Bonnie and Clyde (1967). Америкийн кино найруулагч Arthur Penn-н намтарчилсан, гэмт хэрэгт драм. Их Хямралын үеийн Америкийн өмнөд хэсэг амьдарч байсан Clyde Barrow, Bonnie Parker гэмт хэрэгтэн хосуудын бодит түүхээс сэдэвлэсэн энэхүү киноны гол дүрүүдэд Warren Beatty, Faye Dunaway хоёр тоглосон бол туслах дүрүүдэд Gene Hackman, Estelle Parsons, Michael J. Pollard нар тоглосон. Киноны зохиолыг David Newman, Robert Benton хоёр бичсэн (Robert Towne болон Warren Beatty кино зохиолд хувь нэмэр оруулсан ч кретидэд гараагүй) ба продюсерээр Beatty ажилласан. Уг киног Америкийн кино урлагийг өөрчилсөн, эргэлтийн цэг болсон бүтээл гэж үздэг; анхлан критикүүдээс янз бүрийн үнэлгээ авсан ч хожим нь эерэгээр үнэлэгдэж, арилжааны хувьд амжилт олж, 1967 оны хамгийн өндөр орлоготой киноны нэг болсон байдаг. Кино Оскарын наадамд шилдэг кино тэргүүтэй 10 төрөлд нэр дэвшсэнээс шилдэг зураглаачийн (Burnett Guffey) төрөлд ялалт байгуулсан.
"Bonnie and Clyde"-ийг Шинэ Холливуудын эринийг эхлүүлэгч, тулгын чулуу болсон бүтээлүүдийн нэг гэж үздэг бөгөөд уг кино нь тухайн үеийн кино урлагийн олон хориог эвдэж, зарим анти-соёлчдын хувьд "эсэргүүцлийн хашгираан" хэмээгдэж байв. "Bonnie and Clyde"-ийн амжилт нь бусад кино бүтээгчдийг кинондоо секс, хүчирхийллийг илүү нээлттэй харуулахад түлхэц, барагалж зориг өгсөн. Уг киноны төгсгөл нь өнөөдөр кино урлагийн түүхэн дэх хамгийн цуст үхэлтэй сцэнүүдийн тоонд багтах болтлоо алдаршжээ. "Bonnie and Clyde" нь буудалцааныг ерөнхийдөө цусгүй, өвдөлтгүйгээр дүрслэн үзүүлдэг байсан эринд нээлтээ хийсэн нь цочирдом байсан буюу кино дахь алдартай үхлийн сцэн нь Америкийн кино урлагийн өргөн дэлгэцийн хүрээнд реализмаар дүрслэгдсэн анхны кинонуудын нэг юм. "Bonnie and Clyde" киног хэтэрхий хүчирхийлэлтэй, дэндүү олиггүй, гол баатрууддаа хэтийдсэн энхрийллээр ханддаг гэж зэмлэгчид байсан бол нөгөө талд нэгэн зэрэг модерн, загварлаг донжтой гэж магтагсад ч байлаа. Оршин байхын айдас түгшүүр, комеди хоёрын дунд шарвасан, дайсагнасан, үсэрсэн монтажтай уг кино нь Америкийн кино урлаг Францын Шинэ Давалгаа руу чиглэж байсныг харуулна. Кино дахь жүжигчдийн хөгжилтэй гүйцэтгэл өнөөдөр ч шинэлэг хэвээрээ байгаагаас гадна та энэ киноноос амьдралд дурласан хэрнээ үхэлд бэлэн, юуг ч хайхардаггүй залуу насны тэнэг, сэтгэл хөдлөлдөө шатсан байдлыг мэдрэх болно. Theyshootpictures сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 343-р байрт жагсаагаад байна.
"Bonnie and Clyde" киног орчин үеийн киноны техникээр сайжруулсан 1930-аад оны хүчирхийлэлт гангстер кинонуудын романтик, комеди хувилбараар хийхээр төлөвлөж байжээ. Найруулагч Penn зарим хүчирхийлэлтэй сцэнүүдийг комик өнгө аястайгаар дүрслэхдээ заримдаа "Keystone Cops" киноны хэв маягийг санагдуулам бүдүүлэг хошигнололоос цочирдом, хүчирхийллийн дүрслэлтэй болгохыг зорьсон аж. Уг кинонд Францын Шинэ Давалгааны найруулагчдын нөлөө хүчтэй нөлөөлсөн бөгөөд өнгө аяс түргэн солигдож, үсэрсэн монтаж нь төгсгөлийн үзэгдлээс анзаарахуйц мэдрэгддэг. Киноны зохиолыг анх 1960-аад оны эхээр боловсруулж эхэлсэн; Францын Шинэ Давалгааны нөлөөгөөр зохиолыг бичсэн Newman, Benton хоёр хараахан бүрэн болоогүй зохиолоо Penn-д илгээжээ. Найруулагч маань "The Chase" кино дээрээ ажиллаад завгүй байсан тул "Bonnie and Clyde" киноны зохиолд хувь нэмрээ оруулж чадаагүй. Киноны зохиолчид зохиолоо Францын найруулагч François Truffaut руу илгээж, Truffaut ч эхэндээ санаа оноогоо хэлж байсан ч төслөөс гарч, өөрийнхөө "Fahrenheit" төслийг эхлүүлсэн. Truffaut Америкийн найзууддаа өөр нэгэн Франц найруулагч болох Jean-Luc Godard-г санал болгов. Зарим эх сурвалжийн мэдээлснээр Godard Холливуудад итгэдэггүй, тиймээс татгалзсан аж. Benton Godard зураг авалтыг өвлийн улирлын нэгдүгээр сард Нью Жерсид хийхийг хүссэн гэж мэдэгджээ. Нэг жилийн туршид дулаахан уур амьсгалтай Техас мужид өрнөдөг түүхэн эх сурвалжтай байсан учир продюсер Norah Wright түүний хүслийг үндэслэлгүй гэж эсэргүүцсэнд Godard эмзэглэсэн гэсэн яриа ч байдаг. Godard санал нийлэхгүй байгаа Америк нөхөддөө хариу болгож "Би кино урлаг ярьж байна, харин та цаг агаар яриад байна. Баяртай" гэжээ.
Продакшны хэлэлцээр бүтэлгүйтсэний дараахан Beatty Парист айлчилж, Truffaut-аас төслийн тухай мэдэж авсан. Холливуудад буцаж ирээд тэрээр зохиолтой танилцахыг хүсч, эрхийг нь худалдаж авсан байна. Godard-тай хийсэн уулзалт үр дүнгүй өнгөрсөн бөгөөд Beatty арга барилаа өөрчилж, зохиол нь Францын Шинэ Давалгааны хэв маягтай боловч заавал Франц найруулагчаар бус Америк хүнээр найруулах ёстойг ойлгож, хүмүүсийг ятгаж эхэлсэн. Тэрээр найруулагчийн суудлыг George Stevens, William Wyler, John Schlesinger, Sydney Pollack нарт санал болгосон ч бүгд татгалзжээ. Penn ч удаа дараа татгалзаж байсан ч Beatty түүнд ашгийн 10%-ийг санал болгосноор ятгаж чаджээ. Beatty зөвхөн продюсерээр ажиллаж байхад охин дүү Shirley MacLaine Bonnie-н дүрд сонгогдох хамгийн боломжтой байсан ба Beatty Clyde-н дүрд тоглохоор болсноор өөр эмэгтэй жүжигчин олох хэрэгтэй болсон. Ийнхүү Jane Fonda, Tuesday Weld, Ann-Margret, Sharon Tate болон Cher нарын эмэгтэй жүжигчид сонгон шалгаруултад орсон бол Beatty Natalie Wood-ээс тоглооч гэж гуйсан Natalie түүнтэй ажиллах түвэгтэй байдгаас, мөн эмчилгээ хийлгэж байсан учраас татгалзжээ. Faye Dunaway дүрийг авсныхаа дараа "гоё шүднийхээ" ачаар яллаа гэсэн байдаг. Кинонд сексийн асуудлыг илэн далангүй авч үзсэн боловч энэ сэдэв нь концепт талаасаа нэлээд бүдгэрсэн. Анхлан кино злхиолчид Clyde-г бисексуал гэж бичжээ. Clyde болон Bonnie жолоочтойгоо хамт гурвалсан секс харилцаанд орж байгаа хэсэг ч бичигдсэн байж. Penn зохиолчдод хосуудын харилцааны сэтгэл хөдлөлийн нарийн түвэгтэй байдал нь гол дүрүүдийн хүсэл тэмүүллийг бууруулдаг болохыг хэлж, улмаар өөрчлөхийг ятгаж чадсан байна.
Угаасаа гол дүрүүд нь гэмт хэрэгтнүүд байхад нэмээд сексийн гаж хүсэлтэй болгочихвол гол дүрүүдийг ойлгон энэрэх үзэгчдийг сэтгэл үгүй болно гэж тэд үзжээ. Beatty өөрийнхөө дүрд тийм сексийн хандлагыг харуулахыг хүсээгүй гэж үзэгсэд байдгаас гадна энэ нь цензурын албаны зөвшөөрлийг угаасаа авахгүй байсан гэдэг. Beatty киногоо анхлан хар-цагаанаар хийхийг хүссэн боловч Warner bros-ийн зүгээс татгалзсан ба студийн захирал Jack L. Warner студийн эхэн үеийн гангстер кинонуудад тохиолдсон таагүй дурсамжийг хөндсөн тул шууд татгалзсан буюу бараг дайсагнаж хүлээж авчээ. Warner болон Beatty хоёрын дунд өмнө нь өөр төсөл дээрээс болж маргалдсан асуудал байсан нь ч нөлөөлж гэж үздэг. Энэ талаар арай хойно өгүүлнэ. Ингээд кино нээлтээ хийсний дараа алуурчдыг магтан дуулсан, байж боломгүй хүчирхийлэлтэй дүрслэлтэй хэмээн бөөн шуугиан, хамгийн гол нь эсэргүүцэл, хэрүүл дагуулсан байдаг. Критикч Bosley Crowther аймшигтай хилэгнэж, "Bonnie and Clyde" бол тэнэг балай хосын тухай хямдхан, бүдүүлэг комеди гэж нэрлээд Америкийн кинонуудын улам бүр харгислалыг магтан дуулж байгаагийн эсрэн аян хүртэл өрнүүлэв. Ихэнх критикүүдийн анхны сэтгэгдэл дээрх шиг л байсан юм. "Bonnie and Clyde" бүтээлд, айж, уурласан Bonnie Clyde-аас зугтаан улаан буудайн талбайгаар гүйж, Clyde түүнийг гүйцэж очоод тэд тэврэлдэх үед талбай дээгүүр үүл бүрхэж, хосуудыг сүүдэртүүлдэг сцэн бий.
Өндрөөс, өргөн өнцгийн уг кадрт цөөхөн кинонд тохиолддог санамсаргүй цагаа олсон азтай мөч оршдог буюу үүл нь үхлийг тээгч гэдэг утгаараа тэдний эмгэнэлт төгсгөлийн сүүдэр юм. Техас зураг авалт хийж байсан өдөр үүл нь байгалиасаа гарч ирсэн нь захиалгатай мэт цагаа олжээ. Өнөөдөр бол үүлийг компьютерээр зовлонгүй хийчих билээ. Сайхь сцэний дараа Bonnie ээжтэйгээ сүүлчийн удаа уулздаг агаад Bonnie Clyde-тайгаа гэрлээд ээжийнхээ дэргэд амьдрахыг хүсдэг гэж гуниглангуйгаар ээждээ хэлэхэд, эх нь охиндоо, чи надаас хол амьдарваас үхнэ шүү гэж шулуухан хэлдэг. Банк дээрэмддэг хосууд удалгүй Холливуудын хүчирхийллийн ойлголтыг өөрчилсөн дүрслэлд сумны мөндөрт нүд хальтрам үхдэг. Гэвч тэдний амьдрал дараа дараагийн үй олон кинонуудын ахин дахин ашиглагдах хэв загвар болсон; "Bonnie and Clyde" киноны зар сурталчилгааны самбарт "тэд залуухан, тэд дурлалцсан, бас тэд бусдыг хөнөөдөг" гэж дурдсанчлан "Days of Heaven", "Thelma and Louise", "Badlands", ",Natural Born Killers" гэх мэт кинонууд загварчилсан буюу энгийн хүмүүс гэнэтхэн хүчирхийлэлээр домог болж байгаа түүхийн эх сурвалж юм. Критикч Patrick Goldstein "Bonnie and Clyde"-ийг анхны модерн Америкийн кино гэж өргөмжилсөн. Тухайн үед үнэхээр тэгж санагдам байхаас өөр аргагүй байсан; кино нээлтээ хийхэд энэ нь яг л нүүр рүүгээ алгадуулах мэт болсон, Америкийн кинонд дурлагсад өмнө нь ийм их хүчирхийллийг үзээгүй учир яах ухаанаа олоогүй.
Өнгө аяс, чөлөөтэй байдлаараа кино нь Францын Шинэ Давалгаа, бүр нарийндаа Truffaut-н сүйрсэн хосуудын тухай кино болох "Jules and Jim" киноноос санаа авсан байдаг. "Bonnie and Clyde" киноны продакшны тухай домог яриа нь түүхэн гол баатрууд шигээ алдартай болсон бөгөөд Beatty студийн захирал Warner-аас өвдөг сөгдөн гуйж мөргөсний эцэст киног хийх эрхтэй болсон гэсэн цуурхал байдаг. Гэтэл захирал анхны хувилбарыг үзээд дэлбэртлээ уурласан, Монреалийн кино наадамд кино анхны нээлтээ хийхэд, критикүүдийн шүүмжээс болж үтэр түргэн хаасан гэх мэт сонирхолтой явдлууд болсон байдаг. Бараг ганц сайнаар хүлээж авсан критикч байсан нь Roger Ebert бөгөөд тэрээр киног Америкийн кино урлагийн түүхэн дэх чухал явдал боллоо гэж тэмдэглэсэн, мөн олон жилийн дараа энэ кино 1960-аад оны кино урлагийг тодорхойлогч бүтээлүүдийн нэг болох болно гэсэн нь биелсэн юм. Кино хаагдсан ч тэр чигтээ алга болчихоогүй; киноны саундтракийг дуулсан Flatt and Scruggs хамтлагийн дуу хөгжмийн ертөнцийг байлдан дагуулсан бол загвар зохион бүтээгч Theodora Van Runkle-н Faye Dunaway-д хийж өгсөн берет малгай, банзал дэлхийн дахины загварын моод болсон. Хамгийн инээдтэй нь, критикч Joseph Morgenstern анхны сөрөг шүүмжээ алдаа байсан гэж бичсэнээрээ алдаршсан. Энэ бүх амжилтын түүхээс гадна үүнээс дутахгүй чухал зүйл бол энэ кино нь Америкийн кино урлагийн салбарт хүчтэй нөлөөлсөн явдал байлаа.
Beatty бэлгийн сулралтай, харгис дүрд тоглохыг хүссэн явдал бол 1960-аад оны хэвшсэн гол дүрд тоглох эрэгтэй жүжигчиний хувьд итгэмээргүй зориг байлаа. Критикүүд түүнийг "хөөрхөн хөвгүүн" гэж үл тоомсорлож байсан ч энэ л чалхгүй дүрээрээ Beatty Холливуудын газрын зурагт эгнэгт хадагдсан. Faye болоод Gene Hackman нарын бусад жүжигчид тайзны хэний ч танихгүй жүжигчидээс Холливуудын одод болсон. Алдарт эвлүүлэгч Dede Allen эндээс л хэрэгцээт нэгэн болсон шиг продакшн дизайнер Dean Tavoularis дараагийн жилүүдэд найруулагч Francis Ford Coppola-н шедеврүүдэд ажилласан. Зураглаач Guffey-н импрессионист Франц хэв маягийн зураглал нь цоо шинэ давалгааг эхлүүлсэн. Кино зохиолчдын нэг Benton "Kramer vs. Kramer" гэх мэт сайн киног найруулсан чухал кино бүтээгч болсон. Ингээд харвал тэр цагт адлагдаж байсан кино хичнээн хүний замналыг засч, энэ салбараа хөгжүүлсэнийг харахад гайхмаар юм. Тэгэхээр энэ бол боломжгүй болгоныг зөв цагт нь нийлүүлж нэгтгэсэн кино байсан ба киноны гайхамшиг нь комеди ба эмгэнэлт явдлын өнгө аясыг онож тохируулсанд орших мэт санагдана. Зарим талаараа энэхүү киноны нөлөөг "Citizen Kane" киноныхтой зэрэгцүүлдэг нь өөрөө маш том хүндлэл билээ.

Comments
Post a Comment