Сэр Сэр Салхи (2023). Ахлах ангийн сурагчийн дүрэмт хувцастай хүү нэгэн овоон дээр бөөгийн хэнгэрэг нүдэн бөөлж байна; камер түүнээс алгуурхан холдоод уулын оройг харуулсаар тэнгэрийг харуулна. Энэ сцен хүүгийн үйлдэлтэй уялдаж, тэнгэр шүтлэгт бөө мөргөлийн ёсыг илтгэсэн сайн кадр болжээ.
Энэ хүү бол манай киноны гол дүр болох 17 настай ЗЭ (Зоригтын Эрдэнэ) юм. Тэр энгийн цагт нүдэнд өртөхөөргүй жирийн л нэгэн бол онгод тэнгэрээ буулган бөө болсон үедээ бүгдийн анхаарлын дунд. Өөрөөр хэлбэл бөөлөөгүй үед нь түүнийг хэн ч анзаарахгүй, мэдэхгүй бас тоохгүй; харин бөөлж байхдаа өвөө шигээ хүнд ч сургаж айлдана. Бөө болоход хүмүүс хүндлэх боловч буцаад ЗЭ болсон үед нь үл тоомсорлож байгаа нь Маралаагийн гэрт анх бөөлсөн үеэр тод илэрдэг.
Энэ кино бол бөөгийн судалгаа юмуу бөө байхын тухай кино биш юм. Энэ бол хүний эксистенциализмын тухай буюу бүр тодруулбал хүн хэдэн төрх гаргаж амьдардаг бэ, хүн зайлшгүй энэ төрхүүдээсээ амьдралын тодорхой шатуудад сонгох ёстой болдогийг харуулсан кино гэж үзэж байна. ЗЭ-ийн төрхүүдээ сонгох гэсэн оршихуйн зөрчил, төөрөгдөл киноны үндсэн санаа ба бид ч бас хоёроос багагүй төрхүүддээ будилж яваа эсхүл явсан нь маргаангүй. ЗЭ-ийн амьдралд Маралаа орж ирснээр бөө төрх нь бүдгэрч насанд хүрч байгаа залуугийн төрх нь тодордог. Тэр энэ хоёр төрхөндөө ээлжилж орсоор байгаад ядардаг. Гэхдээ тэр амин сүнс нь болсон бөөгийн төрхөө үргэлж тээсээр байсан нь түүний Маралаад; "бөө тэнгэр бол байгалийн нэг хэсэг" гэж хэлдэгээс харагддаг
Киноны үйл явдал тун энгийн; ЗЭ Маралаагийн ээжээр залуулан гэрт нь очсоноор Маралаатай танилцана. Маралаа зүрхний хагалгаанд орох гэж байгаа учир ээж нь амь насыг нь ЗЭ-гээр даалгуулж байгаа нь энэ. Маралаа түүнтэй ойролцоо настай ч ЗЭ-г бодвол илүү нээлттэй бас санаачилгатай. Гэхдээ тэд хоёулаа ганцаардмал зүрхүүд. Маралаа бас хоёрдмол төрхтэй; тэр клубийн гадаа ЗЭ-д "өөрийгөө хоёр хуваагдсан гэж мэдэрдэг, нэг нь гуниглаж байхад нөгөө нь баярлаж байдаг" гэж хэлдэг. Маралаа хөдөө амьдармаар байна гэсэн мөртлөө Солонгос явдаг бол жинхэнэ Монголын уламжлалыг хадгалагч ЗЭ хотын байранд амьдрахыг мөрөөдөхөөс гадна PC тоглож, IG "ухагч" байдаг. Нөгөө төрхөө олохоор Солонгос явдаг бол ЗЭ бөөгийн төрх хийгээд энгийн залуу байх хоёрынхоо тэнцвэрийг олсноор кино төгсдөг.
Тэдний хайр бүтдэггүй; гэхдээ энэ насанд хүрэх явцыг харуулсан төрлийн кино болохоос романтик кино биш. Насанд хүрэх явцыг харуулсан киноны чухал элемент нь хайр учраас энэ нь зайлшгүй хэсэг болсон болохоос энэ романтик хайрын тухай кино биш. ЗЭ, Маралаа хоёрын үерхлийн үеэр ЗЭ бөө төрхөөсөө холдож залуу хүний бүхий л сахилгагүйтлийг үзэж туулахдаа эр хүн болдог. Түүний дотоод ертөнцийн хувирал үсээр нь илэрдэг; тухайлбал, тэр Маралаатай ид бужигнуулж байхдаа үсээ буддаг, Маралаа Солонгос явсны дараа тэрбээр үсээ хусдаг; энэ бол түүний дахин эхэлж байгаагийн симбол; эцэст нь киноны төгсгөлд ЗЭ урт үстэй болсон байгаа нь цаг хугацаа өнгөрөхийн хэрээр түүнийг ухаалаг болсныг илтгэсэн тэмдэг юм.
Найруулагч П. Дхагвадуламын зохиолыг нь бичиж, найруулсан энэ Франц, Португаль, Монголын хамтын бүтээл аж. Найруулагч маань ээжтэйгээ бөө дээр очтол тэнд залуухан догь бөө сууж байсан бодит дурсамжаасаа уг киногоо бүтээсэн гэж уншсан. Гол дүрээ заавал бөө болгосон нь Монголын өвөрмөц байдлыг гадаадынханд харуулж, сурталчлах гэсэн давхар санаа байсан болов уу гэж таамаглаж байна. "Сэр Сэр Салхи" Венец тэргүүтэй олон том кино наадамд тун амжилттай оролцсоныг бүгд мэдэх учраас энд дахин бичих илүүц болов уу. Энэхүү кино нь надад мөн 2023 онд нээлтээ хийсэн Золжаргал найруулагчийн "Баавгай болохсон" кинотой төстэй санагдлаа. Хоёр кинонд хоёуланд нь гэр хороололд амьдардаг насанд хүрч байгаа хөвгүүдийн нүдээр орчин үеийн Улаанбаатарыг харуулсан; ингэхдээ аль аль кино нь эмэгтэй найруулагчтайгаас гадна гадаад руу чиглэсэн хандлагатай. Лхагвадулам найруулагч эх орондоо санаа зовж байгаа сэтгэл нь илэрхий мэдрэгдсэн. ЗЭ, Маралаа хоёрын зайсан толгой дээр байдаг сцэнд Маралаа "энэ гэр хороолол хэзээ алга болно доо" гэж халагладаг ба кинонд хүйтэн, тачир, өнгөгүй гэр хорооллын кадрууд олонтаа.
"Сэр Сэр Салхи" киноны удаах том сэдэв бол Монголын энэ цагийн нийгмийн асуудлууд буюу Маралаагийн гэр бүлээр салалт ба салалтын нөлөө хүүхдэд хэрхэн муугаар нөлөөлж байгааг, ЗЭ-ийн эгчээр ганц бие ээжүүдийн асуудлыг, мөн хөрш өвөөгийн хүүгээр архидалтын хор хөнөөлийг харж болно (өвөө үхэж байхад хүү нь согтуу унтаж байдаг). Найруулагч Лхагвадулам кинонд гарах цай сүү өргөж байгаа гурван хэсгээр Монголынхоо ирээдүйг сайнаар ерөөж байгаа нь ЗЭ-ийн бусдын төлөө гэсэн үйлдэл хандлагад мөн шингэсэн. ЗЭ мөнгөний төлөө бөөлдөггүй гэж хэлдэг; энэ үг түүний цэвэр ариун сэтгэлийг харуулж, хөрш өвөө хийгээд архичин хүүхдэд нь, мөн Маралаад хандаж байгааг хүндлэл, хандлагад илэрхийлэгддэг.
Киноны гол дүрүүд болох ЗЭ-д Б. Тэргэл, Маралаа-д А. Номын Эрдэнэ нар тоглосон ба Тэргэл авсан шагналаараа хэр тоглосноо харуулсан ч миний хувьд киноны гол од нь Номин Эрдэнэ байсан гэж бодож байна. Энэ бүсгүй хоёр жил дүрдээ бэлдсэн гэж уншсан, үнэхээр авъяаслаг жүжигчин төрж гарч байгаа бололтой. Киноны нэг сцэнд ЗЭ, Маралаа хоёр зураг зурдаг, Маралаа өөрийгөө илүү зурсан гэж хэлдэг, тэгвэл кино дээр ч илүү нь байлаа. Жүжигчин Тэргэл дүрийн судалгааг маш сайн хийж бөөлөх явц, аман хуур татах зэрэгт өөрөө бодитоор тоглосон нь олон улсад алдарших давуу тал болсон болов уу. Гэхдээ түүний тоглолт сайн.
Кинонд зарим нэгэн сул талууд байгаа санагдсаныг дурдвал; юуны өмнө нэг хэвийн хэмнэлээр үргэлжилсээр дууссан ба хурц юмуу огцом эргэлт байхгүй. Дараа нь, эгч зэрэг туслах дүрүүдийн хөгжүүлэлт хангалтгүй. Эцэст нь шөнө хуур татах, анги доторх гэх мэт нэг л хэвийн адилхан сцэнүүдийн давтамж арай ихэдсэн. Монголын нэн орчин үеийн кино урлагийг авч явахуйц чадвартай залуу найруулагч гарч ирж байгаад баяртай байна. Энэ бол үзүүштэй сайн кино. Киноны төгсгөлд нэгэн хүн ЗЭ-ийн ааваас ЗЭ-г барилга дээр ажиллуулбал их мөнгө олно доо гэж хэлэхэд аав нь хүү маань өөрийгөө мэднэ гэж хариулдаг. Үүнийг уншигч та ЗЭ шиг өөрийгөө мэдсэн үү? өөрийнхөө одоогийн төрхийг тодорхойлсон уу?

Comments
Post a Comment