Бүргэдийн үүрэнд


 Cruising (1980). Америкийн нэрт кино найруулагч William Friedkin-н гэмт хэрэгт триллер. The New York Times сонины сэтгүүлч Gerald Walker-н 1970 онд бичсэн ижил хүйстэн эрчүүдийн цуврал алуурчны турш романаас сэдэвлэн Friedkin кино зохиолоо бичжээ. Киноны гол дүрүүдэд; Al Pacino, Paul Sorvino, Karen Allen нар тоглосон. Киноны нэр болох "Cruising" гэдэг нь эргүүлийн цагдаа нарыг болоод секс хайж буй гей эрчүүдийг тодорхойлсон хоёрдмол утгатай байдаг нь киноныхоо хоёрдмол шинжтэй төгсгөлтэй адилхан. Кино нээлтээ хийгээд критикүүдээс тааруу үнэлгээ авсан ч бокс оффист боломжийн амжилттай байсан ба хожим Pacino уг киногоо "мөлжлөг" гэж нэрлэсэн байдаг. Киноны зураг авалтыг хийгээд зар сурталчилгааг ижил хүйстнүүдийн эрхийг хамгаалагчид өөрсдийг нь доромжилсон хэмээн эсэргүүцсэн байдаг. Зарим критикүүд "Cruising" киноны хоёрдмол утгатай төгсгөлийг, мөн найруулагчийн эвлүүлгийг шүүмжилсэн байдаг. Pacino-н өөртөө итгэлтэй гүйцэтгэл, Friedkin-н ур чадвараар хөвөх уг триллер эмзэг сэдвийг зоригтойгоороо хөндсөн ч харгислал, хүчирхийлэл нь зарим хүмүүсийн бухимдлыг төрүүлсээр буй. Ямартай ч Pacino-н фен бол заавал үзэх ёстой уг сонирхолтой триллерийн үйл явдлыг товчхон хүргэе.

Халуун зун Нью-Йорк хотод иржээ. Эрэгтэй хүмүүсийн биеийн тасарсан хэсгүүд гол мөрнөөс олдож эхлэв. Цагдаагийнхан цуврал алуурчиныг хавь ойрын гей баарнуудаас хохирогчдоо олоод хямдхан зочид буудалд урхидан оруулж байгаад хүлснийхээ дараа хутгалж алж байна гэж сэжиглэнэ. Хотын цагдаагийн газрын ахмад Edelson яаралтай алуурчиныг олох  ёстой болох ба офицер Steve-г зүсээ хувиргаж байгаад гей бааруудаар орж, тэндэхийн хүрээлэлд нэвтэрч, улмаар алуурчиныг олох даалгавар өгнө. Steve даалгаврыг амжилттай гүйцэтгэвэл мөрдөгч болно. Ахмад түүнийг сонгосон шалтгаан бол Steve хохирогчидтой адилхан бие хаатайгаас гадна зүс царай ч төстэй байлаа. Даалгаврыг эргэлзэлгүй хүлээн авсан Steve гей бааруудтай ойролцоо дүүрэгт байр түрээслэх бөгөөд одоо John нэртэй болсон түүний хөршийг Ted гэнэ; ижил хүйстэн энэ Ted жүжгийн зохиолч агаад Gregory гэдэг бүжигчин найз залуутайгаа байнгын маргаантай байдаг болохыг Steve олж мэднэ. Steve ажилдаа шууд орно, шөнө болгон гей бааруудаар тэнэх нь түүнийг хямрааж, нэг мэдэхэд ийм амьдралдаа гүн живж байгаагаа ухаарна.

Тэрээр Nancy гэдэг хөөрхөн найз бүсгүйтэй ч ажлынхаа тухай түүндээ юу ч хэлээгүй учраас тэдний харилцаанд ан цав мэдэгдэхүйц үүсэн томорч эхэлнэ. Энэ хугацаанд Steve-д гей баарны байнгын үйлчүүлэгч Lee гэдэг залуу нэг л сэжигтэй санагдсан учир түүнийг баривчлуулдаг ч хурууны хээ нь алуурчиныхтай таардаггүй, гэвч цагдаа нар хэргийг хурдан хаахын тулд гэмгүй залууг зодож байгаад гэмийг нь хүлээлгэхийг оролддог ч бас бүтэлгүйтэнэ. Гэмгүй хүнийг тамлаж зовоосондоо гэмшсэн Steve ажлаасаа гарна гэтэл Edelson ийм ойрхон ирчихээд битгий бууж өгөөч хэмээн ятгасаар Steve үргэлжлүүлэн ажиллахаар болно. Цуврал алуурчин баригдалгүй бултасаар байлаа. Энэ үед Steve шинэ мөр хайх буюу өмнөх хохирогчдын нэгэн болох Колумбын Их Сургуулийн профессорын дор төгссөн оюутнуудыг мөрдөж эхэлнэ.

  Richard гаднаасаа гэмгүй харагддаг сэхээтэн, гэвч Steve түүний байранд нууцаар нэвтэрч ороод Richard-н захидлуудаас аавтайгаа асуудалтай байсныг, мөн гей С&М хувцаснуудыг олдог ба энэ Richard бол гей баарны байнгын үйлчүүлэгч юм. Нэгэн шөнө Steve Richard-г зориуд өдөж байгаад хоёулахнаа үлдсэн хойно үхэх сэхэхээ үзэх буюу аргагүй цагдаа гэсэндээ Steve дийлж Richard шархдана. Richard-н захидлаас шизофренийн шинж тэмдэг илэрч, хурууных нь хээ цуврал алуурчныхтай тохирдог ч Richard өөрийгөө хэнийг ч алаагүй гэж мэдэгддэг. Хэрэг хаагдаж, Steve мөрдөгч болно. Шинэхэн мөрдөгч маань найз бүсгүйтэйгээ эвлэрэн нэгдэхтэй зэрэгцэн Ted гэртээ хэрцгийгээр алуулсан байдалтайгаар олдоно. Цагдаа нар гей хосууд маргалдаад, улмаар нэгнээ хороож гэж үзэхийг илүүд үзэх бол Edelson-д Ted-н хөршийн John -г сураг ажиггүй алга болсон гэж мэдэгдсэн явдал чухал юм. Nancy-тэйгээ хамт амьдрахаар ирсэн Steve сахлаа хуссаныхаа дараа бүхнийг ярина гэж түүндээ хэлдэг. Энэ зуур Nancy цуврал алуурчны өмсөж байсантай төстэй арьсан хүрэм, малгай, нүдний шилийг шохоорхон байдаг ба нөгөө талд Steve толь руу гөлрөн ширтсээр байгаагаар кино төгсдөг.

1971 онд Friedkin-н "The French Connection" киног продюсерлэсэн Philip D'Antoni Gerald Walker-н "Cruising" романаар кино хийх санааг Friedkin-д санал болгож. Friedkin төслийг тийм ч их сонирхосонгүй; D'Antoni Steven Spielberg-тэй холбогдох гээд чадаагүй. Хэдэн жилийн дараа продюсер Jerry Weintraub адилхан саналыг Friedkin-д бас тавьсан ба найруулагч маань сонирхолгүй хэвээр байлаа. Гэсэн хэдий ч Friedkin 1970-аад онд гей бааруудад гарсан хэд хэдэн шийдэгдээгүй аллага, мөн Village Voice сэтгүүлийн сурвалжлагч Arthur Bell-н аллагын тухай нийтлэлүүдийн дараа бодлоо өөрчилжээ. Friedkin мөн Randy Jurgensen гэгч цагдаагийн офицерыг таньдаг байсан агаад энэ офицер Pacino-н дүр шиг зүсээ хувиргаад ижил хүйстнүүдийн цуврал аллагын хэргийг мөрдөж байжээ. Friedkin-н "The Exorcist" хоррорт тоглосон рентген судлалын техникч Paul Bateson гей бааранд гарсан 6 аллагад буруутгагдаж (гэхдээ хэзээ ч яллагдаагүй) байсан ба харин өөр нэг аллагын хэрэгт яллагдаж байсан хүнд гар байж. Энэ бүхэн Friedkin-д киногоороо хэрхэн хийх баримжаа өгсөн аж. Friedkin судалгааны хүрээнд тэр хотынхоо олон гей бааруудыг эзэмшдэг мафийн гишүүдтэй хамтран ажилласан гэдэг.

  Жүжигчин Pacino найруулагчийн анхны сонголт байгаагүй; Richard Gere уг кинонд тоглох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн бөгөөд Friedkin түүний агенттай гэрээ хэлэлцээр эхлүүлээд байв. Friedkin Gere-г илүүд үзэж байсан шалтгаан нь тэр Pacino-д байхгүй байсан манин шинж төрхийг гаргаж чадна гэж итгэж байсных юм. Кинонд Майншафт гэдэг гей бааран дахь ижил хүйстнүүдийг дүрслэх зорилготой байсан буюу эх романд энэ баар гардаг аж. Гэвч тус баар зураг авалт хийлгэхийг зөвшөөрөөгүй учраас кинонд Майншафтын нэр дурдагддаггүй. Киноны сцэнүүдийг Майншафт-тай төстэй засал чимэглэлтэй өөр бааранд хийж, Майншафтын байнгын үйлчлүүлэгчдээс киноны олны хэсэгт тоглуулжээ. Мөн зарим сцэнүүдийг Майншафтын ойролцоох гудамж болон бусад газруудад авсан. Дашрамд хэлэхэд,  Pacino дүрийнхээ судалгаа болгож Майншафтад зочилж байжээ. Америкийн кино Холбоо (MPAA) анхлан "Cruising" кинонд X үнэлгээ өгсөн бөгөөд найруулагч маань оригнал хувилбараасаа 40 минутын бичлэгийг устгасан гэдэг. Friedkin-н хэлснээр, устгасан материалд бүхэлдээ клуб, баарны бичлэгээс бүрдсэн нэлээд сексийн харилцаа дүрслэгдсэн байж. Мөн тус устгасан материалд Pacino-н дүр ижил хүйстэнтэйгээ дотно харилцаанд орсон байж магадгүй гэсэн утгатай хэсэг ч байсан аж.

  Энэ 40 минутын устгасан бичлэгт киноны үйл явдалд болоод дүрийн тайлбарт нөлөөлөхүйц зүйл байгаагүй гэж зарим хүн үздэг. Эсрэгээрээ зарим нь устгасан хэсэгт Pacino-н дүр алуурчин болсон байж магадгүй талаар илүү тодорхой тайлбар байснаас гадна энэ үгүй болсон 40 минутаас болж кино тодорхойгүй болсон гэж үздэг. Friedkin киноныхоо DVD хувилбарт зориулж алга болсон бичлэгийг сэргээхийг хүссэн ч United Artists бичлэгийг эзэмшихээ больсон гэж мэдэгдсэн ба Friedkin бичлэгийг United Artists бүр мөсөн устгасан гэж үзсэн. Friedkin зураг авалтын үеэр Pacino ихэвчлэн хоцорч ирдэг, дүрдээ болоод кинонд ямар ч санаа оноо нэмэрлээгүй, мэргэжлийн бус хандлага гаргасан гэж мэдэгдсэн. Харин Pacino киноны төгсгөлийг яаж ойлгох талаар Friedkin ямар ч тайлбар хэлээгүй гээд; "Би киноны төгсгөлд алуурчин болж байгаа юмуу эсхүл гей болж байгаа эсэхээ мэдээгүй, Friedkin надад төгсгөлийн сцэнд яаж тоглох ёстойг хэлээгүй учраас өнөөдөр ч би эцсийн тайлбарыг мэдэхгүй байна" гэж нэрт жүжигчин маань мэдэгджээ. Хожим Friedkin өөрийнхөө намтар номонд ердөө ганц кадр киног бүхэлд нь өөрчилж чадна гэж хэлсэн байдаг, үүнээс үзвэл тэр хоёрдмол утгатай төгсгөлийг анхнаасаа төлөвлөөгүй байсан байх магадлалтай юм.

  Гэсэн хэдий ч киноны зарим элементүүд Steve-г алуурчин байж магадгүйг харуулдаг; тухайлбал, киноны эхэн хавьцаа тэр алуурчны малгайг өмссөн харагддаг, бас Richard эхэлж түүн рүү дайрдаггүй, түүнчлэн алуурчин аллага үйлдэхээсээ өмнө хүүхдийн дуу аялдаг, тэгвэл кинонд Steve л цорын ганц дуулдаг хүн юм. 1979 оны зун Нью-Йорк хотын ижил хүйстнүүдийн нийгэмлэгийн гишүүд уг киног эсэргүүцэн жагссан ба кинонд санаа өгсөн сэтгүүлч Arthur Bell-н уриалгаар эсэргүүцлийн жагсаал эхэлжээ. Ижил хүйстэн хүмүүс зураг авалтыг тасалдуулахыг янз бүрээр оролдсон буюу тэд хотын бизнес эрхлэгчдийг эзэмшил газартаа кино багийнхныг оруулахгүй байхыг уриалахаас өгсүүлээд зураг авалт болж байсан газрын ойролцоо чанга хөгжим тавих зэргээр саад учруулахыг оролдож байж. Мянга орчим гей жагсагчдын үүсгэсэн шуугианаас болж киноны дууг дараа нь давхарлан бичих шаардлагатай болсон буй. Pacino эсэргүүцлийг ойлгож байгаа, киногоо ижил хүйстнүүдийн эсрэг гэж огт бодоогүй гэж хэлж байсан.

Мөн тэрээр гей баарууд бол ижил хүйстнүүдийн нийгэмлэгийн нэг хэсэг шиг мафизм бол Итали-Америк амьдралын нэг хэсэг гэж зүйрлүүлсэн байдаг. "Cruising" киног ерөнхийдөө критикүүд сайхь эсэргүүцлээс болсон уу, тун тааруухан хүлээж авсан. Харин өнөөдөр уг киног критикүүд эерэгээр хүлээж авах болсон. Үнэндээ энэ кино бол хүний мөн чанар ба харагдах байдлын тухай юм. Бид өөрсдийнхөө амьдралын "жүжгийн" жүжигчин нь билээ. Ингэхээр БИ гэдэг маань бидний бий болгосон төрх биш харин дүр эсгэдэг харагдац болж байна. Бие хүн аливаа нийгэмлэгт орохоороо нийгэмлэгийн л зөвшөөрсөн үнэт зүйлсийг хүлээн авч, үүгээрээ тэдний нэг болж бие хүнээ алдаж байгааг уг триллер үзүүлсэн. 

Comments