Амьдралын урсгал

 


The River (1951) . Их Британий колони байсан Энэтхэгийн Ганга мөрний эрэгт нэгэн Англи дундаж давхаргын айл амьдран суух ба энэ кино маань Harriet гэх өсвөр насны охины эргэн дурссан хүүрнэлээр өрнөнө. Harriet-ын аав сомронзын тээрэм эрхэлдэг. Harriet айлын том ба дороо 3 охин, 1 эрэгтэй дүүтэй. Тэд Энэтхэгт байгаа ч Англи маягийн орчинд хүмүүждэг төдийгүй Энэтхэг асрагчтай. Тэдний үеэлд ахмад John ирснээр өсвөр насны охины амьдрал эрс хийгээд эгнэгт өөрчлөгджээ. Ахмад John дайны гайгаар нэг хөлгүй болсон боловч сэтгэл татам эр аж. Harriet түүнд дурлаад зогсохгүй түүний найз (түүнээс арай эгч) Valerie ч ахмадын араас гуйж алдана. Harriet ахмадад "нууц ном" болох өөрийнхөө өдрийн тэмдэглэлийг үзүүлснээр тэрүүхэндээ сэтгэлээ илчилнэ. Гэвч John илүү өөрийн настай ойролцоо Valerie-г анхаарах ч аль алинтай эелдэг байж чаддаг бол охидууд түүний төлөө ил тод өрсөлдөж эхэлнэ. Энэ зуурт Harriet-ын бага эрэгтэй дүү зах дээр могой сургагч харснаасаа хойш могойнд дурлах агаад нэг өдөр дүү нь лимбэ барьчихсан цэцэрлэгтээ могойтой тоглож байхыг хараад ээж аавдаа хэлэхээр явж байгаад John, Valerie хоёрыг аминчхан байхын хараад сатаарчихна, Harriet тэднийг даган мөрний эрэгт очиж тэднийг үнсэлцэж байхыг хардаг. Удсангүй дүү нь могойнд хатгуулж үхсэн нь сонсдоно. Harriet шөнөдөө гэрээсээ зугтааж, сэлүүрт завиар эрэг даган хөвж амиа хорлохоор завдах ба харин талийгаач дүүгийнх нь найз Kanu түүнийг олж хараад хүмүүст хэлснээр охины амь аврагддаг. Охин гэртээ буцахаас татгалзана, ахмад ирж түүнийг тайтгаруулсанаар хамтдаа харьдаг. John үеэлийнхээ охин Melanie буюу англи-энэтхэг гаралтай охинд илүү сэтгэлтэй болох нь ил болно. Harriet-ын ээж охин төрүүлснээр Harriet-ын дурсамж-түүх өндөрлөдөг ба төгсгөлийн хэсэгт Harriet, Valerie, Melanie 3 мөрний эрэг дээрх амьдрал ба үхлийн мөчлөгийн талаар эрэгцүүлэн бодон зогсоно. 

Францын аугаа кино урлаач Jean Renoir-ын зургийг нь бүхэлдээ Энэтхэгт авсан драм-романс. Renoir-ын туслахаар Энэтхэгийн домогт кино урлаач Satyajit Ray (Ray продакшны үеэр Renoir-той танилцсан ба тухайн үед зар сурталчилгааны чиглэлээр ажиллаж байв) ажилласан ба үүнээс хойш тэд дотно нөхөрлөх болсон. Энэ нь Renoir-ын анхны өнгөт кино байсан ба киног Rumer Godden-ын ижил нэрт романаас сэдэвлэсэн. Гол дүрүүдэд: Nora Swinburne, Esmund Knight, Arthur Shields, Radha Burnier нар тоглосон; найруулагч маань Harriet болон Ахмадаас бусад дүрд мэргэжлийн бус жүжигчид ашиглажээ. Ахмадын дүрд тоглосон Thomas E Breen гэгч нь 44 онд Гуамд тулалдаж яваад нэг хөлөө алдсан АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад байсан ба Renoir түүний аавыг MPP-ын ба Америкийн дистрибьюторийн тэргүүн Joseph Breen-ын хүү гэж мэдээгүй байж байгаад кинондоо сонгосон байдаг. Энэ кино бүхэлдээ Энэтхэгт авагдсан гэж түрүүн хэлсэнчлэн дүрслэлийн хувьд аялал шиг байдаг. Кино 3 залуухан бүсгүйн алгуурхан нэмэгдэх өвдөлтийг ариун Бенгал мөрний хувиршгүй чанарын эсрэгцэл болгон урнаар харуулдаг. Renoir-ын нарийн мэдрэмж хийгээд Энэтхэгийн ард түмнийг үнэлдэг ойлголтоор баяжуулагдсан уг бүтээл нь зуурдын сэтгэл хөдлөл ба мөнхийн бүтээлийн хоорондын хэврэг холбоосыг гоёмсогоор судалдаг; TSPDT сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 172-р байрт эрэмбэлээд буй. Талбай дээр будааны зуурмагаар тойрог зурж, дугуй хээнүүд үргэлжилсээр байгаагаар кино эхэлдэг. Мөрөн урсч, улирал солигдоход Хиндучуудын баяр ирэх буюу амьдрал үхэл рүү шилжиж, дахин төрөлт үргэлжилсээр байна. Энэ бол хамгийн энгийн хэрнээ хамгийн үзэсгэлэнтэй бас киноны нэг юм. 

Кинонд хэдий нэг жилийн түүхийг хамардаг ч охидууд өдрийн тэмдэглэлээ хөтлөн, хашаан гаднах амьдралын урсахыг ажиглаж, мөн ахмадыг бишрэн байдаг. Ахмад бол охидын амьдралд цор ганц хүлээн зөвшөөрсөн эр хүн учир охид түүнд дурласан; нэг үгээр өөр ямар ч эр дурдагддаггүй. John-ын гунигтай, хөндий байгааг хэн ч анзаардаггүй, гэтэл Harriet түүнд тоогдохын тулд хурдан том болохыг хүснэ. Ахмад тахир дутуу учир өөрийгөө гадуурхагдсан хүн гэж үздэг, тэгвэл Melanie эрлийз болохоор мөн л өөрийгөө харийн хүн гэж боддог, иймээс тэд илүү ойлголцсон байж магадгүй. Бараг бүх дүрүүд Энэтхэгт амьдардаг ч үнэндээ Энэтхэгт байдаггүй буюу жинхэнэ Энэтхэгийн дүр зураг голдуу алсаас авагдсан байдаг. Уг кино мелодрам жанраар хийгдээгүй ч Melanie, ахмад хоёрын гадуурхагдсан мэдрэмж тэднийг хоорондоо бараг нууц үгээр ярихад хамгаас гүн гүнзгий илэрдэг. Найруулагч Martin Scorsese уг бүтээлийг болон Michael Powell, Emeric Pressburger хоёрын "The Red Shoes" киног хамгийн үзэсгэлэнтэй өнгөтөөр хийгдсэн кино гэж хэлсэн байдаг ба тэрээр "The River" киног жилдээ 3, заримдаа 4 удаа үздэг гэсэн байдаг. Scorsese уг киног Renoir-ын хамгийн хүчирхэг кино буюу "Rules of the Game" киноноос нь илүүд үзсэн байдаг. Энэ кино амьдралыг зохиол болгон хувиргах гэж оролддоггүй, амьдралыг байгаагаар нь л авч үздэгээрээ Ozu-ын кино шиг. Охидууд жилийн турш бүтэлгүй дурлаж, үхэл ба төрөлт тохиолдож байхад мөрөн урссаар байдаг. Кино алгуурхан түрэмгий, зовнилтой болж, үзэгчид "мөрөн" шиг дөлгөөн байхад тэвчээр шаардагдана.

Comments