Францын бичгийн их хүн Виктор Хюго бол уран зохиолын ертөнцөд хамгийн ёжтой, зэвүүн бас өвөрмөц романтик хайрыг дүрслэгч гэж би хувьдаа боддог ба магадгүй Хюго хамгийн хоржоонтой ч эмгэнэлтэй хайрыг хүүрнэгч байх. Уг романыг хамгийн аугаа хайрын талаарх роман гэдгээс гадна хайрыг ойлгоё гэвэл уг романыг унш хэмээдэг. Хюгогийн бичлэгийн хэлбэр маш хүнд, уншихад, тэгсэн хэрнээ хожим санаанд гүн суудаг нь түүний онцлог гэмээр бөгөөд Хюго үндсэн сэдвээ тойруулан хэд хэдэн сэдвийг давхар өгүүлдэг нь эхэндээ нуршуу мэт санагдах ч үнэндээ бидний мэдлэг асар нэмэр болохыг баталж, мөн гол үйл явдал, үндсэн сэдэв рүү аажмаар ойртоход үлэмж нэмэр, бас хачир болдог. "Инээмтгий Хүн" бол Хюгогийн хамгийн шилдэг ажлын нэг ба анх 1869 онд хэвлэгдэж байжээ.
Уг роман бол эзэн хаад хийгээд язгууртнуудын дарангуйллын талаарх бараан роман ба зохиолч романаараа давхар Англи болон Францын ижил төстэй байдлыг дүрсэлжээ. Хюго бол зохиолчийн хувьд, улс төрчийн хувьд маш их туршлагатай нэгнээс гадна тэмцэгч, хөдөлмөрч хүний хувиар, мөн унаж босож байсан нэгний хувиар болон цөллөгдөгчийн хувьд амьдралыг үзсэн гайхалтай бие хүн байсан, нэг үгээр жинхэнэ ялагч агаад тэрээр 1855 онд Гернси арал дээр 15 жил цөллөгдөөд байхдаа өөрийнхөө хамгийн урт бас хамгийн шилдэг роман болох "Шоовдор хүмүүс" бүтээлээ туурвисан бөгөөд тус романых нь зарим нэг сэдвийн цуурай "Инээмтгий Хүн" роман дээр илэрдэг агаад тэрээр "Инээмтгий Хүн" романаа улс төрийн асуудлаас болж арлын сувгуудад цөллөгдөн амьдарч байхдаа бичжээ. Хюго романаа анх "Хааны тушаалаар" гэж нэрийдсэн байдаг боловч найз нь "Инээмтгий Хүн" гэсэн нэрийг санал болгосноор эл нэрийг авсан байдаг ажээ. Язгууртан ноёдууд уйтгарласандаа хүмүүсийг дарангуйлж, харгислал хүчирхийлж байгааг хийгээд харин хүмүүс үүнийг нь хүлцэнгүйгээр хүлээж авах буюу тэмцэхийн оронд инээхийг илүүд үзэж байгаа байдлыг Хюго шүүмжлэхдээ хүчирхийлэгч талыг ч, мөн идэвхгүй хүчирхийлүүлэгч талыг ч давхар шүүмжилжээ.
Мөн эл роман 17-р зууны Английн язгууртан, ихэс дээдсүүдийн анги нийгмийн доод давхаргатайгаа маш их зөрчилтэй байгааг, тэдний хоорондын зай, ангал улам алсласаар байгааг харуулсан. Энэ романыг зөв уншваас дэнлүүний гэрэлд харагдах реализм биш харин нарны гэрлээр харагдах бидний төсөөллийн тусгал юм гэж судлаачид хэлсэн байдаг. Үүн дээр өөрийн сэтгэгдлийг нэмж хэлэхэд уг роман нь гаднаа романтик мэт боловч үнэндээ гүндээ улс төр, нийгмийн тэгш бус, хэт шударга бус байдлыг хурцаар егөөдсөн бүтээл ба мөн жихүүцэм хүйтэн, цочим аймшигтай роман билээ. "Инээмтгий Хүн" романыг гол төлөв хүмүүний нөхцөл байдлыг харуулсан зүйрлэлт бүтээл гэж үздэг. Гуинплений согогтой дүр төрх нь нийгэмд гадуурхагдсан, хаягдсан хувь хүмүүсийн тэмцлийг илэрхийлдэг. Өөрийн үзэж харсан туршлага дээрээсээ үндэслэн Хюго харгис хэрцгий, өршөөл энэрэлгүй байж болох ертөнцөд өөрийгөө тодорхойлох, хайр, утга учрын эрэл гэсэн сэдвүүдийг судалдаг ба энэ бол судлаач, шүүмжлэгчдийн судалж, анализ хийснээр бол хүн төрөлхтний туршлагад тайлбар өгсөн хүчтэй роман ажээ.
ТҮҮХЭН НӨХЦӨЛ. Виктор Хюго эл бүтээлийнхээ санааг нийгмийн шударга бус байдал, ядуусын зовлон зүдгүүртэй холбогдсон хувийнхаа туршлагаас авчээ. Тэрээр улс төрийн идэвхтэн гэдгээрээ алдартай байсан ба зохиолууддаа нийгмийн болж бүтэхгүй асуудлыг үргэлж тусгадаг байв. Уг романы үйл явдал нь 17-р зууны сүүл, 18-р зууны эхэн үеийн Англид өрнөдөг. Энэ хугацаанд Англи улс нийгэм, улс төрийн үймээн самуунтай үеийг туулж байсан бөгөөд Англид өрнөсөн хувьсгал дөнгөж л дуусаад нойрноосоо сэрж байсан ч Хаант засаглал хүчирхэг хэвээрээ байсны сацуу язгууртнууд ч мөн хүчирхэгжиж байлаа. Харин ядуу хүмүүсийг үл тоомсорлож, эрх мэдэлтэнгүүд тэдэнтэй харгис, дорд байдлаар харьцаж байв. Хюго романдаа энэхүү сэдвийг балчир насандаа төрх шинжээ алдсан, үүнээсээ болж гадуурхагдан амьдрах болсон Гуинплений дүрээр судлан үзүүлдэг. Энэ утгаараа энэ бол дарлагдсан, шоовдорлогдсон хүмүүсийн тэмцлийн түүхийг үзүүлсэн зохиол; мөн түүнчлэн тэр үеийн харгис, эрх мэдэлд шунасан язгууртнууд болон Хаант засаглалыг шүүмжилсэн.
ГОЛ ДҮРҮҮД. Гуинплен бол "Инээмтгий Хүн" романы гол дүр; тэрээр үүрд мөнхөд инээмсэглэж байхаар нүүрээ "тамгалуулсан" зэрэмдэглүүлсэн царайтай залуухан эр бөгөөд энэхүү согог бол түүнийг хүүхэд байхад зэрэмдэглэсний аймшигт үр дүн юм. Тэр бол өнгөрсөн амьдралынхаа эмгэнэлт ачааг мөрөн дээрээ үүрч яваа түвэгтэй дүр болой. Зохиолын туршид тэрээр хэн гэдгээ тодорхойлж, нийгэм дэх байр сууриа олох гэж хичээн тэмцдэг. Деа бол Гуинплений багад нь аварсан сохор охин; тэр цэвэр ариун, гэнэн цайлган байдлын симбол болсон төгс эмэгтэйг илэрхийлдэг. Түүний сохор байдал нь ертөнцийн муу муухайг харах чадваргүйг бэлгэддэг бөгөөд Гуинпленд итгэн найддаг тул Гуинплен түүний нүд, хөтөч болдог. Деагийн Гуинпленийг хайрлах хайр ямар ч болзолгүй учраас түүний хайр харанхуйгаар дүүрсэн ертөнцөд ганц итгэл найдварын гэрэлт цамхаг болж байна. Урсус, Хомо хоёр бол романд чухал үүрэг гүйцэтгэдэг дүрүүд; Урсус бол Гуинплений багш, зөвлөгч бүхий философич ба хорвоо ертөнцийн жаргал, зовлон хийгээд ээдрээтэй бүхнийг үзэж ойлгосон ухаант өвгөн билээ. Хомо бол Урсусын туслах, нөхөр болсон гаршуулсан чоно бөгөөд Хомо бол Урсусын чухал байдлын эсрэгцэл болсон хошин шинжтэй дүр болой. Урсус, Хомо хоёр хамтдаа хүмүүний мөн чанарын хоёр талыг төлөөлдөг буюу чухал ноцтой болоод хошин, хөнгөн талууд юм. Энэ хоёр дүр романы үйл явдлын гүн утгыг ойлгоход уншигчдад тусалж, нэг ёсондоо уншигчдын хөтөч болдог.
СЭДЭВ БА МОТИФ. "Инээмтгий Хүн" нь эрх мэдлийн сэдэв, эрх мэдлийг атгаж байгаа хүмүүст ялзрал, доройтол хэрхэн нөлөөлж байгаа тухай нарийвчлан судалдаг. Хюго Английн язгууртнуудыг харгис балмад, нэр төрд шунасан гэж дүрслэхдээ тэд эрх мэдэл, байр сууриа ашиглан доодох хүмүүсээ хянаж, цагдаж байдгийг ч тодорхой дүрсэлсэн. Энэхүү байдал эрх мэдлээ ашиглан Гуинплениг багт наадамд оролцохыг албаддаг Лорд Дэвид Дирри-Моирын дүрээс харагддаг. Мөн эрх мэдэл гэдэг бол хүмүүсийг ёс суртахууны хувьд буруушаавал зохих үйлдэл хийхэд хүргэдэг сүйтгэгч хүч болохыг харуулжээ. Эл бүтээлийн үндсэн сэдэв бол гоо үзэсгэлэн ба гажиг байдал юм. Романд гаднах гоо үзэсгэлэн гэдэг өнгөцхөн зүйл, жинхэнэ гоо үзэсгэлэн хүний зан чанарт байдаг гэж үздэг. Энэхүү шинж нь хараагүй, бие бялдрын хувьд онцгой биш боловч эелдэг, хайраар дүүрсэн зүрх сэтгэлтэй Деагийн дүрээс тодорхой харагдана. Үүний эсрэгээр, Гуинплен бие махбодийн хувьд гажиг согогтой боловч даруухан, өгөөмөр сэтгэлтэй байдаг. Жинхэнэ гоо үзэсгэлэн гэдэг гадаад үзэмжинд бус харин хүний сэтгэлийн сайханд байдаг гэж уг романд өгүүлдэг. Уг романд хувь хүнийг төлөвшин бий болоход нийгэм ямар үүрэг гүйцэтгэдэг тухай авч үздэг. Нийгэм нь хувь хүний зан авир, итгэл үнэмшил, үнэ цэнийг бий болгодог хүчирхэг хүч байж болохыг харуулдаг ба энэ нь чухам бие бялдрын гажиг, согогоосоо болж нийгэмдээ гадуурхагдаж, шоовдорлогдсон Гуинплений дүрээс харагдана. Нийгэм хэв хэмжээ, хүлээлтэд нийцээгүй хүмүүст харгис, өршөөлгүй хандан шийтгэж болохыг романд үзүүлсэн аж. Гэсэн хэдий ч хувь хүмүүс нийгэм нөлөөллийг эсрэгүүцэж, өөрсдийн итгэл үнэмшил, үнэт зүйлсийн дагуу ажиллаж, үйлдэх чадвартай болохыг романд мөн харуулсан аж.
ЗҮЙРЛЭЛТ ЭЛЕМЕНТҮҮД. "Инээмтгий Хүн" романд Гуинплен байнга инээмсэглэсэн төрхтэйгөөр байдаг нь тухайн үеийн нийгмийн асуудал буюу язгууртнууд доод давхаргынхны зовлон шаналлыг үл ойшоож буйн симбол юм. Гуинплений согог бол язгууртнууд зугаа цэнгэлийн зорилгоор хүүхдүүдийг гажиг этгээд болгон хувиргахын тулд Компрачикосуудыг хөлслөн аймшигт үйлдэл хийлгэсний үр дүн. Эл зүйрлэлээр язгууртнуудын завхарсан мөн чанар болон тэдний энгийн ард иргэдийг ойлгож мэдрэх чадамжгүй болохыг онцолсон. Компрачикосууд бол эрх мэдлийг завхруулагч бүлгийг төлөөлдөг. Аймшигтай, өршөөлгүй, балмад Компрачикосуудыг язгууртнууд зөвхөн зугаа цэнгэлийн төлөө, гэмгүй хүүхдүүдийг үзэшгүй муухай гажиг болгохоор хөлслөдөг бөгөөд тэдний энэ үйлдэл шууд утгаараа доод анги давхаргаа мөлжиж байгааг илэрхийлнэ. Компрачикосуудын бузар бусармаг үйлдэл нь эрх мэдлийн завхарсан нөлөөлөл, бусдыг хянах хүслийн зүйрлэл; эрх мэдэлтэй хүмүүс эрх мэдлээ ашиглан сул доройчуудыг мөлжиж, зальдаж байдгийг уг роман харуулж байна.
УРАН ЗОХИОЛЫН СХЕМ. Виктор Хюго "Инээмтгий Хүн" бүтээлдээ өөрийнхөө цаг үеийн нийгмийн шинжлэх бус байдлыг шүүмжлэхдээ ёжлол, элэглэлийг чадамгай ашигласан байдаг. Тухайлбал, нүүрэндээ мөнхийн инээмсэглэл сийрүүлсэн Гуинплений дүр нь цаагуураа язгууртнуудын хоёр нүүрт байдлыг бэлгэддэг ажээ. Гуинплен бие махбодийн хувьд үзэшгүй ч эрхэмсэг, энэрэнгүй зантай араншинтай бол түүнийг шоолж байгаа язгууртнууд хэрцгий, тэнэг, гүехэн хүмүүс байдаг. Сайхь инээмтгий төрх нь язгууртнуудын ёс суртахууны дампуурал, мөн нийгэмд зайлшгүй шинэчлэл хийх шаардлагатай байгааг илтгэнэ. Хюго мөн романыхаа схемдээ илүү гүн гүнзгий утга илэрхийлэхийн тулд симболизмыг үр дүнтэй ашигласан. Гуинплен, Деа хоёрын хоргодох байр болсон хаягдсан хөлөг онгоц нь нийгэм уналтад орж, хүмүүний үнэ цэнэ алдагдаж байгааг илтгэдэг. Гуинплен гажиг хүний дүрд тоглодог багт наадам нь эрх мэдэлтэнгүүдийн гадуурхагдсан хүмүүсийг дарангуйлан мөлждөгийг симболчилдог. Хөлөг онгоцны зэврүүн хахир байдал ба багт наадмын хуурмаг, марзан байдал хоёрын ялгаа нь зохиолчийн цаг үеийн баян ядуугийн ялгааг онцолж байгаа хэрэг.
Comments
Post a Comment