They Live by Night (1948). Америкийн хамгийн сүүлчийн романтик кино найруулагч Nicholas Ray-н энэхүү нуар жанрын бүтээл нь түүний дебют ажил байсан гэдгээрээ онцлогтой. Edward Anderson-н Их Хямралын үеийг харуулсан "Thieves Like Us" романаас сэдэвлэгдэн хийгдсэн уг кинонд нэгэн оргодол залуу хөдөөний охинд дурлаж, улмаар тэд амьдралаа шинээр эхлүүлэхээр тэмцэж буй тухай өгүүлдэг. Киноны хоёр гол дүрд Cathy O'Donnell, Farley Granger тоглосон. Кино Лондонд нээлтээ хийсэн бөгөөд критикүүдээс эерэг шүүмжлэл авч байсан ч ашгийн хувьд эсрэгээрээ байжээ. Энэхүү киног "зугтааж буй хос" төрлийн прототип, мөн 1967 оны "Bonnie and Clyde" киног анхдагч нь гэж үздэг ч ийм түүхийг анх найруулагч Fritz Lang 1937 онд "You Only Live Once" кинондоо дүрсэлсэн байдаг аж. Найруулагч Jim Jarmusch эл бүтээлийг "no wave cinema" хөдөлгөөнд чухал нөлөө үзүүлсэн киноны нэгээс гадна өөрт ч нөлөөлсөн хэмээн дурджээ. 1974 онд найруулагч Robert Altman "Thieves Like Us" номоор кино хийсэн ба ингэхдээ киногоо эх нэрээр нь нэрлэсэн.
1940-өөд оны нуар жанрын гол киноны нэг хэмээгдэх болсон Nicholas Ray-н дебют туурвил нь экспрессионист-баримтат хэв маягийн шинэлэг байдал нь өнөөдөр ч тод томруун хийгээд анхаарал татахуйц хэвээр байна. Найруулагч Wim Wenders-н романтик цөхрөл энэ кинонд илүү туйлширсан, оригнал хэлбэрээр үзэгдэнэ. Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 646-р байрт эрэмбэлээд байна. Edward Anderson-н романыг RKO 1941 онд худалдаж авчээ. Олон зохиолчид уг бүтээлийг дэлгэцнээ хөрвүүлэх гэж оролдсон ч бүтэлгүйлтсэн. Продюсер John Houseman-н хэлснээр: "Би номыг олоод Ray-д уншуулахаар өгсөн. Тэр над шиг л тэр номонд дурласан. Гэхдээ Ray номонд өгүүлсэн салбар газрыг сайн мэддэг байсан, тэр Lomaxes-тэй хамт ажиллаж байхдаа, Хөдөө аж ахуйн яаманд ажиллаж байхдаа ч тэнд байсан. Ерөөсөө Их Хямралын тухай зүйлс бол түүний мэддэг салбар юм. Тэгээд тэр суугаад номыг кино зохиол болгох боловсруулалтыг бичсэн. Би шөнө гэртээ ирнэ, бид хамтдаа хянаж засаад дуусгахад энэ үнэхээр сайн болсон байв. Продюсерийн хувиар нэлээд эрх мэдэлтэй байсан Houseman шиноков байсан Ray-г боловсруулалтыг студид удаа дараа үзүүлж түлхэц өгч байжээ.
RKO энэ бүтээлд арилжааны үнэ цэнэ харагдахгүй байна, ялангуяа ямар ч туршлагагүй найруулагчтай гээд татгалзсан ба 1947 оны эхээр продюсер Dore Schary RKO-г холливуудын хамгийн адал явдалтай студи болгоно гэсэн найдвартайгаар продакшны ахлах болсноор Ray-н төсөлд ногоон гэрлийг асаав. Houseman кино зохиолыг Charles Schnee-гээр бичүүлэхээр хөлслөсөн ч Houseman Ray-н боловсруулалтыг өөрчлөхийг хүсээгүй. Ийнхүү Ray, Schnee хоёр хамтран кино зохиолыг бичжээ. Houseman жүжигчин Farley Granger-г RKO-ийн тест өгүүлэхээр зохицуулж, Ray ч түүнийг Bowie-д тохирно гэж итгэсэн. Харин Granger эмэгтэй гол дүрд Cathy O'Donnell-г студид санал болгосон ба Granger, Cathy хоёр хоёулаа тухайн үед туршлага багатай жүжигчид байв. Granger дэлхийн 2-р дайнд явахаасаа өмнө хоёрхон кинонд тоглоод байсан бол Cathy "The Best Years of Our Lives" классикт тоглочихоод байжээ. Шулуухандаа Ray тэдэнтэй гэрээлэхийг шаардсан байдаг. Granger хожим нь; "Ray, Houseman хоёр бол миний жүжигчний замналын төлөө тэмцсэн цөөхөн хүмүүсийн нэг байсан. Тэд надгүйгээр кино хийхгүй гэж хэлсэн. Ray чамд итгэх л юм бол тэр чамд маш үнэнч байдаг" гэсэн буй. Granger уг киногоо өөрийнхөө дуртай киноны тоонд багтаасан байдаг.
1941 онд нэрт найруулагч Orson Welles "Citizen Kane" дебют шедеврээ RKO студид Houseman-н дор хийж байсан шиг Ray өөрийнхөө дебют дээр дуу чимээ хийгээд зураглалын туршилт хийж үзсэн. Ray-н намтар судлаачийн бичсэнээр "Зөвхөн Welles л түүн шиг дуу чимээ болон үгсийн бүтцийг дүрслэлээр тодорхойлохыг оролдсон" гэжээ. Мөн алдарт эвлүүлэгч Sherman Todd Ray-д уламжлалыг сөрж, туршилт хийхийг уриалсан гэдэг. Критикч Bosley Crowther; "Энэ бол энгийн жижигхэн түүх. Хэдийгээр энэ кино ийм төрлийн бусад кино шиг залуу луйварчдыг өрөвдөх замаар буруу ойлгогддог боловч уг гэмт хэрэгт, энэрэнгүй мелодрам бол шийдэмгий хийгээд тэвчээрийн сайн чанаруудыг агуулдаг" гэсэн буй.
Ингээд киноны үйл явдлыг товчхон хүргэе. 16 настайдаа хүн амины хэргээр шоронд орж байсан Bowie 23 настайдаа T-Dub, Chicamaw гэсэн хоёр хөгшин хоригдлуудын хамтаар шоронгоос оргож буйгаар кино эхэлдэг. Тэд зугтааж яваад Chicamaw-н ахын ажиллуулдаг үйлчилгээний станцад очиж хоргодох агаад Bowie тэнд Chicamaw-н зээ дүү Keechie гэдэг залуухан хүүхэнтэй танилцана. T-Dub банк дээрэмдээд дээрэмдсэн мөнгөөрөө сайн хуульч хөлслөж аваад шоронд хоригдож байгаа ахыгаа аврах төлөвлөгөө боловсруулна. Хулгай саадгүй явагддаг. Гэсэн хэдий ч Bowie машинаараа юм мөргөж, үүнээсээ улбаатайгаар Chicamaw хэргийн газарт ирсэн цагдааг алахаас өөр аргагүйд хүрнэ. Chicamaw бэртсэн Bowie-г Keechie-н асрамжинд үлдээгээд өөр хотод T-Dub-та нэгдэхээр явна. Бүрэг Keechie ичимхий Bowie хоёр дорхноо дурлалцах ба тэд туршлагагүй залуус учир хайрын романс нь үнэнч бас нандин. Энэ зуурт хэвлэлээр Bowie-г дээрэмчдийн толгойлогч гэсэн ташаа мэдээлэл тархав. Залуу хосууд хотыг орхиж, нэгэн шөнө хямдхан гэрлүүлдэг сүмд орж хууль ёсны нөхөр, эхнэр болдог.
Тэд тэндээс машин худалдаж аваад аян замаа үргэлжлүүлдэг. Шинэхэн гэрлэгсэд Keechie-н хүүхэд байхдаа очиж байсан алслагдсан уулан дахь амралтын газарт очиж, тэндээ байшин түрээслэх бөгөөд тэд амар тайван амьдрахыг мөрөөднө. Гэтэл Chicamaw араас нь мөшгөсөөр байгаад олж очих ба хамаг мөнгөө үрж дуусгасан Chicamaw Bowie-д дахин хамт явж дээрэм хийхийг шаарддаг. Хөөрхий залуу зөвшөөрөхгүй гээд яахав, харин Keechie түүнтэйгээ дахиж уулзахгүй байж магадгүй гээд Зул сарынх нь бэлэг болох бугуйн цагийг урьдчилан бэлэглэнэ. Bowie, Chicamaw, T-Dub гурав дахин дээрэм хийж, T-Dub алуулна. Chicamaw, Bowie хоёр амжиж зугтдаг ч хэвлэл мэдээллээр яагаад өөрийг нь онцлоод байгааг ухаарсан Bowie Chicamaw-д буу тулгаж байгаад орхиод явчихна. Bowie амралтын газартаа буцаж ирээд Chicamaw дэлгүүр тонож байгаад алуулсан болохыг олж мэднэ. Keechie түүнийг жирэмсэн гэсэн мэдээтэй угтах ба хосууд дорно зүгийг чиглэн явахдаа ихэвчлэн шөнөөр явж байв.
Нэг удаа тэд шөнийн клубт ортол Bowie-г таньсан нутгийн гангстер тэднийг хотоос нь явахыг шаарддаг ба хосууд Мексик явахаас өөр аргагүй болно. Keechie-н бие өвдөж, хосууд T-Dub-н бэр эгчийг гуйж дэн буудалд нь түр хоргодохоор болно. Bowie Мексик явах талаараа хөөцөлдөж байх хойгуур T-Dub-н бэр эгч нөхрөө суллуулах нөхцөлтэйгөөр Bowie-г барьж өгөхөөр цагдаа нартай тохиролцжээ. Bowie эхнэр болон хэвлий дэх үрийнхээ төлөө тэдэндээ хагацлын захидал бичээд өөрөө зугтаахаас өөр аргагүй болсныг ойлгоно, учир нь цагдаа нар үүдэнд нь ирсэн байв. Киноны төгсгөлд, Keechie нөхрийнхөө цогцсын дэргэд салах ёс гүйцэтгэсэн захидлыг уншиж байдаг. Найруулагч Nicholas Ray-н бүрэн хэмжээний анхны энэхүү кинонд хөдөөгийн нам гүм талыг автомашин салхи татуулан хөндлөн туулж байгааг агаараас авсан бахтай нээлтийн зураглалаар эхэлдэг буюу кино урлагийн түүхэнд эл эхлэл сцэн тун алдартай. Энэ сцэн дебютээ хийж байгаа найруулагчийн хувьд эрсдэлтэй сонголт байсан ба тэрээр энэ сонголтоороо адал явдалт кино зураглалын толь бичигт шинэ үг нэмсэн бөгөөд түүний цаашдын эрэмгий, өвөрмөц дүрслэлийн хэв маягийн урьдач сүүдэр болсон шийдэл байлаа.
Ray эх зохиолд зонхилох сэдвүүд болох нийгмийг ноцтойгоор шүүмжилсэн шинж хийгээд үнэнч хайрын түүхийг мэдрэх мэдрэмжтэй байсан учир эл хоёр сэдвийг алийг нь ч унагөхгүйгээр хүндэтгэн зурагласан аж. Киноны нэрийг хараад цуё сорогчдын юмуу аймшигт амьтдын түүх гэж андууруузай; энэ бол харин ч зөөлөн, харгис бус, нэгэн төрлийн эмгэнэлт түүх болой. "They Live by Night" бол классик нуар жанрын хамгийн сентиментал, уян зөөлөн канон хэмээн тодорхойлогддог. Ray-н дебют ажлыг нуар хэлбэрт багтаахад зөрчилдөөнтэй бас сонирхолтой; тодорхой уламжлалт хэв маягийг баримтлахын зэрэгцээ өндөр тодосгогч гэрэлтүүлэг, нягт хүрээтэй байх, хөдөөний шөнийн уур амьсгалыг санал болгож байгаа зэргээс энэ кино нуар жанрын бус элементүүдийг агуулдаг. Нуар төрөлд үйл явдал голдуу хот суурин газруудад өрнөдөг билээ. Bowie, Keechie хоёр Америкийн өмнөд хэсгийн тачир, алслагдсан хөдөө нутгийг туулдаг буюу кинонд бэлчээрийн мал аж ахуй тун олонтаа үзэгддэг. Bowie анх очиход Keechie хуучирсан фермийн байшинд амьдарч байдаг, дараа нь хосууд алсан уулан дахь байшинд хэсэг амьдардаг бол хамгийн анхаарууштай нь бол Keechie-н "өдрийн цагаар харахыг хүсдэг зүйл" нь урт, өргөн хөдөөний зам байдаг билээ. Хамгийн парадокс шинжтэй нь, сентиментал бус, хатуу ширүүн болох нуар жанрын кино гэхэд Ray-н бүтээл нь "Бидний амьдран буй ертөнцөд хэзээ ч зохих ёсоор нэвтэрч байгаагүй" гэсэн нээлтийн кредит дор оргодол хосыг энэрэх байдлаар толилуулдагт оршино. Шоронгоос оргогсодын зугтаалтаар сууриа тавьсан уг кино нь аажмаар Keechie, Bowie хоёрын романс болж хувирдаг. Садар самуун явдалтай, өөрийгөө л боддог хосуудын талаарх Billy Wilder-н "Double Indemnity" нуар шедеврийг бодвол эл бүтээлийн хосууд илүү энхрий, романтик идеализмаар тодорхойлогддог.
Стандарт нуар баатрууд нь боловсорсон, увайгүй шинжтэй байдаг бол Bowie, Keechie хоёр гадаад ертөнцөд бол харьцангуй цайлган гэнэн хүмүүс байдаг. Тэднийг гэнэн тэнэгдүү, "энгийн" орших байх гэсэн хүсэл нэгтгэж бас бусад нуар киноны хосуудаас ялгаатай болгодог. Ray-н хамгийн нэр хүндтэй кино болох "Rebel Without A Cause" кинонд идеалист боловч сүйрсэн хос гардаг ба энэ санаагаа анх Ray "They Live by Night" кинондоо ашигласан бололтой. Уг киног "романтик нуар" гэж хэлж болох аваас мөн автомашины эрч хүч, хүч чадлыг харуулсан аян замын кино гэж үзэж болно. Нээлтийн сцэнээс харахад тоостой зам дээгүүр давхих хар машин "гол дүрийг" бүтээж байгаагаас Ray-н киноны дүрслэлд автомашинууд давамгайлж байгааг илтгэнэ. Шоронгоос оргогсод болон гадуурхан зугтаагсдад автомашин бол амь амьдрал нь байх нь тодорхой. Өгүүлэмжийн янз бүрийн үеүд автомашин нь гэмт хэрэгтнүүд хийгээд хайрт хосуудад найдвартай хоргодох газар болдог ба гэхдээ мөн гэмт хэрэгтнүүдийн хувьд сүйрэл ч бас болдог билээ.
Стандарт нуар баатрууд нь боловсорсон, увайгүй шинжтэй байдаг бол Bowie, Keechie хоёр гадаад ертөнцөд бол харьцангуй цайлган гэнэн хүмүүс байдаг. Тэднийг гэнэн тэнэгдүү, "энгийн" орших байх гэсэн хүсэл нэгтгэж бас бусад нуар киноны хосуудаас ялгаатай болгодог. Ray-н хамгийн нэр хүндтэй кино болох "Rebel Without A Cause" кинонд идеалист боловч сүйрсэн хос гардаг ба энэ санаагаа анх Ray "They Live by Night" кинондоо ашигласан бололтой. Уг киног "романтик нуар" гэж хэлж болох аваас мөн автомашины эрч хүч, хүч чадлыг харуулсан аян замын кино гэж үзэж болно. Нээлтийн сцэнээс харахад тоостой зам дээгүүр давхих хар машин "гол дүрийг" бүтээж байгаагаас Ray-н киноны дүрслэлд автомашинууд давамгайлж байгааг илтгэнэ. Шоронгоос оргогсод болон гадуурхан зугтаагсдад автомашин бол амь амьдрал нь байх нь тодорхой. Өгүүлэмжийн янз бүрийн үеүд автомашин нь гэмт хэрэгтнүүд хийгээд хайрт хосуудад найдвартай хоргодох газар болдог ба гэхдээ мөн гэмт хэрэгтнүүдийн хувьд сүйрэл ч бас болдог билээ.
Comments
Post a Comment