Федор Достоевский "Ядуу хүмүүс"

 

 




 
"Ядуу хүмүүс". Оросын их зохиолч Федор Достоевскийн 1844-1845 оны хооронд 9 сарын хугацаанд бичсэн анхных нь роман. Үрэлгэн амьдралын хэв маяг, өсөн нэмэгдэж буй мөрийтэй тоглоомын донтолтоос болж санхүүгийн хямралд орсон их зохиолч маань мөнгө олохын тулд эл бэсрэг романаа бичсэн буюу хэдийгээр тэрээр гадаадын зохиолыг орчуулж байсан ч хангалттай санхүүгийн дэмжлэг болохгүй байсан тул мөнгө босгохын тулд эл бүтээлээ туурвьжээ. Гоголь, Пушкин, Карамзин, түүнчлэн Англи, Францын зохиолчдын бүтээлүүдээс санаа авсан "Ядуу хүмүүс" роман нь үеэлүүд болох Макар Девушкин, Варвара Доброселова гэсэн гол хоёр баатрын хоорондын захидал хэлбэрээр бичигдсэн.

  Эл бүтээлд ядуу хүмүүсийн амьдрал, тэдний баян хүмүүстэй харилцах харилцаа болоод ядуурлыг ерөнхийдөө харуулахдаа уран зохиолын натурализмын нийтлэг сэдвүүдийг багтаажээ. Доброселова баян бэлэвсэн ноён Быков өөрт нь гэрлэх санал тавьсны дараа уран зохиолд дурлах сонирхлоо алдаж, мөн Девушкинтэй харилцах харилцаа нь гүн гүнзгий бөгөөд эвгүй болж хувирдаг. Тухайн үеийн натуралист уран зохиолд бичээчийн дүр нь нийтлэг хэв шинж байсан ба Достоевский өөрийн бүтээлд сэтгэл хөдөлгөм шинж чанарыг хадгалж үлдсэн; Доброселова урлагийг орхиж, Девушкин харин уран зохиолгүйгээр амьдарч чадахгүй. Орчин цагийн шүүмжлэгчид уг романд хөндсөн хүмүүнлэг сэдвийг сайшаасан байдаг. Виссарион Белинский уг романыг Оросын анхны "нийгмийн роман" гэж нэрлэсэн бол Александр Герцен социалист сэдэвтэй томоохон бүтээл гэсэн байхад бусад шүүмжлэгч, судлаачид элэглэл, ёгтлолт шинжийг нь онцолжээ. Романд янз бүрийн өнцөг болон хүүрнэгчийн дуу хоолойны ярвигтай полифонийг ашигласан байдаг. Анх Достоевский либерал баримтлалтай 'Fatherland Notes" сэтгүүлд санал болгож байсан уг роман 1846 оны 1-р сарын 15нд Санкт-Петербургийн түүвэр цоморлогт хэвлэгдэн гарч улс даяар асар их амжилтад хүрсэн. 

ТУУРВИЛ. Достоевский багаасаа уран зохиолд дуртай байлаа. Түүний ээж номын санд бүртгүүлснээр гэр бүлээрээ Оросын болоод гадаадын шилдэг зохиолуудтай танилцах боломжтой болжээ. Анн Рэдклифф гэх мэт готик зохиолуудыг анх шимтэн уншсан Достоевскийд Александр Пушкин, Василий Жуковскийн бүтээлүүд нөлөөлсөн байдаг бол гадаадаас Хомерын баатарлаг туульс, Сервантес, Уолтер Скотт нарын морьтон баатруудын романууд ихээхэн нөлөөлжээ. Достоевский эхлээд Москвагийн шилдэг хувийн сургууль болох Чермакийн дотуур байртай сургуульд суралцсан. Энэ нь Наполеоны дайны дараа Орост нүүж ирсэн Чехийн цагаач Чермакийн үүсгэн байгуулсан сургууль ба Оросын уран зохиолд ихээхэн нөлөөлөө үзүүлжээ. Достоевскийн аав хүүгийнхээ сургалтын төлбөрийг төлөх гэж нэмэлт ажил хийж, язгууртан төрөл төрөгсдөөсөө мөнгө гуйх шаардлагатай болсон. Бага залуу Достоевский сайн дасан зохицож байсан ч 1837 оны намар ээж нь нас барснаар гэр бүл нь санхүүгийн хямралд орсноор сургуулиа орхихоос өөр аргагүй болов. Ингээд тэрээр Цэрэг инженерийн техникийн их сургуульд явсан; тэнд дасан зохицоход бэрхшээлтэй байсан ч 1843 онд сургуулиа цэргийн инженерээр төгсөв. Достоевский сургуулиа төгсөөд нэлээд чөлөөтэй амьдралын хэв маягаар амьдарч, Оле Булл, Франц Лист нарын хөгжмийн зохиолчдын жүжиг, балетыг үзэж, сонирхож, жилдээ ердөө 5000 рублийн орлоготой байсан ч Прианишниковын байшинг 1200 рублиэр хөлслөж байсан нь санхүүгийн бодит байдалтай нь нийцэхгүй байлаа. 

Эдгээр явдлууд болоод казино тоглож эхэлснээр Достоевскийн санхүүгийн байдлыг доройтох үндсэн шалтгаан болсон ба тэрээр орчуулагчаар ажиллаж эхэлсэн буюу 1843 онд Бальзакийн "Эжени Гранде", Жорж Сандын "Ла дерньер Алдини" зэрэг бүтээлүүдийг орчуулсан ч тийм ч амжилттай болоогүй. Достоевский мөрийтэй тоглоом, тавьсан мөрийндөө байнга хожигддог байсан тул хөрөнгийг нь эрс нимгэрүүлсэн ба үүнээс болж тэрээр төрөл садангаасаа мөнгө гуйхаас өөр аргагүйд хүрсэн ч байнга мөнгө гуйгаад байх нь эвгүй байсан болохоор өөрөө роман зохиол бичиж мөнгө босгохоор шийдсэн; Достоевский ахдаа бичсэн захидалдаа "Энэ бол зүгээр л нэг тохиолдол. Миний роман бүх зүйлийг хамарсан. Хэрэв би бүтэлгүйтвэл өөрийгөө дүүжилнэ" гэжээ. Достоевский 1844 оны эхээр "Ядуу хүмүүс" роман дээрээ ажиллаж эхэлсэн бөгөөд 1844 онд Михаилд захидалдаа "Би Эжени Гранде хэмжээний роман бичиж дуусгаж байна. Энэ нэлээд оригинал бүтээл болсон" гэжээ. Дараа нь Достоевский 1845 онд ахдаа бичсэн захидалдаа "Би романаа 11-р сард дуусгаад дараа нь 12-р сард дахин бичлээ, тэгээд 2-3 саруудад бас дахин бичлээ. Одоо би романдаа үнэхээр сэтгэл хангалуун байна. Нухацтай бөгөөд гоёмсог бүтээл боллоо" хэмээжээ. 1845 оны хавар, 1844 оноос хойш байрын хамтран хөлслөн суудаг байсан түүний найз Дмитрий Григорович 1846 онд антологи гаргахаар төлөвлөж байсан яруу найрагч Николай Некрасовт "Ядуу хүмүүс" романы гар бичмэлийг өгөхийг санал болгожээ. 

Ингээд Достоевский гар бичмэлээ Некрасовт аваачиж өгчихөөд гэртээ харьжээ. Төд удалгүй гэрийнх нь хонх дуугарч, үүдэн дээр сэтгэл нь хөдөлчихсөн Григорович, Некрасов хоёр зогсож байх нь тэр. Тэд зохиолын эхний 10 хуудсыг л уншаад байсан ч Достоевскийн анхны романд халуун баяр хүргэв. Тэд 112 хуудас бүхий бүтээлийг шөнөжин Достоевскийн байранд уншиж өнгөрүүлсэн гэдэг. Маргааш өглөө нь тэр 3 нэрт шүүмжлэгч Виссарион Белинский дээр очив; Некрасов Достоевскийг "Шинэ Гоголь" гэж зарлав, гэвч Белинский "Гоголь-ууд мөөг шиг ургаж байгааг та олж мэднээ" гэж эргэлзэнгүй хариулав. Достоевский өөрөө ч ном нь Белинскийгээс магтаал хүртэнэ гэдэгт итгэхгүй байсан хэдий ч тэр оройдоо Некрасов Белинский дээр дахин зочлоход Белинский Достоевскийтэй уулзаж анхны романд нь баяр хүргэхийг хүсчээ. Достоевскийн романаа "Fatherland Notes" сэтгүүлд гаргахыг хүссэн ч больж оронд нь Санкт-Петербургийн түүвэр цоморлогт хэвлүүлэн гаргажээ.

 СЭДЭВ БА ХЭВ МАЯГ. "Ядуу хүмүүс" ядуурал, ядуу ба баян хүмүүсийн хоорондын харилцааг судлахдаа уран зохиолын натурализмын нийтлэг сэдвүүдийг давхар судалдаг. Достоевскийд Александр Пушкиний "Өртөөний дарга", "Николай Гоголийн "Шинель", Питер Абелард, Хелоиз д'Аргентейл нарын бичсэн "Абелард ба Хелоиз хоёрын захидал" зэрэг бүтээлүүд ихээхэн нөлөөлсөн бөгөөд энэ бол Макар Девушкин болон Варвара Доброселова хоёрын захидлаар харилцаж байгаагаар найруулагдсан захидал роман юм. Номын нэр болон гол дүрийг Николай Карамзины "Хөөрхий Лиза" зохиолоос санаа авчээ. Гол хоёр дүрийн гарал үүсэл, эмгэнэлт төгсгөл зэрэг нэмэлт элементүүд нь дундаж ангийн романы ердийн шинж чанарыг багтаадаг. Белинский болон бусад судлаачид "Шинел" зохиолоос уг романы санаа бүтсэн гэж дүгнэдэг. Илүү хожуу үеийн шүүмжлэгчид "Ядуу хүмүүс" романы дэврүүн хүмүүнлэг шинжийг тодотгоод Гоголийн номуудад байдаг элэглэл, егөөдөлт агуулагддаг гэж үзсэн; гэвч зарим шүүмжлэгч үүнийг эсэргүүцдэг. Карин Жанетт Хармон Достоевский дэврүүн сэтгэлийг захидал романы элэглэлийг бичээчийн натуралист ноорог элэглэлтэй хольсон гэж үзсэн бол Роберт Пэйн аливаа хошин агуулгаас татгалзаж, Достоевскийн егөөдөл "Давхар" зохиолоос нь эхэлсэн гэжээ. Белинский ч үүнтэй төстэй бодолтой байсан ба тэрээр "Достоевскийн авъяас бол тэр дүрсэлдэггүй, харин хамгийн дээд зэргээр бүтээдэг" гэсэн байдаг. Харин Виктор Террас Достоевскийг цөөн тохиолдолд л гэхээс барагтаа хошигнол ашигладаггүй; харин оронд нь сайн хүний эгэл жирийн сэтгэл хийгээд "ухаалаг" хүмүүсийн удирддаг сэтгэлгүй, институцичлагдсан нийгмийн нарийн түвэгтэй аппарат хоорондын мөнхийн зөрчилдөөнөөс үүссэн хошигнолыг ашигласан гэжээ. 

Уг бүтээлийг бүхэлд нь "нухацтай элэглэл" гэж үзсэн Жозеф Фрэнк "Ядуу хүмүүс" нь дээд нийгмийн адал явдалт роман, Гоголийн хошин орон нутгийн өнгөлөг үлгэр ба физиологийн улиг болсон тойм гэж дүгнэсэн аж. Виктор Террас "дэврүүн захидал романы хайрын түүхийн хошигнол" гэж нэрлэсэн. Орчин үе сэтгүүлд "Энэ бүтээлд комедийг ямар нэгэн байдлаар судалдаг ба Гоголь, Квитка нарын өнгө аяс, хэлийг ихээхэн хэмжээгээр багтаасан" гэж бичиж байв. Умардын Зөгий сонинд "Достоевский энэхүү түүхээрээ дамжуулан Основяненкогийн (Квитка) тогтуун эгэл байдлыг Гоголийн хошигнолтой гэнэнээр ашиглахын хүссэн" гэж бичиж байж. "Ядуу хүмүүс" ба "Шинель" хоёрын холбоосыг тодорхойлсон өөр нэг байр суурь бол эхнийх нь сүүлчийнхээ үргэлжлэл болдог гэсэн санаа ба Достоевский ядуу төрийн албан хаагчийн талаарх түүхээ Гоголийн үлдээсэн цэгээс үргэлжлүүлсэн гэж үзэгсэд байдаг. Энэ үзлээр Достоевский шинэлэг бүтээл туурвиагүй гэсэн үг биш, учир нь энэ роман Гоголийн үлгэрт гардаг механик, амьгүй шинж чанарыг хүмүүнлэг болгож буйгаараа чухал ажээ.

 Энэ нь Достоевский "Ядуу хүмүүс" ба "Давхар" бүтээлүүдээрээ Гоголийн баатруудын сэтгэлзүйд нэвтрэхийг оролдсон гэдэг онолтой нийцдэг ба Гоголь маягийн загварыг Достоевский тодорхой, хүмүүнлэг болгосны үр дүнд нөлөөг нь улам эрчимжүүлжээ. Гоголь нийгэм-сэтгэлзүйн бухимдлыг хөгжилтэйгөөр дүрсэлсэн бол Достоевский үүний эмгэнэлтэй талыг онцлон тэмдэглэсэнээр өөр замаар явсан. Шүүмжлэгч Ребекка Эпштейн Матвеевийн хэлснээр Пушкиний "Өртөөний дарга" нь сэдэвчилсэн дэд текст, Девушкиний уран зохиолын туршилтуудын үндэс нь Достоевскийн захидал романы харилцааны эх сурвалж болдог ажээ. Доброселова, Девушкин хоёрын бичсэн захидалд "Өртөөний дарга", "Шинель" бүтээлүүдийг дурдсан байдаг билээ. Достоевский зохиолч, хүлээн авагч хоёрын хоорондын бичсэн бодит захидлуудтай адилаар өөрийн хувийн шүүмжлэлийг багтаахын тулд захидал роман төрлийг сонгосон гэсэн таамаг бий. Якубовичийн хэлснээр Достоевский уг романаа өөрийнөө өдрийн тэмдэглэл шиг ашигласан; гэвч гадаад хүүрнэгч дутагдаж байгаа тул дүрүүдийн сэдэл, зан чанарыг цорын ганц эх сурвалж нь Доброселовагийн захидал, өдрийн тэмдэглэл болдог. 

Олон янзын дуу хоолой, тухайлбал Девушкиний түүхээс иш татсан үгс, номууд, мөн өөрийн бүтээлийн тухай тайлбарууд нь полифоник жишээ болно. Эдгээр нөлөөллүүд уншигчдыг төөрөгдүүлж, хүүрнэгчийг далдалдаг. Сексийн гэм буруу нь "Ядуу хүмүүс" романы бас нэг чухал сэдэв юм. Энэ нь жишээлбэл, Варварагийн өнгөрсөний ямар нэгэн гутамшигтай зүйл буюу Девушкин тэр хоёрын холоос харилцаж байгаа нь тэдний цус ойртсон хайр дурлалын харилцааг нотолно. Константин Мочулский "эротикизм ба эцгийн энхрийллийн тодорхойгүй холбоосоор сүлжилдсэн хөгшин эрийн охиныг хайрлах сэдэв бол Достоевскийн хамгийн дуртай сэдвүүдийн нэг" гэжээ. "Ядуу хүмүүс" роман улс даяар магтагдахад, Достоевский "Орос бүхэлдээ миний энэ романы тухай ярьж байна" хэмээсэн. Нэрт шүүмжлэгч Павел Анненков "Мөн чанарын сургууль" гэсэн байдаг. Мөн тэрээр "Шинэ суутан ноён Достоевскийн тухай мэдээ Санкт-Петербург даяар тархаж байна. Энэ түүний жинхэнэ нэр үү, уран зохиолын нэр үү гэдгийг бид мэдэхгүй. Хүмүүс түүний шинэ романыг (Ядуу хүмүүс) уншаад магтан сайшааж байна, харин би хөөрхий Оросын уншигчид гэж хэлж байна! Гэхдээ ноён Достоевский бол авъяастай хүн бөгөөд тэр уран зохиолд замаа олж чадах аваас сайн зохиол бичиж чадна" гэжээ. Николай Добролюбов 1861 онд бичсэн "Дарлагдсан хүмүүс" эссэндээ Достоевский ядуу байхын бодит байдлыг судалж, хүмүүнлэг санааг илэрхийлсэн гэж магтжээ.

Comments