"Хар санаа, Хайр сэтгэл". Германы нэрт жүжгийн зохиолч, яруу найрагч, философич Фридрих Шиллерийн таван үзэгдэлт эмгэнэлт жүжиг. 1784 оны 4-р сарын 13нд Франкфуртын Шоспиелдэд анх тоглогдсон Шиллерийн бичсэн гурав дахь жүжиг. Уг жүжигт, язгууртны хүү Фердинанд фон Вальтер болон дунд давхаргын хөгжимчний охин Луиза Миллер хоёрын хайр сэтгэлийг хорон санаатнууд хэрхэн хуйвалдаж сүйтгэж байгаа тухай харуулдаг.
ҮНДСЭН СЭДЭВ. 1784 онд Шиллер "Театр бол ёс суртахууны байгууллага мөн" гэсэн онолын бүтээлээ хэвлүүлсэн бөгөөд уг бүтээлийн гол санаа нь эмгэнэлт жүжгийг "Бурхны зөвтгөл" болгон харуулах, театрын үүрэг бол тайзан дээр тэнгэрлэг шударга ёсыг сэргээн харуулах явдал гэжээ. Эл зөв, шударга ёсны тухай сэдэв "Хар санаа, Хайр сэтгэл" жүжигт харагддаг; эцсийн шүүх бол хүн төрөлхтний тогтоосон хууль бус харин Бурхан өөрөө гэдэг. Шиллер боловсролыг театрын өөр нэг үүрэг гэж үздэг байсан ба үзэгчдийг сэтгэл, оюунаа хоосолж байгаад театрт очоод боловсролоо бүрэн бүтэн болгодог газар буюу театрыг "ёс суртахууны байгууллага" гэж номлосон. Тэрээр мөн театрын хамгийн чухал функц бол эрх чөлөө ба зайлшгүй байдал хоёрын дунд зуучлах явдал гэж үзэж, хувь хүний нийгэмтэй, ёс суртахууны, шашны хязгаарлалттай зөрчилдөн тэмцэж, ялан гарах тухай идеалчилсан хувилбарыг тайзнаас харуулах явдал гэжээ. "Хар санаа, Хайр сэтгэл" бол Шуурга ба Дарамт (Sturm und Drang) хөдөлгөөний эрин үед хамаарагдана. Хөрөнгөтний эмгэнэлт жүжиг гэж ангилагддаг ба Германы философич, жүжгийн зохиолч Готтхольд Эфраим Лессингийн үүсгэсэн жанр юм.
Шиллерт Лессингийн "Эмилиа Галотти" жүжиг гол нөлөө үзүүлжээ. Эмгэнэлт жүжиг өмнө нь Стэндеклаусель буюу "нийгмийн давхаргын заалтаар" дамжин хязгаарлагдаж байсан бол Лессингийн жанр бий болсноор эмгэнэлт жүжгийг Германы дундаж давхаргын ертөнц үзэх боломжтой болсон байдаг. Сайхь "нийгмийн давхаргын заалт" гэдэг нь эмгэнэлт жүжгийг (үүнд дуурь, балет бас орно) зөвхөн хааны ордонд гаргаж, язгууртан, ихэс дээдсүүд л үзэх ёстой гэсэн "дүрэм" юм. Харин дундаж давхарга ба ядуучууд хошин шог л үзэх эрхтэй байжээ. "Хар санаа, Хайр сэтгэл" жүжгийн голлох мотиф бол дунд давхаргынхны шулуун шударга байдал ба язгууртнуудын бардам, ихэрхүү зан хоорондын зөрчлийг үзүүлэхдээ түгээмэл хүнлэг ёс, улс төрийн хуйвалдааныг төвөө болгодог. Жүжигт, хувь хүний ашиг сонирхол, субъектив мэдрэмж, анги давхаргаас үүдэлтэй дарамт, хязгаарлалтаас ангид байх хүсэл зэрэг нь гол баатруудын сэдэл болж, үүнээсээ ч болж тэд сүйрцгээдэг билээ.
Шиллер Шарлотт фон Волзоген хэмээх зохиолч бүсгүйг хайрлах хайраасаа улбаалж анги давхаргаас үүдэлтэй хайрын зовлонг биечлэн мэдэрсэн байсан агаад Шарлотт нь Каролин фон Волзоген гэгчийн хадам эгч байсан буюу Каролин бол хожим Шиллерийн эхнэр болсон Шарлотта фон Ленгефельд гэдэг бүсгүйн эгч нь юм. Вюртембергийн герцог Чарльз Южин Шиллерийг өөрийнхөө "Дээрэмчид" жүжгийн нээлтэд оролцохоор явахдаа өөрөөс нь зөвшөөрөл аваагүйнх нь төлөө баривчилж, жүжгийг нь ч гаргахыг хориглосон байдаг. Ийнхүү 1782 оны 9-р сард Шиллер герцогийн хар савраас зугтааж, Манхайм руу нүүж, герцогийн шударга бус, увайгүй дураараа явдлын хариу болгож "Хар санаа, Хайр сэтгэл" жүжгээ бичиж эхэлсэн; энэхүү явдалд жүжгийн сэдэвт хэрхэн тусгалаа олсныг сонирхуулъя. Жүжигт, ихэс дээдсийн амьдралын үрэлгэн байдлыг дүрсэлдэг; тэгвэл герцог үнэхээр үрэлгэн хүн байжээ. Хэдийгээр Шиллерийн цаг үед Вюртемберг нь харьцангуй ядуу газар орон байсан ч Чарльз Южин Версалийн ордон дахь Францын хаад ноёд шиг тансаг амьдарч, ингэхдээ ард түмнээ мөлжиж, эрчүүдээ хөлсний цэрэг болгон зарж тансаг үдэшлэг, ан ав, баяр наадмыг санхүүжүүлж байжээ.
Шиллерийн бүтээлд хөлсний цэргийн тухай гардаг; Шиллерийн цаг үед Чарльз Южин мөнгө цуглуулах нэгэн хүнлэг бус аргатай байсан нь тариачин, гар урчууд, ажилчдын хөвгүүдийг Америкийн хувьсгалын дайн руу "зарж" байсан ба зарим үед хар тамхи, хүчирхийлэл, хулгайлах зэргээр хилийн чанадад хөлсний цэргээр явуулдаг байв. "Хар санаа, Хайр сэтгэл" бүтээлд нууц амрагууд том байр суурь эзэлдэг; Чарльз Южин албан ёсны хамтрагч нь байгаад хожим эхнэр нь болсон Франциска фон Лейтрум гэдэг ахайтнаас авахуулаад бүхэл бүтэн нууц амрагуудын тогтолцоотой байсан гэдэг бөгөөд Ахайтан Милфордын дүрийг Франциска фон Лейтрумаас сэдэвчилжээ. Жүжигт, хуйвалдаан, ар нуруунаас хутгалах бусармаг явдлаар дүүрэн байдаг; Шиллерийн үед Вюртембергийн ордны сайд гүн Самуэль Монмартин гэгч нь өрсөлдөгчөө хуурамч захидлаар унагаж, өөрөө суудалд нь сууж, герцогийн итгэлт хүн болсон явдал гарсан нь жүжигт ч гардаг билээ. Эл бүтээлд дарангуйлагч эзний сэдэв тодорхой харагддаг; Шиллер герцогийн засаглалыг шүүмжилсэн нь үнэн зөв болохыг яруу найрагч Кристиан Фридрих Даниэль Шубарт нотолсон байдаг ба энэ яруу найрагч мөн герцогийн шударга бус шийдвэрээр шоронд хоригдож байсан нэгэн юм.
ХЭЛ ЯРИА. Шиллер ордны увайгүй, хүйтэн ертөнцийг дүрслэлийн тулд хүндэтгэсэн хэв маяг, уй гашуу, хэтрүүлгийг ашигласан. Франц хэлээр бичигдсэн хэсгүүд нь ордныхны хий хоосон яриа, гоё ганган харагдах гэсэн маяг аашийг нь харуулахад тусалдаг. Ерөнхийлөгчийн яриа дэгжин, тооцоотой, туйлын ихэмсэг байдаг бол нарийн бичиг Вурм нь Ерөнхийлөгчийн жижигрүүлсэн хуулбар гэж ойлгогдохуйц байдаг. Харин Калбын яриаг хатагтай Миллерийн яриатай зэрэгцүүлж үзэж болно; Калб тэнэг, хуурмаг, бусдын нөлөөнд автсан, голдуу буруугаар өөрийгөө илэрхийлдэг. Шиллер ордны хуурмаг яриаг Миллерийн гэр бүлийн шулуухан агаад ихэвчлэн бүдүүлэг яриатай эсрэгцүүлдэг. Миллер ярьж байгаагаараа л эгэл хүн гэдгээ тодорхойлдог ба тэрээр бодол санаагаа энгийн үг хэллэгээр илэрхийлдэг. Хатагтай Миллерийн яриа мөн дундаж давхаргатай холбогддог бөгөөд түүний гадаад үгийг буруу хэлж ярьж байгаагаас дундаж давхаргаас гаралтай болохыг нь харуулна. Ахайтан Милфорд, мөн Луиза, Фердинанд хоёрын хайр сэтгэлт хосын ярианууд онцгой байр суурьтай байдаг ба тэдний яриа тэдний нийгмийн байр суурийг илэрхийлдэггүй.
БҮТЭЦ. Жүжгийн найруулга "тэгш хэм", "диалектик зарчим" гэх мэт томьёогоор тайлбарлаж болохуйц хатуу тогтолцоог баримталдаг; төстэй, адилхан байдал нь жүжгийн агуулга, хэв маягийг тодорхойлно. Энэ нь ялангуяа дундаж давхарга ба абсолютист ордны хооронд тогтмол шилжиж байдаг үзэгдлүүдийн дарааллаас тодорхой харагдана. "Жижиг" ертөнцийг "том ертөнц"-тэй диалектик байдлаар эсрэгцүүлж, үзэгдлүүдийн дарааллаар тэгш хэмд хүрч байна. Жүжгийн үйл явдлын зохиомжийг мөн тэгш хэмийн зарчим гэж үздэг; үүний жишээ бол Фердинанд, Луиза хоёрын жүжгийн эхлэл, дунд, төгсгөл гэсэн гурван үзэгдэл болно; эхнийхэд амрагуудын нууцлаг эсэргүүцлийг харуулсан, удаад нь эргэлтийн цэг буюу яаралтай асуудал үүсдэг, сүүлийнх дээр үхэл тамгаа сийлдэг.
НИЙГМИЙН БҮЛГҮҮД. Жүжигт нийгмийн эсрэг тэсрэг хоёр бүлэг гардаг; дундаж давхарга ба язгууртнууд. ДУНД ДАВХАРГА. Ноён Миллер бол нэр хүндтэй, жинхэнэ хөгжимчин бөгөөд гүн гүнзгий шүтлэгтэй тэрээр хотдоо өөрийнхөө давхаргад тодорхой байр суурьтай нэгэн. Тэрээр нэг талаас өөртөө итгэлтэй, зоригтой, шударга боловч нөгөө талаар бүрэн эрх чөлөөт бус, дээдэс ноёдоосоо харьяат байдаг. Миллер анги давхаргын байдлаа хүлээн зөвшөөрсөн хүн тул дундаж давхаргын охиноо язгууртан Фердинандтай гэрлүүлэхээс эрс татгалздаг. Гэсэн хэдий ч тэрээр охиндоо нөхөр сонгож өгөх уламжлалыг хоцрогдсон гэж үздэг тул Луизад дундаж давхаргаасаа нөхрөө сонгох эрх чөлөөг олгодог ба эхнэртээ тэрээр захирагч патриарх хандлагаар ханддаг бол охиндоо туйлын энхрий зөөлөн ханддаг. Миллерийн дундаж давхаргынхныг төлөөлсөн итгэлт занг Ерөнхийлөгчтэй хийсэн маргаанаас тодорхой харагддаг ба тэрээр маш хүндэтгэлтэй ханддаг ч Ерөнхийлөгчтэй зоригтой тэмцэж, гэр орондоо эзэн шүү гэдгээ харуулдаг. Түүний хувьд ёс суртахууны хувьд язгууртны ертөнц дундаж давхаргын ертөнцийнхөөс доогуур байгааг энэ маргаан илтгэдэг. Миллер ёс суртахуунтай ч эд хөрөнгийн шуналаа барьж дийлдэггүй. Фердинанд түүнд "охинтой чинь хамт өнгөрүүлсэн мөрөөдлийн мэт жаргалтай гурван сарын төлбөр" гээд ихээхэн хэмжээний мөнгө өгөхөд Миллер мөнгөнд ухаанаа алдаж, зан ааш нь ч эелдэг, найрсаг болоод ирдэг билээ.
Хатагтай Миллер бол Луизагийн Фердинандыг хайрлах хайрыг анги дэвших хэрэгсэл гэж харсан ашигч ба тэдний харилцааг нууцаар дэмжигч юм. Тэр бол язгууртнуудыг зусардагч ба томоохон ашиг л өгөхгүй бол Вурм мэтийн жижиг албан хаагчийг тоохгүй гэдгээ шууд татгалзалтаараа харуулдаг. Гэхдээ тэрээр чалчаа зан, гэнэн байдлаасаа болоод Фердинанд, Луиза хоёрын харилцааны талаарх мэдээллийг Вурм-д дамжуулснаар Вурм үүнийг нь муухай ов мэхэндээ ашигладаг билээ. Хатагтай Миллер нөхрийнхөө эсрэг байр сууриа дөнгөж л тэвчдэг бөгөөд тэрээр мөн Ерөнхийлөгчид хүлцэнгүй, айсан байдлаар ханддагаас түүний боолын сэтгэлгээг илэрхийлнэ. Хөгжимчин, ноён Миллерийн 16 настай охин Луизаг "хамгийн үзэсгэлэнтэй шаргал үст" "ордны нэгдүгээр зэрэглэлийн гоо хүүхнийг ардаа хийх гоо үзэсгэлэн" гэж жүжигт танилцуулдаг. Луиза гэр бүлээсээ гүн гүнзгий хамааралтай, аавтайгаа маш дотно харилцаатай охин ба аав охин хоёрын энэ харилцаа Луиза айлын ганц хүүхэд гэдгээрээ улам бэхжүүлдэг. Луиза хамгаалалтад, Христийн шашинтай өссөн; түүний бодол, үйлдэл итгэл үнэмшлээр нь тодорхойлогддог ба ордны ёс суртахуунгүй амьдрал түүнийг үгүй хийдэг билээ. Фердинандтай учирснаар түүний Фердинандыг хайрлах хайр ба эцгийн хүлээлт хоёрын дунд зөрчил үүтгэж, мөн Бурхны хүссэн нийгмийн хязгаар ба түүний шашны итгэл үнэмшлийн хооронд зөрчил үүтгэдэг. Энэ нь философич Иммануэль Кантын үүрэг ба хүслийн талаарх эсрэгцлийг харуулна. Луиза бол бодит байдлыг дэндүү сайн ухамсарладаг дүр юм. Вурм бол Ерөнхийлөгчийн нарийн бичгээс гадна итгэмжлэгдсэн хүн нь. Драматик талаасаа Вурм эд баялаг ю, алдар нэрийн төлөө юу ч хийхээс буцахгүй овтой нэгэн бөгөөд тэрээр хүсэн тачаадсан Луизаг эхнэрээ болгохын тулд л энэ бүх ов заль, хуйвалдааныг хийдэг билээ. Тэрээр шударга бус замаар нийгмийн шатаар авирч, доошоо бууж, ер л шатан дээрээ мацах маягтай байдаг. Нэг үгээр түүний Луизаг хайрлах хайр, түүнийг эзэмших хүсэл л түүнийг хар санаатан болгосон бололтой.
ЯЗГУУРТАН. Харагддаггүй боловч цаанаа л бүгдийг удирдаж байдаг Хаан бол харъяатууддаа санаа тавьдаггүй абсолютист захирагч юм. Тэрээр биечлэн харагдахгүй ч түүний гэрлэлтийн төлөвлөгөө, ордон дахь амьдрал, засаглал нь жүжгийн бүх дүрд нөлөөлдөг. Фердинандын эцэг Ерөнхийлөгч фон Вальтер бол өмнөх албан тушаалтнаа хөнөөж оронд нь албан тушаалыг нь авсан нэгэн байдаг. Тэрээр ордон дахь байр сууриа тогтвортой болгох юмуу сунгахын тулд зан авираа хэзээд өөрчлөхөд бэлэн байдаг. Тэрээр эрх мэдлийг бусад хүмүүсийн эрх, үнэт зүйлс, сэтгэлээс дээгүүр тавьдаг; түүнд хайр бол шал утгагүй сэтгэлийн шуугиан, харин гэрлэлт зөвхөн улс төрийн зорилгод л үйлчлэх ёстой зүйл юм. Үхэж байгаа Фердинанд өөрийг нь уучлахад л тэрээр алдаагаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд хүмүүсийг шатрын хөлөг шиг удирдаж болохгүй, ашиг хонжоо, эрх мэдэл гэдэг бол мэдрэмж хийгээд үнэт зүйлсээс тэс ондоо болохыг тэрээр ингэж ойлгодог. Гэмшсэн тэрээр шударга ёсны өмнө бүрэн бууж өгдөг. Фердинанд бол хүсэл тэмүүлэлтэй, ааштай, бодлогоширсон шинжээрээ "Шуурга ба Дарамт" хөдөлгөөний эгэл төлөөлөгч болно. Дундаж давхаргын Луиза Ерөнхийлөгчийн хүүтэй гэрлэнэ гэдэг байж боломгүй боловч Фердинанд нийгмийн анги давхаргын талаар боддоггүйгээс гадна Фердинанд хүмүүсийн хувь шинж чанарыг илүүд үзэгч байдаг. Соён Гэгээрлийн уламжлалын дагуу Фердинанд ордны ертөнцийн схемүүдийг үл тоомсорлодог ба тэрээр абсолютист дэглэмийн шударга бус байдал, хүнлэг бус байдал, ерөнхийдөө ёс суртахуунгүй байдалд гутдаг. Тэрээр дэг журмыг эвдэхийн тулд "Бурхан", "Байгаль" руу ханддаг. Түүний автсан сэтгэл, Луизаг хайрлах сэтгэл нь түүний сэтгэл хөдлөлүүдээс үүдэлтэй үйлдэл болоод Жан-Жак Руссогийн сургаалиас ялгаатай байдаг. Үнэмлэхүй хайранд автсан хүн өшөө авагчийн дүрд хувираад гэмгүй хүмүүсийг хөнөөдөг бололтой.
Хааны нууц амраг Иоганна фон Норфолк буюу ахайтан Милфорд нь ордны болон дундаж давхаргынхны үнэ цэнийн тогтолцооны хооронд байр суурь эзэлдэг. Англиас Германд дүрвэн ирсэн өнчин охин гарцаагүй шаардлагаар Хааны нөмөр нөөлөгт орж, хариуд нь нууц амраг нь болжээ. Энэ байр суурь нь түүнд нийт нэг хэсэг байх боломжийг олгож, мөн амбицыг нь ч хангадаг. Тэрээр мөн хаант улсын шударга бус явдлыг бууруулж, Хаанд нөлөөлж чаддаг. Фердинандтай гэрлэх төлөвлөгөөг Ерөнхийлөгч биш харин Милфорд өөрөө зохиосон ба тэрээр жинхэнэ хайрыг хүсэмжилдэг; тэр Фердинандтай зугтаж, амьдралаа шинээр эхлүүлэхийг хүсдэг. Фердинанд түүний хайраас татгалзаж, Фердинандын зүрх сэтгэлийг эзэмдэж чадахгүй гэдгээ ойлгосон Милфорд боломжит бүх аргаар түүнтэй гэрлэхээр оролдоно. Ахайтан Милфорд доромжлолоос айдаг ба олон нийтэд зарлачихсан гэрлэлтээ цуцлахыг хүсдэггүй. Тэрээр сүрдүүлж, амлалт өгч, Луизаг Фердинандаас салгахыг оролддог ч түүний дүр эсгэсэн баг нь энэ мөчид бутардаг; Луизагийн цэцэн ухаанд цочирдсон тэрээр Хаантай харилцаагаа тасалж, хаант улсыг орхин оддог. Ерөнхийдөө Милфорд бол сайн сайхныг хүсдэг хэдий ч ордны муу муухайд автсан эмэгтэй билээ.
Comments
Post a Comment