There Will Be Blood (2007) . "There Will Be blood" бол Америкийн орчин үеийн кино урлагийн мастерийн бүтээсэн бахдам гайхалтай кино юм. Paul Thomas Anderson-ын энэхүү зэрлэгшил, оптимизм, донтолтын тухай өгүүлэх яруу найраглаг туульсын бүтээл нь Америкийн талаарх жинхэнэ бясалгал юм. Энэхүү кино нь ашиг хонжоог бус ноёрхолыг эцсийн зорилгоо болгодог Капитализмын харанхуй зүрх сэтгэл рүү шигдэн ордог. Daniel Day-Lewis замналаа тодорхойлсон баялаг бөгөөд гайхалтай трансцендент тоглолтоороо кино урлагийн үе үеийнхний сэтгэлд хоногшин үлдэх болно" ~ Америкийн кино хүрээлэн. Хар бараан, солиором уур амьсгалтай бөгөөд зүйрлэлийг овог нэрээ болгосон уг кино нь маш их эрч хүчтэй, дэндүү этгээд тул бараг өөр гаригаас бидэнд илгээгдсэн мэт санагдана. Эсхүл 20-р зууны эхэн үеэс 1929 оны их сүйрэл хүртэлх баатарлаг хөрөг ч гэж үзэж болох. Хүйтэн, эвлэшгүй, сэтгэл хөдөлгөм, өвөрмөц болоод алсын хараатай уг кино бол бүх найруулагчдын эсрэг, мөн бүх кинонд дурлагсдын өөрийгөө харьцуулж үзэх тийм бүтээл болно. TSPDT сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 163-р байрт эрэмбэлсэн. Ингээд Paul Thomas Anderson-ын модерн шедевртэй танилцая. Найруулагч маань киногоо Upton Sinclair-ын 1927 онд нийтлэгдсэн "Oil!" нэртэй романаас ерөнхийд нь сэдэвлэн хийсэн буюу өөрөө кино зохиолоо бичсэн. 19-р зууны сүүл, 20-р зууны эхэнд өмнөд Калифорнид газрын тосны халуурлын үеэр хэрцгий догшин мөнгө олборлогч, мөн газрын тосны ажилтан Daniel Plainview-ын баяжихын төлөөх улангассан эрэл хайгуулыг энэ кинонд өгүүлэх агаад гол дүр Plainview-д Daniel Day-Lewis тоглож, туслах дүрүүдэд Paul Dano, Dillon Freasier зэрэг жүжигчид тоглосон. Кино зураглал, найруулга, кино зохиол болон Daniel Day-Lewis, Paul Dano нарын тоглолтыг шүүмжлэгчид магтаж, эдүгээ уг киног орчин цагийн шедевр, кино урлагийн чухал бүтээлд дуу нэгтэйгээр нэрлэх болжээ. Кино тэр жилийнхээ Оскарын наадамд 8 төрөлд нэр дэвшиж байсан бол Day-Lewis Оскар, алтан бөмбөрцөг, БАФТА гээд бараг авч болох бүхий л шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг хүртсэн байдаг.
Уг киног шуналын ба капитализмын мөн чанарын тайлбар, мөн Америкийн үндэстний оршихуйн тухай бүтээл гэж үздэг. Plainview-ын "миний дотор өрсөлдөөн оршдог" гэж хэлдэг үгнээс энэхүү өнцгийг гаргаж ирж болно. The New Yorker сэтгүүл уг киног "капитализмыг хөдөлгөх хүч нь ирээдүйг нэгэн зэрэг сөнөөж бас бүтээж байдаг бөгөөд энэ бол мөхөж үгүй болж буй Америкийн хил хязгаарын тухай кино" гэж дүрсэлсэн байдаг. Мөн гэр бүл, итгэл үнэмшил, шашны сэдэв кинонд давамгайлж байгааг шүүмжлэгчид онцолсон байдаг агаад The Times "Америкийн шашин шүтлэг, шуналыг тэгшитгэж чадаагүйн тухай Библийн зүйрлэлт кино" хэмээжээ. Eric Schlosser "Fast Food Nation" номоо бичиж дууссаны дараа сэтгүүлчид түүнээс зохиолч Upton Sinclair-ын талаар байнга асууж лавлах болжээ. Тэрээр Sinclair-ын "The Jungle" номыг уншсан ч бусад зохиолыг, мөн мань Sinclair гэгч хэн болох талаар огт мэдэхгүй байсан ба ингээд тэрээр Sinclair-ын бүтээлүүдийг уншихаар шийдэж, улмаар "Oil!" Романыг олж дурлажээ. Sinclair романыг гайхалтай кино болно гэж үзээд Schlosser-г хайж олоод номоор нь кино хийх эрхийг худалдаж авсан байна. Sinclair өөр шигээ номонд дуртай найруулагчтай хамтрахыг хүссэн бөгөөд түүнд хамгийн түрүүнд Paul Thomas Anderson ханджээ. Тухайн үед Anderson хоёр гэр бүлийн тэмцлийн тухай кино зохиол бичиж байсан бөгөөд яаж ч хичээгээд зохиол нь бүтэхгүйг эцэст нь ухаараад байж. Лондонд байхдаа гэрээ санасан Anderson Калифорнийн газрын тосны орд бүхий ковертой "Oil!" Романыг худалдаж авч уншсан нь сэтгэлийг нь ихээхэн хөдөлгөжээ. Ингээд Schlosser-той холбоо барьсныхаа дараа тэрээр романы эхний 150 хуудсыг кино зохиол болгон хөрвүүлжээ. Anderson эртний газрын тосны ажилчдад зориулсан Bakersfield дахь музейг олон дахин үзэж сонирхож байхдаа кино зохиол нь ямар чиглэлтэй байх ёстойг ойлгосон. Anderson киноныхоо "Oil!" Хэмээх нэрийг "There Will Be blood" болгон өөрчилсөн, учир нь өмнөх нэр нь зохимжгүй санагдсан гэдэг. Anderson кино зохиолынхоо талаар "миний ширээ 20-р зууны эхэн үеийн газрын тосны салбарын тухай олон тооны сонин, ном, бичиг баримтаар, бас миний бичсэн бичвэрүүдтэй холилдсон байсныг би санаж байна. Энэ бүхнийг олон янзын эх сурвалжаас авсан байсан, гэхдээ ном хамгийн чухал нь байсан. Sinclair тухайн цаг үеийн тухай, газрын тосны ордууд болон бие даасан газрын тосны ажилчдын талаар маш авцалдаатай бичсэн байсан. Ном маш урт байсан тул бид зөвхөн эхний хэдэн хуудсыг л ашигласан. Бид номондоо үнэнч байгаагүй; энэ нь би энэ номонд дургүй байсан гэсэн үг биш юм, ном надад үнэхээр таалагдсан.
Гэхдээ өөр олон зүйлс эргэн тойронд хөвж байлаа шүүдээ. Тэгээд тодорхой цэг дээр ирээд би түүнийг юунаас үндэслэж буйг ухаарсан; түүний бичсэн зүйл бол газрын тосны Баронууд болох Harry Sinclair, Edward Doheny нарын амьдрал байсан, тиймээс энэ ном маш сайн хамтрагч шиг байсан" гэж хэлж байжээ. Anderson анхнаасаа л гол дүрдээ жүжигчин Daniel Day-Lewis-г тоглуулахыг хүсэж байсан агаад Day-Lewis-г төсөөлөн бодож зохиолоо бичсэн, кино зохиол бэлэн болох үеэр тэрээр Day-Lewis-д хандсан байдаг аж. Day-Lewis-д өмнөх Punch-Drunk Love кино нь таалагдсаныг дуулаад байсан Anderson бүрэн дуусаагүй кино зохиолынхоо хуулбарыг илгээхэд Day-Lewis ч нааштайгаар хүлээж авчээ. Day-Lewis кинонд тоглох болсон талаараа "Anderson аль хэдийнээ тэр ертөнцдөө орчихсон байсан, мөн тэрээр дүрүүдээ өөрсдийнх нь амьдралаар дүүргэсэн байсан нь таалагдсан" хэмээжээ. Киноны продюсеруудын нэг Joanne Sellar-ын хэлснээр; студиуд киног том цар хүрээг хамарсан кино болно гэж үзэхгүй байсан тул санхүүжилт авахад хүндрэлтэй байж, санасан санхүүжилтээ авахад 2 жилийг зарцуулжээ. Plainview-ын хүүд тоглох жаалыг олох гэж кино багийнхан Нью Иорк, Лос Анжелес хотуудад сонгон шалгаруулалт хийсэн ч Техасыг мэддэг, буугаар буудаж чаддаг, нэг үгээр "тэр ертөнцөд амьдардаг" хүн хэрэгтэй байгааг ухаарчээ. Ингээд тэд Dillon Freasier-г олсон ба түүнд ямар ч сцэний текст уншуулалгүй, харин оронд нь түүнтэй зүгээр л ярилцаж үзээд төгс таарахыг нь олж мэджээ. Day-Lewis дүрээ бүтээхийн тулд юуны өмнө дуу хоолойноосоо эхэлсэн, Anderson түүнд 19-р зууны сүүлчээс 1927 он хүртэлх бичлэгүүдийг илгээсэн байдаг, мөн Anderson өөрийнх нь кинонуудад хүчтэй нөлөө үзүүлсэн John Huston найруулагчийн 1948 оны The Treasure of the Sierra Madre киног олон тооны баримтад кинонуудын хамтаар үзүүлж байж. Anderson-ын хэлснээр Sierra Madre кинонд гардаг хүсэл шунал, амбиц, параной гээд хүнээс гарч болох бүхий л муу зүйлс уг киногоо хийхэд том сэдэл санаа өгчээ.
Anderson унтахынхаа
өмнө, кино зохиолоо бичиж байхдаа Sierra Madre киног асаагаад орхичихдог байсан
гэдэг. Харин Day-Lewis дүрийн судалгаа болгож тухайн цаг үеийн ажилчдын
захидал, гэрэл зургуудыг судалдаг байжээ. Киноны хөгжмийг алдарт Radiohead
хамтлагийн гитарчин, хөгжмийн зохиолч Jonny Greenwood бичсэн. Anderson
Radiohead-ын фен байсан бөгөөд Bodysong хэмээх кинонд Greenwood-ын бичсэн хөгжим Anderson-ын таалагдсан тул кино
зохиолоо түүнд танилцуулж хамтран ажиллах санал тавьжээ. Эхлээд тохиролцоод
байсан ч Greenwood эргэлзэж, болих талаар бодож эхэлсэн байдаг ч Anderson-ын
хүсэл тэмүүлэл болоод ятгалга түүнийг төсөлд үлдээжээ. Greenwood уг хөгжмийн
зохиолоороо Grammy наадамд шилдэг киноны хөгжимд нэр дэвшиж байсан бол 2008 онд
Берлиний олон улсын наадмаас Мөнгөн Баавгай шагнал хүртсэн. Кино нээлтээ хийсэн
даруй шедевр хэмээн дүгнэж, капитализмын "баатрууд"-ын тухай тарчиг
бөгөөд өргөн цар хүрээтэй туульсын бүтээл гэж хүлээж авав. Day-Lewis, Paul Dano
хоёрын тоглолтыг магтаж, өнөөдрийг хүртэлх Anderson-ын оргил бүтээл гэж үзсэн
байдаг. Шүүмжлэгч Andrew Sarris уг киноны өнгөрсөн цаг хугацаа, газар орны
байдлыг бодитоор дуурайлгасан нь сэтгэл хөдөлгөм болсноос гадна орон нутгийн
жүжигчдээс олны хэсэгт тоглосон хүмүүс хүртэл бүх хөдөлгөөн, дуу чимээ нь зөв
байлаа гэж магтаж байв. The New York Times "энэ кино нь юу юунаас илүү
жинхэнэ урлагийн бүтээл ба бүтээгдсэн түүхэн үйл явдлаасаа даван гарсан, өршөөл
эрэхгүйгээр гоо зүйн таашаалтай" гэж бичжээ. Харин Time сэтгүүл
"хамгийн оригнал Америк киноны нэг" гэжээ. Шүүмжлэгч Schickel уг
киног Америкийн оюун санааны тухай бүхэлдээ галзуурмаар бясалгал буюу зэрлэг ба
сайн, хилэнтэй болоод нууцлаг бөгөөд хоёр нүүртэй, галзуу байдал нь сэтгэл
татам гэж дүгнэжээ. Шүүмжлэгч James Christopher шилдэг 100 кино жагсаалтынхаа
2-р байрт уг киног эрэмбэлсэн бөгөөд тэргүүн байрт Casablanca классик киног
оруулжээ.. Гэвч зарим кино шүүмжлэгчид уг кинонд эерэг хандсан ч төдийлөн
сайшаагаагүй, харин ч төгсгөлийг нь шүүмжилсэн байдаг. Шүүмжлэгч Mick LaSalle
киног тэгж их шүтээд байгааг шүүмжлэхдээ Anderson яаж ч хичээсэн энэ кино
шедевр биш гэсэн бол Roger Ebert уг киног ах дүү Coen-ын No Country for the men
бүтээлтэй харьцуулахдаа уг киног дарж No Country for the men киног илүүтэй
магтсан байдаг аж.
Comments
Post a Comment