Ядуу аав

 


Bicycle Thieves (1946). Италийн нэрт кино найруулагч Vittorio De Sica-н неореалист драм. Кино зохиолыг Италийн яруу найрагч, зохиолч Luigi Bartolini-н 1946 оны романаөс сэдэвлэн Cesare Zavattini кино дэлгэцнээ хөрвүүлсэн бөгөөд Италийн неореализмын үлгэр жишээ болсон энэхүү бүтээл нь хэт чамин бус жүжиглэлт хийгээд төөнөм сэтгэл хөдөлгөм шинжээрээ ялгаран тодордог. Киноны цөхөрсөн аавын дүрд Lamberto Maggiorani, эрэлхэг хүүгийн дүрд Enzo Staiola тус тус тоглосон. "Bicycle Thieves" кино 1950 онд Оскарын наадмаас хүндэтгэлийн шагнал (хамгийн шилдэг гадаад хэл дээрх кино) хүртсэн ба 1952 онд Sight & Sound сэтгүүлээс найруулагчид, критикүүдийн дунд явуулсан санал асуулгаар бүх цаг үеийн хамгийн шилдэг киногоор нэрлэгдэж байсан бол 2012 оны жагсаалтад уг кино нь найруулагчдын саналаар 10-р байрт, харин критикүүдийн саналаар 33-р байрт тус бүр эрэмбэлэгдсэн. Кино урлагийн түүхэн дэх хамгийн нөлөө бүхий бүтээлийн тоонд өнөөдөр үнэлэгдэх болсон уг киног Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 15-р байрт, харин Empire сэтгүүл шилмэл 100 кино жагсаалтынхаа 4-р байрт бичээд буй.

Энэ бол дахин дахин үзсэн ч уйддаггүй кинонуудын нэг юм. Энэ бол тун энгийн үйл явдалтай ч түвэгтэй хийгээд уран яруу түүх юм. "Bicycle Thieves" нь эгэл хүнийг онцгойлон авч утга учир өгдөг бөгөөд амьдралд тохиолддог шиг киноны ертөнцөд жаргалтай шийдэлээр төгсдөггүй. "Bicycle Thieves" нь баримтат киноны чанартай бас тийм чиглэлтэй; энэхүү кино нь огтоос романтик бус; дүрүүд нь зүгээр л эгэл жирийн хүмүүс, кино таны өмнө амьдрал өрнөж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг. Энэ нь мэдээж зугаатай боловч кино бүтээгчдийн зорилго арай өөр бололтой. Киноны цаад зорилго бол үзэгчдэд улс төрийн шийдэл шаардлагатай байгаа тодорхой нийгмийн нөхцөл байдлын тухай ойлголт өгөхөд оршдог ба кино нь өөрчлөлт, шинэчлэлтийн хэрэгсэл болж бүтээгдсэн ажээ. Италийн анхны нэр нь "ladri di biciclette" буюу энэ нь шууд утгаараа англиар "дугуйны хулгайчид" гэж орчуулагддаг аж. Эх зохиолд нь дайны дараах соёл иргэншлийн дэг журмыг үл тоосон иргэд болоод ур чадваргүй цагдаагийн түүхийн тухай өгүүлсэн байдаг аж. Уг киног 1949 онд Америкт үзүүлэх үед зарим шүүмжлэгчид "The Bicycle Thief" гэж нэрлэсэн ба энэ англи нэрээрээ алдаршсан аж.

Киноны үл явдал дэлхийн хоёрдугаар дайны дараах Ром хотод аж төрөх нэгэн гэр бүлийн талаар өгүүлнэ: дайны дараах хүнд жилүүд, ажилгүйдэл, дампуурал гаарсан Итали орон. Тодруулбал, Antonio-н гэр бүл болох түүний эхнэр болон хоёр бяцхан хүүхдийнх нь тухай өгүүлэх бодит гэмээр реалист түүх. Antonio бол шударга залуу агаад эхнэр хоёр хүүхдийн хамт дөнгөн данган зүдрэн амьдрана. Тэрээр эхнэр, хүүхдүүдээ тэжээхийн тулд ямар ч ажил хийхээс буцахгүй, тэр бол бусад түмэн олныхоо л нэгэн адил амьдрах гэж зүтгэж буй төлөв нэгэн. Аз болж Antonio-д хотын энд тэнд сурталчилгааны зарлал наадаг ажил олдоно. Харин энэ ажилд ороход ажилчин маань заавал өөрийн гэсэн дугуйтай байх ёстой. Ингээд ажил олсондоо туйлгүй баярлав ч унадаг дугуйтай болох хэрэг гарна. Гол дүрийн маань эхнэр хуримынхаа бэлгэнд авч байсан орны цагаан хэрэглэлээ зарж мөнгө олоод дугуй худалдаж авах санаа гаргана. Бүх зүйл санасанаар болж Antonio эхнэр, хүүхдүүд рүүгээ эгцлэн ширтэх бололцоотой болсондоо баярлана. Ажлынхаа анхны өдөр Antonio ажлаа хийж яваад бүлэг хулгайчдад дугуйгаа хулгайлуулчихна гаслантай. Араас нь хөөв ч амжилт эс олох бөгөөд харин хулгайчийн царайг тогтоож авна. Ингээд цагдаад хандахад цагдаа нар бүртгэж авлаа гэхээс өөр юм хийхгүй.

  Учир нь тэр хүнд цагт дугуйгаа алдах даанч жижиг хэрэг байсан биз. Яах ч учраа олохоо байсан Antonio өөрөө л дугайгаа олохоор шийднэ; дашрамд хэлэхэд тус киноны бас нэг чухал дүр бол Bruno хэмээх Antonio-н хүү бага насны жаал юм. Bruno аавдаа тусалж дугайгаа хайна. Дугуйг хамгийн их хайрлаж, хамгийн сайн нүдэлсэн нь бяцхан Bruno байлаа. Ийнхүү аав хүү хоёр хамтдаа дугуйны зах, хулгайчдын хулгайлсан юмаа борлуулдаг газар гээд хотоор дугуйгаа олчих болов уу хэмээн хайна. Хэрэв олвол ажилтай, ажилтай бол амьдралтай шүүдээ.  Эцэж ядарсан аав хүү хоёр арга барахдаа үзэж хардаг (манайд их дэлгэрсэн жишээ, ядарсан хүний эцсийн арга) гэх эмгэн дээр очно. Сүүлийнхээ шахуу мөнгөө өгтөл зөнч ийн хэлнэ: та хоёр сайн хайгтун. Нэг бол олдоно, үгүй бол олдохгүй. Ийм хариу авчихаад явж байтал дугуйг нь хулгайлдаг нөхөртөө халз тулна. Баахан хөөцөлдөөн болсны эцэст барьж авна. Хамт гэрт нь очиж үзсэн ч дугуй нь байхгүй байна. Хулгай хийгээгүй гэдгээ ч залуу хэлэх бөгөөд гай болж унадаг өвчтэй хүнбайж таарна. Залуугийн ээж гэрээсээ уйлан хайлан гарч ирж шуугиан дэгдээнэ. Айл хөршүүд нь ч унадаг өвчтэй хөөрхий амьтаныг дээрэлхлээ, хулгайч биш гэж батлана. Дугуйгаа зарагдсаныг, одоо ямар ч аргагүй болсоноо ойлгосон Antonio-д цөхөрсөн ганц л арга үлдэнэ. Энэ арга бол өөрөө дугуй хулгайлах. гэтэл дугуй хулгайлах гэж байгаад бүтэлгүйтэн нэвширтлээ зодуулна. Цагдаад хүргэгдэж өгдөгийн даваан дээр аавыгаа өрөвдөн уйлах хүүгийн байдлыг хүмүүс өрөвдөж зүгээр орхисноор кино маань өндөрлөдөг.

  Найруулагч Roberto Rosselini-н "Rome, Open City" киногоор албан ёсоор эхэлж, Италийн кино урлагт шинэ түвшиний реализмыг авчирсан Неореализм Хөдөлгөөний хамгийн алдартай кино нв "Bicycle Thieves" юм. Найруулагч De Sica 1946 онд "Shoeshine" киногоо дөнгөж хийчихээд байсан ч ямар ч том студиэс санхүүгийн дэмжлэг авч чадаагүй учир найзуудаасаа мөнгө босгосон. Дайны дараах Италийн ядуурал, ажилгүйдлийг дүрслэхийн хүссэн De Sica Zavattini болон бусад кино зохиолчтой хамтран Bartolini-н төдийлөн нэрд гараагүй номын нэр, зарим үйл явдлыг ашиглан киноныхоо зохиолыг бичсэн. Неореализмын зарчмыг баримтлаж De Sica зөвхөн тухайн газар, байршил дээр зураг авалтаа хийсэн, өөрөөр хэлбэл студийн тайз ашиглаагүй. Мөн мэргэжлийн бус жүжигчдийг тоглуулсан; тухайлбал Maggiorani үйлдвэрийн ажилтан байсан бол зарим кинонд тоглосон хүмүүс амьдрал дээрх шигээ ажиллаж амьдардаг байсан нь киног улам бодитой болгожээ. Найруулагч маань бага хүүгээ Bruno-н дүрд тоглуулахаар зэхэж байсан ч гудамжинд продакшны явцыг сонирхон харж зогссон 8 настай Enzo Staiola-г Bruno-н дүрд сонгожээ. Киноны төгсгөлийн кадрт аав, хүү хоёр камераас холдон одож буй нь De Sica өөрийнхөө хүндэлдэг найруулагч Charlie Chaplin-н бүтээлүүдэд үзүүлсэн хүндэтгэл ажээ.

  Энэхүү кино Италид нээлтээ хийхэд Италичуудыг сөргөөр дүрсэлсэн хэмээн дайсагнах хандлагатай хүлээж авсан. Италийн критикч Guido Aristarco киног магтсан ч "уран сайхны сэтгэл хөдлөлийн оронд заримдаа сентиментал байж магадгүй" гэж бичсэн. Италийн неореалист нэрт кино найруулагч Luchino Visconti киног шүүмжлээд Maggiorani-н диалогийг мэргэжлийн жүжигчнээр ам барьсан нь алдаа байсан гэжээ. Зохиолч Bartolini киног хурцаар шүүмжилсэн; өөрийнх нь номонд гол баатар нь дундаж давхаргын сэхээтэн байдгаас гадна номынх нь үндсэн санаа нь иргэний дэг журам нуран унаж байгаа тухай байдаг байхад кино эсрэгээрээ байсан гэж бухимджээ. Тухайн үеийн бусад улс орнуудын критикүүдийн шүүмж илүү эерэг байсан. Критикч Bosley Crowther киноны агуулгыг магтаж, De Sica бидэнд орчин үеийн хотын амьдралын гунигтай драмыг толилууллаа гэсэн. Crowther мөн De Sica үндсэн болон түгээмэл драмын сэдвийг энгийн хэрнээ бодитойгоор тод дүрсэлсэн гэжээ. Критикч Pierre Leprohon бичихдээ, нийгмийн түвшинд үл тоомсорлож болохгүй зүйл бол тухайн дүр нь хямралын эхэнд бус харин хямралын үр дүн болж харагддагт оршино; тэр аль хэдийнээ хохирогч, өөртөө итгэх итгэлээ алдсан, доройтсон хүн гэдгийг ойлгохын тулд түүний царай, тодорхойгүй алхаа, айсан эсхүл эргэлзсэн хандлагыг нь харахад л хангалттай гэжээ.

Өөр нэг критикч "Bicycle Thieves" бол дэлхийн 2-р дайны дараах Италиас гарсан хамгийн шилдэг кино гэж нэрлэжээ. "Bicycle Thieves" кино бол энгийн хүмүүсийн тухай сэтгэл хөдөлгөм хуманист шинжтэй бүтээл; Холливуудын сүржин, сүртэй өгүүлэмжээс эрс ялгаатай ба De Sica киногоороо үзэгчдийг хүнлэг байхад сургадаг; Холливуудын ямар ч кино ийм аугаа чанартай байдаггүй. "Bicycle Thieves" бүхэлдээ романтик бус, тиймээс таныг уйдааж магадгүй. Кинонд хулгайчдыг муу хүмүүс биш, харин завхарсан нийгмийн хохирогчид гэж дүрсэлсэн. Мэдээллийг хянаж, ард иргэддээ худал хэлдэг фашист засгийн газраас дөнгөж чөлөөлөгдөөд буй Итали орон гэдгийг сануулах нь илүүц болов уу. Кинонд гарах ядуу иргэд хэдий нийгмийн доод давхаргад дорой буурай амьдардаг ч тэд энэрэнгүй байдгийг бид киноны туршид харж болно. Тэд хоосон, гэдэс өлсгөлөн ч бие биедээ тусалж чаддаг, бас холбогдож чаддаг. Махчин араатнууд бол баян мөртлөө холбогдож ойлголцож чаддаггүй хүмүүс юм. Дугуй хулгайлах хэрэг бол дайны дараах Италийн нийгмийн бүх түвшинд, нэн ялангуяа дээд давхаргын ялзрал илжрэлийг харуулсан явдал ба найруулагчийн тайлбарлалт гайхамшигтай. Antonio найзтайгаа дугуй зардаг хүмүүсээс дугуйгаа эрж суран явж байхад хажуугаар нь дэгжин хувцасласан залуухан эр бөмбөлөг үлээн өөрийгөө эрхлүүлэн түүнийг зовлонг огт ажрахгүй байхад өөр нэг сайхан хувцасласан педофил эр Bruno-г уруу татах гэж оролдож байгааг бид хардаг. Хэн ч педофил эрийг анзаарахгүй байгаа юм шиг харагддаг, өөрөөр хэлбэл энэ нь байх л ёстой зүйл мэт тэд хандана. Ангийн тэмцэл бол De Sica-н санааг зовоодог сэдэв юм.

  Киноны төгсгөлийн үзэгдлийг үзэх болгондоо сэтгэл яг адилхан өвддөг. Antonio-н хүүгийнхээ өмнө дугуй хулгайлах гэж байгаад баригдаад доромжлуулж байгааг харах бүр анхных шигээ хэцүү байдаг. Тэр мөчид аав, хүү хоёрын сэтгэлийн тэвчээрийг төсөөлөшгүй юм. Киноны гол дүрүүдийн жүжигчид надад бол төгс зохицсон; тэдний царай төрх тун илэрхийлэмж сайтай; тэд жинхэнэ өөрийгөө илэрхийлж байгаа мэт. Туслах дүрүүдийн царай төрх ямагт тод илэрхийлэлтэй байдаг нь бодит байдал дахь төөрөгдлийг нэмэгдүүлдэг. Antonio-н эхнэр хуримынхаа орны даавууг аваад мөнгө хүүлэгч дээр ирэхэд хөгшин эр түүнд ямар ч хэрэггүй дуран санал болгодог; хөгшиний царай түүх өгүүлэх буюу тэр хичнээн олон ядуусыг хоолтой золгуулж, заримынх нь өсөн дэвжих алхамд шат болон тусалсныг илтгэх мэт. Antonio-н эхнэрийн дүрд тоглосон Lianella Carell дэлгэцнээ цөөхөн гарахдаа үнэхээр үнэмшилтэй жижигхэн үйлдлүүдийг хийсэн бөгөөд ломбардтай сцэнд тэрээр мөнгө хүүлэгч мөнгөө тоолж байгааг харахдаа хумсаа мэрдэг; энэ мэт жижигхэн үйлдэл киног бодитой болгохоос гадна сэтгэл хөдөлгөдөг юм. Maggiorani, Staiola хоёр гунигтай түүх байсан ч сентиментал байхаас зайлсхийж байгаа санагддаг. Maggiorani Холливуудын од шиг сайхан залуу биш ч цаанаа л сайн эцэг, халамжтай хань шиг харагддаг бол Staiola тухайн цаг үед арван нас ч хүрээгүй хэдий ч хангалттай хэрсүү, ухаалаг байдаг. Тэр аавынхаа дугуйг гэрэлд сайтар харах гээд угааж арчиж байгаа хөөрхөн сцэн байдаг нь надад багадаа аавынхаа машиныг хараад хараад ханадаггүй байсан үеийг минь эрхгүй санагдуулдаг. Bruno унтаж буй нялх дүүгийнхээ дээрх цонхыг онгойлгоод дугуйг сайн харж авдаг ба Bruno явахдаа нялх дүү рүүгээ харчихаад цонхыг буцаагаад хаадаг; энэ бол кино урлагийн түүхэн дэх хамгийн үзэсгэлэнтэй хуманист мөч болов уу. 

Comments