Knight of Cups (2015). Америкийн мастер кино найруулагч Terrence Malick-н зохиолыг нь бичиж найруулсан романтик-драм. Энэхүү кинонд зугаа цэнгэлд дурлагч кино зохиолчийн Лос Анжелес, Лас-Вегас хотуудаар аялж, хуучин эхнэр хийгээд нууц амрагууд зэрэг янз бүрийн хүмүүстэй учирч байгаа талаар үзүүлдэг. Киноны гол дүрүүдэд: Christian Bale, Cate Blanchett, Natalie Portman нар тоглосон. Malick киноныхоо зохиолыг 1678 онд бичигдсэн Христийн шашны ёгт үлгэр болох "The Pilgrim's Progress, болон "The Acts of Thomas" номын "Hymn of the Pearl" хэсэг, мөн Suhrawarardi-н "A Tale of the Western Exile" зэрэг зохиолуудаас санаа авч, зарим хэсэгт шууд иш татсан байдаг. Киноны дүрүүдийг Таро хөзрийн "Major Arcana"-ийн хөзрүүдээр төлөөлүүлсэн буюу жишээлбэл Bale "Knight of Cups" хөзрийг төлөөлдөг. Уг кинонд шугаман өгүүлэмж байхгүй тул үзэгчид ойлгоход, хүлээж авахад бэрхшээлтэй байж магадгүй ч найруулагч маань сүүлийн үед кинонууддаа ашиглах болсон уран зураг мэт дүрслэлийн хэв маягаа "Knight of Cups"-доо улам гүнзгийрүүлэн хөгжүүлсэн.
Уг кино нь гол баатар Rick-н дурсамж, зүүд болон "бодит" мэдрэмжүүдийн хооронд чөлөөтэй эргэлдэж, бодол ба агшнуудын цуврал мэт бодлын урсгал болон өрнөдөг. Киноны эхэнд Rick-н аавын дуу хоолойгоор "Hymn of the Pearl"-ээс иш татдаг хэсгүүд нь Rick-н сэтгэл хийгээд мэдрэмжтэй холбогддог. "Hymn of the Pearl"-ийн гол баатар шиг Rick ч мөн "монад"-аа эргэн санах замаар "гүн нойр"-ноосоо сэрэх ёстой болдог. Мансууруулах бодис, согтууруулах ундаа болон ухааны төлөвт өөрчлөлт оруулдаг бусад зүйлс энэхүү бүтээлд чухал үүрэг гүйцэтгэдэг. Киноны гол сцэнүүдэд, тухайлбал, Холливуудын нөлөө бүхий хүмүүс цугласан тансаг харшид болж байгаа үдэшлэг (энд нэг зочин Rick-г кетамины үдэшлэгт хамт явахыг ятгадаг бол өөр нэг зочин виртуал бодит байдлын төхөөрөмж зүүж, мөн хоёр хүүхэд.Wii Sports-оор тоглож байдаг) ба Rick, Karen хоёрын Лас-Вегас руу хийх калейдоскоп маягийн аялал зэрэг багтдаг. Киноны дүрүүд мансууруулах бодисын тухай ярилцдаг; Jordan Scott-д хүүхнүүдийг өвөртөө оруулах хамгийн сайхан арга бол нэг ширхэг ксанаксийг дөрвөн хундага цагаан дарстай хэрэглүүлэх гэж хэлдэг. Мөн Karen "би нэг удаа мансуурч үзсэн, энэ яг л өмнө минь цонх нээгдэх шиг санагдсан. Би мансууруулах бодисыг би Үнэний Цонх гэж нэрлэдэг" гэж ярьдаг.
Найруулагч Malick хамгийн түрүүнд, Cate Blanchett, Christian Bale, Isabel Lucas нарыг киноныхоо жүжигчдийн бүрэлдэхүүнд авсан ба үүний араас шууд "Song to Song" киногоо хийхээ зарласан байдаг. Найруулагчийнхаа зөвлөснөөр Bale дүрийнхээ бэлтгэл болгож зохиолч Walker Percy-н "The Moviegoer" номыг уншсан; уг номонд спиритуал гэгээрлийг эрэлхийлж байгаа нэгэн эрийн тухай өгүүлдэг аж. Критикч Justin Chang уг киног дутагдалтай боловч сонирхолтой; Malick Холливуудын зугаа цэнгэлийн амьдралыг хурцаар шүүмжилсэн, ёс суртанхуунгүй хортой үүлэнд дунд ниссэн сэтгэл өвтгөм аялал гэж тодорхойлжээ. Критикч Todd McCarthy эл бүтээлийг, тууштай яруу найраглаг, импрессионист гэж тодорхойлоод, хүмүүс хоорондын харилцаанаы түр зуурын мөн чанарыг сэтгэл хөдөлгөмөөр илэрхийлсэн авч зураглал, хэмнэл нь давтагдсан, тодорхой хэмжээнд уйтгартай гэж бичжээ. Критикч Moira Macdonald "Knight of Cups" киноны зүүд мэт шинжтэйг сайшаасан боловч кино нэгэн бүхэллэг болохыг, Rick тодорхойгүй дүрээс тодорхой характертай хүн болж илрэхийг, эмэгтэй дүрүүд нь өөр хоорондоо ялгаагүй мэт санагдахаа болихыг, товчхондоо, энэ бүхэн ямар учир утгатай болохыг би хүлээсээр байлаа гэжээ. Критикч Stephanie Zacharek найруулагчийг, эмэгтэйчүүдийн талаар тун бага ойлголттой гэж бичээд Malick-н үнэнч шүтэн бишрэгчдэд энэ киноны зүүдний мэт логик дүрслэл хангалттай байж болох ч Malick хүмүүний мөн чанарыг гүн гүнзгий мэдэрдэг шигээ тийм ч сайн ойлголтгүй бололтой гэсэн буй.
Тэгвэл критикч Richard Brody уг киног өндөрөөр үнэлж, наманчилсан, Холливуудын дотоод амьдралыг харуулсан, Dante маягийн дунд насны хямралын драм, шашны эрэл хайгуул, романтик зөрчил, сексийн фантааз, гэр бүлийн мелодрам гэх мэт хэд хэдэн жанрын хүрээнд шууд классик болохуйц кино гэж тодорхойлжээ. "Knight of Cups" бол найруулагч Malick-н философийн шинжтэй бас нэгэн сонирхолтой бүтээл нь байлаа. Тэрээр гурван үзэгдэлт бүтцийг төдийлөн таашаадаггүй байсан ба нас ахихын хэрээр үүнээс улам холдож, түүний кинонууд цэвэр бодлын урсгал хийгээд дүрс, дууны нийлбэр болон хувирсан байдаг. Malick-н шинэ "хүүхэд" бүр өмнөхөөсөө илүүтэй уламжлалт бус, илүүтэй сүрлэг, шижир ариуслын шинжтэй болсоор байна. Christian Bale-н бүтээсэн Rick бол том хотууд, элсэн цөл, мөн өөрийн дурсамжийн ертөнцдөө төөрчихсөн дүр буюу Malick-н дүрүүдээс харагддаг амьдралын утга учрыг эрэлхийлэгч. "Knight of Cups" кино нь найруулагчийн "The Three of Life" юмуу "To the Wonder" кинонуудтай харьцуулсан ч уялдаа холбоотой түүх, бүрэн төгссөн сцэн, диалогоор хомс байдаг. "Knight of Cups" киноны бүх зүйл салангид байдаг ч хөгжим, дуу хоолой, Malick-н гарын үсэг болсон үзэсгэлэнтэй кадруудаар холбогддог. Үүнийг нь зарим критикүүд киноны трайлер шиг, сурталчилгаа шиг, өөрөөр хэлбэл, үйл явдалгүй, утгагүй, сүржин, хоосон гэж шүүмжилдэг. Гэхдээ энэ бол философлог зүүд мөрөөдөл, үзэгдэх яруу найргийн шинжээрээ өөрөө өндөр эстетиктэй бүтээл юм.
Анхандаа Rick-н түүх эсхүл түүнд тулгарч байгаа нөхцөл байдал тодорхойгүй, ойлгомжгүй санагдана. Гэхдээ бид Malick-н олон янзын зохиол бүтээлээс, нэн ялангуяа Таро хөзрөөс санаа авсан зохиолыг зураглаач Emmanuel Lubeszki-н өргөн дэлгэцийн гайхамшигтай кадруудаараа хэрхэн киноны спиритуал аялал болгосныг харж болно; энд газар нутаг, тэнгэр, хот суурин, модод, Холливуудын үдэшлэг, уран зургийн галерей, тайчигч хүүхнүүд, орон гэргүйчүүд, өвчтэй, тахир дутуу хүмүүс хийгээд нисдэг тэрэг, тийрэлтэт онгоц, эцэг эхчүүд бас хүүхдүүдийг гэрийн тэжээмэл амьтадтай хамт харахдаа энэ бүхнийг найруулагчийн зангидан нэг утсанд холбосныг ойлгоно. "The Three of Life" киноны Sean Penn-н дүр шиг Rick дүүгийнхээ гэнэтийн үхлийн сүүдэрт шаналж явдаг бололтой байдаг. Rick-д уур хилэнтэй, хотын төвд орших эзэнгүй байшинд амьдардаг Barry гэдэг дүү байдаг ба мөн хотын төвийн өөр нэг барилгын оффист хөгшин эцэг нь байдаг бол сайхан инээмсэглэж, бүхий л зөрчилдөөнөөс зайлсхийдэг, заримдаа кататоник байдалд орчихдог ээжийг нь цухас дурдахгүй өнгөрч болохгүй. Гурав дахь хүүгийн үхэлд эцэг буруутай байж магадгүй, ямартай ч Barry аавыгаа буруутгаад байх шиг байдаг; эсхүл бүр эцэг өөрөө өөрийгөө бага хүүгийнхээ үхэлд буруутгадаг бололтой. Кинонд аав цусаао дүүрэн угаалтуурт эсхүл цус болсон гараа угааж байгааг харуулсан экспрессионист богинохон дүрслэл гардаг. Найруулагч Malick Larry гэдэг дүүтэй байсан, дүү нь амиа хорлосон нь уг бүтээлд нь тусгагдсан эсэхийг сайн мэдэхгүй юм.
Энэхүү киноны гол баатар Rick бол траумагаасаа болж "мэдээгүйжсэн", одоо цаг болоод өнгөрсөн үеэсээ хөндийрсөн уран бүтээлч юм. Тэрээр төвлөрч, бусадтай холбогдож чадахгүй байгаагаас гадна ямар нэгэн юм мэдэрч чадах эсэхдээ, эсхүл ерөөсөө хэзээ нэгэн цагт ямар нэгэн юм мэдэрч байсан эсэхдээ эргэлзэгч. Бие хүн амьдралдаа аймшигтайгаар сүйрсэнийг уг кино энгийн, цэгцтэй байдлаар үзүүлэхийг зориогүй агаад энэ кино бол "хэлбэр нь агуулга, зорилгоо" дагадаг гэсэн зарчмыг тууштай баримталсан болохоор ихэнх үзэгчдэд ойлгомжтой, тэсвэрлэшгүй санагдах магадлалтай. "Knight of Cups" киноны чухал хэсгүүдийн нэг, магадгүй киног хамгийн энгийнээр дүрсэлсэн сцэн бол усан сан руу шумбан ороод теннисний бөмбөгийг зуух гэж оролдож байгаа нохдын удаашруулсан сцэн бөгөөд дашрамд хэлэхэд тус сцэнийг үнэхээр яруу найргийн шинжтэй хийснийг хэлэх ёстой. Ноход хэзээ ч бөмбөгийг амандаа зууж чаддаггүй боловч сэтгэл ханахгүй байх, цөхрөх, төвлөрч чадахгүй байх, эхлүүлснээ дуусгаж чадахгүй байх зэрэг киноны сэдвийг ёжтойхон нэгтгэн харуулсан зураглал болно. Эл кино бүхэлдээ төрөл бүрийн эллипсис, түр зогссон агшнууд, үзэсгэлэнтэй эсхүл хоосон гоё, утгатай ба утгагүй байж болох цуврал хором зуурын цоморлог шиг юм.
Уг бүтээлийн "гунигтай" хэв маяг Michelangelo Antonioni-н "La Notte" болон Michael Mann-н "Heat" кинонуудтай төстэй. Үзэгч бид хоосон барилгууд, хоосон байшингууд, хоосон усан оргилуур, хоосон усан сан гэх мэт хоосон, хаягдсан, сүйрсэн зураглалыг байн байн харна. Киноны нэг сцэнд, хоёр хар тамхичин Rick-н байранд халдан орж ирээд гэрт нь юу ч байхгүй байгаад гайхаж бас хилэгнэдэг, нэг үгээр Rick тийм л хоосон амьдардаг аж. Rick хэд хэдэн хүүхэнтэй дотно харилцаатай болсон ч хэн нь ч түүний сэтгэлд бүрэн нийцдэггүй; киноны дүрүүд өөр хоорондоо чинь сэтгэлийн холбоо үүсгэж чаддаггүй нь эгээ л үзэгч бид амьдрал дээр хэн нэгэнтэй, эцэстээ өөртэйгөө ч чинь сэтгэлээсээ байж чаддаггүйтэй адилхан юм. Rick амьдралдаа учирсан хүүхнүүдийгээ сэтгэл хангалуун харж, гар хурууг нь илэн таалахдаа тэднийг үнэхээр мэдэрч байх шиг байдаг ч үнэндээ үгүй юм. Юу болж байгааг, дараа нь юу болохыг мэдэхгүй байгааг өнөөгийн тэргүүн эрэгтэй жүжигчин Christian Bale өөлөх юмгүй бүтээсэн.
Rick амраг хүүхнүүдээсээ тасарсан мэт, тэднийг холоос харж байгаа юм шиг, эсхүл тэднийг дурсамжаасаа гарган ирж байгаа аятай харагддаг (заримдаа Malick драматик агшныг таслаад, дурсамж юмуу огт хамааралгүй кадраар сольдог). Кинонд орон гэргүй хүмүүс, гуйлгачид, хөл, гар нь ялзарч, идээлсэн хүмүүс гарах ч эдгээрийг найруулагч маань муухай өнцгөөс бус энэрэх өнцгөөс үзүүлсэн. "Knight of Cups" нь гаднаасаа үзэсгэлэнтэй боловч тодорхой утгаараа Malick-н хамгийн хар бараан кино юм. Ертөнц үзэсгэлэнтэй, газар шороо, гэрэл гэгээ, ан амьтан гээд хаа сайгүй гоо үзэсгэлэн байгаа ч бие махбодийн, сэтгэлийн шархтай, үүндээ зовж явдаг хүмүүст энэ бүхэн хэр тустай вэ? хэр ач холбогдолтой вэ?. Киноны төгсгөлд, "зовлон таныг өөрөөс тань илүү дээд зүйлтэй холбодог" гэсэн ухаалаг үг гардаг ч сайхь ишлэлийг зөвшөөрөөд бодит амьдралд үр дүнтэй хэрэгжүүлэх асар хэцүүг уг кино харуулсан санагдсан.

Comments
Post a Comment