Уильям Шекспир "Ромео, Жульетта хоёр"

 


"Ромео, Жульетта хоёр". Уильям Шекспирийн замналынхаа эхэн үед бичсэн эмгэнэлт жүжиг бөгөөд жүжигт үхэл нь хэрүүл, тэмцэлтэй хоёр гэр бүлийг эвлэрүүлсэн хувь заяагүй залуухан хайрлагсдын тухай өгүүлнэ. Эл бүтээл Шекспирийн амьд ахуй цагийнхан хамгийн алдартай жүжгийн нэг байсан ба "Гамлет"-ын хамтаар хамгийн олон удаа тавигдсан жүжиг юм. Өнөөдөр жүжгийн гол дүрүүдийг залуу хайранд автагдагсдын архетип гэж үздэг. "Ромео, Жульетта хоёр" нь нэн эрт үеийн эмгэнэлт романсын уламжлалд багтдаг. Зохиолын үйл явдлыг 1562 оны Артур Брукийн Италиас орчуулсан "Ромеус, Жульеттагийн эмгэнэлт түүх" яруу найргаас болон 1567 оны Уильям Пейнтэрийн "Таашаалын ордон" хэмээх дахин шинэчилсэн зохиолоос ерөнхийдөө сэдэвлэсэн гэдэг: Шекспир аль алинаас нь үлэмж хэмжээгээр "зээлдэж", зохиолыг хөгжүүлж бас илүү өргөжүүлэхдээ туслах дүрүүдийн тоог нэмэхдээ Меркуцио, Парис нарын дүрийг хөгжүүлсэн. Жүжгийг 1591-1595 оны хооронд зохиогдсон гэж үздэг. Шекспир яруу найргийн драматик бүтцийг ашигласан (үүнд хурцадмал байдлыг нэмэгдүүлэхийн тулд хошигнолт ба эмгэнэлт бүтцийг шилжүүлж, жижиг дүрүүдийг өргөжүүлж, түүхийг чимэглэх олон дэд үйл явдлыг нэмсэн) нь түүний драмын ур чадварыг харуулсан анхны шинжүүд байв. Жүжигт бараг дүр болгон өөр өөр хэлбэрээр шүлэглэдэг ба зарим дүр хөгжихийн хэрээр уг хэлбэрээ өөрчилдөг, жишээлбэл, жүжиг явцад Ромеогийн сонет улам бүр сайжирсаар байдаг. 

ҮНДСЭН САНАА. "Ромео, Жульетта хоёр" бол Английн уран зохиолын хамгийн алдартай хайрын түүх юм. Хайр мэдээж жүжигт зонхилох, хамгийн чухал сэдэв бөгөөд жүжиг романтик хайр, нэн ялангуяа Ромео Жульетта хоёрын анхны харцаар бий болдог хүсэл тэмүүлэл дээр төвлөрдөг. Жүжигт хайр бол үнэнч байдал, сэтгэл, бусад бүх үнэтүүдийг орлодог бахтай, харгис дарангуйлагч хүч юм. Жүжгийн явцад залуу хайрлагсад өөрсдийн нийгмээс татгалзах хүсэлд автдаг; жишээлбэл, Жульетта Ромеод "эцгээсээ, нэрээсээ татгалзаач" гэж гуйдаг. Хайр үндсэн сэдэв боловч Шекспир сэтгэл хөдөлгөм, сайхан шүлгийг муу яруу найрагчид л бичдэг гэдгийг Ромеогийн Розалинийг хайж байхдаа уншдаг шүлгээр илэрхийлдэгийг мартаж болохгүй. Жүжигт гарах хайр бол хувь хүнийг барьсан, ертөнцийн эсрэг, заримдаа өөрсдийнхөө ч эсрэг түлхдэг хэргийн, хүчтэй сэтгэл хөдлөл ажээ. Хайрын мөн чанарыг дүрсэлвэл эсхүл тайлбарлавал хайрыг бүхэлд нь буулгаж чадахгүй болохыг бид харж байна. Ромео, Жульетта хоёрын анх уулзсан арван дөрвөн мөртөд хайрыг шашин шиг дүрсэлдэг ба бусад үед нэгэн төрлийн ид шид шиг дүрсэлдэг. Нэг үгээр хайр аливаа зүйрлэлийг эсэргүүцдэг, учир нь хайр хэтэрхий их хүчтэй буюу ойлгоход, тогтоон барих дэндүү бэрх. 

Жүжигт хайр ба нийгэм, шашин ба гэр бүл хоорондын харилцааны тухай ёс суртахууны тодорхой мэдэгдэл хийдэггүй; харин хайр, хүчирхийлэл, үхэл, шашин, гэр бүлийн дүр төрхийг хослуулан хайранд байх хүсэл тачаал болон эмх замбараагүйтлийг дүрсэлдэг. Үхэл ба хүчирхийллийн сэдэв "Ромео, Жульетта хоёр"-д нэвт шингэсэн байдаг бөгөөд энэ нь хайр юмуу үзэн ядалтаас үл хамааран хүсэл тачаалтай үргэлж холбоотой байдаг. Үзэн ядалт, хүчирхийлэл, үхлийн холбоо нь илэрхий юм шиг байдаг; гэвч хайр ба хүчирхийллийн хоорондын уялдааг гүнзгийрүүлэн судлах шаардлагатай. Жүжиг дахь хайр бол аугаа хүсэл тэмүүлэл бөгөөд нүдийг сохолж, үзэн ядалт шиг хүчтэй учир хүнийг бүрэн эзэмддэг. Ромео, Жульетта хоёрын хайр анх үүссэн цагаасаа эхлэн үхэлтэй холбогддог; Ромео Жульеттаг хараад л дурласан шиг Ромео найрыг нураасныг Тибалт анзааруутаа л түүнийг алахаар шийддэг. Тэр цагаас хойш дурлагсад хайр ба хүчирхийлэл руу улам ойртож, эндээсээ холдож чадахгүй мэт болдог. Ромео, Жульетта хоёр амиа хорлох бодол, үхлийг мэдрэх хүсэлдээ автдаг; 3-р үзэгдлийн 3-р хэсэгт Ромео лам Лоуренсын оромжинд хутга шүүрч аваад Верона болон хайраасаа хөөгдсөний дараа өөрийгөө ална гэж заналхийлдэг. Жульетта мөн 3 хэсгийн дараа ламтны дэргэд амиа хорлох гэж хутга барьж авдаг. 

Капулет Жульеттаг Паристай гэрлэнэ гэж шийдсэний дараа Жульетта "хэрэв бүх зүйл бүтэлгүйтвэл би үхэх чадалтай" гэдэг. Эцэст нь, анхны бөгөөд цорын ганц сексийн мэдрэмжийнхээ маргааш өглөө нь тэд өөрийгөө үхсэн мэтээр төсөөлдөг. Хайр ба үхлийн сэдэв зайлшгүй төгсгөл ирэх хүртэл үргэлжилдэг; давхар амиа хорлолт. Энэхүү эмгэнэлт сонголт бол Ромео, Жульетта хоёрын хайрынхаа төлөө хийж чадах хамгийн дээд, хүчтэй илэрхийлэл ба тэд зөвхөн үхлээр л хайраа хадгалж чаддаг буюу тэдний хайр маш гүн гүнзгий учир хайраа хамгаалахыг тулд амьдралаа төгсгөхөд бэлэн байна. Жүжигт, хайр нь аз жаргалын адилаар сүйрэлд хүргэдэг ёс суртахуунгүй зүйл болон гарч ирдэг. Гэхдээ Ромео, Жульетта хоёрын мэдэрсэн хайрын хүсэл тэмүүлэл үзэсгэлэнтэй байдаг тул цөөхөн хүн хайрын хүчийг эсэргүүцэхийг хүсдэг. "Ромео, Жульетта хоёр" жүжгийн ихэнх хэсэгт хайр дурлалыг илт болон далдуур эсрэгүүцдэг олны ба олон нийтийн байгууллагын эсрэг тэмцэж буй хайрлагсдыг дүрсэлдэг. Ийм бүтэц нь бодитоос абстракт хүртэл байдаг; эрх мэдэл эцгийн эрх ёст суурилсан гэр бүлүүд, хууль эрх зүй, нийтийн дэг  журмыг сахиулах хүсэл, шашин; мөн эрэгтэй хүний нэр төрийг эрхэмлэх нийгмийн ач холбогдол болно. 

Эдгээр байгууллагууд ихэвчлэн хоорондоо зөрчилддөг ба жишээлбэл, нэр төрийг нь эрхэмлэснээр олон нийтийн амар тайван байдлыг алдагдуулдаг хэрүүл тэмцлийг удаа дараа үүсгэдэг. Хэдий тэд зохицолтой байдаггүй ч тус нийгмийн байгууллагууд нь Ромео, Жульеттад ямар нэгэн байдлаар саад учруулдаг. Тэдний гэр бүлийн дайсагнал, нэр төрөө эрхэмлэх, үнэнч байх зэрэг нь Ромео Жульетта хоёрын өв уламжлалын эсрэг босох гүн гүнзгий шалтгаан болдог. Цаашилбал, сэргэн мандалтын үеийн гэр бүлүүдийн патриархын эрх мэдлийн бүтцэд эцэг нь гэр бүлийн гишүүдийн, ялангуяа эмэгтэйчүүдийн үйлдлийг хянадаг учир энэ нь Жульеттаг маш эмзэг байдалд оруулдаг. Түүний зүрх сэтгэл түүнийх биш, гэр бүлд нь хамаатай юм. 

Хууль ба нийгмийн соёл иргэншлийн онцлог нь хайр дурлалын харалган хүсэлд тохирохгүй зан авирыг шаарддаг ба шашин ч мөн адил Ромео, Жульетта хоёрын хайрын эрчимд эвлэрэх боломжгүй голлох чиглэлүүдийг шаарддаг. Ихэнх үед хайрлагсад Христийн шашны уламжлалыг баримталдаг боловч (тэд дэр нэгтгэхээсээ өмнө гэрлэхийг хүлээдэг) хайр маш хүчтэй байсан тул бие биенээ шүтэж эхэлдэг; жишээлбэл, Жульетта Ромеог "Миний шүтээн болсон бурхан" гэж нэрлэж Ромеог бурхны түвшинд аваачдаг. Хосуудын амиа хорлох эцсийн үйлдэл ч мөн адил Христийн шашны бус ба эрэгтэй хүний нэр төрөө хадгалж үлдэхийг чухалчлах явдал Ромеог зайлсхийхийг илүүд үздэг зүйлсээ хийхэд хүргэдэг бөгөөд гэвч эрэгтэй хүний нэр төрийг нийгэм нь чухалчлах явдал дэндүү гүн гүнзгий байдаг тул Ромео үүнээс зугтааж чадахгүй. Жүжгийг нийгмийн институциудаас шаардаж буй үүрэг хариуцлага, үйлдлүүд болон хувь хүний хүвийн хүслээс шаардагддаг тэмцэл гэж үзэх боломжтой. Ромео, Жульетта хоёр нэрнээсээ татгалзаж, үүргээ умартдаг, мөн нийгмээс зугтахыг хүсэж буй хүмүүсийн хувьд шөнийн харанхуй ба нууцлаг байдлыг талархан үздэг. 

Гэвч хайрлагсад шөнийг өдөр болгож чадахгүй; мөн Ромео хүссэн ч Монтегу байхаа больж чадахгүй буюу нийгэм түүнийг зөвшөөрөхгүй. Хайрлагсдын амиа хорлолтыг сүүлчийн шөнө, сүүлчийн хувийн нууц гэж ойлгож болно. Үзэгчдэд анх хандахдаа л найрал дуучид Ромео, Жульетта хоёрыг "хувь заяагүй хос" буюу хувь тавилан тэднийг захирдаг гэж хэлдэг. Энэхүү хувь тавилангийн утга нь зөвхөн үзэгчдэд төдийгүй жүжигт нэвт шингэсэн байдаг. Дүрүүд ч бас үүнийг сайн мэдэж байдаг; Ромео Жульетта хоёр үргэлж шинж тэмдэгүүдийг хардаг. Ромео Жульеттаг үхсэний дараа "Одод, би та нарыг эсэргүүцэж байна" гэж хашгирдаг ба Ромео Жульетта хоёрын хайр хувь тавилангийн зарлигийн эсрэг гэсэн санааг гүйцээж байна. Ромеогийн эсэргүүцэл хувь тавилангийн гарт нөлөөлж, Жульеттатай үүрд амьдрахаар шийдсэн нь тэднийг хамтад нь үхэлд хүргэж байна. 

Хайрлагсдын эргэн тойронд болж буй бүх үйл явдлууд хувь тавилангийн механизмаар ажилладаг; тэдний гэр бүлүүдийн зөрчилдөөн (эл үзэн ядалтыг огь тайлбарладаггүйг тэмдэглэх ёстой, мөн уншигчид үүнийг жүжгийн үгүйсгэх аргагүй тал гэж хүлээн зөвшөөрөх ёстой); жүжгийн төгсгөлд Лоуренсын сайныг өвөрлөсөн төлөвлөгөөг сүйрүүлсэн аймшигт цуврал ослууд; Ромеогийн амиа хорлолт ба Жульеттагийн сэрэх үеийн эмгэнэлт агшиныг дурдаж болно. Эдгээр үйл явдлууд санамсаргүй тохиолдлууд биш, харин залуу амрагуудын үхлээр төгсөх хувь тавилангийн илрэл юм. Дээр дурдсан хувь тавилангийн тухай ойлголт бол хамгийн нийтлэг хүлээн зөвшөөрөгдсөн тайлбар юм. Жүжигт хувь тавилангийн өөр боломжит ойлголтууд байдаг; Ромео Жульетта хоёрын сонголтод нөлөөлдөг эрх мэдэлтэй нийгмийн институциудаас тодорхойлогддог хүч, мөн түүнчлэн Ромео Жульетта хоёрын зан чанараас бий болсон хүч болно. Жүжигт хайр ба сексийн сэдэв хоорондоо нягт холбогддог боловч тэдний харилцааны нарийн шинж ихэхээн маргаантай хэвээр байна. 

Жишээлбэл, 1-р үзэгдэл дээр Ромео Розалинийг хайрласан сэтгэлдээ сэтгэл дундуур байгаагаа шүлэглэдэг нь хайр юуны өмнө абстракт зүйл биш гэдгийг илтгэх бөгөөд Розалин онгон хэвээр үлдэхийг хүссэн тул энэ дурлал нь бүтээгүй гэж тэрээр үздэг. Меркуцио энэ сэдвийг 2-р үзэгдэлд эргүүлэн авчирч, Ромеогийн Жульеттаг гэсэн хайр бол үнэндээ сексийн хүсэл болохоос хайр биш гэж зүтгэдэг ба Меркуциогийн "дээш доош цухуйх", "чамин юмаа нүхэнд нуух" зэрэг үгс илт сексийн дүр төрхийг илэрхийлдэг. Меркуцио хайр болон сексийг увайгүй байдлаар холбодог бол Жульетта илүү ноцтой, биширсэн хандлагатай байдаг ба Меркуциогийн хувьд хайр гэж байхгүй, сексийн хүсэл буурахад хайр ч үгүй болдог гэж үздэг. Харин Жульеттагийн хувьд ялгаатай үзэл баримтлалтай бөгөөд хайр сексээс дээгүүр байр суурь эзэлж, эдгээр нь шаталсан харилцаанд орших ёстой аж. Энэ үзэл нь гэрлэлтийг сүнсний нэгдэл гэж эрхэмлэдэг католик шашны сургаальтай тохирч байгаа боловч мөн сексийн харьцаагаар нэгдэх нь хууль ёсны дагуу явагдах ёстойг харуулж байна.

 Жульеттагийн 3-р үзэгдлийн 2-р хэсэгт хэлдэг түүний хайр ба сексийн зөв харилцааны талаарх үзэл бодлыг тод харуулдаг; "Өө, би хайрын харш худалдаж авлаа. Би худалдагдсан ч үүнийг эзэмшээгүй байна, хараахан таашаал аваагүй байна". Энэ худалдан авах, эзэмших гэсэн ойлголтууд нь хайр/гэрлэлт, сексийг тус тус илэрхийлнэ. Гэрлэсэээр тэр Ромеогийн хайрыг "худалдан авсан" (түүнчлэн түүнд өөрийгөө худалдсан), гэвч харилцан эзэмших мөч хараахан болоогүй байна. Харин одоо тэд гэрлэсэн тул Жульетта удаан хүлээсэн "таашаалыг" хүсч буй нь тодорхой; "надад Ромеог өгөөч" гэж тэр хэлдэг; "намайг үхэх үед/түүнийг аваад жижиг одод болгон тасла" хэмээдэг. "Үх" гэдэг нь дур тавих гэсэн Элизабетийн үеийн хэллэг байсан бөгөөд "бяцхан одод" гэдэг нь Жульеттагийн хүлээж байсан сексийн таашаалыг илэрхийлжээ. Капулет ба Монтегу нарын хоорондын үргэлжилсэн маргаанаас болж хүчирхийлэл нь "Ромео, Жульетта хоёр" жүжгийн ертөнцөд нэвчиж байна. Шекспир жүжгийн орчин дахь хүчирхийлэл ямар байдгийг эхний үзэгдлээс л харуулдаг. Сэмпсон, Грегори нар Монтегугийн гэр бүлийн гишүүдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн талаарх хошигнолоор жүжгийг эхлүүлдэг. Веронагийн залуу хүмүүсийн зан араншин тун ахархан байдгийг Тибалт Капулетийн үдэшлэгт Ромеог олж хараад зодоон цохион үүсгэж байгаагаас тодорхой харж болно. Лорд Капулет Тибалтыг түр зуур тайвшруулж чаддаг ч Ромеог ирүүлд өдөөн хатгаж, Меркуциог үхлүүт шархдуулж, эцэст нь Ромеогийн гарт алагдах хүртэл түүний буюу жүжиг дэх уур хилэн ассаар байна. Хэдийгээр эмгэнэлтэй боловч үйл явдлын ийм эргэлт зайлшгүй байх шиг байна. Хоёр гэр бүлийн хоорондын хэрүүл үзэн ядалтын галыг тасралтгүй өдөөж, ийм уур хилэнгийн цогшилт байгаа тул хүчирхийллийн дэгдэлтээс зайлсхийх боломжгүй юм.

 МОТИФ. Жүжгийн хамгийн тогтвортой дүрслэлийн нэг бол гэрэл ба харанхуйн ялгарал, ихэвчлэн шөнө/өдөр гэж дүрслэгддэг. Эл ялгарал тодорхой зүйрлэлийн утгыг өгдөггүй бөгөөд гэрэл үргэлж сайн байдаггүй, харин харанхуй үргэлж муу байдаггүй. Эсрэгээрээ гэрэл ба харанхуй нь ерөнхийдөө мэдрэмжийг тодотгож, эсрэг тэсрэг хувилбаруудыг сануулахад ашиглагддаг. Шөнө болон өдрийн адилхан бүдэгрэл бол хайрлагсдын цорын ганц шөнийн дараах өглөө эрт тохиодог. Өглөө цөллөгт явахаас өөр аргагүй болсон Ромео, мөн түүнийг өрөөнөөсөө гаргахыг хүсээгүй Жульетта хоёул шөнө хэвээрээ байгаа мэт дүр эсгэхийг хичээдэг. Шекспирийн "Ромео, Жульетта хоёр" жүжигт олон хэсэг, өгүүлэл багтаасан нь жүжгийг дүгнэх олон хувилбарыг өгдөг. Шекспир үүндээ Меркуцио болон зарц нар гэсэн хоёр үндсэн төхөөрөмжийг ашигладаг. Меркуцио жүжгийн бусад дүрүүдийн бодлыг байнга эргэлзүүлдэг; тэрээр Ромеогийн хайрыг Ромеог өөрөө өөрөөс нь холдуулдаг харалган явдал гэж үздэг бол Тибалтын нэр төрөө дээдлэхийг бас л харалган тэнэглэл гэж үздэг. Меркуциогийн үгийн наадам болоод Хатан Мабын айлдвар жүжигт гардаг бараг бүх хүсэл тэмүүллийг хүчгүйдүүлж байдаг. Меркуцио бол эргэн тойрныхоо дүрүүдийн зөвтийг хийгээд сүр жавхааг шүүмжлэх шүүмжлэгчийн үүрэг гүйцэтгэдэг ажээ.

ЖУЛЬЕТТА ДҮРИЙН АНАЛИЗ. 14 нас арай хүрч амжаагүй байгаа Жульетта нь насанд хүрсэн болоод насанд хүрээгүй тэр насны зааг дээр байдаг. Жүжгийн эхэнд тэрээр дуулгавартай, нөмөр нөөлөгт байдаг, гэнэн хүүхэд шиг байдаг. Түүний насан дээрх олон охид, нэн ялангуяа түүний ээж нь хүртэл нөхөрт гарсан байхад Жульетта энэ талаар огт бодоогүй байдаг. Хатагтай Капулет Парис түүнтэй гэрлэх хүсэлтэй байгааг дурдахад Жульетта Парисыг хайрлахыг хичээнэ гэж дуулгавартайгаар хариулсан нь түүнийг хүүхдийн үгэнд оромтгой хийгээд хайрын талаар юу ч мэдэхгүйг харуулна. Жульетта өөрийн насны найзгүй мэт байдаг нь сексийн тухай яригдахад таагүй хандаж байгаагаас нь харагдана. Жульетта жүжгийн эхний үзэгдлүүдээс л хүч чадалтай, эрүүл ухаантай, шийдмэг болохоо харуулах буюу "Ромео, Жульетта" жүжгийн үйл явдал өрнөх 4 өдрөөс өмнөх ямар хүүхэн болохоо үүгээр урьдчилан хэлж байна. Жульеттагийн Парисыг хайрлахыг оролдох хүлцэнгүй байдалд ч гэсэн зориг шийдэмгий чанарын зарим нэг зан чанар байдаг. Ээжийнхээ хүсч байгаа хэмжээгээр Жульетта Парисыг нөхрөө гэж үзэхийг болохоо амладаг.


 Энэ дүр нь гаднах байдлаараа дуулгавартайн зэрэгцээ уншигчдад идэвхгүй байхаас татгалзаж буйгаа мөн мэдэгдэнэ. Жульетта ээжийнхээ хүслийг биелүүлэх боловч Парист дурлах замыг сонгохгүй. Жульетта  Ромеотой анх танилцсанаар насанд хүрэх хандлага руу хүчтэй чиглэгдэж байна. Жульетта түүнд бүх сэтгэл зүрхээрээ дурладаг боловч Ромеогийн яаруу шийвлэр, бүх зүйлсэд романтик сэтгэлээр хандах байдлыг нь шүүмжилж чаддаг. Ромео Тибалтийг хөнөөгөөд цөллөгдөх ял авсаны дараа ч Жульетта түүнийг сохроор дагаддаггүй. Тэрээр Ромео-д үнэнч байх, түүнийг хайрлах сэтгэл өөрийнх нь тэргүүлэх баримтлал байх ёстой гэсэн логиктой бөгөөд чин сэтгэлийн шийдвэр гаргадаг. Эцэст нь, Жульетта Ромеотой дахин хамт байхын тулд өрлөг эхээсээ, аав ээжээсээ, Верона дахь байр сууринаасаа гээд өөрийнх нь аргамжаа болж байсан бүхнийг хаядаг. Түүнийг булшинд сэрэхэд Ромео хэдийнээ үхсэн байдаг, Жульетта эмэгтэй хүний сул дорой байдлаас болж амиа хорлодоггүй, харин Ромеогийн адилаар хүчтэй хайраас болж өөрийгөө егүүтгэдэг. Ромеогийн амиа хорлолтоос Жульеттагийнх илүү зориг шаардсан байдаг, тухайлбал Ромео хор ууж үхдэг бол Жульетта зүрх рүүгээ хутга дүрдэг. Жульетта гэнэн цайлган охиноос өөртөө итгэлтэй, үнэнч, чадварлаг эмэгтэй болтлоо төлөвшдөг нь Шекспирийн дүр бүтээхүйн анхны ялгуулсан амжилтын нэг бөгөөд мөн энэ дүр бол түүний хамгийн бат итгэлтэй, бүрэн дүүрэн боловсруулсан эмэгтэй дүрийн нэг ажээ.


Comments