Грекийн улстөрч Маврокордатос болон Лорд Байрон нар Коринтын булангийн аманд орших Туркийн мэдэлд байсан Лепанто цайз руу дайрахаар төлөвлөж байлаа. Байрон цэрэг армийн туршлагагүй хэдий ч их бууны ангийг удирдахаар болж, босогчдын армийн зарим хэсгийг коммандлахаар бэлтгээд байв. 1824 оны 2-р сарын 15нд экспедиц хөлөг онгоцонд гарч амжаагүй байтал Байрон өвдөж, цус алдаж биеийг нь тун сулруулжээ. Түүний бие арай дээрдэж ирсэн ч 4-р сарын эхээр ханиад хүрсэн нь үхлийн цохилт болж, улмаар халуунаа даалгүй байсаар 4-р сарын 19нд Миссолонги хотод цагийн үеийнхээ хамгийн аугаа яруу найрагч гэгдэж байсан Байрон 36 насандаа нас баржээ. Байрон романтик хөдөлгөөний гол төлөөлөгч байсан бөгөөд түүний бүтээсэн алдартай "Байроник баатрууд" нь амьдралынхаа өнгөрсөнд тохиолдсон ямар нэгэн зүйлийг мартаж чаддаггүй, уй гунигтай, бодолд автсан залуу хүмүүс гэж дүрслэгддэг.
Тэрээр амьд ахуйдаа Европын хөгжим, уран зураг, роман, шүлэг, дуурьт асар их нөлөө үзүүлжээ. Тэрээр Барон хэргэм авсан зургаа дахь Байрон юм. Түүнийг Английн түүхэн дэх хамгийн аугаа яруу найрагчдын нэг гэж үздэг ба Перси Шелли, Жон Китс нартай ижил түвшинд хүндлэн үнэлдэг. Байроны уран бүтээл хийгээд хувийн шинж чанар тухайн үеийн Европын уран зохиолын сэтгэлгээнд, олон нийтэд үлэмж нөлөөлсөн гэж дүгнэдэг. Олон хүн түүнийг радикал үзэлтэн гэж үзэж байсан агаад Грекчүүдийн төлөө Туркийн эсрэг тулалдсаных төлөө Грект Байроныг үндэсний баатар хэмээн шүтдэг. Гэсэн хэдий ч гэрлэсэн эмэгтэйчүүд болон залуухан эрчүүдтэй явалддаг байсных нь төлөө, мөн их сургуульд сурч байхдаа муу муухайд автаж, асар их өр зээлтэй байсанд нь үеийнхэн нь түүнд дургүй байсан гэдэг.
АМЬДРАЛЫН ЭХЭН ҮЕ. Жорж Гордон Байрон 1788 оны 1-р сарын 22нд Их Британийн Довер хотод төржээ. Аав нь ахмад Жон Байрон байсан бол ээж Кэтрин Гордон нь Шотландын баян өв залгамжлах байсан ба Кэтрин Жон Байроны хоёрдахь эхнэр байв. Байрон төрөхөөсөө л майжгий хөлтэй байсан нь хөдөлгөөнийг нь хязгаарлаж, тун мэдрэмтгий хүн болгожээ. Аав нь 1791 онд нас барж, ээж нь түүнийг Абердин руу авч явсан ба Байроныг арван нас хүртэл тэд багахан орлогооо амь зууж байв. Арван настайдаа Байрон санаандгүй байдлаар авга ах Уильямаас асар их өв хөрөнгө өвлөж авсны сацуу Барон хэргэмийг нь өвлөн авсан. Өв залгамжлал нь түүнийг ээжтэйгээ хамт Англид буцаж очиход нь тусалж, Хаан наймдугаар Хенригийн Байрончуудад бэлэглэсэн Ньюстед дэх сүмд үлдэх боломж олгосон. Тэрээр Лондонд очоод 1799 онд Дулвичив, дараа нь 1801 онд Английн хамгийн нэр хүндтэй сургууль болох Харроуд суралсан бөгөөд 1805-1808 онуудад Кембрижийн их сургуулийн Тринити коллежид суралцжээ.
ЗАМНАЛ БА ГОЛ БҮТЭЭЛҮҮД. Лорд Байрон 1806 онд "Богино хэсгүүд" яруу найргийн бүтээлээ хувийн хэвлэн нийтлэгчийн тусламжтайгаар хэвлүүлсэн ба мөн үеэр Жон Хобхаустай танилцжээ. 1807 онд хэвлүүлсэн анхны шүлгийн түүвэр "Залхуурлын цаг" Эдинбургийн тойм сэтгүүлээс тааруу үнэлгээ авав. Үүний хариу болгож тэрээр дараа жил нь "Англи туульч ба Шотланд тоймчид" хошин зохиол бичсэн нь олны дунд алдартай болов. 1809 онд Байрон Лордуудын танхимд суусан бөгөөд дараа нь Хобхаустай хамт Мальта, Испани, Грек, Албани болон Эгийн тэнгисээр урт хугацааны аялал хийв. 1811 онд Лондонд буцаж ирэхэд ээж Ньюстедэд амьсгад хураасан байсан буюу ээжтэйгээ аминд сэрүүнд нь уулзаж чадаагүй аж. Байрон анхны амжилтандаа 1812 онд "Чайлд Харолдын бадарчлал" нэртэй шүлгийн түүврийнхээ эхний хэсгийг хэвлүүлснээр хүрсэн. 1812 онд Лордуудын танхимд анх үг хэлэхдээ Ноттингемийн нэхмэлчдийг өмөөрснөөр Лондончуудын хайр талархлыг хүлээв. Бүтэлгүй хайрын шаналал, уйтгар түүнийг "Жиаур", "Абидосын сүйт бүсгүй", "Далайн дээрэмчид", "Лара" зэрэг бүтээлүүдээ туурвихад хүргэсэн гэж үздэг. 1816 онд, Байрон их хэмжээний өрөнд орсны дээр цусан төрлийн бүсгүйтэй амрагийн холбоотой гэсан цуурхал дэгдсэн тул Английг үүрд орхин явсан. Тэрээр Швейцарийн Женевт Перси Шеллитэй хамт амьдрах болсон ба энэ үедээ "Чиллонын хоригдол" болон "Чайлд Харолд" бүтээлийнхээ хоёрдугаар кантог бичжээ. Байрон дараагийн хоёр жилийг Италиар аялж өнгөрүүлсэн. Тэрээр Ром дахь Тассогийн гяндангаас санаа авч "Тассогийн гашуудал" зохиолоо бичсэн ба мөн "Мазеппа"-гаа дуусгаад "Дон Жуан" нэртэй егөөдөлт шедеврээ эхлүүлсэн. 1817 онд "Манфред" хэмээх яруу найргийн жүжгээ бичсэн бөгөөд энэ нь Байроны гэм буруу, цөхрөлийг тусгажээ.
Тэр жилдээ Ромд буцаж ирснийхээ нэг жилийн дараа "Чайлд Харолд" зохиолынхоо дөрөв дэх хэсгийг бичиж хэвлүүлжээ. 1818 онд "Беппо" найргаараа Англи, Италийн уламжлал, зан заншлын ялгааг харуулсан. Тухайн ондоо Ньюстед сүмээ зарсан ба зарсан мөнгөөрөө өр ширээ дарсан ч нэлээдгүй мөнгөтэй үлдсэн. 1820 онд, Байрон Равенна руу гүнж Тереза Гамбагийн "үйлчлэгч шавалер"-ын дүрээр аялж, тэнд "Карбонари" нууц нийгэмлэгийг санаачилсан Гүн Ружерро, Гүн Пьетро Гамба нартай нөхөрлөв. Равеннад байхдаа тэрээр "Дантегийн зөгнөл" болон "Дон Жуан"-ынхаа гурав, дөрөв, тав дахь кантог бичжээ. Пиза, Равеннагаар зочилсон нь түүнд хүчтэй нөлөөлсөнөөр "Сарданапалаус", "Хоёр Фоскари" зэрэг найрагласан жүжгүүдээ бичсэн. Мөн яруж найрагч Роберт Саутэйгийн гуравдагаар Жорж Хааныг хүндэтгэсэн магтуугаас сэдэвлэсэн "Шүүлтийн Зөн" нэртэй хошин зохиол бичжээ. 1823 онд, Байрон Грекийг Туркээс чөлөөлөх "Лондоны хороо"-д нэгдсэн ба тухайн оныхоо 12-р сард Грекийн баруун хэсэгт орших Александрос Маврокордатосын "Геркулес" хэмээх бригадтай нэгдсэн боловч тулааныг үзэж чадалгүй өвдөж, улмаар нас барсан билээ. Лорд Байроны 1814 онд хэвлэгдсэн "Далайн дээрэмчид" бүтээл нь маш их алдаршиж, хэвлэгдсэн анхны өдөртөө л 10.000 хувь борлогдсон аж. Түүний өөр нэгэн чухал бүтээл "Чайлд Харолдын бадарчлал" нь 1812 онд бичиж эхлүүлээд зургаан жилийн дараа дуусгасан. Байроны хамгийн аугаа бүтээл "Дон Жуан" 1818 онд эхэлсэн ба 1819 он гэхэд эхний хоёр канто хэвлэгдсэн: Байрон найраглалын 16 канто д бичиж чадсан буюу 17 дахийг эхлүүлсэн ч гүйцээж чадалгүй нас эцэслэжээ.
ХУВИЙН АМЬДРАЛ БА ӨВ. 1803 онд, Лорд Байрон Мэри Чаворт гэх нөхөртэй бүсгүйд дурласан ч бүсгүй түүний сэтгэлийг хүлээж авсангүй. Кембрижид байхдаа тэрээр төгсөх ангийн оюутнуудын дунд түгээмэл байсан янз бүрийн бузар муухай явдалд оролцож, улмаар гүн өрөнд орсон. Мөн тэрээр Жон Эдлстон гэх найрал дуучин залуутай амраглах болжээ. Каролин Ламб хэмээх хатагтайтай үймээнтэй харилцаа үүсгэж, хатагтайг дагуулан зугтаах гэсэн ч Хобхаус түүнийг хориглож болиулсан байдаг аж. Байроны дараагийн амрагийг Оксфорд гэдэг байв, бүсгүй түүний радикал үзлийг бишрээд зогсохгүй урамшуулан зоригжуулдаг байв. 1813 онд, Байрон 1803 онд танилцаж байсан аавынхаа анхны гэрлэлтээс гарсан Авгуса Лей гэгчтэй хайр сэтгэлийн холбоотой болсон ба Лей мөн л нөхөрт гарчихсан байжээ. Энэ байдлаасаа гарахын тулд тэрээр хатагтай Френсис Вебстертэй хэсэг "зугаалсан" ба цөхөрч, сэтгэлээр унасан Байрон 1815 онд Энн Изабелла Милбанк гэдэг бүсгүйтэй гэрлэсэн боловч гэрлэлт бүтэлгүйтэл л болсон. 1816 онд тэд хууль ёсоор салсан, харин 1815 онд Августа Ада нэртэй охинтой болсон аж. 1816 онд Англиас явж Женевт суурьшсан Байрон Клер Клермонт гэгчтэй Англид үүсгээд байсан харилцаагаа үргэлжлүүлжээ. 1817 онд Клер Байроны хууль бус хүүхдийг төрүүлэхээр Англи руу нүүсэн ба харин Байрон Венецид байхдаа газрын эзний эхнэр Марианна Сегатитай, мөн Ромд байхдаа нарийн боовчны эхнэртэй тус тус амраглаж явжээ.
Лорд Байрон 1824 онд нас барж, цогцсыг нь Англи руу буцаасан боловч гэгээн Пол, Вестминстерийн деканууд хүлээж авахаас татгалзсан. Байроныг Ноттингемширт байрладаг Торкардын Хакналл-д оршуулжээ. Байраныг орчин үеийн хэв маягтай анхны алдартан-од гэж үздэг. Түүний Байроник баатрын маягийн хувийн шинж чанар олны анхаарлыг татдаг байсан ба эхнэр Изабелла нөхрийгөө тойрон хүрээлсэн үймээнийг илэрхийлэхийн тулд "Байроманиа" гэсэн нэр томьёог хүртэл зохиож байж. Байроны өөрийгөө ухамсарласан, мөн сурталчилж чаддаг шинжийг өнөөгийн рок одтой адилтгадаг. Тэр өөрийг нь зурж буй зураачдад; өөрийг нь гартаа ном барьснаар биш "адал явдал эрэлхийлэгч" гэж зурахыг захидаг байжээ. 1971 онд Байроны нийгэмлэгийг дахин үүсгэн байгуулснаар хүмүүс Байрон болон түүний бүтээлд татагдах болжээ. Уг нийгэмлэг маш идэвхтэй ажиллаж, жил бүр сэтгүүл гаргадаг болсон ба дэлхий даяар 36 Байроны нийгэмлэг үйл ажиллагаа явуулж, жил бүр олон улсын бага хурал болдог ажээ. Байрон тивийнхээ уран зохиол, урлагт үлэмж нөлөөлсөн бөгөөд Их Британидаас илүү Европт нэр хүндтэй байв.
Түүний
зохиолууд олон хөгжмийн зохиолчдод урам зориг өгсөн: Байроны өөрийнх нь тухай
гурван дуурь байдаг бол зохиолуудаас нь сэдэвлэсэн дөч гаруй дуурь бичигджээ.
Түүний яруу найргийг Бетховен, Шуберт, Россини, Мендельсон, Шуманн нарын олон
романтик хөгжмийн зохиолчдын бүтээлд тусгалаа олжээ. Байроник баатрын дүр нь
түүний ихэнх бүтээлд цуурайтдаг ба Байрон өөрийгөө уран зохиолын энэ дүрээрээ
илэрхийлдэг байсан гэж үздэг. 19-р зууны Романтик хөдөлгөөний олон зохиолчид,
уран бүтээлчид Байроник баатрыг зохиол бүтээлдээ ашигладаг байснаас гадна
түүнээс хойш ч ашиглаж ирсний дотор Бронте эгч дүүсийг дурдаж болно. Философич
Фридрих Ницше түүнийг бишрэн хүндэтгэдэг байсан бөгөөд Байроник баатар
Ницшегийн Үберменш буюу "Дээд хүнд"-д цуурайтдаг. Байроник баатар нь
идеалчлагдсан боловч өө сэвтэй дүр юм; түүний шинж чанарууд; авъяаслаг, их
хүсэл тэмүүлэлтэй; нийгэм, нийгмийн байгууллагад дургүй; зэрэг дэв, эрх ямбыг
(аль алинд нь автсан ч) ойшоодоггүй ба эсэргүү, бардам, хэт өөртөө итгэлтэй,
мөн урьдчилан харах чадваргүй, үүнээсээ болж өөрийгөө сүйтгэх араншинтай
байдаг. Ийм төрлийн дүрүүд түүнээс хойш уран зохиолд, улс төрд нийтлэг болжээ.
Comments
Post a Comment