The Tree of Life (2011) . Америкийн нэрт кино найруулагч Terrence Malick-ын энэхүү туульсын экспериментал драм нь галзуу бөгөөд сүрлэгээр сансрын хөлөг шиг аажмаар бууж ирдэг; энэ нь асар их хэмжээтэй сансрын дотоод тууль, реализмыг зэмлэх, комеди болон хошигнолоос татгалзаж, ой дурсамжийг бясалгахын сацуу хайртай хүмүүсээ хайрлах, хайрласан бүхнээ зайлшгүй алдах нууцлаг айдсын тухай бүтээл юм. Кино урлаг ингэж томоор бодож чадна шүү гэдгийг харуулсан үлэмж хэмжээгээр зоригтой дүрсэлсэн кино урлагийн царыг илтгэсэн кино ба Malick эл киногоороо бусад кино бүтээгчдийг аймхай, жижиг болгон харагдуулдаг. Киноны гол дүрүүдэд Brad Pitt, Sean Penn, Jessica Chastain болон Tye Sheridan (түүний дебют) нар тоглосон. Киноны үйл явдалд; 1950-аад онд Texas мужид амьдрах дунд хэргэм настай залуугийн хүүхэд нас, гэр бүлээ дурсан санахаар дамжуулан амьдралын утга учир, ертөнцийн үүсэл зэргийг он цагийн дарааллаар үзүүлнэ. Кино нээлтээ Канны наадмын дээд шагналыг тухайн ондоо хүртэж, 2011 оны шүүмжлэгчдийн хамгийн их ярианы сэдэв болсон бүтээл болсон ба FIPRESCI шагнал хүртсэн ч Оскарт шилдэг кино, шилдэг найруулагч төрөлд нэр дэвшсэнээс өөрөөр гавьсангүй. 2012 онд Sigth & Sound сэтгүүлээс гаргасан манай гаригийн хамгийн шилдэг кино жагсаалтад 102-р байр эзлэв, ингэснээр уг хүндтэй жагсаалтад багтсан 2000 оноос хойш бүтсэн 4 киноны нэг болов. The Guardian 21-р зууны шилдэг 100 киноны 28-р байрт, TSPDT сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг 167-р байрт тус тус эрэмбэлэв. 1970-аад оны сүүлээр Days of Heaven шедеврээ дуусгаад байсан Malick-д дараагийн төслийг нь санхүүжүүлье гэсэн санал иржээ. Дэлхий болон амьдрал үүсэн эхлэж байгааг сансар огторгуйн түүхийг харуулсан бүтэцтэй кино хийх санаа түүнд байв. Ингээд Q гэсэн гарчигтай "Амьдралын мод" кинонд оруулаагүй элементүүдтэй буюу үйл явдал нь дэлхийн нэгдүгээр дайны үед, дундад Азид, усан дотор орчлон ертөнцийн хувьслын талаар зүүдлэх Минотаврын тухай төсөл байжээ. Гэвч, гэнэт л нэгэн өглөө Malick уг төслөө "зогсоочихиж". Арваад жилийн дараа Malick "Амьдралын мод" концептоо River Road Entertainment-ын тэргүүн, эртний хамтрагч Bill Pohlad гэгч танилцуулсан ба Pohlad түүний концептийг галзуу гэж эхэндээ бодсон ч удалгүй ойлгож эхэлснээр киног санхүүжүүлж эхэлжээ. Brad Pitt бас кино багт орж, нэлээд хожуу гол дүрд тоглохоор болсон байна. 2005 онд "Амьдралын мод" кино хийгдэх нь тодорхой болж, Энэтхэгийн компани санхүүгийн тал дээр хамтран ажиллахаар болсон бөгөөд киноны зураг авалтын зарим нь бүр Энэтхэгт авагдахаар болсон. Киноны эхэн үед Mel Gibson, Colin Farrell нар төслийг сонирхож байсан ч Heath Ledger ноён O. Brien-ын дүрд тоглохоор товлогдоод байсан ч тэрээр амиа хорлохоосоо сарын өмнө төслийг орхижээ. Ах дүү гурвын дүрд тохирох хүүхдүүдийг олохын тулд кино баг бүтэн жилийг зарцуулахдаа арван мянга гаран хүүхдийг сонгон шалгаруулалтад оруулсан ба ер нь киноны жүжигчдийн 90 гаруй хувь нь өмнө огт жүжиглэж үзээгүй хүмүүс байлаа.
Malick-тай олон жил хамтран ажилласан Jack Fisk-ын хэлж байгаагаар Malick радикал зүйл хийхийг оролдож байсан агаад киноныхоо талаар маш их нууцалж байсан ажээ. Мөн түүнийхээр олон жилийн өмнө хаяад байсан Q төслийн дүрслэлүүд "Амьдралын мод" дээр дахин амилсан ажээ. Киноны зураг авалт Smithville, Houston, Matagorda болон Malick-ын төрсөн нутаг Waco зэрэг газар нутгуудад авагдсан агаад киноны нэрийг Smithville-д байдаг аварга царс модноос авчээ. Киноны зураг авалтын талбай ёстой гамшиг байсан талаар Brad Pitt дурссан буй; "тэнд хэдэн зуун машин, хүмүүс, генератор байсан. Энэ бидний огт мэдэхгүй, шал өөр зүйл байлаа. Тэнд ямар ч камерын гэрэлтүүлэг байгаагүй, дандаа гар камерууд, ингэснээр бүх юм эрх чөлөөтэй бас айвуу тайвуу байсан" гэжээ. Судлаачид уг киноны теологийн, философийн сэдвийг онцлон тэмдэглэдэг. Католик шашны зохиолч Fr. Robert Barron "Сайн ба муугийн жүжиг, байгаль ба нигүүслэлийн хоорондын хурцадмал байдал, Бурхан бол бидний бүрэн ойлгох чадваргүй тийм нэгэн гоо үзэсгэлэн ба уг кино нь хэцүү бэрх ч чухал сургаалийг дамжуулж байна" гэж анализ хийжээ. Шашны America сэтгүүл киног "Уй гашуу, Бурхныг бататгах, нигүүслэл болоод хүний мөн чанарын хоёрдмол утгын философийн судалгаа" гэж анализ хийжээ. Далайн эрэг дээрх төгсгөлийн сцэнийг "бие махбодийн шашны дахин амилалтыг харуулсан хамгийн аугаа кино дүрслэл" гэжээ. Кино Иовын ишлэлээр эхлээд тус ишлэл нь киноны турш үндсэн түлхүүр болдог бөгөөд амьдралд хандах хандлагын түлхүүрийг агуулдаг ажээ. Эцэг эхийн шаналал, үе үе үзүүлэх эцгийн харгислал; энэ бүхэн хүчирхэг боловч өнгөрч буй драмууд буюу киног үзэж байхад энэ бүхэн бидний санаанд хадагддаг агаад дараа бид үүнээс илүү том ертөнцөд буцаж ирээд хүний түүх энэ бүхний хажууд өчүүхэн болохыг ойлгоно. Bob Mondello-ын хэлж буйгаар "залуугийн үхлийг ойлгохын тулд бид бүтээлээс өөрөөс нь эхлээд түүнийг бүтээхэд хүргэсэн бүхнийг ойлгох ёстой" ажээ.
"Амьдралын мод"-г Гэгээн Августины "Наманчлал"
зохиолтой харьцуулдагаас гадна дуу хоолойг нь Федор Достоевскийн "Ах дүү
Карамазов" романтай адилтгадаг. Ноён O. Brien байгалийг илтгэх бол
хатагтай O. Brien нигүүслэл - Бурхныг илтгэнэ. Brad Pitt дүрийнхээ талаар
"энэ дүр байгалийг буюу амьд үлдэхийн тулд өөр нэгийг устгаж, түүн
дээрээсээ амин тэжээлээ авдаг байгалийг илтгэнэ. Америкийн мөрөөдлийн түүний
итгэж байсан шиг бүтдэггүй, тэр бусад хүмүүс өөрөөс нь түрүүнд алхаж байгаад
атаархаж бас бухимддаг. Дарамтлуулсан хүн эргээд хэн нэгэн сул дорой хүнийг
дарамталдаг, энэ нөхцөлд харамсалтай нь тэрээр хүүгээ дарамталж байна" гэж
хэлжээ. Ихэнх шүүмжлэгчид Jack дүрийн болоод Malick-ын хооронд ижил төс байна
гэдэг ба Malick-ын нэгэн дотны найзын хэлснээр "Амьдралын мод",
Knight of Cups, Song to Song гэсэн 3 кино найруулагчийн "Намтарчилсан
түүхийн трилоги" болдог ажээ. Харин Malick энэ гарчигт дургүй байдаг ба
хүмүүс түүнийг өөрийнхөө тухай кино хийсэн гэж бүү бодоосой, харин илүү өргөн
цар хүрээтэй кино хийсэн гэж бодоосой гэж тэрээр хүсдэг ажээ. 2004 онд
Fahrenheit 9/11 кино Канны тэргүүн шагналыг авсанаас хойших анхны Америк кино
болсон бөгөөд наадмын шүүгч байсан Robert De Niro "ялагчийг сонгоход хэцүү
байсан ч Амьдралын мод бүтээл эцсийн дүнд тохирсон" гээд цааш нь
"энэхүү шагналд тохирох цар хэмжээ, ач холбогдол, зорилго уг кинонд
байсан" хэмээжээ. Кино шүүмжлэгч Roger Ebert ын кииог дүрслэлийн хувьд
Stanley Kubrick-ын 2001: A Space Odyssey бүтээлтэй зүйрлэж, асар амбицтай кино
гэж тодотгосон байдаг ажээ. Sean Penn киноныхоо талаар "Миний амьдралдаа
уншсан хамгийн гайхалтай кино зохиол байсан, гэхдээ би сэтгэл хөдлөлийг
дэлгэцнээс олж хараагүй. Илүү ойлгомжтой, илүү уламжлалт хүүрнэл нь кинонд тус
болохгүй байсан байх, миний бодлоор харин ч киноны гоо сайхан, нөлөөг бууруулах
байсан. Гэхдээ энэ бол миний танд санал болгох кино. Харин та ямар ч урьдчилан
таамаглалгүйгээр үзээрэй. Хүн бүр өөрийнхөө хувийн зан чанар, оюун ухаан,
сэтгэл мэдрэмжээ уг кинотой холбох ёстой" гэжээ.
Comments
Post a Comment