Франц Кафка "Хувирал"

 




"Хувирал". Суут Франц Кафкагийн анх 1915 онд хэвлэгдсэн тууж бөгөөд Кафкагийн хамгийн шилдэг туурвилын нэг гэж үздэг. "Хувирал"-д нэгэн өглөө доншуур наймаачин Грегор Замза өөрийгөө шавьж болон хувирсныг олж мэдэх агаад үүндээ дасан зохицох гэж тэмцэж байгаагаар зохиол өрнөнө. Уг бүтээлийг уран зохиол шүүмжлэгчид олон янзаар тайлбарлаж, урт хугацаанд маргааны сэдэв болж ирсэн. Олон нийтийн соёлд хийгээд туужаас сэдэвлэсэн бусад бүтээлд шавьжийг жоом гэж дүрсэлдэг аж.

  ҮНДСЭН САНАА. Анхны өгүүлбэрээсээ л эхлэн "Хувирал" нь абсурд, эсхүл иррационал үйл явдлын тухай өгүүлдэг бөгөөд энэ нь түүх санамсаргүй, эмх замбараагүй ертөнцөд явагдаж байгааг харуулж байна. Энэ абсурд үйл явдал Грегор өөрийгөө шавьж болж хувирснаа олж мэдсэнээр эхлэх буюу энэ нь байгалийн үзэгдлийн хил хязгаараас давсан байгаа учир тохиолдол байх магадлал багатай төдийгүй физикалийн хувьд ч боломжгүй - Грегорын хувирал ер бусын ач холбогдолтой юм. Зохиолд Грегорын өөрчлөлтийг огт тайлбарладаггүй нь анхаарал татна; жишээлбэл, Грегорын өөрчлөлт ямар нэгэн буруу зан байдлаас үүдэлтэй шийтгэл гэх мэт тодорхой шалтгааны үр дагавар гэж дурддаггүй. Эсрэгээрээ Грегор сайн хүү, ах байсан, гэр бүлээ тэжээхийн тулд дургүй ажлаа хийж, дүүгээ хөгжмийн сургуульд явуулахаар мөнгө хуримтлуулж байсан гэж гардаг. Энд Грегор ийм хувь тавилан хүртэх ёстой гэсэн шинж тэмдэг алга. Харин зохиолд болоод Замзагийн гэр бүлийн бүх гишүүд энэ үйл явдлыг өвчин мэт санамсаргүй тохиолдолд гэж үздэг. Эдгээр бүх элементүүд нийлээд зохиолд абсурд байдлын чухал өнгө аясыг, дэг журмыг, мөн шударга ёсны ямар ч засаглалын системгүйгээр ажилладаг ертөнцийг санал болгодог. Янз бүрийн дүрүүдийн хариу үйлдлүүд энэ абсурд мэдрэмжийг өргөж, тэр тусмаа тэд Грегорын өөрчлөлттэй адилхан абсурд санагддаг.

 Дүрүүд нь ер бусын тайван, эргэлздэггүй ба ихэнх нь уг явдалд цочирддоггүй. Грегор ч гэсэн бие махбодь нь өөрчлөгдсөнд бус харин ажил дээрээ асуудалд орох бий гэсэндээ л сандарч, мөн хувирал юу болохыг тогтоох, өөрчлөлтийг үүсгэсэн эсхүл хэрхэн засах талаар боддоггүй. Харин оронд нь бие махбодийн хувьд тухтай байхыг мэдрэх гэх мэт энгийн асуудлуудад сэтгэл зовдог. Чухамдаа, зохиолын бусад дүрүүд хувирлыг ер бусын, жигшүүртэй зүйл гэж үздэг ч аймшигтай, байж боломгүй зүйл гэж хардаггүй; тэд Грегороос зугтаах юмуу түүнийг эмчлэх гэж оролдохын оронд түүнд дасахад төвлөрдөг. Жишээлбэл, Грегор гэр бүл ямарч тусламж, зөвлөгөө авдаггүй бөгөөд тэд цочирдохоос илүүтэй ичиж, жигшсэн мэт санагддаг ба тэдний хоёрдахь үйлчлэгч Грегорыг олж хараад гайхдаггүй бол гэр бүлийнхэнтэй хамт амьдардаг өрөө түрээслэгчид Грегорыг хараад амьдрах орчныг бузартуулж, хүссэн эмх цэгцийг алдагдуулж байна гэж бухимддаг. Эдгээр эгэл бус хариу үйлдлүүд нь зохиолын абсурд байдалд хувь нэмэр оруулдаг ч дүрүүд өөрсдийн абсурд ертөнцдөө ямар нэгэн абсурд зүйлийг хүлээх юмуу, үгүйдээн үүнд гайхдаггүй. Грегорын өөрчлөлт түүний гадна төрхийг бүрэн өөрчилдөг боловч оюун ухаан нь өөрчлөгдөөгүй хэвээр үлдсэнээр бие махбодь ба оюун ухааны хооронд зөрчил эсхүл нийцгүй байдлыг бий болгодог. Жишээлбэл, тэр сэрсэнийхээ дараа орноосоо босохдоо бие нь босоо байдалд тохирохгүй байсан ч босоо байхыг оролддог. Тэр мөн ажилдаа явах тухай бодож байгаа ч явж чаддаггүй агаад 2-р бүлгийн эхэнд Грета түүнд сүү үлдээхэд тэр хүн байхдаа сүүнд дуртай байсан бол одоо сүүнд дургүй байгаадаа гайхдаггүй. 

Нэг үгээр, тэр хүний ухаанаар бодсоор байгаа ч бие нь хүн байхаа больсон учраас эхэндээ өөрийн энэ хоёр хэсгийг нийцүүлж чаддаггүй билээ. Грегор шинэ биедээ дасах тусмаа бие махбодийн хэрэгцээ, хүслийнхээ дагуу оюун ухаан нь өөрчлөгдөж эхэлдэг. Грегор аажмаао шавьж шиг аажилж, хүн байх үеийнхээсээ өөр хоол хүнсэнд шунаад зогсохгүй буйдангийн доорх давчуу, харанхуй орон зайг илүүд үзэж, хана таазаар мөлхөх дуртай болно (эдгээр нарийн ширийн зүйлсээр дамжуулан бидний бие махбодийн амьдрал бидний оюун ухааны амьдралыг бүрдүүлдэг гэсэн санааг дэвшүүлсэн бололтой). Гэвч Грегорын хүн шинж хэзээ ч бүрмөсөн арилдаггүй ба үүнээс үүдэж тэр зөрчилд ордог. Грета, ээж хоёр нь түүний өрөөнөөс тавилга зөөхөд энэ зөрчил дээд цэгтээ хүрдэг бөгөөд Грегор энэ санааг анх зөвшөөрч, ингэснээр өрөө нь бие махбодийн хувьд илүү тухтай болно гэж боддог буюу тавилгагүй бол тэр хүссэнээрээ мөлхөх билээ. Гэвч хүнийг нь санагалзуулах эд хогшил нь үнэндээ түүнд сэтгэлийн тайвшралыг өгдөг гэдгийг ухаарсны дараа гэнэтийн сонголтын бмнө ирдэг; бие махбодийн хувьд тухтай байх эсхүл сэтгэлийн тайвшрал, гэвч аль аль нь тийм биш юм. Өөрөөр хэлбэл, түүний оюун ухаан, бие махбодь нь эсрэгцсэн хэвээр байна. Грегор хүн шинжээ орхиж чадалгүй сэтгэлийн тайтгарлыг сонгож, үслэг эдлэлтэй эмэгтэйн хөрөг зураг руу цөхрөнгөө баран мөлхөхөд хүрдэг. Грегорыг хувирсны дараа гэр бүлийнхэн нь түүнийг ойлгох уу, жигших үү гэдэгтэйгээ тэмцэлддэг. Грета болон ээж нь Грегорыг өөрчлөгдсөний дараа түүнийг тун ойлгон өрөвдөж байгаа нь Грегорын гадаад төрхийг үл харгалзан түүнд хүн шинжийн зарим тал хэвээр үлдсэн гэж таамаглаж байгаагийнх болов уу. 

Энэхүү симпати нь Гретаг Грегорын асран хамгаалагчийн үүргийг Гүйцэтгэхэд хүргэдэг буюу ахыгаа хувирсны дараа ямар хоол таалахыг нь хүртэл олж мэдэхийг оролддог. Гэр бүлийн гишүүдээс Грегорыг хамгийн бага ойлгодог, түүн рүү хоёр ч удаа дайрдаг аав нь хүртэл түүнийг алах эсхүл гэрээсээ хөөхийг огт санал болгодоггүй. Гэсэн хэдий ч Грегорын оршихуйгаас үүдэлтэй стресс гэр бүлийн гишүүдийн симпатийг сулруулж, тэр байтугай хамгийн халамжтай нэгний симпати ч хязгаартай гэдгийг харуулна. Стресс буюу дарамтуудын нэг эх сурвалж бол Грегорын дүр төрх бөгөөд Грета ахынхаа төрхөнд тун их зэвүүцэж, эсрэгүүцдэг ба ахтайгаа нэг өрөөнд байхдаа асар их тэвчээр гаргадаг. Нэмж хэлэхэд, Грегорын оршихуй гэр бүлийнхэнд ерөөсөө ч мартагддаггүй, аймшигт оршихуй гэр бүлийнхэнд байнгын таагүй мэдрэмж төрүүлдэг тул тэд өөр хоорондоо шивнэлдэж ярилцдаг. Үүнээс гадна Грегор тэдэнд өөрийнхөө бодлыг, мэдрэмжээ илэрхийлж чадахгүй байгаа нь түүнийг хүн гэх ямар ч шинжгүй болгож, улмаар гэр бүлийнхэн нь Грегорыг жинхэнэ шавьж гэж харах болдог. Эдгээр бүх зүйлс нийлээд тэдний симпатийн эсрэг ажиллаж, Грегорын оршихуйг тэвчихийн аргагүйд хүргэж байна. Грегорыг хамгийн их ойлгож байсан Грета эцэстээ ахыгаа жигшиж, үзэн ядаж, түүнээс салахыг уриалагч болдогоороо тэр бол хамгийн өөдгүй, амиа бодсон, харгис дүр юм.

 МОТИФ. Эл туужид олон өөрчлөлтийг дүрсэлсэн бөгөөд хамгийн чухал, тод жишээ бол Грегорын шавьж болж хувирсан явдал юм. Хэдийгээр зохиол эхлэхэд Грегорын биеийн өөрчлөлт бүрэн дууссан байдаг ч тэрээр шинэ биедээ дасан зохицохдоо сэтгэлзүйн өөрчлөлтөд ордог. Грета хүүхэд наснаас насанд хүрч, өөрийгөө төлөвшиж байгааг мэдэрдэг (чухамдаа амьтан судлалд метаморфоз гэдэг үг шавьж, хоёр нутагтан амьтдын хөгжлийн үе шатыг хэлдэг ба энэ үед амьтны боловсороогүй бие бүрэн боловсордог). Зохиолын эхэнд Грета охин хэвээрээ байгаа ч Грегорыг асран халамжлах, дараа нь гэр бүлээ тэжээхэд туслан ажилд орох зэргээр насанд хүрэгчдийн үүрэг гүйцэтгэж эхэлснээр тогтвортой төлөвшдөг. Туужийн төгсгөлд эцэг, эх нь түүнийг сайхан эмэгтэй болсныг анзаараад охиноо нөхөрт гаргах тухай бодож эхэлдэг. Эл хэсэг түүний бие махбодийн болон сэтгэлийн өөрчлөлтийг буюу насанд хүрсэнийг илэрхийлэхийн сацуу Грегорын өөрчлөлтийн цуурай болж өгдөг. Гэр бүл мөн адил хувиралд ордог ба эхэндээ Замзагийнхан Грегорын өөрчлөлтөөс үүдэлтэй санхүүгээс хүндрэлтэй тулгарч найдваргүй, зогсонги байдалд орсон мэт болдог.

 Гэвч цаг хугацаа өнгөрөхөд тэд санхүүгийн бэрхшээлийг давж, Грегор ч нас бардаг агаад тэд Грегорын оршихуйг тэвчих шаардлагагүй болсноор энэ гэр бүл дахин сэргэдэг. Зохиол дуусахад тэдний сэтгэлийн өөрчлөлт дуусаж, итгэл найдвар нь сэргэж байна. Аавынх нь ажил бүтэлгүйтсэн, үүнээс үүдэлтэй өрөөс болж мөнгө Замзагийнхны гол асуудал болдог ба Грегорын бодол, гэр бүлийн гишүүдийн ярианы байнгын сэдэв болдог. Грегор шавьж болсноо мэдсэнийхээ дараа хамгийн их сэтгэл зовдог зүйл нь ажлаа алдах бий гэсэн зовнил байдаг, үүнээс бид гэр бүл нь түүнийг мөнгө олох хэрэгсэл гэж үздэг байсныг олж мэднэ. Оффисын менежер Грегорыг шалгахдаа Грегорын дарга түүнийг пүүсээс мөнгө хулгайлсан гэж сэжиглэж байна гэж хэлдэг. Дараа нь, 2-р бүлгийн эхэнд Грегор сэрээд аав нь ээж, Грета хоёрт гэр бүлийнхээ санхүүгийн нөхцөлийг нарийвчлан тайлбарлаж байхыг сонсдог. Хожим нь аав, Грета хоёр Грегорын орлогын алдагдлыг нөхөхийн тулд ажилд ордог ба мөн нэмэлт мөнгө олохын төлөө гэртээ түрээслэгчид авчирдаг агаад түрээслэгчид Грегорыг олж харсны дараа мөнгөний талаар маргаан үүсгэдэг.

 СИМБОЛ. Зохиолын эхэнд дурдагддаг үслэг эдлэлтэй эмэгтэйн зураг Грегорыг өмнө нь хүн байсныг харуулсан симболын үүрэгтэй. Үслэг малгайтай, үслэг эдлэл өмсөж, гараа халхлсан эмэгтэй яагаад Грегорын анхаарлыг татсан нь тодорхойгүй байдаг (гэвч энэ нь Грегорын хүсэл тачаалыг буюу эмэгтэй хүнд татагдах дурыг илтгэж байж болох бол үслэг эдлэл нь эд баялгийг илтгэж байж магадгүй). Харин Грегор зурагт маш хайртай байгаа нь зургийн агуулагт биш, харин зургийг хүн байхдаа хананд өлгөсөнтэй холбоотой. Грета ээжтэйгээ хамт түүний өрөөг цэвэрлэхэд Грегор сандран байж зурагт наалддаг, учир нь зураг бол түүний өнгөрсөн Хүний амьдралаасаа аварч үлдэж чадах ганц объект юм. Тухайн агшинд зургийн агуулга огт хамаагүй ба энэ нь юуны өмнө өрөөнд объектыг сонгож, бас түүнийгээ харуулах гэж жаазилсан хүн амьдарч байсан гэдгийг харуулах зорилготой ажээ. Хоол хүнс нь Замзагийнхны Грегорт хэрхэн ханддагийг илэрхийлдэг. Зохиолын ихэнх хугацаанд Грегорыг хооллодог, түүнтэй хамгийн ойр байдаг Гретатай энэ нь илүү холбогддог. 2-р бүлгийн эхэнд, Грегорыг өөрчлөгдсөний дараа Грета түүнийг анхаарч байгаагаа хамгийн тод харуулж хүн байх үед нь дуртай байсан сүү, талхыг өрөөнд нь үлдээдэг. Сүүг уугаагүйг хараад өөр юу идэхийг нь мэдэхийн тулд тавиур дүүрэн янз бүрийн хоол авчирч өгдөг. Гэвч эцэстээ гэр бүлийнхэн нь Грегорыг хооллох сонирхолгүй болдог нь түүнийг хайхрахаа больсныг илтгэнэ. Мөн аав нь түүн рүү дайрч, алим шидсэн нь нуруунд нь зоогдсоноор угаасаа өлсөж тамирдсан Грегорын үхлийг хурдасгадаг билээ. Өлссөн Грегор хаалганы завсараар түрээслэгчдэд ээж нь хоол зөөж буйг хардаг хэсэг үнэхээр өрөвдмөөр билээ.

Comments