Алтан Өргөө

 


Алтан Өргөө (1961). "Алтгүй бол амьдраад байна, харин ус үгүй бол амьдарч чадахгүй" хэмээн усны гачигдлаас болж цөлжсөн нутгийн өвгөн Сүмбээг (Б. Зориг) угтан халаглан өгүүлдэг. Энэ үг бол уг киногоо бүрэн дүүрэн илэрхийлсэн үг буюу киноны ухвар санаа бол усаа гамнан хайрлаж, газар нутгаа хайрлан хамгаалах тухай юм. 21-р зууны ардчилсан Монголд цэвэр усны асуудал, газар нутгаа бүрэн бүтэн байлгах асуудал бараг л хоолойд тулгасан хутга шиг амин чухал болоод буйг тэртээ жараад жилийн өмнө үлгэрлэн сануулсан явдал бол чухамдаа урлагийн гайхамшигтай тал гэнэ. Улсаараа уул уурхайнаас хэт хамааралтай болчихсон, өөрийг сэтгэн хийж чадахааргүй болсон бид одоо л сэхээрэн ухаарахгүй бол Ёров (С. Сүхбаатар), Ембоо (Г. Цэгмид) хоёр шиг мунхаглан улс орноо ган гачигт нүүрлүүлэх бий. Одоогоос хоёр жилийн өмнө МОНЦАМЭ Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 76 хувь нь их, бага хэмжээгээр цөлжилт, газрын доройтолд өртсөн гэсэн мэдээ гарч. Энэ байдал нээх дээрдээгүй л болов уу.


"Алтан Өргөө" бол тухайн үеийн БНМАУ, БНАГАУ хоёрын эв найрамдалт харилцааны илэрхийл болж гарсан фантааз, үлгэрийн сэдэвт кино юм. Монголын ардын үлгэр домгоос сэдэвлэн Сэнгийн Эрдэнэ, Курт Бортфельд хоёр кино зохиолыг бичсэн. Хамтарсан бүтээл учраас энэ маягаар бүхий л хэсэгт хоёр улс хамтран ажилласан буюу найруулагчдаар Равжаагийн Доржпалам, Готтфрийд Кольдиц нар ажиллаж, харин хөгжмийн зохиолыг Лувсанжамбын Мөрдорж бичиж, эвлүүлэгчээр Хиллегарьд Тэгенер ажиллажээ. Энэ кино манай улсын хувьд гадаад улстай хамтран хийсэн анхны өнгөт бүтээл гэдгээрээ онцлог. Үлгэрийн кино учир хослол зураглалын аргыг түлхүү ашигласанаараа тухайн үедээ шинэлэг, ялгарахуйц байсан. Мөн энэ нь үлгэрийн жанрын Монголын анхны кино, 1958 онд хийгдсэн "Гурван найз" киноны дараах хоёр дахь хүүхдийн сэдэвтэй кино болсон байдаг. Сонирхуулахад, хөгжмийн зохиолч Мөрдорж киноны хөгжмийг Германд, Германы оркестр тоглуулж бичүүлжээ. Манайд "Алтан Өргөө" нэртэй олон улсын кино наадам үүсэн зохион байгуулагдаад багагүй жил болжээ. Энэ наадмын нэр зүгээр тохиолдлын бус Монголын анхны гадаад улстай хамтарсан өнгөт киноны нэр гэдэг утгаар наадмаа нэрлэсэн юм болов уу гэж хувьдаа бодсон минь эндүүрэл ч байхыг үгүйсгэхгүй ээ.


Үлгэрийн жанрын кино сургааль "айлддаг" зарчимтай ба "Алтан Өргөө" ч мөн эл зарчмыг дагаж; Үнэн байх, байгаль дэлхийгээ хайрлах, залхууралгүй хөдөлмөрлөх гэсэн гурван сургаалыг киноныхоо туршид илэрхийлдэг. Мөн энэ жанрын кино жаргалтай төгсдөг зарчмыг манай кино хангахаас гадна шидтэн, аварга амьтан (яст мэлхий), ер бусын газар орон (усны ертөнц) зэрэг элементүүд ч манай кинонд бүрэн бий. Киног хүүрнэгч "эрт урьдын цагт" гэж эхлүүлээд "амар сайхандаа жаргажээ" гэж жаргааж байгаагаас энэ бол үлгэрийн кино буюу шууд утгаараа үзэгчийг үлгэрт татан оруулж байгаа явдал. Тиймээс, энэ киног та үлгэр сонсох гэж байгаа сэтгэлтэйгээр үзэх ёстой юм. Киноны өнгө тод, үлгэрийн мэт өнгө аястайгаас гадна хөгжим энэ кинонд амин зүрх нь болдог. Киноны эхний хоёр минутад Мэргэн Ард (Ж. Лувсанжамц) хар азаргатайгаа Монголын сайхан тал нутгийн хамаг л өнгө үзэмжийг үзүүлэх байдалтайгаар явдаг хэсэг Мөрдорж гуайн хөгжимтэй гайхалтай найрсан нэгдэж, зурмал зураг шиг хараа булаахын сацуу Мөрдорж гуайн хөгжим цээж дүүрэн амьсгалсан мэт өргөн дэлгэр байдаг. Киноны эвлүүлэг нь үлгэрийн уур амьсгал болоод үргэлжилсэн өгүүлэмжээ алдалгүй гярхай, бүтээлч байдаг; тухайлбал, устай план өөрчлөгдөхөд дараагийнх мөн ямар нэгэн устай планаар үргэлжлэх юмуу галтай бол галтайгаараа шилжих явдал зонхилдог. Үлгэрийн жанр нь тухайн улс орныхоо соёл, уламжлалтай салшгүй холбогдсон байдаг; энэхүү кино нь Монгол гэрээс тухайн үеийн зах зээл, хувцас хунар гээд Монголын өв соёлыг сайтар зураглажээ. Гаднынхны "Үнсгэлжин", Араатан ба Гоо бүсгүй", "Улаан малгайт" гэх мэт үлгэрийн кинонуудтай харьцах болоогүй ч бид бас өөрсдийн гэсэн үлгэрийн кинотой, тэр нь боломжийн сайн кино гэж үзүүлэх нүүртэй санагддаг. Энэ бол "Алтан Өргөө" билээ. 


Алт бол дээр хэлсэнчлэн энэ киноны гурван сургаалын нэг буюу алт нь байгалийг илэрхийлнэ. Гэхдээ алт нь муугийн симбол болдог; Ёров Ембоод хуурамч алтан зоос киноны эхэнд өгдөг, авдарт алтнаас өөр юм байхгүй гэж мунхаг ах дүүс боддог, мөн Сүмбээ, Нарангэрэл (Ц. Норжмаа) хоёр цэвэр усны голдирлыг бөглөсөн асар том алтыг зайлуулдаг, эдгээрээс харвал зүйрлэлт утгаараа алт нь усыг орлох боломжгүй, алтны хойноос хэт улайран хөөцөлдвөл усгүй-амьдралгүй болохыг илэрхийлжээ. Дараах сургааль нь үнэн байхтай холбогдоно. Малчин өвгөн Пагваа (Ц. Цэгмид) авдартаа нуурын ус агуулагдаж байгааг анхнаасаа мунхаг хөвгүүддээ хэлчихсэн бол хөвгүүд тэр авдрыг нээхгүй байх байсан нь тодорхой. Пагваа өвгөн үнэн өөрөө аяндаа илэрнэ гэж найдсанаар алдаа гаргаж мөхөх шахаж байна. Чухамдаа бол үнэнийг өөрөө илрэхийг нь хүлээх биш аль болохуйц илчлэн гаргаж, илчлэн гаргахын хэрээр хүмүүс үнэнийг мэдэх ёстой билээ. Мэргэн Ард ч Пагваа өвгөнд нуух тусам хэцүү болно доо гэж хэлдэг билээ. Сүүлийн сургааль бол хөдөлмөрлөх тухай юм. Мэргэн Ард Сүмбээд; хүн цуцашгүй хөдөлмөрлөх аваас гачигдал дутагдалгүй амьдарч чадна хэмээн хэлдэг. Мэргэн Ард хойш сууж, залхууран назгайрахын эсрэг ажиллаж, хөдөлмөрлөх тухай санааг байнга илэрхийлж байдаг. Ёров, Ембоо хоёрыг ч үнэндээ хөдөлж, хөлсөө гаргахын оронд элбэг дэлбэг хэвтэхийн төлөө л авдрын хойноос хөөцөлддөг билээ. Энэ гурван санаан дээр уг кино төвлөрөн үлгэрлэжээ.


Мэргэн Ард зориуд мөнгөний түрүүвчээ орхисноор Сүмбээ үйл явдалд ороод Нарангэрэлийг хараа оруулж, бас харангадаж үхэж байгаа олныг аварч цаашлаад лусын дагиныг аварч байна. Мэргэн Ард бүгдийг мэдэж байсан эсхүл төлөвлөж байсан ба түүнд туслагч л хэрэгтэй байж. Гэхдээ туслагч нь ариун сэтгэлтэй, шударга Сүмбээ байх ёстой юм. Тэгэхээр Мэргэн Ард бурхан уу? шидтэн үү? хувь тавилан уу? бүү мэд, ямартай ч тэр бол бүхнийг эхлүүлэн үүтгэгч буюу киноны хувьд олон даалууг дараалан нурж унахад зориулагдсан анхны даалуу - зохиомжийн гол түлхүүр юм. Сүмбээ бол өөр утгаараа үзэгчид бид буюу бид түүнтэй хамт адал явдлыг туулагчид болно. Нарангэрэл хараа орсны дараагаар дүрүүд ч  оюун ухааны хувьд "хараа" орж байгаа нь бэлгэдэлт утгаараа биднийг бас шунал, гар хумхин сууж жаргах гэсэн харалган байдлаасаа ангижрахыг айлдсан ба зах дээр Сүмбээ түүнийг хараагүй гэж мэдэлгүй янз бүрийн үнэт эдлэл харуулахад хүүхэн угаасаа хараагүй учир гөлийж байхад Сүмбээгийн гайхдаг хэсэг зүгээр нэг хэсэг биш энэ бол Нарангэрэлд үнэт эдлэл харах шуналын мэлмий байхгүйн симбол юм. Нарангэрэлийн гарт Сүмбээ хүрч, хүүхэн нүд ордог хэсэг уг нь энэ киноны хамгийн гоё бас алдартай хэсэг байсан боловч хошин шогийнхон эл хэсгийг пароди болгож хийснээр ердийн хөгжилтэй, бараг маанагдуу сцэн болсон нь харамсалтай. Энэ сцен үнэндээ "Цасан гоо ба долоон одой" дээр ханхүү цасан гоог үнсэж амь оруулдагаас илүү фантааз үгүй билээ. Ёров, Ембоо хоёр хэдий шуналтай, амар хялбар амьдралыг эрэлхийлэгчид хэдий ч тэднийг үргэлж хуурч ирсэн Пагваа өвгөнд бас буруу байна. Хөвгүүд эцэстээ ухааран төлөвшиж байгаагаас тэдний мөн чанар харагдана. Кинонд сул тал мэдээж бий. Хослол зураг, тусгай эффект болхи нь маргаангүй. Хоёр улсын хамтарсан бүтээл гээд заавал лусын хаан болон лусын дагинад гадаад хүмүүс тоглуулах шаардлагатай байсан уу гэдэг надад эргэлзээ төрүүлсэн. Энэ хоёр дүр нь үзэгдэх төдий л гардаг ба тэр чигээрээ Монгол байсан орчинд гэнэт гадаадын дүр төрх орж ирэх ёстой л фантааз. Эцэст нь хэлэхэд, лусын хаан буюу аварга яст мэлхий нь урт удаан нас, үнэнч байдал, хамгийн гол нь эх дэлхий, газар шороог бэлгэддэг ажээ.

Comments