West Side Story (1961). Америкийн найруулагч Robert Wise болон мөн Америкийн бүжиг дэглээч Jerome Robbins нарын мюзикл, романтик драм. Уг кино нь William Shakespeare-н алдарт "Romeo and Juliet" жүжгээс санаа авч бүтээсэн 1957 оны ижил нэрт Бродвейн мюзиклын дэлгэцийн хөрвүүлэлт ба кино зохиолыг Ernest Lehman бичсэн. Хөгжмийг Америкийн нэрт хөгжмийн зохиолч Leonard Bernstein бичиж, дууны үгийг Stephen Sondheim бичжээ. Киноны гол дүрүүдэд; Natalie Wood, Richard Beymer, Russ Tamblyn, Rita Moreno, George Chakiris нар тоглосон. "West Side Story" кино нээлтээ хийгээд критикүүдээс өндөр үнэлгээ авч, тэр оныхоо хамгийн их ашиг орлого олсон кино болжээ. Кино Оскарын наадамд 11 төрөлд нэр дэвшиж шилдэг кино (мөн Robbins-н бүжгийн дэглэлтэд тусгай шагнал өгсөн) тэргүүтэй 10 төрөлд ялалт байгуулсан нь одоо ч хамгийн олон төрөлд ялагч болсон мюзикл киноны амжилтыг эзэмшиж байна.
Энэхүү мюзиклыг бүх цаг үеийн хамгийн шилдэг мюзикл кинонуудын нэг гэж үнэлж ирсэн бөгөөд Wise-н нүд гялбам найруулга, Bernstein болон Sondheim хоёрын дуу хөгжмөөр дүрэлзсэн"West Side Story" нь Shakespeare-н бүтээлүүдээс хамгийн алдартай болсон дэлгэцийн хөрвүүлэлтийн нэг билээ. Уг кино дахь хөгжим ба бүжгийн нийцэл, найрсал нь эл жанртай стандарт тогтоосон учир, энэхүү мюзиклыг дээд зэрэглэлийн тансаглал гэж үзэж болно. Michael Jackson "Beat It" болон "Bad" дуунуудынхаа видео клипт уг кино нөлөөлсөн гэдэг буюу энэ нь Jackson-н дуртай кино байв. Тайзны бүжгийг кино камерт зориулан шинэчлэн бүтээсэн гэдгээрээ "West Side Story" нь кино урлагийг нэг шат ахиулсан ба ингээд Theyshootpictures сайтын бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 339-р байрт жагсаж буй киноны үйл явдлыг товчхон хүргэе.
1950-аад он, Нью-Йорк хотод хоёр өсвөр насны бүлэг эрх мэдлийн төлөө үзэлцэнэ; Riff гэгчээр удирдуулсан цагаан арьстай залуусын бүлгийг Жетс гэх бол Bernardo гэгчээр удирдуулсан Пуэрто-Рико залуусын бүлгийг Шаркс гэнэ. Хоёр тал зодолдохын даваан дээр тараадаг ч Жетсүүд удахгүй бол бүжгийн үеэр Шаркуудтай асуудлаа шийдэх өдөр, цагаа товлохоор тогтоно. Riff хамгийн сайн найз, бас Жетс-г үүсгэн байгуулагч, одоо бүлгээс гарсан Tony-г Шаркстай хийх тулаанд оролцуулахыг хүснэ. Tony өөрийг нь ямар нэгэн чухал зүйл дуудаад байгаа мэт санагдсан учир бодож бодож байгаад бүжигт очихоор болдог. Нөгөө талд, Bernardo-н дүү Maria өөрийн үнэнч найз, мөн ахынхаас найз охин болох Anita-тай удахгүй болох бүжгийн тухай сэтгэл догдлон ярилцаж байна. Ийнхүү бүжиг болно; хоёр бүлэг бүжгийн талбайд холилдохгүй тусдаа бүжиглэх бөгөөд энэ үед Tony, Maria хоёр харц тулаад шууд дурлалцана. Мэдээж Bernardo уурлаж, охин дүүгээ өстөн дайснаасаа хол байхыг шаардана. Riff шөнө еврей эмийн санчийнд уулзаж зодооныхоо дүрмийг тохирохоор Bernardo-той уулзахаар болдог. Anita Bernardo-г охин дүүгээ хэт их харж цагдахын гэж зэмлээд амжина.
Дараагийн сцэнд Tony, Maria хоёр сэмхэн уулзалдаж, хориотой боловч хайр сэтгэлээ тунхагладаг. Цагдаа нар Жетс ямар нэгэн үймээн самуунд бэлдээд байгааг гадарлаад сэрэмжилнэ. Шаркууд, Жетсүүд эцэстээ уулзалдаж, бүх асуудлаа маргаан шөнө нударган зодооноор, тэгэхдээ нэгийн эсрэг нэг гэсэн дүрмээр үзэлцэхээр тохирно. Цагдаа ирсэн ч хоёр талууд нөхөрсөг дүр эсгээд цагдааг хуурч дөнгөв. Маргааш өдөр нь, Anita Maria-д санамсаргүйгээр шөнийн зодооны тухай ярьчихдаг. Tony хайрттайгаа уулзахаар ирдэг бөгөөд Anita хайрын шувуухайнуудад Bernardo тэдний харилцааг олж мэдвэл юу болохыг бодож анхааралтай байхыг гуйна. Tony Maria-д зодоонд оролцохгүй, энэ бүх утгагүй тэмцлийг зогсоох амлалт өгдөг ба тэд ирээдүйнхээ жаргалт хуримынхаа тухай төсөөлцгөөнө. Жетсүүд ба Шаркууд болзсон газартаа ирнэ; Tony тэднийг зогсоохыг оролддог боловч Bernardo түүн рүү давшилдаг агаад найзыгаа доромжлуулахыг харсан Riff хутга гарган дайрч, Tony хөндлөнгөөс оролцож, улмаар бужигнаан дунд Bernardo Riff-г хутгалж алчихна. Ухаанаа алдсан Tony Bernardo-г хутгалж хөнөөнө.
Ийнхүү бүгд зодолдож эхлэх үед цагдаагийн шүгэл дуугарч, үхэгсдээс бусад бүгдээрээ тарж зугтаачихна. Maria ханхүүгээ хүлээнэ; түүнийг эргүүлэгч Chino гэгч ирээд юу болсныг дуулгана. Tony хүрч ирээд Maria-аас өршөөл эрж, өөрийгөө цагдаад өөрийгөө өгнө гэхэд Maria түүнд хайртайгаа хэлж, хамт үлдэхийг хүсдэг. Одоо Жетс Ice гэдэг шинэ удирдагчтай болжээ. Мөн гадуур Chino Tony-г алахаар хайж байгаа гэсэн яриа гарна. Tony, Maria хоёр унтлагын өрөөндөө байхад уй гашуудсан Anita хүрч ирнэ. Хайрын шувуухайнууд еврей эмийн санчийнд уулзахаар тохиролцох ба Anita Maria-г ахынхаа алуурчинтай дэр нэгтгэж байгаад дургүйцдэг. Цагдаа Maria дээр ирээд зодооны тухай асуудаг бөгөөд Tony-той болзсон цагтаа уулзаж чадахгүй болсон гэдгээ хэлүүлүүхээр Maria Anita-г Жетс-ийн нутаг дэвсгэр рүү явуулдаг. Anita заасан газарт очиход еврей эмийн санч гарч ирээгүй бол бүсгүйг Жетсүүд дарамталж, бараг хүчиндэх дөхнө. Хилэгнэж, хорссон Anita Сhino Maria-г алсан гэж худал хашгирчихдаг. Цөхөрч, учраа олохоо больсон Tony гудамжинд гарч ирээд Chino-г ална хэмээн орилон гүйж яваад тоглоомын талбайн дэргэд Maria байгааг олж хардаг, бүсгүй ч түүнийг хараад тэд бие бие рүүгээ гүйтэл Chino Tony-г буудаж алдаг. Шаркс ба Жетс тэднийг тойрон хүрээлэхтэй зэрэг Tony Maria-н гар дээр үхнэ. Maria бууг аваад бүгдийг нь ална гэдэг ч тэгдэггүй ба цагдаа нар Chino-г баривчлаад аваад явахад хоёр бүлэг нэгдэн Tony-н амьгүй биеийг өргөөд оршуулгын жагсаалаар явч одсоноор кино төгсдөг.
Гүйцэтгэх продюсер Walter Mirisch "West Side Story"-ийн тайзны хувилбарыг найруулж бас бүжгийг нь дэглэсэн Jerome Robbins-г кино багтаа авсан ба Robbins кинонд ажилласан ямар ч туршлагагүй байсан тул төсөвөө хэтрүүлдэггүй, хугацаандаа амждаг, хүнд нөхцөлд сайн ажилладагаараа танигдсан Robert Wise-г хамтарсан найруулагч, бас продюсерээр хөлслөжээ. Мюзикл-тэй үзэгдлүүдийг Robbins найруулж, Wise түүхийн драматик элементүүдийг хариуцах ёстой байж. Robbins кино дахь өөрийн даасан хэсгүүдийг найруулчихаад дахин зураг авалтууд болоод тайз засалд оролцож, Wise-тэй маш их зөвлөлдөж байжээ. Зураг авалт 45 хоногт буюу төлөвлөснөөс 24 хоногоор хоцорсон ба кино төсвөөс хэтэрсэн тул Wise Robbins-г халсан. Үлдээд байсан бүжгийн хэсгүүдийг Robbins-н туслахуудын тусламжтайгаар хийсэн бөгөөд Robbins-н кинонд оруулсан бүтээлч хувь нэмрийг хүлээн зөвшөөрсөн найруулагч маань Robbins-той хамт найруулагчийн кредитийг авахыг зөвшөөрчээ. Wise, Robbins байнга холбоо байж, продакшны талаар зөвлөлдөж байсан ба Wise киноны монтаж дээр Robbins-н саналыг ихээхэн авч ашигласан гэдэг. Robbins театрын мюзикл-д Maria-д тоглосон 29 настай байсан Carol Lawrence-г кинонд ч бас тоглуулна гэж зүтгэсэн ч Carol-г дэлгэцийн туршилтад оруулж үзсэний дараа продюсерүүд түүнийг дүрд хэтэрхий хөгшдөнө гэж үзэв.
Бродвейн тайзнаа тоглосон хэд хэдэн жүжигчин мөн кинонд тоглосон; Бродвейд A-Rab-д тоглосон Tony Mordente кинонд Action-н дүрд тоглосон байхад, Лондоны театрт Riff-н дүрд тоглосон George Chakiris кинонд Bernardo-н дүрд гэх мэт жишээгээр тоглосон байдаг. Elvis Presley-д Tony-н дүрийг санал болгосон ч түүний менежер татгалзсан байдаг аж. Мөн Tony-н дүрд Russ Tamblyn, Anthony Perkins, Burt Reynolds, Robert Redford, Marlon Brando нарын нэрс яригдаж байсан агаад Reynolds-г "хэтэрхий чанга" харагдана гэж үзээд хасч байв. Tamblyn найруулагчийн маань сэтгэлийг татсан учир түүнд Riff-н дүрийг өгчээ. Эцэст нь, Richard Beymer өмнө нь дуулж, бүжиглэж байгаагүй хэрнээ Tony-н дүрийг авсан байна. Natalie Wood Warren Beatty-тэй хамт "Splendor in the Grass" киноны зураг авалтад орж байсан ба тэд бодит амьдрал дээр ч романтик харилцаатай байв. Тухайн үед продюсерүүд Natalie-г Maria-н дүрд тохирно гэж бодохгүй байлаа. Tony-д Beatty-г тоглуулна гэсэн яриа эрчимжихэд Wise түүний тоглолтыг харахыг хүссэн; ингээд кино бүтээгчид "Splendor in the Grass" киноны хэсгээс үзээд Natalie Maria-д төгс тохирохыг олж мэдсэн ч Beatty яагаад ч Tony-д тохирохгүй болохыг ойлгожээ. Audrey Hepburn, Diane Baker, Suzanne Pleshette нарын нэрс бас Maria-д тоглохоор яригдаж байсан аж. Эвлүүлэгч Thomas Stanford "West Side Story" кинонд ажилласан ажлаараа Оскарын наадмаас шилдэг монтажийн шагнал хүртсэн бөгөөд 2012 онд Кино Эвлүүлгийн Холбооноос гаргасан бүх цаг үеийн хамгийн шилдэг эвлүүлгийн 38-р байрт Thomas Stanford-н ажил орсон байдаг.
Киноны бүжигтэй үзэгдлүүдийг критикүүд тусгайлан магтаж, Louis Giannetti "Understanding Movies" номондоо ингэж бичсэн; "мюзикл зохиомжууд нь ихэвчлэн энгийн драматик кинонуудад хэрэглэдэг аргаас өөрөөр радикал формалист хэв маягаар монтажилдаг. Энэхүү киноны монтаж нь тун абстракт юм. Хөгжим болоод бүжигтэй хэсгүүд нь үйл явдлыг урагшлуулахын оронд байж болох хамгийн эстетикийн нөлөөг үзүүлэхийн тулд хамтдаа монтажлагддаг. Мөн кадруудыг сэдэвчилсэн нэгдмэл зарчмаар холбодоггүй. Харин кадруудыг ерөнхийдөө аялгуулга болон кинетик гоо сайхантай зэрэгцүүлэн байршуулсан нь эгээ л видео клип шиг юм". Критикч Bosley Crowther энэхүү сэтгэл хөдөлгөм түүхийг тайзнаас дэлгэц рүү хөрвүүлэхдээ кино урлагийн сор бүтээл болгон дахин бүтээж гэж магтсан. Критикч Whitney Williams киноны техникийг сайшааж; өнгийг нүд гялбам ашигласан, камерын ажиллагаа нь онц сонирхолтой, драматик хурдтай монтажтай, продакшны дизайн нь өөрөө үйл явдал болон уур амьсгалаа харуулдаг хэмээн онцолжээ. Критикч Arthur Knight уг мюзиклыг "урлагийн ялгуусан ялалт" гэж нэрлэжээ. The Hollywood Reporter киног сүр жавхлантай шоу, мюзикл кинонд тохиосон түүхэн үйл явдал, цэвэр Америкийн, цэвэр Холливуудын драматик хэлбэр болох мюзикл жанрт хэзээ ч үүнээс илүү сайн кино хийгдэж байгаагүй гэж тэмдэглэсэн байна.
Эсрэг бодолтой критикүүд ч багагүй байсны дотор Pauline Kael байсан ба тэрээр энэ киног зовлонтой хуучинсаг, улиг болсон харилцан яриатай, энгийн, тэнэг романтик балетын бүжигтэй, өвчтэй нялуун кино гэж зад цохисон. "West Side Story" 10 Оскарын шагнал хүртэж, оныхоо шилдэг киногоор нэрлэгдсэн ч киноны хорхойтнууд мюзикл жанрт "Singin' in the Rain" киногоороо илүүд үзэж, бас илүү их жишээ болгосоор ирсэн нь үнэн. "West Side Story" илүү нарийн мюзикл сонирхогчид буюу хөгжмийн, бүжгийн хүрээнийхний талархлыг сонсож иржээ. Кинонд гарах хоёр бүлэглэлийн дайны бодит бус, хэт сентиментал шинж байдал бодитой зүйлийг сонирхогсдод таатай санагддаггүй байж болох ч энэ чинь кино, бас бид мюзикл жанрыг ярьж байгаа тохиолдолд сентиментализмыг хүлээн зөвшөөрч, багахан төсөөлөмтгий байхад зүгээр, гэмгүй бизээ. Миний хувьд эл мюзикл кино "Singin' in the Rain", "Top Hat", "My Fair Lady", "An American in Paris" зэрэг аваргуудтай нэг зиндаанд бичигдэхүйц юм. Багадаа зурагтаар "West Side Story" киног үзэж байснаа тод санадаг; их орой болсон бас халуун байсан ба энэ кино тун өвөрмөц санагдсан нь дуулж, бүжиглэж байснаас нь болсон байх. Мюзикл жанрт дуртай болсон шалтгаан маань энэ киноноос эхтэй ч байж магадгүй. Дараа нь, илүү сайн киночин болоод дахиж үзээд энэ кинонд улам дуртай болсон билээ.
Уг киноны хамаг чухал элемент нь Robbins-н бүжиг дэглэлт, Bernstein болон Sondheim хоёрын дуу хөгжимд оршдог; энэ бол бүжиглэж, дуулдаг мюзиклын киноны хамгийн яруу тод жишээ юм. Кино дахь арьс өнгө, анги давхаргаар ялгаварлахыг эсэргүүцсэн мессеж одоо ч хүчинтэй байгааг хэдхэн жилийн өмнө Steven Spielberg уг киног дахин хийснээс харж болно. "West Side Story"-ийн тайзны бүтээл бас кино нь Shakespeare-н "Romeo and Juliet" классикаас санаа авсан ч төгсгөл нь илүү аядуу зөөлөн гэдгээрээ ялгаатай. Tony-г үл ойлголцлын улмаас бус уурандаа автан алдаг, мөн Maria үхдэггүй. Maria амиа хорлосон бол кино дааж давшгүй хүнд болж, мюзикл жанртаа зохицохгүй болох байсан болов уу. Энэхүү киноны бүжигтэй сцэнүүд тун эрч хүчтэй, атлетик, дурламаар байдаг. Robbins зураг авалт эхлэхээс 3 сарын өмнөөс бэлтгэл хийлгэж, дараа нь газар дээр нь шаардлагатай тохиолдолд өөрчилж шинэчилж байсан аж. Түүний бүжгийн дэглэлт шаардлага өндөр байсан буюу Robbins төгс төгөлдрийг эрхэмлэгч байсан учир жүжигчид, бүжигчид гэмтэх, шантрах, болих гэх мэт асуудлууд тогтмол үүсч байв. Robbins-н хатуу чанд шаардлага, Bernstein-н уламжлалт бус хэмнэл айзам л чухамдаа киноны бүжгийн шинэ төрлийг бий болгосон гэвэл хилсдэхгүй. Кинонд асуудлууд байсан, хачирхалтай нь энэ асуудлуудын нэг нь гол дүрүүд тоглосон Natalie Wood болон Richard Beymer хоёрт байсан.
Юуны өмнө Natalie-н дүр Пуэрто-Рико байсан бол тэр Орос гаралтай хүн байсан ба мөн түүний хоолойг Marnie Nixon ам барьж хийсэн бол Beymer ерөөсөө танхай бүлэглэлийн удирдагч шиг харагддаггүй. Удаах нь гэвэл Natalie, Beymer хоёр жинхэнэ амьдрал дээр хоорондоо огт таардаггүй байсан ба Anita болон Bernardo нарын туслах дүрүүдээр Chakiris, Rita хоёр Оскар авсан нь нэгийг хэлнэ. Гэхдээ Natalie, Beymer хоёрын хамтдаа байгаа сцэнүүд дулаахан, үзэсгэлэнтэй, хайр татам байдгийг үгүйсгэж болохгүй, мөн Natalie-гүйгээр энэ киног төсөөлөх аргагүй санагдаж байна; заримдаа дассан зүйл бүгдийг давдаг. Natalie дээр дутагдаад байгаа эрч хүч, хүчирхэг, амьдлаг шинжийг Rita Moreno-н гүйцэтгэлээс харж болно; тэр энэ кино дахь бүх жүжигчдээс илүү байж чадсан. Жинхэнэ Америк маягийн, ялангуяа Нью-Йоркт Romeo, Juliet хоёр амьдарч байсан бол нэг иймэрхүү л байх байсан болов уу.

Comments
Post a Comment