Онцгой нэгэн

 


The World According to Garp (1982). Америкийн кино найруулагч George Roy Hill-н найруулсан комеди-драм. Америк-Канадын зохиолч John Irving-н ижил нэрт романыг Steve Tesich кино дэлгэцнээ хөрвүүлжээ. Киноны гол дүрүүдэд; Robin Williams, Glenn Close (түүний анхны бүрэн хэмжээний кино), John Lithgow нар тоглосон ба Glenn Close, John Lithgow нар бүтээсэн дүрүүдээрээ Оскарын наадмын шилдэг туслах эрэгтэй, эмэгтэй дүрийн шагналд нэр дэвшиж байв. Нүд гялбам сайхан тоглолттой, нийгмийг тусгасан абсурд хошигнол, мелодрам бүхий энэхүү зоригтой ёжлолт аяллыг хамтдаа сонирхоё.

 Өгүүлэх нь, киноны гол дүр Garp бол нөхөртэй болохыг хүсдэггүй, харин зөвхөн хүүхэдтэй болохыг хүсдэг феминист сувилагч Jenny-н цор ганц хүү юм. Jenny дэлхийн 2-р дайны үеэр сувилагчаар ажиллаж байхдаа үхлүүт шархтсан ч приапизмын эмгэгтэй түрүүчтэй тааралдаад хөөрхий түрүүчийг үхэхээс нь өмнө приапизмыг нь ашиглан, өөрийнх нь хэлснээр "хүчиндэж" улмаар жирэмсэн болон үлдэж, түрүүч харин амьсгал хураажээ. Ийм тэрээр хүүгээ Garp хэмээн нэрийджээ. Garp өсөж том болоод ээжийнхээ огт сонирхдоггүй зүйлс болох бөх хийгээд уран зохиолд дурлан татагддаг агаад түүний уран зохиол сонирхох болсон гол шалтгаан бол үнэндээ бөхийнх нь дасгалжуулагчийн охин Helen гэдэг үргэлж ном уншиж явдаг бүсгүй байлаа. Garp түүнийг эргүүлэхэд бүсгүй харин түүнээс болгоомжилдог. Jenny хүүгийнхээ сексийн сонирхлыг анзаараад хүүдээ биеэ үнэлэгч авч өгөх бөгөөд уг явдлаас үүдэн Jenny хүмүүний хуял, бэлгийн харилцааны тухай ном бичихээр шийдэх бөгөөд хагас намтарчилсан "Сексийн сэжигтэн" ном нь нэг шөнийн дотор улс орон даяар хит болдог. Jenny алдартай зохиолч болохоос гадна феминист зүтгэлтэн болно. Тэрээр олсон ашгаараа хүчирхийлэл, дарамтад өртсөн эмэгтэйчүүдэд туслах төв байгуулдаг. 

Энэ хооронд Garp анхны номоо хэвлүүлэн амжилт олсноор зөвхөн зохиолчтой л гэрлэнэ гэдэг Helen-н сэтгэлийг өөртөө татчихав. Удалгүй тэд гэрлэж, хоёр хүүтэй болох ба нэг мэдэхэд Garp сайн эцэг, амжилттай зохиолч болсон байхад Helen коллежийн профессор болжээ. Garp ээжийнхээ ажиллуулдаг төвд зочилж, тэнд байх хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдтэй уулздагийн дотор экс хөлбөмбөгчин, хүйсээ солиулсан Roberta-тай дотно найзууд болдог. Ингэж яваад тэрээр хоёр залууд хүчиндүүлж, хэлээ огтлуулсан 11 настай Ellen гэдэг охины тухай дуулах агаад ээжийнх нь төвд Ellen-н хэргийг нийгэмд хүргэхийн төлөө өөрсдийнхөө хэлийг мөн огтолсон бүлэг хүүхнүүдтэй учирдаг. Garp-д эна бүхэн утгагүй бас хэтэрхий харгис санагддаг. Хохирогч Ellen өөрийнх нь төлөө ч бусад хүмүүс өөрсдийгөө битгий зэрэмдэглээч хэмээн захидал ирүүлэх ч хэт радикал хүүхнүүд тэмцлээ үргэлжлүүлсээр байв. Нэгэн үзэгдэлд Garp хүүхдүүдийнхээ асрагч 18 настай охинтой илт сээтэгнэж, машиндаа хурьцдаг. Нөхрөө асрагчтайгаа унтсаныг гадарласан Helen өөрийг нь хоргоох болсон оюутан залуутай явдалдаж эхэлнэ. Эхнэрийнхээ үнэнч бус явдлыг хүнээс олж мэдсэн Garp хөвгүүдээ аваад кинонд явах бөгөөд эргэж ирэхэд энэ харилцаагаа утсаар яриад нэг мөр дуусгавар болгосон байхыг эхнэрээсээ шаарддаг. 

Helen нууц амраг руугаа залгатал залуу эцсийн удаа уулзая гэсээр оргилуун дарс барьсаар хүрээд ирэх ба тэд машинд уунгаө дахиж уулзахгүй талаараа ярилцаж байтал залуу эцсийн удаа аман секс хийгээд өгвөл амьдралаас нь үүрд явахаа амалдаг. Шөнө болсон байлаа, Garp кино төгсөхийг тэссэнгүй хөвгүүдийн хамт машинаараа давхин ирээд нөгөө хоёрын машиныг мөргөчихнө. Үр дүнд нь Garp-н нэг хүү өнгөрч, амьд үлдсэн нь нэг нүдээ алдсан бол оюутан залуу, Helen хоёрын хувьд төсөөлөхөд ч бэрхтэй юм болов. Ээжийнхээ тусламжтайгаар Garp эхнэртэйгээ эргэн нийлж, тэд охинтой болдог билээ. Jenny ном болон төвөөсөө болж үргэлжийн заналхийлэл дор амьдрах болжээ. Нэгэн улс төрчийн үйл ажиллагаанд оролцож яваад Jenny анти-феминист хүнд буудуулж амь насаа алдана.  Jenny-н дэмжигчид феминист хүүхнүүд түүнд зориулан зөвхөн эмэгтэйчүүд оролцсон оршуулгын ёслол хийсэнд Garp оролцоод золтой л хүүхнүүдэд тастуулчихдаггүй. Garp нөгөө Ellen-н түүхээр ном бичиж амжилт олохын сацуу үзэн ядагчидтай болжээ. Ellen-г дэмжигчид хэт радикал феминистүүд одоо түүнийг заналхийлэх болов. Garp хуучин сургуульдаа бөхийн дасгалжуулагчаар эргэн ирнэ. Нэгэн бэлтгэлийн үеэр түүнийг эртнээс таних нэгэн хүүхэн буудаж хөнөөдөг. Түүнийг эмнэлэг рүү нисдэг тэргээр авч явахад Helen хажууд нь байдаг; Garp өөрийгөө нисч байна гэж хэлснээр кино жаргадаг. 

Эх номын зохиолч John Irving 2023 онд өгсөн ярилцлагадаа, найруулагч George Roy Hill кино зохиол бичээд өгөөч гэж хандсан ч бид Roberta гэдэг дүр дээр санал нэгдээгүй учраас би татгалзаж байсан гэсэн байдаг аж. Энэ явдал бүр 1980-аад оны эхээр болсон ба анхнаасаа хөлбөмбөгчин байсан трансжендер эрд John Lithgow тоглоно гэж мэдсэн бол би түүнд зориулж тэр дүрийг бичиж чадах байсан хэмээн John Irving хэлжээ. Roberta бол туйлширсан ертөнцөд хэвийн байдлыг тогтоогч, тэр бол Garp болон түүний ээж хоёрыг адилхан хайрладаг цор ганц дүрээс гадна хэн нэгэнд юмуу аливаад уурладаггүй цор ганц дүр ажээ. The New York Times сэтгүүл: "Энэ кино зохиолч Irving-н романы сул болон давуу талыг шударгаар дүрсэлсэн. Роман үнэ цэнэтэй, адал явдалтай байсан шиг кино ч тийм байлаа" гэжээ. The New Yorker сэтгүүл: "Кинонд ч номонд ч үнэний мэдрэмж байдаггүй ба ерөнхийдөө энэхүү үнэнч дэлгэцийн хөрвүүлэлт нь муудуулсан фантаазаас өөр зүйл биш шиг байна" хэмээжээ. Зэрлэг, яршигтай ч шилдэг борлуулалттай номоос сэдэвлэсэн уг кино ном шигээ сөрөг хандлагаар үзэгчдийгээ өдөөж сэрээх зорилготой бололтой.

 Энэ кино хангалттай зугаатай боловч сэтгэл хөдөлгөх, урам зориг өгөх тал дээр тийм ч хангалттай биш санагдав. Ерөнхийдөө "Forrest Gump"-ийн өмнөх "Forrest Gump" шиг санагдсан ба гэхдээ миний хувьд Robin Williams-н энэ бүтээл Tom Hanks-ийнхаас илүү байлаа. Олон номын кино хувилбар шиг энэ кино түүхээ шинээр тайлбарлаагүй; огт тайлбарладаггүй. Харин номынхоо үйл явдал хийгээд дүрүүдийг шинээр бий болгож байгаа нь номыг нь уншсан хүмүүсийн төсөөлөлд шинэ өнцөг өгөх лугаа юм. Кино бүхэлдээ агшин дотроо оршиж, биднийг бүхэлдээ цуврал бие даасан сцэнүүд дотор уядаг. Кинонд Garp эхнээсээ ээжийнхээ сүүдэрт дарагдах юмуу орлуулагч, хачирхалтай эмэгтэйчүүдээр хүрээлүүлдэг; тэр өөрөөсөө, эхнэр хүүхдээсээ ердөө багахан амар амгалан, жаахан жаргалыг л хүсдэг билээ. Гэтэл амгаланг алдагдуулсан, жаргалыг нураасан хачирхалтай явдлууд киноны турш болдог. Garp осолд өртөмтгий бөгөөд уй гуниг, осол сүйрэл түүний мөнхийн дагуул аятай байдаг ба аллага, байж боломгүй онгоцны осол, автомашины мөргөлдөөн зэрэг нь түүний өдөр тутмын амьдралын нэг хэсэг гэлтэй; түүний ертөнц баларч сүйрсэн санагдана. Түүний амьдралыг нихилизмын тухай кино гэж харж болох. Энэ киног дундаж давхаргын гэр бүлийн үнэ цэнэ нурж унасан, нийгэмд санамсаргүй хүчирхийллийн ихсэж буйг харуулсан эмгэнэлт инээдмийн кино гэж  үзэж болох; Garp бидэнд ямар нэгэн юм хэлэх гэсэн Америкийн орчим үеийн баргар, бараан нэгэн иргэн л юм. 

Comments