The Life and Death of Colonel Blimp (1943), Дэлхийн хоёрдугаар дайн ид өрнөж байсан үе, Английн гэрийн хамгаалагчдын (гэрийн харуул буюу дайны үеэр Их Британий армийг дэмжиж байсан сайн дурын зэвсэглэсэн хүмүүс, орон нутгийн хамгаалагчид гэсэн үг) ахлах, хошууч генерал Clive Candy-г (Уэльсийн нэрт жүжигчин Roger Livesey) Турк саунд амарч байхад дэврүүн, дэвшилтэт дэслэгч Wilson зочлон ирээд хөгшин, хоцрогдсоноор нь дуудаад зогсохгүй энэ хоцрогдсон аргыг нь буруушаагаад өөрийг нь баривчилахаар болно.
Үе нь нэгэнт өнгөрсөн ч хур туршлагатай өвгөн
генерал уг нь эх орондоо мэдлэг, туршлагаа өгөхөөр хичээн нь эцэстээ үе
хоорондын сөргөлдөөн болох агаад Candy дэслэгчтэй хэрэлдэж, бүр сүүлдээ
барилцан авч усан сан руу унасанаар кино маань эхлэх буюу камерийн ухаалаг
шийдлээр бид Candy-ын залуу насанд, 1902 онд очно. 40 жилийн өмнө Candy сайхан
жавхаатай цэрэг байлаа. Дэслэгч цолтой тэрээр Боерын дайн дууссаны дараа нэгэн
үзэсгэлэнтэй бүсгүйн гуйлтаар Берлин явахаар болно. Берлинд ажилладаг Edith
(Шотландын домогт жүжигчин Deborah Kerr) түүнд захиа бичсэн, захианы утга;
Берлинд Kaunitz гэх хүн анти-Британи суртал ухуулга ил тод явуулж байна, ирж
тусална уу гэсэн утгатай байв. Удирдлагын зүгээс зөвшөөрөл өгөхгүй байсан ч
Candy зүтгэсээр байгаад явна. Берлинд Candy Edith нар Германы офицер Kaunitz-г
боловсон маягаар доромжилж хариугаа бахтай авна. Доромжлолын хариу болгож
Candy-г Герман офицеруудын нэг нь ирүүлд дуудахаар болох бөгөөд Герман
офицерууд дундаасаа ирүүл хийх хүнийг сугалан шодож офицер Theo-г (Anton
Walbrook) өмнө нэг ч удаа уулзаж байгаагүй хүнтэй нь ирүүлд явуулахаар болно.
Нэр төр, улс орноо төлөөлж Candy Theo нар шөнөжин сэлмээр ширүүн тулалдаж хэн
хэнийгээ багагүй шархдуулдаг. Тэд хамтдаа нэг эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх ба
тэдэн дээр Edith байнга зочилно; энэ 3-ын дунд тэрхэн дороо хайрын гурвалжин
үүсэх бол theo Candy нарын 40 жилийн нөхөрлөл ингэж эхэлнэ. Edith Candy-д
сэтгэлтэй боловч ил гаргахгүй бол Theo Edith-д ухаанаа алдаж дурлана, харин
Candy юу ч мэдэхгүй бас ойлгохгүй байв. Theo тэр хоёрыг бие биедээ сайн гэж
бодож байсан үгүй болохыг мэдээд баярлаж, шууд л Edith-д суух санал тавих агаад
Candy тэднийг дэмжсэнээр Theo Edith хоёр хуримлахаар явна. Ганцаараа үлдсэн
хойноо Candy буруу зүйл хийснээ, Edith-д сэтгэлтэй байснаа ухаардаг бас
харуусдаг. Дэлхийн нэгдүгээр дайн төгсөх дөхөж байв. Candy одоо Бригадын
генерал болсон байх бөгөөд Францаар явж байгаад Edith-тэй сүнсгүй адилхан
Barbara (дахиад Kerr) гэх гэлэнмаатай танилцаад өөрөөсөө 20 насаар дүү
Barbara-тай Edith-тэй төстэй болохоор нь гэрлэнэ. Дэлхийн нэгдүгээр дайн дуусч,
Theo дайны шоронд хорогдож байв.
Candy түүнийг авахаар шоронд очсон ч Theo нэр
төр, бахархалдаа дийлдэн найзыгаа үл тоомсорлоно. Хэсэг хугацаа өнгөрөхөд
суллагдсан Theo эх орондоо буцаж очвол эх орон нь шударга хандахгүй байх гэж
бодоод Candy-гээс уучлалт гуйгаад гэрт нь очих урилгыг хүлээж авна. Barbara
1926 онд нас барж, Candy 1935 онд тэтгэвэрт гардаг. 1939 он, дэлхийн хоёрдугаар
дайн эхэлжээ. Хүүхдүүд нь нацист болсноор хэрхэн тэднээсээ хөндийрсөнөө Theo Их
Британий цагаачлалын албаныханд хэлнэ. Дайн болохоос өмнө тэрээр Edith-ын Англи
руу шилжье гэсэн хүслийг хэрхэсээгүй бөгөөд эхнэр нь үхсэний дараа Theo
Candy-нд амьдрахаар нэг мөсөн шийддэг. Найзууд хөгширчээ. Candy нүсэр биетэй,
улаан нүүртэй сахалтай, бохир, муу хүн шиг төрхтэй болсон байх бол Theo
найзыгаа бодвол ануухан харагдах боловч гашуун гуниг төрхөнд нь шингэжээ. Candy
Edith-д хайртай байснаа Theo-д эцэст нь нэг юм хэлдэг. Candy-ын хувийн
жолоочоор мөн охин шигээ ханддаг Angela (дахиад л Kerr) гэх бүсгүй киноны
төгсгөл хэсгийг гоёно. Candy нацизмтай тэмцэхийн тулд нацистуудын харгис аргаар
биш, нэг ёсондоо илүү уламжлалт, өнгөрсөн аргаар зөв гэж үзэхэд Theo найзыгаа
буруушааж, нацизмыг ямар ч аргаар хамаагүй дарж авахгүй бол нацизм нэг л
толгойд гарвал цаашид ирээдүй гэж байхгүй болно гэж хэлдэг.
Бүх цаг үеийн хамгийн
шилдэг найруулагчдын хослол болох Michael Powell, Emeric Pressburger нарын
энэхүү дайны сэдэвт романтик драм нь тэдний олон бүтээлүүдээс соруудынх нь
тоонд ордог ба киноны нэр нь David Low-ын хошин зохиолоос гаралтай ч киноны
зохиол нь Найруулагчдын эх зохиол юм. Michael
Powell болон Emeric Pressburger хоёр цэргийн хүний хүсэл эрмэлзлэлтэй бөгөөд
урьдчилан тооцоолох аргагүй амьдралыг шагшмаар драмчилан зурагласан ба кинонд
гарах Candy нь өөрчлөгдөж буй ертөнцөд, дэлхийн 3 ч дайнд, хайр дурлалаар
дамжуулан нэр төр, эрэгтэй хүний бахархалаа хэрхэн хадгалж байгааг харуулна.
Энэ кино бол цэрэг хүнийг хамгийн романтик маягаар үзүүлсэн киноноос гадна
нөхөрлөл, хөгшрөлт болоод үе хоорондын зөрчлийг бишрэм гаргаж чадсан бүтээл юм.
Шүүмжлэгчид жүжигчдийн бүрэлдэхүүн тоглолтыг өндрөөр үнэлсэн байдаг;
тодруулбал, халзан, бүдүүн Candy-ын дүрийг гаргасан Roger Livesey-ын тоглолт
болоод хувиралтыг онцлон магтдаг агаад Candy бол кино дэлгэцийн хамгийн
хайрлагдсан дүрийн нэгээс гадна Roger Livesey-ын замналын оргил ажил юм. Michael
Powell анх эмэгтэй гол дүрээ Wendy Hiller-д өгөхийг хүсэж байж, гэтэл жүжигчин
бүсгүй жирэмсэн болсноор төслөөс гарч оронд нь Deborah Kerr орсон ба дөнгөж 23
настай байсан Kerr 3 дүрд мундаг тоглож шүүмжлэгчдийн сайшаал хүртжээ. Мөн
Германы офицерын дүрийг бүтээсэн Anton Walbrook-ын тоглолтыг ч сайнаар дурдахаа
мартаагүй. Энэ кино нэг насны нөхөрлөлийг зураглахдаа дэлхийн томоохон үйл
явдлуудаар аялуулж, бас хайрын мөнхийн асуудлыг ч сонгодог байдлаар
гаргасанаараа туульсан кино гэж хэлж болно. Энэ кино бол өнгөрсөн үеийн
бахархал, хүндлэл, нэр төрийн үнэ цэнийг эргэн дурссан бүтээл. Мөн насаараа
ганцаардсан, буруу шийдвэрээ насан туршдаа засч залруулах гэж оролдож буй эрийн
хөрөг бөлгөө.
Уг кино эх оронч сэтгэлийг дэвжээж, үүний зэрэгцээ дайны үеэр ч хүн
хүн гэдэг үнэ цэнэ, мөн чанараа алдар ёсгүй харуулсан, тэгэхдээ найруулагчид
киноныхоо өнгө төрхийг үргэлж егөөдсөн, хошин байдалтай байлгах нь өвөрмөц.
Theo Candy хоёрын ирүүл хийдэг хэсэгт камер аажмаар дээшилсээр байшингаас
гараад цастай, шөнийн хүйтэн тэнгэрт гарч ирдэг, энэ бол уламжлалт үнэ цэнэ
үгүй болсны, эрчүүд хуучин дүрмээрээ дахиж тоглохгүй болсныг илтгэдэг. Мөн
үүнтэй төстэй бүхий нэг сцэн бол Candy Barbara-тай сууж байгаагаа бүсгүйн нэр
бүлийнхэнд хэлэхэд бүсгүйн эцэг эх таатай байдаггүй; хурим ирүүл шиг маш хурдан
болж өнгөрөхдөө үгнээс өөрөөр юуг ч дэлгэцнээ гаргадаггүй. Найруулагчид уг
киноныхоо санааг өмнөх бүтээлээсээ олж харсан буюу тус кинонд нь эвлүүлэгчээр
ажиллаж байсан суут найруулагч David Lean чухамдаа гол санааг нь гаргаж байжээ.
Michael Powell Candy-ын дүрд Laurence Olivier-г тоглуулахыг хүссэн ч Английн
агаарын армид алба хааж байсан Laurence Olivier-г цэргийн яам явуулахаас
татгалзсан байдаг; үнэндээ энэ бүхэн Winston Churchill-тэй хамаатай буюу
ерөнхий сайдад кино зохиол таалагдсангүй, Candy-ын дүр өөрийг нь шоглосон гэж
үзсэн үү киног гадаадад гаргахыг хориглож байв. Кино зураг авалт 4 сар
үргэлжилсэн бөгөөд Winston Churchill-ын дургүйцлээс болж цэргийн хувцас
хэрэгсэл олдоц муутай байсан ч кино багийнхан яаж ийгээд санасандаа хүрсэн
байдаг. Киноны цэргийн зөвлөхөөр дэнслэгч генерал Douglas Brownrigg гэгч
ажилласан агаад түүний замнал Candy-ынхтай төстэй байдаг гэж үздэг. Michael
Powell: "кино маань 100% Британи, гэхдээ зураглаач нь Франц, кино зохиолч
нь Унгар, хөгжмийн зохиолч нь Герман, хувцас дизайнер нь Чех, найруулагчид нь
Англи ба эндээс нэг үндэстний биш олон үндэстэнтэй үргэлж ажиллаж ирсэн миний
кино хийх аргыг харж болно" гэжээ. Кино нээлтээ хийгээд бодитой Англи
офицераас илүү Герман офицерын сэтгэлийг өрөвдөм үзүүллээ гэж хатуу
шүүмжлүүлсэн. Гэхдээ Герман дүрийг ойлгож өрөвдсөн 2 ч киног Powell,
Pressburger нар хийчихээд байсан юм. Уг бүтээл 1943 онд In Which We Serve болон
Casablanca кинонуудын араас Их Британид хамгийн алдаршиж, мөнгө олсон кино
болсон. Кино Британийн талыг хүчтэй баримтлах боловч Британий арми, тэдгээрийн
удирдлагыг элэглэнэ. Winston Churchill киног үзэн ядаж байсан шалтгаан нь
тодорхойгүй байгаа ч судлаачид кино төсөл гадаад улсад муу нөлөө үзүүлнэ гэж
бодсоноос болсон гэж таамагладаг. 1980-аад оноос уг киноны нэр хүнд үнэмлэхүй
өсч, зарим нэг судлаачид хамгийн шилдэг Англи кино гэсэн байхад мөн зарим нь
Англи хүн байхын утгыг харуулсан бүтээл гэсэн буй. Эл киног Empire сэтгүүл
хамгийн шилдэг 500 кино жагсаалтынхаа 80-р Байрт жагсаасан бол TSPDT сайт уг
киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 186-р байрт жагсаажээ.
Comments
Post a Comment