"Демиан". Герман-Швейцарийн нэрт зохиолч Херманн Хессегийн bildgunsroman буюу боловсролын роман. Хессе 1919 онд Романыхаа хүүрнэгчийн нэр болох Эмил Синклер гэсэн нууц нэрээр анх номоо хэвлүүлсэн. Хожим зохиолч нь Хессе болох нь илэрсэн. Арав дахь хэвлэл нь түүний нэрийг бичсэн анхны хэвлэл болсон ба романы нэрийг "Демиан: Эмил Синклерийн залуу насны түүх" болгон өөрчилжээ. 1909 он гэж зарим судлаачид үздэг, ямартаа ч 1914 оноос хойш Хессе Германы оюуны сэхээтнүүдийн хүрээллээр дамжин шинээр хөгжиж байсан сэтгэл судлалын салбарынхтай танилцжээ.
1910-аад оны үед Хессе залуу наснаас нь хойш өөрийг нь зовоож ирсэн сэтгэлзүйн асуудлуудаа психоанализын аргаар шийдвэрлэх ёстой юм байна гэж үзсэн. 1916-1917 оны хооронд тэрээр Карл Юнгийн шавь Иосеф Лангаар сэтгэц заслын эмчилгээ хийлгэжээ. Лангтай холбогдсон болоод дараа нь 1921 онд Юнгийн психоанализид хамрагдсанаар тэрээр Юнгийн тайлбар, анализид татагдах болсон ба уг роман нь Юнгийн архетип ба Юнгийн симболизмоор дүүрэн байдаг. Психоанализ нь Хессед залуу насандаа үзэж туулсан сэтгэлзүйн асуудлуудыг, үүний дотор өөрийн махан биеийн дур тачаал хийгээд эцэг эхийнх нь хатуу ёс суртахуун хоорондын зөрчилдөөнөөс үүдсэн дотоод сэтгэлийн хурцадмал байдлаа тодорхойлон танихад тус болжээ. Иймэрхүү сэдвүүд "Демиан" романд Юнгийн философийн талаарх Хессегийн хийсэн судалгаа, хагас намтарчилсан эргэцүүлэл хэлбэрээр гарч ирдэг.
ҮНДСЭН САНАА. Психоанализ хийлгэсний дараа Хессе хүний ухааны үйл ажиллагааг судлах сонирхолтой болсон: энэ нь "Демиан" романы олон аспектаас харагддаг. Нэгдүгээрт, ном бүхэлдээ Синклерийн оюуны хөгжлийн тухай өгүүлдэг; зохиолч маань Синклерийг хүчтэй эсрэг чиглэлд татагдан тарчилж байгааг онцгой гойдоор дүрсэлсэн буй. Хессе зөв сэтгэл судлалыг сонирхохоос гадна номын дүрүүд ч бас үүнд татагддаг. Синклер, Демиан хоёр хамтдаа Баталгаажуулалтын хичээлд сууж байхдаа тэдний ярианы гол сэдвүүдийн нэг нь бусад хүмүүсийн ухаандаа юу бодож байгааг ойлгоход оршдог ба тэдний судалгаа нь ихэвчлэн Демианы хүмүүсийг өөрсдөөс нь илүү сайн таньж мэдэх, тэдний үйлдэлд нөлөөлөх ур чадварт төвлөрдөг. Сайн ба муу бол "Демиан" романы үндсэн сэдвүүдийн нэг ба Фридрих Ницшегээс гаралтайгаар энд ашигладаг. Ницшегийн "Сайн, муугаас цааш" номонд хүн төрөлхтний ёс суртахууны талаар хүлээн зөвшөөрөгдсөн идеалуудаас трансцэндент болж давж гарахыг уриалдаг. Тэрээр хүмүүсийг юу сайн, юу муу гэж үздэг тогтсон ойлголтод автахгүй, харин үнэлгээний бусад хэмжүүрийг баримтлахыг сануудсан ба энэ санаа нь л романы үндсэн идеа юм. Синклерийн өсч томрохын нэг хэсэг бол харанхуй ертөнцийн зүйлсийг, муу муухай гэж нэрлэгддэг зүйлсийг таашаах явдал нь энгийн гэдгийг хүлээн зөвшөөрөхөд оршдог. Эцэстээ тэрээр сайн ба мууг хослуулсан Абраксас бурхны тухай судалгаандаа иймэрхүү "чөтгөрлөг" зүйлсийг шүтэх ойлголтод хүртэл сэтгэл татагддаг.
Эцэст нь, Синклер хэрхэн үйлдэхээ шийдэхдээ юу сайн, юу муу гэдэгт санаа зовох ёстой гэсэн ойлголтоос татгалздаг агаад Ницшегийн энэхүү "зарлиг" бол Синклерийн оюуны хөгжлийн хамгийн чухал хэсэг болдог. Демиан" номонд байдаг Ницшегийн бас нэг үндсэн идеа бол хүслийн ач холбогдолын тухай юм. Ёс суртахууны категорийг трансцэндент байдлаар ойлгосон хүмүүс хүслээ саадгүй илэрхийлж чадах ба уншигчид үүнийг Синклерийн хүсэн тэмүүлж, өсөн хөгждөг идеалаас, энэ идеал нь Демиан болон түүний ээжийг төлөөлдөг тэр зүйл болохыг тодорхой харж байна. Үүнийг мөн Синклер Кнауэртэй хийсэн ярилцлагаас харж болно; тэрээр цөхөрсөн оюутанд чөлөөтэй байхын тулд амин сүнснийхээ хамгийн гүн дэх хүслийг биелүүлэх ёстой, нэг үгээр, хүслээ хэрэгжүүлэх ёстой гэж хэлдэг. Энэ санаа Фрау Эвагийн Синклерийг уруу татан сэдэлжүүлж байгаагаас гойд тод харагддаг. Эва түүнд өөрийг нь эзэмдэхийн тулд түүнийг чин сэтгэлээсээ хүсэх ёстой гэж хэлдэг бөгөөд Эва түүний хүсэл нь дотор нь хадгалагдсан хэвээрээ байгаа ёс суртахууны эргэлзээ асуултаа трансцэндентээр давахыг шаарддаг.
Ингэснээр Синклер өөрийгөө бүрэн дүүрэн ухамсарлаж, харин шагналд нь Эваг хүртэх юм. Хессегийн уг романдаа авч үздэг илүү түвэгтэй идеануудын нэг бол зохиолч болон түүний субъект хоорондын харилцаа байдаг. Түүхийг хүүрнэгч хөгшин Синклерийн бичсэн богинохон оршил хэсэг номын нэгдүгээр бүлгийн өмнө байдаг; үүнд Синклер "субъектдээ бараг бурханлаг хандлагаар хандаж, түүхийг, хүний амьдралыг бүрэн ойлгосон мэт дүр эсгэдэг" хэмээн зохиолчдыг зэмлэдэг. Синклерийн ярих гэж буй түүх хэдий өөрийнх нь түүх боловч түүнд дээрх бурханлаг ойлголт байхгүй хэвээр байгаагаа хүлээн зөвшөөрдөг. Эл хүлээн зөвшөөрөлт нь номыг бүхэлд нь эргэлзээтэй болгодог бөгөөд зохиолч маань бидэнд энэ түүхийг алдаа гаргадаг хүн бичсэн гэдгийг мэдээсэй гэж хүссэн мэт байдаг. Хэн нэгний сэдлийн талаар бичих, өөрийнхөө тухай бичих ч адилхан асуудалтай, төгс бус байж болно; уншигчдад үүнийг романы туршид тувт сануулдаг. Уншигч тодорхой нэг эпизодийн үйл явдалд татагдахад Синклер тэдгээр эпизодиудыг байнга тасалдуулж анализ хийдэг. Энэхүү хөндлөнгийн оролцоо нь уншигчдад Синклер хөгшин хүний хувьд энэ бүх түүхийг ярьж байгаа ба бидний олж авсан мэдээлэл бол залуухан Синклерийн тухайн үед хэрхэн бодож байсантай таарч магадгүй эсхүл таарахгүй ч байж болохыг сануулна.
МОТИФ. Каины тэмдэг нь Синклерийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг. Демианы эл тэмдэгийг ичгүүрийн бус харин ялгаран онцгойрох тэмдэг гэж өөрчилсөн тайлбар нь Синклерийн Христийн шашны итгэл үнэмшилтэй тулгарсан анхны ноцтой оюуны сорилт юм. Өсвөр насны Синклерт энэ тайлбар хийгээд түүнтэй ярьсан яриагаа дурсан санаж, үүнээсээ туйлын их тайвшрал авдаг. Гэхдээ энэ мотиф нь Библийн Каины тэмдэгээс цааш гардаг ба Демиан Синклерийг тодорхой тэмдэгтэй гэж хэлдэг ч энэ нь янз бүрийн цаг үед их юмуу багаар үзэгддэг. Үүний дагуу Фрау Эва Синклертай анх уулзахдаа шууд таньдаг нь энэ тэмдэгээс нь болсон нь мэдээж. Энэ тэмдэгээр Демиан Каины тэмдэгийг түүний давуу талыг илтгэдэг гэж тайлбарладагтай адилаар Синклерийг онцгой нэгэн гэж ялгах зорилготой. Эл мотиф нь Синклерийн зан төрхийг тодотгож, үүгээрээ тэр өөр нэгэн болгодог буюу ийм ялгаатай байх нь янз бүрийн хүмүүс янз бүрийн ёс суртахууны үнэтүүдтэй байж болохыг харуулж байна.
Сургуулийн багш болон Демиан Каины тэмдэгийг тайлбарлахдаа өөр өөр байдаг шиг нийгэм ба Демианы Синклерийн ялгааны тухай бодлууд өөр өөр байдаг. "Демиан" романд сургагч ба сурагч хоёрын харилцааы тухай ойлголт чухал байр суурийг эзэлдэг. Синклер өөрийгөө нээж олох аян замдаа ганцаараа гардаггүй ба харин түүнийг Демиан замд гаргаж, дараа нь Писториус, дахиад Демиан, эцэст нь Эва түүнийг замчилдаг. Хессегийн хувьд өөрийгөө нээж илрүүлэх гэдэг бол өрөөнд ганцаараа суугаад эргэцүүлэн бодох гэсэн үг биш, харин энэ бол нэг хүн нөгөөдөө тусалдаг харилцан үйлчилдэг идэвхтэй үйл ажиллагаа аж. Чухамдаа, зөвлөгчтэй юмуу сургагчтай харилцаа нь Синклерт зөвхөн өөрийнхөө ертөнцийг харах хараагаа өөрчлөхөд хүргээд зогсохгүй тэдний харилцаа нь найз нөхөд, садан төрлийн үнэ цэнэтэй юм. Синклерийн мэдэрдэг хамгийн хүчтэй сэтгэл хөдлөлүүдийн зарим нь түүний зөвлөгчид болох Демиан, нэн ялангуяа Эватай холбоотой.
СИМБОЛ. Синклерийн байшингийн хаалганы дээр морин харцага байгааг Демиан анзаарсанаар морин харцага "Демиан" романд анх гарч ирдэг. Демиан үүнийг анзаарсан гэдэг нь морин харцагын чухлыг тодорхой болгодог ба цаашлаад энэ нь Демиан болон Синклер хоёрын хооронд холбоо үүсгэдэг ач холбогдолтой. Энэ симболын утга романы сүүл хэсэг хүртэл буюу Синклер зүүдний нэг хэсэг болтол бүрэн ойлгомжтой болдоггүй. Уг шувуу нь чөлөөлөгдөх, бие даасан байх хүслийг илэрхийлдэг бөгөөд симболын хувьд шувуу бол Синклерийн бага насандаа амьдарч байсан байшин дээр анхнаасаа байсан гэдгээрээ энэ хүсэл тэмүүлэл нь угаасаа л Синклертэй хамт байсныг илтгэнэ. Хожим нь, морин харцага илүү тод, гэрэлтсэн байдлаар гарч ирдэг; энэ нь Синклер чөлөөлөгдөхийг хүсдэг өөрийнхөө хэсгийг идэвхжүүлэхийн тулд өөрийнхөө дотор орсныг харуулж байна.

Comments
Post a Comment