Мөрийтэй тоглох дон, мөрийтэй тоглоомонд автсан хүний сэтгэлзүйн байдлыг уран зохиолд хамгийн ойроос бөгөөд тодоор бичсэн зохиолч бол Ф. М. Достоевский агаад мөрийтэй тоглохын хор уршгийг өгүүлсэн хамгийн сайн зохиол бол "Мөрийчин" роман (1866 онд хэвлэгдсэн) юм.. Би алив тоглоомд дургүй, мөрийтэй тоглоомыг бол бараг жигшиж үздэг, харин уг романаар "мөрийчин" хүний дотоод сэтгэлийн зөрчил, тэмцэл хийгээд зовлон, жаргалыг бага ч атугай ойлгон, улмаар өрөвдөв.. Достоевский өөрөө мөрийтэй тоглож явсан учраас мөрийтэй тоглогч хүний сэтгэлзүйн байдал, хожиж, хожигдохын цэнгэл, гутралыг иж бүрнээр, өөрөөр ямраар ч байх аргагүйгээр бодитой гаргажээ..
Достоевский ахынхаа тавьсан өрийг дарахын тулд өөрийн гурван ч романыхаа зохиогчийн эрхийг барьцаанд тавьж хүнд байдалд ороод байсан агаад мөнгө олохгүй бол зохиогчийнхоо эрхээ алдах аюулд тулгарсан учир богино хугацааны дотор өрийг тэглэхийн тулд уг романаа бэлэн болгох ёстой байв. Гэвч бие нь өвдөж шахуу ажиллах чадамжгүй байсан бөгөөд нөхөд нь тусалъя хэмээхэд бусдын бүтээлд нэрээ бичүүлж амар хялбараар асуудлыг шийдэхээс татгалзаж яадаг ч байсан өөрийн хүчээр босохыг зорив.. ингэснээр тэрээр ирээдүйн эхнэр Анна Григорьевнатай танилцсан ба Достоевский олон насаар дүү, үзэсгэлэнтэй бас өндөр боловсролтой Анна их зохиолчийн бичээчээр орсноор "Мөрийчин" роман сар хүрэхгүй хугацааны дотор бичигдэж дууссан бөгөөд Анна Достоевскийн бичээч болсноор "Маанаг", "Албингууд", 'Хөвүүн Заяа", "Карамазовын хөвгүүд" зэрэг шилдэг бүтээлүүдээ туурвисан.. үүнээс ч чухал нь тэд хайр сэтгэлтэй болцгоож хуримлацгаасан агаад "Мөрийчин" бол Достоевскийн амьдрал хийгээд замналын эргэлтийн цэг байсан гэдэг.
ҮНДСЭН СЭДЭВ. Казино, түүнтэй холбоотой сэтгэл хөдлөлийн сэдвийг хэлэлцэхдээ мөрийтэй тоглогчдод үзүүлэх сөрөг нөлөөг чухалчлан боддог ба мэдээжийн хэрэг энэ нь зөв юм. Достоевский казиног үндсэн сэдвээр сонгосон нь үүнээс гарах үр дүн эл романых нь үндэс суурь болдог. Романы дүр болгон мөрийтэй тоглоомоос хамааралтай байдаг нь тэдний ёс суртахууны сул дорой шинжийг нотолно; мөн үүний зэрэгцээ Алексей, Антонида хоёр ч энэ хамаарлыг даван туулж чадахгүй байгааг бид харж байна. Мөрийтэй тоглоомонд донтсоноор хүн байр суурь, нэр төр, гэр бүл, өөрийгөө хянах чадвар гээд бүх зүйлээ алддаг. Зөвхөн муу үр дагавараас өөр гарах гарз байхгүй гэдгийг эл романд сургамжилдаг. Хайр бол романы чухал сэдэв юм. Гэхдээ энэ мэдрэмжийг тэгтлээ чухалчлан авч үздэггүй энэ нь тийм ч гайхалтай юмуу бишрэмээр дүрслэгдээгүй. Энэ нь маш их саад тогтвортой тоглоом юмуу туршилт шиг байдаг. Энэ бүтээл дахь тоглоом бол зөвхөн рулет биш бөгөөд өргөн утгаар нь авч үзвэл Алексей, Полина хоёрын харилцаа аж.
Полина Алексейгээр тоглож, өөрийнхөө хүслийг гүйцэлдүүлэхийг албаддаг; тэгвэл Де Гриер Полинагийг сэтгэлээр тоглохдоо зөвхөн өөрийн ашгийн төлөө буюу хүүхний мөнгөний араас санаархдаг. Хайр энэ бүтээлд чин сэтгэлийнх байдаггүй, гэхдээ дүрүүд хэсэг хугацаа өнгөрсний дараа хайргүйгээр амьдрал нь бүрэн бүтэн биш болохыг ойлгодог. Бидний амьдарч буй цэвдэг хүйтэн, зүрх сэтгэлгүй нийгэмд жинхэнэ нөхөрлөл тун ховор билээ. Таныг дэмжих, хэрэгтэй зөвлөгөө өгөх хүнтэй байна гэдэг үнэхээр талархууштай хэрэг бөгөөд жинхэнэ найз гэдэг үнэнч, эелдэг бас тэвчээртэй байх ёстой буюу романд Астлейг ингэж л дүрсэлдэг. Гэвч бодит амьдрал дээр хүн бүр нөхөрлөлөөсөө ашиг хонжоо олохыг боддог боловч Астлей жинхэнэ нөхөрлөлийн үнэ цэнийг хадгалж чаддаг. Алексейтэй нөхөрлөсөн нь хэн хэнд нь чухал ач холбогдолтой гэдгийг Достоевский нотолдог ба нөхөрлөл тэднийг тусгаарлагдмал байдал, ядуурал, ёс суртахууны доройтлоос авардаг. Нөхөрлөлийн сэдвийг үлгэр жишээ, тогтвортой нөхөрлөлийн гайхалтай жишээ болгож харуулах зорилгоор хөгжүүлжээ.
СИМБОЛ БА ЗҮЙРЛЭЛ. "Мөрийчин" романы үндсэн симбол нь рулет юм. Үүний утгыг тайлбарлах тийм хэцүү биш; рулет бол амьдрал хийгээд хувь тавилангийн симбол гэдэг нь хүн болгонд илэрхий. Энэ нь хүмүүний амьдралыг эгнэгт сүйрүүлж, сэтгэлийн амар амгаланг бусниулж, өр болон олон асуудлыг төлөөлнө. Гэхдээ танд чөтгөрийн аз байвал, рулет нь танд тансаг амьдралыг бэлэглэж, ёстой л тосонд умбуулж, торгонд хөврүүлнэ. Хувь тавилангаа сүйтгэж, амьдралынхаа эсрэг байгаа Алексей-д рулет нь аз авчирдаггүйг бид уг романаас харж байна. Рулетийн симбол нь боломжтой нягт холбоотой боловч боломж бол найдаж болох үнэ цэнэтэй эх сурвалж биш ба энэ нь гол дүрийн жишээгээр батлагдсан. Баян хүмүүс бараг бүгдийг авч чаддаг. Ертөнцийг эрх мэдэл, албан тушаал, мөнгө ноёрхож байгаа гэдэгт тэд эргэлзэлгүй итгэдэг. Бид эд баялаг бидэнд бүгдийг өгдөг гэж бодож болох ч үнэндээ "Мөрийчин" романд өөр баримтуудыг харуулдаг. Романд эд баялаг сүйрлийн зүйрлэл болж хувирдаг; Алексей болон бусад мөрийтэй тоглогчдын хувьд энэ нь тэднийг мөнгөнөөс хамааралтай болгодог үхлийн ангал юм.
Эд баялаг бол ертөнцийн асуудал бөгөөд нийгмийг
хайхрамжгүй, сэтгэлгүй болгодог. Хүмүүс мөнгөнөөс гэмт хэрэг үйлдэхээс
авхуулаад эрүүл мэнд, аз жаргал болон эрх чөлөөгөө эрсдэлд оруулж чаддаг ба
хамгийн аймшигтай нь хайр дурлал, гэр бүл, эцэстээ ёс суртахуунаасаа
татгалздаг. Энэ романы гол мотиф нь мэдээжээр донтолт юм. Достоевский энэ
бүтээлдээ ёс суртахууныг тод харуулахын тулд эргэлзэлгүйгээр энэ сэдэв буюу
донтолтыг сонгосон бөгөөд үүний хажуугаар энэ асуудлын бодитыг байнга нотолдог.
Бодит амьдралдаа сэтгэл дундуур байх, ямар нэгэн зүйлийг өөрчлөх хүсэл нь олон
хүнийг буруу зам сонгоход хүргэдэг. Алексей хялбар замыг сонгож, үр дүнд нь
рулет тоглож байнга хожигдож, өрөнд орж балардаг билээ. Энэ роман бол тоглох,
тоглох хүслийн муу жишээг бишрэм харуулсан ба сөрөг хүсэл буюу донтолт Алексей,
Полина хоёрын харилцааг болон Алексейн амьдралыг сүйрүүлдэг. Гэвч олны
хэлдэгээр хүн асуудалд орж байж л гашуун нулимсын амтыг мэдэрдэг.
Comments
Post a Comment