Ном уншдаг бүсгүйтэй болзсон нь

 


The Shop Around the Corner (1940). Герман-Америкийн нэрт кино найруулагч  Ernst Lubitsch-н романтик-комеди драм. Унгарын жүжгийн зохиолч Miklos Laszlo-н "Parfumerie" гэдэг жүжгийг Samson Raphaelson кино дэлгэцнээ хөрвүүлсэн. Киноны гол дүрүүдэд; James Stewart, Margaret Sullavan, Frank Morgan, Joseph Schildkraut нар тоглосон. Кино санхүүгийн хувьд амжилт олоогүй ч критикүүдээс сайн үнэлгээ авсан байдаг. Дайны өмнөх Будапешт хотын нэгэн савхин эдлэлийн дэлгүүрийн дөрвөн ханан дотор бүхэлдээ өрнөдөг энэхүү кино бол найруулагч Lubitsch-н хамгийн шилдэг, хамгийн удаан настай бүтээлийн нэг ба кино урлагийн түүхэн дэх төгс романтик комеди киноны нэг болой.

  Эл романтик, шинэ жилийн уур амьсгалтай кино нь Lubitsch-н бахдам харааны өнцгөөр хөдөлж, үзэгчдэд дүр болгоны тухай ойлголтыг яг зөв мөчид нь мэдрүүлэхдээ дээд зэргийн энэрэх сэтгэл хийгээд түгшүүрийг төрүүлдэг. Raphaelson-н ухаалаг, инээдтэй зохиолыг Lubitsch уртайгаар найруулж, үр дүнд нь шижир, үзэсгэлэнтэй романтик комеди төрсөн нь "The Shop Around the Corner" юм. BBC уг киног Америкийн хамгийн шилдэг кинонууд жагсаалтынхаа 58-р байрт жагсаасан бол Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 281-р байрт эрэмбэлсэн. Энэ кино 1986-1987 оны хооронд Парист 66 долоо хоногийн турш театрт гарсан нь Францад хамгийн амжилттай дахин гарсан кино болж байсан гэдэг. Ингээд киноны үйл явдлыг товчхон өгүүлсү.

  Их Хямралын үе, Будапешт хот, Kralik бол савхин эдлэлийн "Matushchek and Company" дэлгүүрийн шилдэг ажилтан ба одоо дэлгүүрийн бусад ажилчид буюу Kralik-н хамтрагчдыг танилцуулъя; Kralik-н найз, гэр бүлсэг Pirovitch, хоёр нүүртэй хүүхэмсэг эр Vadas, худалдагч Ilona, бичиг хэргийн ажилтан Flora, мөн эцэст нь, амбицтай хүргэлтийн ажилтан хүү Pepi нар болой. Нэг өдөр Kralik Pirovitch-д сонин дээрх зараас нэгэн ухаалаг, ном уншдаг хүүхэнтэй танилцаад захидлаар харилцаж байгаагаа хэлнэ. Тэд бие биенийхээ нэрсийг мэдэхгүй, бас уулзах хүртлээ хувийн мэдээллээ нууцлахаар тохиролцож. Савхин эдлэлийн дэлгүүрийн эзнийг Matushchek гэдэг бөгөөд Kralik бол түүний хамгийн их итгэдэг бас хамгийн удаан хамт ажиллаж байгаа бараг хүү шиг нь болсон нэгэн. Тэд нэгэн хөгжимт хайрцгийг юу гэж нэрлэж зарах талаар маргалдаж байтал дэлгүүрт Klara орж ирнэ. Klara ажил хайж эрсэн гэхэд ноён Matushchek ажлын орон тоо байхгүй хэмээгээд салахын түүс болно, гэтэл энэ үед нэгэн үйлчлүүлэгч дэлгүүрт орж ирнэ, сэргэлэн Klara үйлчлүүлэг авгайд өнөөх хөгжимт хайрцгийг үндсэн үнээс нь давуулж зарж чадсанаар ноён Matushchek хүүхнийг ажилд авна.

Энэ өдрөөс эхлэн Kralik өөрийнх нь орыг залгах магадлалтай аюултай Klara-тай огт таарч тохирохгүй, тэд үргэлж тэрсэлдэцгээнэ. Ноён Matushchek ойрын үеэс эхнэр нь нууц амрагтай болсон гэж сэжиглэн сэтгэл санаа гундуйхан байгаа. Зургаан сар өнгөрч, Зул сар ойртсон цаг, Kralik нууцлаг захидлын найзтайгаа оройн хоол идэхээр бэлтгэж байлаа. Гэтэл ямар тахилыг нь буруу хийчихэв гэдэг шиг ноён Matushchek бүх ажилчдаа орой үлдэж дэлгүүрээ чимэглэхийг шаардана. Kralik даргаасаа эрт явуулж өгөхийг гуйхад ноён Matushchek шалтгаангүй асар их уурлах бх гомдсон Kralik энэ тохиолдолд ажлаасаа гарахад бэлэн байгаагаа илэрхийлдэг. Гал дээр тос гэгчээо энэ үед Klara бас эрт харих онцгой шалтгаан байна гэсээр ноён Matushchek-г бүр хилэгнүүлчихнэ. Ноён Matushchek Kralik-г оффистоо дуудаж ирүүлээд цалингийн тооцож өгөөд халж орхино. Ноён Matushchek энэ шийдвэрийг удаан бодож байж төлөвлөж гаргасан нь илэрхий байх ба тэрээр хүү шигээ дассан Kralik-г эхнэрийнхээ нууц амраг гэж хардсаныг Kralik ч тэр, дэлгүүрийн бусад ажилчид ч бас тааж мэдсэнгүй. Энэ явдлын дараа ноён Matushchek хөлслөсөн хувийн мөрдөгчтэйгөө уулзахад мөрдөгч түүнд эхнэрийнх нь нууц амраг бол Kralik биш харин ажилчин Vadas байсан гэж хэлнэ.

  22 жил хайрлаж, бахархаж явсан эхнэр нь ажилтантай нь завхайрч явсныг олж мэдсэн ноён Matushchek амиа хорлох гэж байхад нь Pepi ирж тасалдуулна. Энэ зуурт, Kralik болзсон кафедаа очтол нууцлаг захидлын эзэн нь ажил дээрээ үргэлж сөргөлддөг Klara нь болохыг олж мэдээд мэл гайхаж цэл хөхөрнө. Урам хугарсан ч Kralik кафед орж хүүхэнтэй уулзахдаа энэ кафед Pirovitch-той уулзахаар ирсэн гэж худлаа хэлдэг. Энэ үедээ Kralik сэтгэлдээ захидлын оюунлаг хүүхнийг ажлын хэрүүлч Klara хоёрыг нэгтгэх гэж хичээх бөгөөд одоохон өөрийгөө илчлэхгүй байхаар шийддэг; харин Klara түүнийг болзоог нь сүйтгэлээ, эндээс яв хэмээн хөөдөг. Тэр оройдоо Kralik эмнэлэгт очиж ноён Matushchek-тэй уулзана; ноён Matushchek түүнийг эхнэртэйгээ холбож хардаж байсандаа уучлалт гуйж, дэлгүүрийнхээ менежер болгож албан тушаал дэвшүүлнэ. Kralik-тай зэрэгцэн амийг нь аварсан гэдгээрээ Pepi бас тушаал ахина. Маргааш нь, болзоот залуу нь ирээгүйн улмаас өвдсөн Klara ажилдаө ирэхгүй, Kralik хүүхнийг эргэн гэрт нь очих агаад Klara түүний өмнө нууцлаг хонгор найзынхаа захидлыг уншиж өгнө.

  Одоо менежер болсон Kralik-н хамгийн түрүүнд хийх ажил бол Vadas-г ажлаас халах байлаа, тэр үүнийгээ бахархалтайгаар хийдэг. Зул сарын өмнөх өдөр, дэлгүүрийн ажилчдын хичээнгүйн зүтгэлээр дэлгүүр түүхэндээ байгаагүй их орлогыг олж ноён Matushchek-г баярлуулна. Орой болж, Kralik, Klara хоёроос баярын ширээндээ суухаар харьцгаасан байхад тэд л болзоогоо хүлээн төлөвлөцгөөж байлаа. Энэ үед Klara анх хараад л чамд дурласан гэдгээ Kralik-д хэлдэг; хүүхэн анхаарлыг нь татах гэж л зориуд уурыг нь хүргэж байсан хэмээдэг. Kralik түүнд нууцлаг хонгор найзтай нь уулзаж танилцсан гээд тэр залуу чинь олиггүй амьтан байна лээ гэж итгүүлчихнэ. Klara нүдэн дээр нурмайчих үед Kralik өөрийгөө нууцлаг захидлын эзэн гэдгээ илчилж, улмаар тэд үнсэлцсэнээр кино төгсдөг.

Ernst Lubitsch 1938 онд Miklos Laszlo-н, "Parfumerie" жүжгийн эрхийг худалдаж авсан ба Lubitsch анх Myron Selznick-тэй хамтран кино болгохоор төлөвлөж байв. Steffie Trondle жүжгийг Англи хэл рүү орчуулсны дараа Lubitsch 1938-1939 оны хооронд кино зохиолч Samson Raphaelson-той хамт кино зохиолоо бичжээ. Найруулагч маань үүнийгээ "Энэ олон жилд миний гарт байгаа хамгийн сайн зохиол" гэж үзэж байв. Selznick санхүүжилт олж чадаагүй тул кино бүтээгчид өөр арга эрэлхийлж эхэлсэн бөгөөд Lubitsch кино зохиолоо Paramount зэрэг студид санал болгосон ч ямар ч студи сонирхсонгүй. Тухайн цагт Холливууд дунд давхаргын тухай кино бүтээхээс эргэлзэж байснаас гадна студиуд Lubitsch-тэй хамтран ажиллах сонирхолгүй байжээ. Түүний төлөвлөгөө биелээгүй авч MGM-д элссэнийхээ дараа хүссэн киногоо бүтээх боломжтойг олж харсан. MGM түүнээс жүжгийн эрхийг нь худалдаж аваад "Ninotchka" киног найруулж, продюсерлэхийг хүссэн, харин Lubitsch "The Shop Around the Corner" киног мөн хийх нөхцөлтэйгөөр саналыг нь хүлээн зөвшөөрсөн байна. Ийнхүү Lubitsch эхлээд " Ninotchka" киног хийхээр болж, "The Shop Around the Corner" кинондоо бага төсөв батлуулсан ба ингэснээр Raphaelson ердийнхөөсөө бага цалинтай ажиллахаар болжээ. Raphaelson хожим ярихдаа, түүх ерөнхийдөө харилцан яриан дээр суурилсан байсан боловч киноны чанарт нөлөөлөөгүй ажээ.

Тэрээр мөн энэхүү кино нь жүжгээс сэдэвлэсэн хэдий ч тэс ондоо байсан гэж мэдэгдсэн буй. Lubitsch хэлэхдээ, энэ кино нь өмнөх бүх бүтээлүүдэд нь байгаагүй бодит уур амьсгал, дүрүүдтэй болсон аж. Жүжигчин Margaret Sullavan кинонд тоглох нь баталгаатай болохоос өмнө Janet Gaynor, Dolly Haas нарын нэрс яригдаж байсан ба продакшн эхлэхэд эмэгтэй гол дүрээ эцэслэн сонгоогүй байсан учир Lubitsch продакшнаа түр хойшлуулсан. James Stewart, Margaret Sullavan хоёр өмнө нь хамт кинонд тоглож байв. Lubitsch киноны үйл явдлын шугам нь алдартай биш жүжигчинд эрсдэлтэй гэж үзсэн учраас Sullavan-г сонгосон гэдэг. Найруулагч маань үзэгчдэд киноных нь үйл явдал хангалттай сонирхолтой биш санагдаж магадгүй хэмээн зовж байжээ. Олон жилийн дараа тэрээр нэгэн ярилцлагадаа, Stewart, Sullavan хоёр маш сайхан гар нийлж ажиллаж, жүжиглэлтээрээ бие биенээсээ илүү гарахыг олдоогүйтэй холбосон байдаг. Зураг авалтын үеэр Sullavan хөгжилтэй цовоо зангаараа бусдыгаа хөгжөөж байсан ба Lubitsch түүнийг "жүжигчдийн хувьд тэр тамиржуулах бэлдмэл шиг л байсан" гэсэн буй. Raphaelson Stewart-н тоглолтыг кино урлагийн түүхэн дэх хамгийн шилдэг гүйцэтгэлүүдийн нэг гэжээ. Stewart; "Lubitsch-тэй хамтран ажиллах нь гайхалтай байсан. Тэр үнэхээр гайхалтай хэв маягтай, мөн урам зориг өгөхүйц хошин мэдрэмжтэй хүн".

Зураг авалт эхлэхээс хэдэн долоо хоногийн өмнө кинонд дүрслэгдсэн бүхэн үнэн зөв байлгахын тулд савхин эдлэлийн дэлгүүрүүдээр явж судалгаа хийсэн байдаг. Мөн Lubitsch Зул сарын өмнөх өдрийн сцэнүүдэд жинхэнэ цас ашиглахаар шийдэж, үүнд зориулж 30 тонн мөс ашиглажээ. Критикч David Thomson; "энэ бол бүх цаг үеийн хамгийн аугаа киноны нэг. Энэ кино бол итгэл хийгээд сэтгэл зовнилын талаарх эрдэнэс. Энэ бол биднийг айлгадаг тун сайн комеди кино. Кафе дахь яриатай хэсэг бол Америкийн кино түүхийн хамгийн шилдэг уулзалт байж магадгүй". Критикч David Mermelstein: "жүжигчдийн бишрэм гүйцэтгэл, Lubitsch-н торгон мэдрэмжийн ачаар энэ бүтээл одоо ч дур булаам хэвээр байна". Критикч Kevin Bahr; "Буланд байрлах Европын энгийн дэлгүүрээрээ эргэж ирсэн Lubitsch эцэст нь амьдралынхаа хамгийн чухал зүйл болох нөхөрлөл, хөдөлмөр, хайрыг энэ киногоороо илэрхийлжээ". Критикч Ty Burr: "Энэ киног мөнхийн болгож байгаа зүйл бол онцгой сайхан орчин нь юм". "The Shop Around the Corner" бол Lubitsch-н өмнөх кинонуудаас нийгмийн өөрөөр авч үздэг. Lubitsch хувь хүнээс илүүтэй нийгэмд анхаарлаа хандуулсан нь түүний бусад кинонуудаас ялгаатай.

Найруулагч бүтээлүүдээ дунд давхаргынханд төвлөрүүлж эхэлсэн бөгөөд 1939 онд тэрээр; "Бид хүмүүсийг бодит ертөнцөд амьдарч байгааг харуулах ёстой. Хэрэв кино зугаатай байваас дүрүүд хэрхэн амьжиргаагаа залгуулж байгааг хэн ч анхаардаггүй. Одоо тэд анхаардаг болсон. Тэд киноны үйл явдлыг амьдралтайгаа холбохыг хүсдэг" гэж хэлсэн байдаг. "The Shop Around the Corner" дээд давхаргынханд төвлөрдөг хэт чамин комеди киноноос холддог. Зарим судлаачдын үзэж буйгаар энэхүү кино нь дунд давхаргынханд төвлөрч байгаа нь түүхэн драм гэхээсээ илүүтэй улс төрийн шинжтэй гэсэн. Судлаач Scott Eyman-н бичсэнээр, энэ кино бол дунд давхаргад байгаа даа баяртай байгаа, энэ хэвээрээ үлдэхийг хичээдэг эрэгтэй, эмэгтэй хоёр хүний тухай, гээд цааш нь, энэ кино дунд давхаргын хүмүүсийн "ер бусын чанаруудыг" тодотгосон гэжээ. Бүх дүрүүдийн дотроос Vadas нийгмийн давхаргаасаа давсан амьдралаар амьдардаг ба энэ нь түүний хатагтай Matushchek-тэй үүсгэсэн нууц амрагийн харилцаанаас харагдана. Kralik, Klara, Vadas нарын ялгаа бол Vadas дээд давхаргад орох хүслийнхээ араас зүтгэдэг байхад Kralik, Klara хоёрын хүсэл илүү нууцлаг байдаг. Судлаач Leland Poague-н бичсэнээр, Vadas бол дунд давхаргынхны хүсэлгүй шинжийн симбол төдийгүй түүнийг ажлаас нь халж байгаа явдал нь бусад дүрүүд сайхь шинжээс салж байгаагийн симбол гэжээ.

Мөн судлаач Leland-н бичсэнээр энэхүү кино нь дунд давхаргын хүмүүсийн сэтгэл хөдлөлийг онцгойлон харуулсан бүтээл ажээ. Критикч Ivana Novak "The Shop Around the Corner" кинондоо анализ хийсэн ба Kralik, Klara хоёрыг будилуу, хуурамч хүмүүс, учир нь тэд соёлтой хүмүүс шиг дүр эсгэдэг энгийн л дундаж хүмүүс гэж бичжээ. Үнэндээ Kralik, Klara хоёр захидалдаа соёлтой боловсон хүмүүс шиг төсөөлөгдөхийг хүсдэг, тэд чухал хүмүүс биш гэж ойлгогдохоос айдаг. Тэд захидалдаа чин сэтгэлээсээ ханддаг ба захидал өөрсдийнх нь үнэн зөв тусгал болно гэдэгт итгэдэг. Тэдний биечлэн уулзах, захидлаар харилцах хоёрын ялгаа нь тэдний бодит байдал ба ямар байхыг хүсч байгаа хоорондын зөрүүг харуулна. Зарим судлаачид кинонд мөнгө томоохон үүрэгтэй болохыг онцолсон; тухайлбал, диалогийн ихэнх нь мөнгөтэй хамаатай байдаг ба Kralik цалин нь нэмэгдсэн тохиолдолд л гэрлэх боломжтой гэж үздэг. Мөн шатлан захирахтай холбоотой асуудлууд ч гардаг; дүрүүд дэлгүүр дэх албан тушаал нь нийгэм тэднийг хэрхэн харж байгаагийн тусгал болно гэдэгт итгэдэг бөгөөд энэ нь ялангуяа Pepi-ээс тод харагддаг. 

Comments