямар ч том од ижил хүйстний дүрд тоглож байгаагүй шүүдээ" гэж байв. Pacino 3 дахь удаагаа татгалзаж, Bregman-д буцаад театрт очих сонирхолтой байгаагаа хэлжээ. Гэвч эцэст нь тэрээр төсөлд орохоор болсон ба зөвшөөрөх болсныгоо нэг төрлийн амралт хүссэнийх гэдэг буюу тухайн үед тэрээр архи их уудаг, зан авирын асуудалтай болоод байв. Найруулагч Lumet Wojtowicz-н галзуу амьдралыг гаргахад Pacino-н жинхэнэ стресс чухал ач холбогдолтой байсан гэж хэлжээ.
Уг киноны бараг бүх жүжигчдийг Pacino-н хүсэлтээр off-Broadway-гаас сонгон авсан ба Pacino найруулагч Lumet-д Cazale-г санал болгосон ба Pacino, Cazale хоёр театрын "The Indian Wants the Bronx" жүжигт хамт тоглож байснаас гадна 1972 онд "The Godfather" кинонд хамтран тоглочихсон, ер нь тун сайн найзууд байжээ. Lumet Cazale-г тоглуулах эсэхэд эргэлзэж байсан, учир нь Cazale тухайн үед 39 настай байсан бол жинхэнэ Naturile тухайн цагт 18 настай байсан агаад гэхдээ Lumet Cazale-тай уулзсаныхаа дараа түүнд дүрийг дуртайяа өгчээ. Энэ киног өөгүй нийт жүжигчдийн тоглолт, найруулагчийн хүний тухай гүнзгий мэдрэмж гайхамшигтай болгосны сацуу эвлүүлэгч Dede Allen-н ажил хамгийн чухал, хамгийн яригдахгүй өнгөрсөн хүндэт ажил болж байна; нэг үгээр энэ киног Allen-н төгс эвлүүлэгүйгээр төсөөлөшгүй, түүний энэ кинонд ажилласан ажлыг мэргэжил нэгтнүүд нь стандарт гэж хүлээн зөвшөөрдөг. "Dog Day Afternoon" киноны бодитой бас үнэн, тэгснээ инээдэм, харууслыг зэрэг төрүүлж чаддаг шинж ерөөсөө энэ эвлүүлэгчийн ажлын үр дүн гэж үзэж болно. Pacino энэ кинонд үнэхээр чөлөөтэй, нүнжигтэй, туйлын сэтгэл уяруулам байдаг бол найруулагчийн Lumet-н гудамж дахь сцэнүүд маш сайн зохион байгуулагдсан буюу олны эмх замбараагүй байдал, солиорч байгаа шинжүүд нь тун үнэмшилтэй байдаг.
Критикүүд "Dog Day Afternoon"-ийг "марзан гудамжны багт наадам" гэж нэрлээд Lumet Нью-Йорк хотыг хамгийн үнэн зөв, хамгийн тод байдлаар дүрслэлээ гэж магтсан. Киноны нийт жүжигчдийн тоглолтыг өндөрөөр үнэлж, Pacino-н бадрангуй хэв маяг хийгээд Sarandon-н айдастай, нэр төртэй, тэнэг тоглолтыг тусгайлан онцолжээ. New York Daily News сонинд, уг киног олон түвшинд хүний тухай комеди гээд Pacino-н тоглолтыг бишрэм хяналтгүй, гайхам сэтгэл хөдөлгөм гэж бичжээ. Өөр нэгэн критикч Pierson-н зохиол кинонд дүрсэлсэн бодит явдалтай дөхөж очсон тул бүхэлдээ өөгүй болсон гэж бичсэн бол өөр нэгэн критикч Cazale-н дүрийг "Freud маягийн эмгэнэлт баатар" гэж тодорхойлжээ. Критикч Gary Arnold: "Энэ кино бол Америкийн натурализмын шинэ классик ялгуусан бүтээл". Критикч Andrew Sarris киноны оргил цэг бол Pacino, Sarandon хоёрын утсаар ярьдаг хэсэг гээд, тэдний энэ харилцан ярианаас сэтгэлийн хувьд зоригтой хоёр шархалсан хүн харагддаг гэжээ. Мөн тэрээр гэмт хэрэгтнүүдийг баатар болгох нь эмх замбараагүйг үүсгэх товч зам байсан гэж бичжээ.
Критикч Gene Siskel "Dog Day Afternoon" кинонд хүчирхийллийн айдсыг галзуутай инээдэмтэй хослуулсан сцэнүүд байгааг онцолж, Pacino маш их эрч хүчтэй тоглосон, бүхэлдээ А зэрэглэлийн бүтээл гэж дүгнэжээ. Критикч Joe Baltake Pacino-н гүйцэтгэлийг оригинал, өндөр хүчдэлтэй, хөгжилтэйгөөр хэмээгээд уг кино нь дээд зэргийн эрчтэй, бүдүүлэг комеди, хурцадмал драм, дээрмийн үлгэр, намтарчилсан материал болон дүрийн судалгаа гэх мэт олон давхаргат бүтээл гэсэн буй. "Dog Day Afternoon" киноны дунд хэсэгт манай бүтэлгүй дээрэмчид барьцаалагдсан хүмүүсийн нэг банкны ахлах ажилтанд зугтаах боломж олгодог, цагдаа нар ч зугт гэж хэлэхэд кассчин хүүхэн зугтахын оронд банк руугаа буцаж ороод "би бусад ажилтнуудтайгаа хамт үлдэнэ" гэж хэлдэг. Банкны дээрэм телевизийн шууд нэвтрүүлгээр гарч, улс орон даяар дамжуулагдаж байсан учир кассчин шуугианы төвд байхыг хүсч байгаа эндээс харагдах ба хамгийн сонирхолтой нь, кассчинд барьцаалагдаж байх нь таалагдаж байгаа нь илэрхий байдаг. Бид гэмт хэрэгтнүүд алдартай болдог цаг үед амьдарч байна; гэмт хэрэгтнүүд яагаад алдартай болж байгаа нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл буюу сошиал медиагийн нөлөө юм. Нөгөө талдаа хэвлэл мэдээллийнхэн гэмт хэрэгтэн болон тэдэнтэй холбоотой зүйлсээр хоолоо олж идэцгээдэг нь хэтрүүлсэн үг биш. Янз бүрийн гэмт хэргийг бид видео клип үзэж байгаа аятай үздэг болсон. Ингэснээр гэмт хэрэгтнүүд, тэдний хохирогчид, цагдаа, хэвлэл мэдээллийнхний хооронд нарийн түвэгтэй, хачирхалтай харилцаа үүсдэг. Кинонд Барьчаалагсад зурагтаар гарч байгаагаа мэдээд үс гэзгээ янзалж, барьцаалагч нь мэдээний хөтлөгч шиг хэлэх үгээ давтана.
Энэ бол найруулагчийн маань киноны онцолсон сэдэв байсан ба 1970-аад оны сэдвийг өнөөдрийн нийгэмтэй зэрэгцүүлэн харахад тийм ч их зөрүү гаргахгүй байгаа нь ёжтойгоос гадна уг бүтээлийн чанарыг илтгэнэ. Барьцаалагчид ба барьцаалагсад хоорондын дунд үүсдэг харилцааг зурагтаар харах, сэтгүүлчдийн тайлбараар сонсох нь үнэхээр тухайн тусгаарлагдсан байгаа хүмүүсийн нөхцөл байдлыг зөвөөр гарган тодорхойлж чаддаг уу? энэ асуултад мөн манай кино егөөтэйгөөр хариулахыг оролджээ. Lumet-н кино нь бас давхар сонирхолтой дүрийн судалгаа юм; Pacino-н дүр бол Вьетнамын дайнд явж байсан, боловсрол багатай, комплекс эрийн хөрөг ба түүний банк дээрэмдэж байгаа шалтгаан нь, ижил хүйстэн амрагийнхаа хүйсээ солиулах мэс заслын мөнгийг олж авах л юм. Тэр эхнэр, гурван хүүхэдтэй, харин ээжийн асуудалтай юм шиг харагддаг нь энэ дүрийг комплекс болгож байна. Энэ дүрийг тайлбарладаггүй, анализ хийдэггүй, ердөө л танилцуулдаг; энэ дүрийг "The Conversation" кино дахь Gene Hackman-н дүр болон "Five Easy Pieces" кино дахь Jack Nicholson-н дүртэй харьцуулдаг аж. Pacino-н дүр Нью-Йорк хотоо сайн мэддэг нь түүний сониуч ард иргэдтэй харилцаж байгаагаас харагддаг. Эхлээд тэр ард түмний баатар болж, банкны байрны өмнө рок шиг л дэгдэж байдаг. Гэтэл түүнийг бисексуал гэдэг нь илрэхэд хүмүүс нүүрээ буруулдаг; гэвч удалгүй ижил хүйстнүүд түүнийг дэмжихээр ирдэг; иймээс л энэ киног жинхэнэ Нью-Йоркийн кино гэдэг.

Comments
Post a Comment