Засварлагдсан хүн

 


A Clockwork Orange (1971). Америкийн мастер кино найруулагч Stanley Kubrick-н продюсерлэж, зохиолыг нь бичиж найруулсан дистопиан, гэмт хэрэгт жанрын кино. Kubrick Английн зохиолч Anthony Burgess-н 1962 онд хэвлэгдсэн романаас сэдэвлэн киногоо бүтээсэн. Уг кинонд өсвөр үеийнхний гэмт хэрэг, сэтгэцийн эмгэг, залуучуудын танхай бүлэглэл, ойрын ирээдүйн дистопиан Их Британийн нийгэм, улс төр, эдийн засгийн өргөн хүрээтэй асуудлуудыг тайлбарлан үзүүлэхдээ түгшүүртэй, хүчирхийллийн сэдвүүд ашигласан. Киноны гол дүр болох Alex нь харизматик, нийгмийн эсэргүү бөгөөд Beethoven-н хөгжмийг таашаагч тэрээр хүчин, хулгай, "хэт хүчирхийлэлд дурлагч юм. Тэрээр өөрийн толгойлдог жижиг танхайрагчдын бүлэглэлийг друг буюу найзууд гэж нэрлэдэг. Тэдний аймшигт гэмт хэргүүд газар авч, улмаар Alex баригдах агаад Дотоод хэргийн сайдын сурталчилсан экспериментал психологийн "Людовико техник"-ийг түүнд дээр хэрэглэж шинэ хүн болгож буй тухай уг бүтээлд харуулдаг. "A Clockwork Orange" 1971 онд Нью-Йорк хотод нээлтээ хийхэд кино критикүүд сайлж бас муулж, ерөнхийдөө хоёр хуваагдсан ч хүчирхийллийг дүрсэлсэн гэж хаа сайгүй маргаан шуугиан болсон.

Кино дээрх хүчирхийллийн үйлдлүүдийг залуус даган дуурайж эхэлснээр Kubrick-н хүсэлтээр киног Их Британийн театруудаас буулгаж, хэд хэдэн улсад хоригложээ. Он жилүүд өнгөрөх тусам кино критикүүдийн дунд дахин үнэлэгдэж, нийгэмд култ классик статустай болсон. Тухайн жилийнхээ Оскарын наадамд шилдэг кино тэргүүтэй 4 төрөлд нэр дэвшиж байсан энэхүү бүтээлийг "Bonnie and Clyde", "Night of the Living Dead", "The Wild Bunch", "Dirty Harry" зэрэг кинонуудын хамтаар кино урлагт хүчирхийллийн хяналтыг зөөлрүүлсэн чухал үзэгдлийн нэг болсон гэж үздэг. Empire сэтгүүл Их Британиас гарсан хамгийн шилдэг 100 кино жагсаалтынхаа 11-р байрт, The Guardian хамгийн шилдэг 25 артхаус киноны 6-р байрт уг киног тус тус эрэмбэлсэн бол Theyshootpictures  сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 105-р байрт жагсаагаад байна. Испанийн нэрт кино урлаач Luis Buñuel "A Clockwork Orange"-ийг дуртай киногоороо нэрлээд "би энэ киног үзсэнийхээ дараа энэ бол орчин үеийн ертөнц гэдэг нь чухамдаа юу гэсэн утгатай болохыг харуулсан цорын ганц кино гэдгийг ойлгосон" гэжээ. Kubrick энэ киногоороо хүний бихевиорийн хамгийн хар бараан хэсгүүдийг микроскопоор харуулаад жигшин инээж байх шиг байдаг тул энэ бол түүний хамгийн зөн билэгтэй, хамгийн хурц, хамгийн хайр найргүй кино нь юм. Ердөө хэдхэн жилийн өмнө "2001: A Space Odyssey" шедеврээрээ сансар огторгуйд туурвиж байсан найруулагч маань дараагийнхаа кинондоо Дэлхийд буцаж ирээд манай гариг дотроосоо ялзарч байгааг судалсан нь энэ аж.

  Киноны эхэнд Alex-д үхтлээ нүдүүлдэг архичин эр "Би цаашид амьдармаагүй байна! Ийм хогийн ертөнцөд амьдармааргүй байна!" гэж хэлдэг киноны тун хурц харааны нэг жишээ юм. 1962 онд Anthony Burgess номынхоо кино болох эрхийг зарсан ба анхлан кинонд Rolling Stones рок хамтлагийнхан тоглоно гэж төлөвлөж, хамтлагийн гоцлол дуучин Mick Jagger гол дүр болох Alex-д тоглох хүсэлтэйгээ илэрхийлж, найруулагчийн суудалд Их Британийн зартай найруулагч Ken Russell суухаар яригдаад байв. Кино түүхч William K. Everson-н бичсэнээр, уг төсөлд Kubrick оролцохоос өмнө 1960-аад оны үед Rolling Stones болон The Beatles хамтлагийнхнаас хэн нэгэн Alex-д хийгээд мөн түүний танхайрагчдын дүрд тоглоно гэсэн янз бүрийн хувилбарууд яригдаж байжээ. Кино зохиолч Terry Southern киноны анхны зохиолыг бичихдээ гол дүрүүдэд The Beatles хамтлагийнхныг төсөөлж, тэдэнд зориулж бичсэн бөгөөд киноны гүйцэтгэх продюсер Si Litvinoff 1968 онд найруулагчаар John Schlesinger-г сонгож түүнд захидал бичсэн хэдий ч Их Британийн Кино Ангиллын Зөвлөлтэй асуудал үүсч, дээрх төлөвлөсөн бүхэн хэзээ ч хэрэгжихгүй болж, харин төсөл эцэстээ Kubrick-д шилжсэн байна.

Английн жүжигчин Malcolm McDowell киноны гол дүрд тоглосон ба "If..." кинонд McDowell-г харсан найруулагч маань эргэлзээгүй гол дүрдээ сонгосон агаад Alex бол маргаангүй McDowell-н замналыг тодорхойлохуйц дүр юм. "A Clockwork Orange" романыг кино дэлгэцнээ хөрвүүлэхийг анхлан төлөвлөөгүй байсан. Terry Southern Kubrick-д номын хуулбарыг өгсөн боловч Kubrick Napoleon Bonaparte-тай холбоотой төсөл дээр ажиллаж байсан учир нэг их тоолгүй хойш тавьчихаж. Kubrick-н эхнэр номыг уншиж үзээд нөхөртөө өгч уншуулсанаар Kubrick үүнийг сонирхох болжээ. Kubrick: "Номын бүх зүйл сэтгэлийг минь хөдөлгөсөн; үйл явдал, идеа, дүрүүд, мөн мэдээж хэл нь. Түүх нь улс төр, нийгэм, философи, тэгээд хамгийн чухал нь зүүд мэт психологи-симболик гэсэн хэд хэдэн түвшинд үйлчилж байсан". Найруулагч маань эх романыг аль болох дагасан кино зохиол бичсэн бөгөөд тэрээр Burgess номоороо юу хэлэхийг хүссэн тэр бүхнийг би гаргасан гэж хэлсэн байдаг. Гэхдээ тэр өгүүлэмжийн хэд хэдэн санааг шинээр гаргаж, зарим хэсгүүдийг дахин хэлбэржүүлсэн гэдэг. Kubrick кино зохиолоо номын Америкт хэвлэгдсэн богиносгосон хэвлэлээс үндэслэн бичихдээ төгсгөлийн бүлгийг багтаагаагүй хасчээ. "A Clockwork Orange" кино нээлтээ хийсний дараа критикүүдээс янз бүрийн үнэлгээ авсан ба критикч Vincent Canby McDowell-н ирээдүйн хүүхдийн төрх, жүжиглэлтийг магтаж, Kubrick техникийн хувьд "2001" киноноосоо илүү сонирхолтой аргуудыг ашигласан гэжээ.

  Canby: "Kubrick сцэн доторх орон зайн харилцааг мурийлгахын тулд өргөн өнцгийн линзийг тогтмол ашиглаж, ингэснээр амьдрал, хүмүүс болон хүрээлэн буй орчны хоорондын холбоо алдагдсан жинхэнэ бодит байдлыг үүсгэдэг". Урлагт заримдаа гайхалтай зүйл аюултай байх нь бий, тэгвэл энэ кино яг тийм аюултай мөртлөө гайхамшигтай бүтээл юм. Уг киног баалж, сөргөөр шүүмжлэгчид бишгүй байсны дотор критикч Roger Ebert байсан ба тэрээр идеологийн замбараагүйтэл гэж киног нэрлэж байв. Критикч Pauline Kael Alex хохирогчидоо зэрлэг хандаж байгаа, мөн гол баатарынхаа зовлон шаналлыг тодотгон онцолсон учир энэ бол порнограф гэж бичсэн байдаг. Критикч John Simon кино нь романы хамгийн амбицтай эффектүүд болох хэл яриа болон хүүрнэгчийн Надсат хар ярианы хэллэгийн хүнийссэн нөлөөнд суурилсан нь алдаа болсон буюу муу сонголт хийсэн гэж онцолжээ. Өнөөдөр энэхүү киног Kubrick-н оргил туурвилуудын нэг, кино урлаг түүхэн дэх шедеврт тооцох болсон ба критикч Philip French-н үзсэнээр, киноны шуугиантай нэр хүнд нь өсвөр насныхны гэмт хэрэгт холбогдож, үйлдэхээс айх айдас нийгэмд өндөр байсан цаг үед гарч таарсантай холбосон аж. Ерөнхийдөө судлаачид киноы гэмт хэргийн, ялзарч доройтсон эрх мэдлийн бүтэц, мөн зэрлэгшиж, хүнийссэн сэдэв нь өнөөгийн нийгэмд ч хамаатай байна гэж үздэг. Критикч Simon Braund жүжигчин McDowell-н гүйцэтгэлийг хосгүй гээд киноны дүрслэлийн хэв маягийг магтсан. Критикч Roger Ebert-н уг кинонд хандах хандлага жилээс жилд зөөлөрч ирсэн бөгөөд хожим нь "ухөалаг боловч сэтгэлгүй кино" гэжээ.

  "A Clockwork Orange" бүтээлийн ёс суртахууны үндсэн асуулт бол "сайн" гэсэн тодорхойлолт болон ёс суртахуунгүй бихевиорийг зогсоохын тулд жигшлийн эмчилгээг хэрэглэх ёстой эсэх тухай юм. Бихевиорийн психологи ба психологийн боловсруулалт нь тоталитар засгийн газраас иргэдийгээ хянан удирдаж, иргэдийгээ робот шиг болгоход ашиглах нэн аюултай шинэ зэвсэг мөн үү гэсэн асуултыг хөндсөн нийгмийн егөөдөлт бол киноных нь санаа байсан гэж хожим найруулагч маань хэлсэн. Alex жигшлийн эмчилгээний дараа нийгмийн сайн гишүүн шиг төрх гаргадаг ч энэ нь сонголтоор биш; түүн сайны төрх автомат шинжтэй бөгөөд тэр гаднаа органик, дотроо механик; эгээ л баадуут жүрж шиг болсон байдаг. Alex Людовикогийн эмчилгээнд орсны дараа санваартан түүний шинэ хандлагыг хуурамч, жинхэнэ сайн сайхан дотроос нь гарах ёстой гэж маргадаг; энэхүү Alex-н хувь хүний эрх чөлөөнд хэрцгийгээр халдаж байгаа явдал нь засгийн газар иргэдийнхээ эрх чөлөөг үгүйсгэж байна гэсэн сэдэв рүү хөтөлдөг агаад Засгийн газар болон Эсэргүүцэгчид гэсэн зөрчилдөөнт улс төрийн хүчнүүд Alex-г зөвхөн өөрсдийнхөө улс төрийн зорилгын төлөө ашиглаж байгааг харуулдаг.

Кинонд "Консерватив" болон "Зүүний" намуудыг адилхан шүүмжилдэг; Alex-н бүлэглэлийн хохирогч зохиолч Alexander Alex-аас өшөөгөө авахыг хүсч, түүнийг одоогийн засгийн газар хийгээд түүний шинэ дэглэмийн эсрэг босгох хэрэгсэл гэж хардаг. Нөгөөтээгүүр, Дотоод хэргийн сайд (Засгийн газар) Alexander-г (оюунлаг Эсэргүүцэгч) засгийн газрын тоталитар дэглэмийг (эрхэм зохиолчийн тодорхойлсоноор) аюулд оруулсан бус харин Alex-г (Ард түмэн) аюулд оруулсан гэж шоконд хорьдог. Түүнд ямар хор хохирол учирсан нь тодорхойгүй байдаг ба ямартаа ч Дотоод хэргийн сайд Alex-д зохиолч одоогийн засгийн газрыг шүүмжилж, улс төрийн үймээн самууныг өдөөн хатгасан хорлон сүйтгэх материал бичсэн учраас цаашид бичиж, нийтлэх эрхийг нь хассан гэж хэлдэг. "A Clockwork Orange" кинонд сэтгэл судлаачид болох John B. Watson болон B. F. Skinner нарын дэвших бихевиорийн психологи буюу бихевиоризмыг шүүмжилсэн. Зохиолч Burgess бихевиоризмыг буруушааж, Skinner-н бичсэн "Beyond Freedom and Dignity" гэдэг номыг "хамгийн аюултай номуудын нэг" гэж нэрлэсэн байдаг. Бихевиоризмын хязгаарлалтыг үүнийг үүсгэн бий болгосон Watson өөрөө хүлээн зөвшөөрсөн хэдий ч Skinner бихевиорийн сайжруулалт, ялангуяа "классик Watson-н сэтгэлзүйн боловсруулалтаас илүүтэй орепант боловсруулалт (системчилсэн шагнал ба шийтгэлийн техникээр дамжуулан бихевиорийг сургах) нь төгс нийгмийн түлхүүр гэж үзсэн. Кинонд гарах Людовико техник бол классик сэтгэлзүйн боловсруулалтын хэлбэр болох жигшлийн эмчилгээний пароди гэж судлаачид тайлбарладаг.

  Зохиолч Paul Duncan: "Alex бол хүүрнэгч учраас бид бүх зүйлийг түүний өнцгөөс хардаг, үүнд түүний мэдрэлийн зураглал ч багтана. Үүний далд утга бол бодит ба төсөөллийн бүхий л зураглал нь түүний фантаазын нэг хэсэг гэсэн үг". MPAA-н үнэлгээний зөвлөлийн дарга асан, сэтгэл судлаач Aaron Stern Alex-г хүмүүний төрөлх ухааны төлөв, доод ухааныг илэрхийлдэг гэж үзсэн буй. Мөн тэрээр Alex Людовико эмчилгээний дараа "иргэншсэн" болдог ба үүний дараах өвчнийг нийгмээс үүдэлтэй мэдрэлийн өвчин гэж тайлбарлаж. Харин найруулагч маань хожим хэлэхдээ; "Alex өөрийгөө бүрэн ялзарч, муудсан гэж үзэгчдийг ч өөрийгөө ч хуурах гэж оролддоггүй. Тэр бол биежсэн чөтгөр. Нөгөөтээгүүр түүнд ялагчийн чанарууд бий; тэр тун нээлттэй, эрч хүчтэй, овсгоотой бас оюунлаг" гэсэн буй. Уг бүтээллд дүрслэгдсэн нийгмийг Оросын соёлтой ойролцоодуу байсан тул зарим судлаачид коммунист нийгэм гэж үзэж байв. Эх романд гардаг шиг кинонд ч гарах өсвөр насныхны хар ярианы хэллэг Орос хэлтэй тун адилхан байдаг; Burgess энэ хэллэгийг уншигчдыг номын ертөнцөд татан оруулж, номоо хуучирч хоцрогдохоос сэргийлэх зорилготой гэж тайлбарласан.

  Энэхүү нийгэм бол социалист нийгэм эсхүл бүтэлгүйтсэн социализмаас авторитар нийгэм болж хувирсан нийгэм байж магадгүйг харуулсан зүйлс харагддаг; эх романд, гудамжинд Оросын социалист урлагийн хэв маягтай ажилчдын зургууд байдаг ба кинонд социалист урлагийн ханын зургийг харуулахдаа зураг дээр бүдүүлэг үгс бичсэн байгааг харуулдаг. Шинэ Барууны жигүүрийнхэн засаг эрхийг авахад уур амьсгал киноны эхний хагас дахь анархист өнгө аясаас илүүтэй авторитар шинжтэй болдог. Kubrick кинонд гарах нийгэм нь чухам ямар загварын нийгэм болох талаар тодорхой хариу өгөөгүй бөгөөд тэрээр кинондоо улс төрийн хоёр хүрээг харьцуулан харуулж, энэ хоёр хүрээ бараг ялгаагүй болохыг мэдэгдсэн. Kubrick: "Дотоод хэргийн сайд бол Барууны жигүүрийнх, харин Alexander бол Зүүний солиотойн. Тэд ердөө өөрсдийнхөө догмагаар л ялгарна. Тэдний зорилго, хүсэл бараг ялгаагүй". "A Clockwork Orange" кинонд Alex болон түүний танхайрагчдын цуглардаг Корова Сүүний баар нь гэнэн цайлган байдал ба зөрчил, гэмт хэрэг гэсэн хосолсон зураглалыг илтгэнэ. Эхийн сүү нь тайтгарал, халамж хайрын симбол юм. Эхийн сүүний нэгэн адилаар Корова Сүүний бааранд байгаа сүү нь эмэгтэйчүүдээс, өөрөөр хэлбэл сүү шиг цагаан биетэй эмэгтэй манекенуудаас гардаг. Манекенуудыг ариун цайлган эх хүний симбол гэхээс илүүтэй өдөж сэрээсэн сексийн байрлалтай байршуулсан байдаг; манекенууд хиймэл, хүйтэн, хариу үйлдэлгүй, мөн мансууруул бодис нь тэднээс урсах сүүг хордуулж байдаг.

  Мансууралах эм нь тэнгэрлэг төсөөллийг үүсгэж байж болох ч Alex болон түүний танхайрагчдын уудаг "ундаа" нь тэдний "хэт хүчирхийлэлд" дурлах хандлагыг л нэмэгдүүлдэг билээ. Корова Сүүний баар бол Alex-н мөн чанарын тусгал буюу энэ нь нэгэн зэрэг хүүхэд шиг хэрнээ цочирдом харгис. Эх, ээж хүний цаана сексийн харилцаа нуугдаж байдаг ба Корова Сүүний баар бол хүн төрөлхтний гол цөмд халамж хайр, түрэмгийлэл, ариун цайлган шинж, гэмт хэрэг бүгд хамтдаа оршдогийг харуулжээ. "A Clockwork Orange" кинонд урлагийн бүтээлүүд нь сексийн дур хүслийг илэрхийлж, харин индивидуал байх, хүмүүний дотно сэтгэлийг дарж балладаг. Хүмүүний биеийн дүрсэлсэн илэрхийлэлд секс ба хайр хамтдаа оршихын оронд урлагийн бүтээл дэх бие махбодийг зүгээр л дур тачаалын эх үүсвэр болгосон байдаг. Кинонд иймэрхүү цуврал зураглалууд олон гардаг; ялангуяа эмэгтэйчүүдийг манекен, хүүхэлдэйн кино, уран зургууд гэх мэтээр хүн биш байдлаар дүрслэх нь бишгүй. Хамгийн анхны жишээ бол Корова Сүүний бааранд байх өнгөгүй, хувь хүний шинжгүй, хүйтэн манекенууд билээ. Мөн Alex-н эцэг эхийн гэрийн ханан дээр эмэгтэйчүүдийн эротик зургууд өлгөөтэй байдаг. Тэгвэл муур хатагтайн гэрт байгаа зураг, баримлууд модерн төдийгүй илэрхий сексийн агуулгатай байдаг ба зарим нь сексийн садист элементүүдийг илтгэсэн зохиомжтой харагддаг. Кинонд гарах урлагийн бүтээлүүд нь хүнлэг бус, хайр гэхээсээ илүүтэй сексийн дур таашаалд үйлчилсэн нэгэн хэвийн цэвдэг, хөндий харагддаг.

"A Clockwork Orange" кинонд Alex Ludwig van Beethoven-н 9-р симфонийг юу юунаас илүү дээдлэн үздэг, гэтэл Beethoven уг хөгжмөөрөө сайн сайхныг илэрхийлэхийг зорьсон байдаг нь егөөтэй хэрэг юм. Beethoven энэ симфонийн дөрвөн хэсгээр дамжуулан хүн төрөлхтний өсөлт дэвшилтийг дүрсэлсэн; симфони тамын хамгийн доод шатанд байгаа гэмт хэрэгтнүүдийн зовлонгоор эхэлдэг аж. Хоёрдугаар хэсэгт хүмүүс өдөр тутмын баяслаас жаргалыг олдог бол гуравдугаар хэсэгт хүмүүс шашин руу ханддаг аж. Ингээд төгсгөлийн буюу дөрөвдүгээр хэсэгт Beethoven цөхрөлийн гүнээс жавхлангийн оргил хүртэл сүнслэг байдлаар аялсан хүмүүнийг илэрхийлэхийг зорьжээ. Гэсэн хэдий ч Beethoven-н симфониороо дамжуулан гэж найдаж байсан зүйл нь Alex-н сонссоноос тэс ондоо байгаа нь ёжтой хэрэг юм. Кинонд Beethoven-н 9-р симфони нь Alex-н сэтгэл хөдлөлийн гүн хийгээд дээдийг мэдэрсэн мэдрэмжийг тодотгодог, эгээ л Beethoven симфониороо хүмүүний сэтгэлийн гүн болон дээдийг илэрхийлэхийг хүсч байсан шиг. Симфони Alex-н сэтгэлийг хамгийн доод гүнд нь хүргэж, тэрээр Людовико техникээс болж 9-р симфонийг сонсох бүртээ өвдөж, улмаар үүнээс зугтан дайждаг ба Alexander-н гэрийн цонхноос үсрэх үед түүний сэтгэл хамгийн доод гүндээ хүрснийг илтгэнэ. Дотоод хэргийн сайд түүнд симфонийг тоглуулж өгөхөд тэр өвдөхөө больсноо мэдэхдээ Людовико техникийн нөлөөнөөс гарснаа гарсан буюу эдгэрснээ мэддэг. Beethoven-н алсын хараанаас ялгаатай нь Alex-н хувьд дөрөвдүгээр хэсгийн алдар нь ердөө зөвхөн түүний хувьд л, түүний ялалтыг л тэмдэглэж байна. 

Comments