Чинуа Ачебе "Бүх зүйл нурав"

 


"Бүх зүйл нурав". Нигерийн зохиолч Чинуа Ачебегийн 1958 онд хэвлэгдсэн роман. Энэ нь Ачебегийн анхны роман байсан ба Нигерийн өргөн нэвтрүүлгийн корпорацид ажиллаж байхдаа бичсэн. Колоничлолын Нигери улсад үйл явдал нь өрнөдөг уг роман нь колоничлол ба Христийн шашныг эсэргүүцдэг зохиомол Умуофиагийн Игбо омгийн уламжлалыг эрхэмлэгч, нөлөө бүхий удирдагч Оконквогийн түүхийг өгүүлдэг. Уг романы араас тэрээр 1960 онд No Longer at Ease", 1964 онд "Arrow of God" гэсэн хоёр роман бичсэн бөгөөд эдгээр зохиолууд нийлээд "Африкийн трилоги" болдог аж. Ачебе романыхаа нэрийг В. Б. Ийтсийн "The Second Coming" шүлгийн нэгэн бадгаас авчээ. "Бүх зүйл нуран" бүтээлийг Африкийн уран зохиолын түүхэн дэх хамгийн чухал үзэгдэл гэж үздэг: Time сэтгүүлийн 1923-2005 оны хооронд Англи хэл дээр бичигдсэн шилдэг 100 романы тоонд орсон эл романыг дэлхийн 50 гаруй хэл рүү орчуулан хэвлэжээ.

ҮНДСЭН САНАА. Өөрчлөлтийн босгон дээр байгаа соёлын тухай өгүүлдэг "Бүх зүйл нурав" роман нь өөрчлөлтийн алсын хараа болон бодит байдал нь янз бүрийн дүрүүдэд хэрхэн нөлөөлдөг тухай үзүүлдэг. Өөрчлөлтийг уламжлалаас илүүтэй эрхэмлэх эсэх тухай зөрчил нь голдуу хувийн статусын асуудлуудтай холбоотой байдаг; жишээлбэл, Оконкво шинэ засаглал, шашны дэг журмыг эсэргүүцдэг, учир нь тэр тэдгээр эршүүд биш, хэрэв тэдэнтэй нэгдэх юмуу тэвчих аваас өөрөө эр хүн байхаа болино гэж үздэг. Оконквогийн соёлын өөрчлөлтийг эсэргүүцэж байгаа нь нийгмийн статусаа алдахаас айхтай нь холбоотой ба түүний өөрийгөө үнэлэх мэдрэмж нь нийгэм түүнийг шүүн дүгнэдэг уламжлалт стандартаас хамааралтай байдаг. Өөрийгөө үнэлэх энэ систем нь омгоос гадуурхагдсан олон хүмүүсийг Христийн шашинд ороход түлхэц болдог. Удаан хугацаанд буруушаагдаж ирсэн эдгээр гадуурхагдсан хүмүүс Игбо соёлд нүд үзүүрлэгдэж байсан бол Христийн шашны системээс толгой хоргодох газраа олдог; шинэ нийгэмлэгтээ эдгээр "хөрвөгчид" өмнөхөөсөө илүү статустай болдог. Тосгоныхон ерөнхийдөө өөрчлөлтийг эсэргүүцэх, хүлээн авах хоёрын дунд гацаж, өөрчлөлтийн бодит байдалд хэрхэн хамгийн сайнаар дасан зохицохоо тодорхойлох ёстой дилемматай нүүр тулгардаг.

Тосгоныхон Христийн номлогчдын авчирсан шинэ техник, боломжуудад сэтгэл татагддаг ба гэхдээ Европын энэ мэт нөлөө нь газар тариалан, ургац хураалт, байшин барих  хоол хийх уламжлалт аргуудыг эзэмших хэрэгцээг үгүй хийх аюултай буюу ингэснээр харийн соёлд уусна гэсэн үг юм. Нөгөө талаас нь харвал, эдгээр уламжлалт аргууд нь нэгэн цагт тэсч үлдэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг байсан ч цагийн эрхээр зайлшгүй биш болсоныг илтгэнэ. Ачебе романы туршид ийм уламжлалууд нь түүх өгүүлэх, хэл ярианаас хэр хамаарах болохыг, мөн улмаар Игбо хэлнээс Англи хэл рүү шилжих нь уламжлалтай хэр хурдан устгах болзошгүйг харуулсан байна. Оконквогийн талийгаач аавтайгаа харьцах харилцаа нь түүний харгис, амбицтай зан төрхийг бүрдүүлдэг; тэр аавынхаа үрэлгэн, сул дорой зан төрхийг үлбэгэр үхээнц буюу өөрөөр хэлбэл эмэгтэйлэг гэж үзэж, аавынхаа муу нэрээс давж гарахыг хүсдэг. Эрэгтэй хүн хүчтэй түрэмгий байх ёстой, тийм биш гэвэл эмэгтэйлэг шинжтэй гэсэн энэхүү ойлголт нь омгийн хэл ярианд байдаг ба хүүрнэгч нь үнэтэй, нэр хүндтэй цол хэргэм аваагүй эр хүнийг агбала буюу "эмэгтэй" гэж дууддаг тухай өгүүлдэг.

Гэхдээ Оконквогийн эршүүд байх идеа нь ерөнхийдөө омгийнхтой хамаагүй, тэр эршүүд байхыг түрэмгийлэлтэй холбож, уур хилэн бол түүний илэрхийлэх ёстой цорын ганц сэтгэл хөдлөл гэж үздэг. Тиймээс тэр эхнэрүүдээ байнга зодож, хааяа бүр ална гэж сүрдүүлдэг. Тэр боддоггүй гэж хүүрнэгч уншигчдад хэлдэг, уншигчид түүний адгуу, яаруу, бодлогогүйгээр үйлдэл хийдгийг хардаг. Гэсэн хэдий ч эмэгтэйлэг бус өөр бусад дүрүүд тийм зан төрх гаргадаггүй ба Обиерика Оконквогоос ялгаатай нь "боддог" хүн байдаг; Обиерика Икеменфунаг алах аялалд бусад эрчүүдтэй хамт явахаас татгалздаг бол Оконкво Икемефунаг цаазлах хүмүүсийн бүлэгт сайн дураараа элсээд зогсохгүй хүүг мачете хутгаараа хөнөөдөг, тэр энэ бүхнийг сул дорой харагдахаас айснаас үүдэн хийдэг. Оконквогийн тосгоноосоо долоон жил цөлөгдсөн явдал нь эрчүүд эмэгтэйчүүдээс илүү хүчтэй гэсэн түүний ойлголтыг улам бат болгодог ба цөллөгт байхдаа тэрээр ээжийнхээ төрөл төрөгсдийн дунд амьдардаг боловч энэ цаг үеэ бүхэлд нь зэвүүцдэг. Цөллөг нь түүний ээжийнхээ талын төрөл төрөгсөдтэй холбогдож, ээжийнхээ талын өвөг дээдсээ хүлээн зөвшөөрөх боломж боловч Оконкво ээжийнхээ талынхныг Умуофиагийн тосгоныхон шиг дайчин, догшин биш болохыг өөртөө үргэлж сануулж байдаг. Тэрээр тэднийг уур хилэнгүй, цус урсгахын оронд хэлэлцээр хийх, дуулгавартай байхыг илүүд үздэг хэмээн буруутгадаг.

Түүний ойлголтоор авга ах Учендү нь дхйныг эсэргүүцэгч энх тайванч байдлаараа эмэгтэйлэг болж байна. Хэл яриа бол "Бүх зүйл нурав" романд хэд хэдэн түвшинд чухал сэдэв болдог; Игбогийн уран төсөөлөмтгий, голдуу формал хэлмйг харуулахдаа Ачебе "Харанхуйн зүрх" гэх мэт романуудад гардаг шиг Африкийг нам гүм, ойлгогдошгүй тив биш гэдгийг онцолсон. Ачебе романаа Игбо үгсээр чимэглэснээр Игбо хэлийг Англи руу шууд орчуулахад хэтэрхий түвэгтэй болохыг харуулсан. Үүнтэй адилаар Игбо соёлыг Европын колоничлолын үнэт зүйлсийн хүрээнд ойлгож болохгүй аж. Ачебе мөн Африкт олон өөр хэл байдгийг онцолсон ба жишээлбэл, Умуофиагийн тосгоныхон ноён Брауны орчуулагчийг өөрсдийнх нь хэлийг ойлгохгүй байгаад шоолцгоодог. Микроскопийн түвшинд Ачебе уг романаа Англи хэлээр бичихээр шийдсэн нь тун ач холбогдолтой ба зохиолч маань романаа Нигерийн ард түмнээс дутуугүй Өрнөдийнхөн уншаасай гэж хүссэн нь тодорхой юм. Ачебегийн зорилго бол колоничлолын үеийн олон зохиолчдын хөрөглөсөн Африкийн дүр зургийг засаж, шүүмжлэх явдал байв. Иймээс тэр колоничлолын зохиолчдын хэл болох Англи хэлийг ашиглах шаардлагатай байсан. Ачебе зүйр цэцэн үг, ардын үлгэр, Игбо хэлнээс орчуулсан дуунуудыг романдаа багтаасанаар Игбо хэлний бүтэц, гоо зүй, хэмнэл, аясыг буулгаж бас илэрхийлж чаджээ.

МОТИФ. "Бүх зүйл нурав" романд гарах "чи" гэдэг ойлголт үйл явдлын туршид янз бүрийн үед гарч ирдэг бөгөөд мөн энэ нь Оконквог эмгэнэлт баатар гэж ойлгоход чухал үүрэгтэй юм. "Чи" гэдэг бол бие хүний хувийн бурхан ба түүний давуу тал нь бие хүний азтай эсхүл азгүй байдлаар тодорхойлогдоно. Энэхүү тайлбарын дагуу авч үзвэл, Оконквогийн эмгэнэлт хувь тавиланг асуудалтай "чи"-ийн үр дүн гэж ойлгож болохуйц; ийм бодол романы хэд хэдэн хэсэгт Оконквогийн толгойд орж ирдэг. 14-р бүлэг дэх хүүрнэгчийн хэлснээр "хүн "чи"-ийнхээ хувь тавилангаас зайлж чадахгүй" гэж омгийнхон үздэг гэдэг. Гэвч энэхүү тодорхойлолттой зөрчилддөг "чи"-ийн тухай өөр нэг ойлголт байдаг; романы 4-р бүлэгт хүүрнэгч Игбогийн зүйр цэцэн үгийг иш татан; "хүн тийм гэж хэлэхэд түүний "чи" ч бас тийм гэж хэлдэг" хэмээдэг. Энэхүү ойлголтын дагуу бие хүмүүс өөрсдийн хувь тавилангаа өөрсдөө шийдэх бололтой. Иймд бидний "чи"-ийн тайлбараас харгалзан үзвэл Оконкво өөрийн эмгэнэлт үхэлд ихээхэн үүрэгтэй байсан бололтой.

Оконкво өөрөө эдгээр туйлуудын хооронд шилждэг бөгөөд бүх зүйл сайн сайхан байхад тэр өөрийнхөө хувь тавилангийн эзэн бас бүтээгч байдаг, харин бүх зүйл муудан доройтоход тэр автоматаар хариуцлагаас татгалзаад би яагаад ийм золгүй байх ёстой юм гэж өөрөөсөө асуудаг билээ. Игбочууд хүний зан төрх, цэцэн ухааныг тодорхойлж, категоричилж, тайлбарлахдаа итгэл үнэмшил хийгээд зан үйлээ байгалийн болгохын тулд амьтдын тухай анектод түүхийг голчлон ашигладаг. Тэдний ардын аман үлгэрт амьтдын оршихуйн тэдний амьдарч буй орчин тойрныг тусгадаг ба хараахан Европын нөлөөгөөр "орчин үежээгүйг" харуулдаг. Европын колоничлогчид ерөнхийдөө Игбочуудын ертөнцийг ойлгох ойлголтыг "хар нялхаараа" шатандаа байгаа гэж үздэг байхад Игбочууд амьтдын түүхийг, нэн ялангуяа яст мэлхийн хуяг хэрхэн томбогор болсон талаарх түүхийг байгалийн феноменийн логик тайлбар гэж үздэг. Өөр нэгэн чухал амьтны зураглал бол ариун питон могойны дүрс байдаг. Энок питон могойг алж, махыг нь идсэн нь Игбочууд оюун санааны шинэ бүтэц, шинэ шашны дэг журамд шилжиж байгааг симболчилдог агаад Энок питоныг үд хүндэтгэсэн нь Игбочуудын колоничлолын шинэ бүхэнтэй зөрчилдөж, үнэт зүйлстэй нь таарч нийцэхгүй байгаагийн илрэл аж.

СИМБОЛ. Ачебе тосгон дээрээс бууж ирдэг царцаан нүүдлийг колоничлогчид ирэхийг симболчилсон тун зүйрлэлт бүхий үгсээр дүрсэлсэн бөгөөд царцаанууд бол Игбогийн хамаг баялгийг ашиглаж, идэх колоничлогчидын урьдчилсан хар сүүдэр юм. Игбочуудын царцаануудыг идэж байгаа нь тэдний колоничлогчидыг хэр гэм хоргүй гэж үзэж байсныг илтгэнэ. Үүнтэй адилаар Христийн шашинд орсон хүмүүс колоничлогчидын соёл тухайн колоничилж байгаа ард түмнийхээ соёлыг үгүй хийдгийг мэддэггүй, ойлгодоггүй. Колоничлогчид шавжтай адилхан хаа сайгүй гэнэт гарч ирдэг ба царцаан нүүдэл мод, хашаа, тариалангийн талбайг сүйтгэж байгаа нь колоничлолын дайралт удахгүй Игбочуудын соёл, уламжлалыг сүйтгэн эвдэхийг симболчилдог. Эцэст нь, энэхүү гайхамшигтай романыг уншиж байхдаа миний бие Монгол улсаа Өрнөдийн колоничлолын дайралтад өртөн, мөд удахгүй Игбочуудын харанхуй түүхийн үргэлжлэл болохыг ойлгон сэтгэл эмтэрч байв. 

Comments