Solaris (1972). ЗХУ,-ын мастер кино найруулагч Andrei Tarkovsky-н шинжлэх ухааны уран зөгнөлт кино. Киноны зохиолыг Польшийн зохиолч Stanislaw Lem-н 1961 оны ижил нэрт романаас сэдэвлэн Tarkovsky, Friedrich Gorenstein хоёр бичсэн. Киноны Электрон хөгжмийг ЗХУ-ын нэрт хөгжмийн зохиолч Eduard Artemyev бичсэн ба мөн J. S. Bach-н зохиолыг үндсэн сэдэв болгон ашигласан. Киноны үйл явдалд, зохиомол Соларис гэдэг гаригийг тойрон эргэдэг сансрын станцад ажилладаг эрдэмтдийн баг психологийн хямралд орсноос болж шинжлэх ухааны даалгавар зогссонги байдалд орох агаад нэгэн сэтгэл судлаач юу болоод байгааг олж мэдэхээр станц руу явдаг ч бусадтайгаа адилхан нууцлаг тайлагдашгүй үзэгдэлтэй учирч буй тухай өгүүлдэг. "Solaris" кино 1972 оны Канны кино наадмаас Гран При Special du Jury шагнал хүртэж, Алтан далдуу модны төлөө өрсөлджээ.
Критикүүд киног халуун дулаанаар хүлээн авсан ба өнөөдөр "Solaris"-г кино урлагийн түүхэн дэх хамгийн шилдэг шинжлэх ухааны уран зөгнөлт жанрын кинонуудын нэг гэж үнэлдэг. Энэхүү кино бол хүн төрөлхтөн болон хүний эксистенциалын тухай нарийн түвэгтэй асуултуудыг шинжлэх ухааны уран зөгнөлт жанраар авч үзсэн сэтгэлд хадагдам, бясалгалын бүтээл юм. Энэхүү бүтээлийг BBC Англи бус хэл дээрх хамгийн шилдэг 100 киноны 57-р байрт, Empire сэтгүүл Дэлхийн кино урлагийн шилдэг 100 кино жагсаалтынхаа 68-р байрт тус тус эрэмбэлэгдсэн бол Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 217-р байрт жагсаагаад байна. Ингээд Соларис хэмээх учир битүүлэг гаригаар зочилцгооё.
Нууцлаг гаригийг тойрон эргэх ганцаардмал, хагас хаягдсан сансрын станц дээр өрнөх эл бүтээлийн үйл явдал дэлхий дээр өрнөдөг ямар ч киноноос илүү хүний нарциссизмыг гүн нарийвчлалтайгаар харуулдаг. 20-р зууны хамгийн алдартай кино найруулагчдын нэг Tarkovsky уг кинондоо гайхамшигтай хурц, үзэсгэлэнтэй дүрслэлийг хүний хорвоо ертөнцийн талаарх бясалгалтай хослуулсан нь үлэмж үр дүнтэй болжээ. Түүний өмнөх "Andrei Rublev" болон дараагийн "Stalker" кинонууд нь хүн төрөлхтний философи ба бидний амьдралыг захирдаг дээд дэг журмыг эргэцүүлэн боддог ба ингэхдээ Tarkovsky эл шинжлэх ухааны уран зөгнөлт туульсаараа бүхий л эксистенциал сэтгэл түгшүүрийг нэг хүнд багтаагаад үл мэдэгдэх гариг руу илгээх замаар харуулжээ. 1968 онд Tarkovsky Lem-н "Solaris" романыг кино дэлгэцнээ хөрвүүлэхийг бодож эхэлжээ. Тэр Lem-н бүтээлийг биширсэн бөгөөд түүний өмнөх "Andrei Rublev" нээлтээ хийгээгүй, мөн "A White, White Day" кино зохиолыг зөвшөөрөөгүй (1975 онд "Mirror" нэртэйгээр нээлтээ хийсэн) тул Tarkovsky-д мөнгө, бас хийх ажил зайлшгүй шаардлагатай байлаа. ЗХУ-д алдартай, критикүүдийн хүндэтгэлийг хүлээсэн зохиолч Lem-н номоор кино хийх нь арилжааны хувьд ч, уран сайхны хувьд ч логиктой сонголт байв.
Өөр нэгэн сэдэл санаа бол Tarkovsky-н шинжлэх ухааны уран зөгнөлт жанрт сэтгэл хөдлөлийн гүн гүнзгий байдлыг оруулах хүсэл байсан; тэрээр Өрнөдийн ертөнцийн шинжлэх ухааны уран зөгнөлт жанрын кинонуудыг өнгөцхөн, зөвхөн технологийн шинэчлэлт анхаарлаа хандуулдаг гэж үздэг байсан учраас энэ жанрт өөрийн хувь нэмрийг шигтгэхээр шийджээ. Тэрээр нэгэн ярилцлагадаа, найруулагч Stanley Kubrick-н "2001: A Space Odyssey" киног "олон талаараа хиймэл", "ердөө үнэнийг тайлбарлах гэсэн амьгүй схем" гэж нэрлэсэн байдаг. Tarkovsky, Lem хоёр хамтран ажиллаж, кино зохиол болгох талаар байнгын харилцаа холбоотой байсан. Tarkovsky Gorenstein-тэй хамтран 1969 оны зун анхны кино зохиолыг бичсэн; энэ зохиолд үйл явдлын гуравны хоёр нь дэлхий дээр өрнөх байв. Mosfilm-ийн хороонд зохиол таалагдаагүй бол Lem романыг нь эрс өөрчилсөнд маш их уурлажээ. Эцсийн зохиолд зураг авалтын зохиолыг буулгасан ба уг зохиолд дэлхий дээрх үйл явдлыг багасгаж, Kris-н хоёр дахь гэрлэлтийн тухай түүхийг хассан. Lem романдаа шинжлэх ухаан хүмүүст харийн амьдралын хэлбэрүүдтэй харилцах боломжийг олгоход хангалтгүй гэж дүрсэлсэн, учир нь, ухамсартай харийн амьдралын хэлбэрүүд хүмүүний мэдрэмж, ойлголтоос гадуур байдаг гэж зохиолч үзжээ. Кинонд найруулагч маань Kris-н эхнэр Hari-даа хандах сэтгэл, мөн сансрын эрэл хайгуул нь хүний нөхцөл байдалд үзүүлэх нөлөөллийн талд анхааран төвлөрдөг.
Доктор Gibarian-н монологт (романы 6-р бүлгээс) номын сангийн сүүлчийн сцэнийн оргил хэсэгт Snaut "Бидэнд өөр ертөнц хэрэггүй. Бидэнд толь хэрэгтэй" гэж хэлдэг. Kris-н сансрын нислэгээр эхэлж, бүхэлдээ Соларис гариг дээр өрнөдөг эх номоос ялгаатай нь кинонд Kris дэлхийгээс явахаасаа өмнө хөдөө нутаг дахь эцэг эхийнхээ гэрээр зочилж байгааг үзүүлдэг. Энэхүү эсрэгцэл нь түүний амьдарч буй амьдлаг дэлхий ба Соларис гаригийг тойрон эргэх сансрын станцын хаалттай, хүйтэн эрс тэс хоёр шинжийг тодотгодог; улмаар эндээс бид сансрын хайгуул хүний ухаанд хэрхэн нөлөөлж байгааг эргэцүүлэн бодож, бас эргэлзэж үзэх учиртай юм. "Solaris" киноны тайзны дизайнд Хуучин Мастеруудын уран зургууд багтсан; тухайлбал сансрын станцын дотоод чимэглэлийг Нидерландын уран зураач Pieter Bruegel-н "The Return of the Herd", "The Hay Harvest", "The Hunters in the Snow" зэрэг зургуудын хуулбараар чимэглэжээ. Kris-н аавынхаа өмнө өвдөг сөгдөхөд аав нь түүнийг тэвэрч байгаа сцэн бол шууд Rembrandt-н "The Return of the Prodigal Son" бүтээлийг санагдуулдаг.
Иймэрхүү иш татах, дурдан сануулах явдал нь Tarkovsky залуухан кино урлагийг түүхэн мэдрэмжээр харах, кино урлаг бол төлөвшсөн урлаг гэсэн мэдрэмжийг үзэгчдэд төрүүлэх оролдлого байлаа. "Solaris" кинонд Tarkovsky-н "Andrei Rublev" киног иш татдаг буюу Kris-н өрөөний хананд Tarkovsky-н 1966 оны шедеврийн зураг өлгөөтэй харагддаг. "Solaris" бол "Andrei Rublev" киноны тухай дурддаг гурван киноны хоёр дахь нь буюу найруулагчийн дараагийн кино болох "Mirror" бүтээлд "Andrei Rublev"-ийн постер хананд өлгөөтэй байгаагаар харагддаг. Tarkovsky анхлан хуучин эхнэр Irma Raush-г Hari-н дүрд тоглуулахыг хүссэн боловч 1970 оны зун жүжигчин Bibi Andersson-той уулзсаныхаа дараа түүнийг Hari-н дүрд тохиромжтой гэж үзжээ. Tarkovsky-той хамтран ажиллахыг хүссэн Bibi цалингаа рубль-ээр авахыг зөвшөөрсөн. Эцэст нь, Tarkovsky Улсын Кино Урлагийн дээд сургуульд оюутан байхдаа танилцсан Natalya Bondarchuk-г Hari-н дүрд тоглуулахаар шийдсэн; 1970 онд найруулагч маань Natalya-г сонгон шалгаруултад оруулсан ч бүсгүйг энэ дүрд тоглоход хэтэрхий залуудна гэж боджээ. Tarkovsky түүнийг найруулагч Larisa Shepitko-д санал болгож, улмаар Natalya 1971 онд "You and Me" кинонд тогложээ. Хагас жилийн дараа Tarkovsky сайхь киног үзээд түүний гүйцэтгэлийг биширч, Hari-н дүрд эргэлт буцалтгүй сонгосон аж.
Tarkovsky Kris-н дүрд Donatas Banionis-г, Snaut-н дүрд Juri Jarvet-г, Sartorius-н дүрд Anatoly Solonitsyn-г, Kris-н аавын дүрд Nikolai Grinko-г, Kris-н ээжийн дүрд Olga Barnet нарыг сонгон тоглуулсан. Tarkovsky өмнө нь хэдийнээ "Andrei Rublev" кинонд Solonitsyn-той хамтарчихаад байсан бол Grinko-той мөн л "Andrei Rublev" болон "Ivan's Childhood" кинонууддаа хамтран ажиллачихаад байлаа. Зураг авалт дууссаны дараа Tarkovsky жүжигчид хийгээд тэдний гүйцэтгэлийг дараах байдлаар эрэмбэлсэн байсан; Natalya, Jarvet, Solonitsyn, Banionis, Grinko; Tarkovsky мөн өдрийн тэмдэглэлдээ "Natalya бүгдээс нь илүү байлаа" гэж бичжээ. Критикч Roger Ebert: "Энэ бол хурдан өрнөлтэй адал явдалт кино биш; энэ бол шинжлэх ухааны уран зөгнөлт жанрын чөлөөтэй байдлыг ашиглан хүний мөн чанарыг судалж бодлогошруулам, гүн гүнзгий, мэдрэмтгий кино. Энэ кино зугуухан эхэлдэг боловч, та нэг удаа л үзвээс таны дотор нахиална". Ebert анхандаа киноны хэмнэл болон хугацаанд дургүйцэж байсан ч хожим Tarkovsky-н зорилгыг бишрэх болсноо хүлээн зөвшөөрсөн байдаг.
Ebert: "Өөр ямар ч найруулагч биднээс ийм их тэвчээртэй байхыг шаардахгүй. Түүнийг бишрэгчид хүсэл тэмүүлэлтэй, тэд өөрсдийнхөө сэтгэлийг ухамсарладаг. Tarkovsky ухаантайгаар аугаа, гүн гүнзгий урлагийг бүтээхийг оролдсон. Тэр өөрийн амин сүнс болон философийн хүчээр бодит байдлыг өөрчлөх чадвартай бие хүний романтик үзлийг баримталдаг". Энэтхэг-Их Британийн зохиолч Salman Rushdie "Solaris" киног шинжлэх ухааны уран зөгнөлт жанрын шедевр гэж нэрлээд энэхүү бодит байдлын найдваргүйг болоод хүмүүний далд ухааны хүч чадлыг судалгаа төдийгүй рационализмын хязгаар, хамгийн золгүй хайрын адармаатай хүчийн судалгаа юм гэжээ. Өрнөдийн олон критикүүд "Solaris" бүтээлийг Зөвлөлтийн кино урлагийн шинжлэх ухааны уран зөгнөлт жанраас гарсан хамгийн аварга киноны нэг гэж үзсэн. Найруулагч Akira Kurosawa уг киног өөрийнхөө дээдэлдэг кинонуудын нэгээр нэрлэсэн бол Christopher Nolan "Inception" киногоо хийхэд нь "Solaris" нөлөөлсөн гэсэн буй. Зохиолч Lem киноны зохиолын боловсруулалт дээр Tarkovsky, Gorenstein нартай хамтран ажилласан ч өөрийнхөө номын Tarkovsky-н кино хувилбарт хэзээ ч дуртай байгаагүй гэдэг. Харин найруулагч маань түүний номоос сэдэвлэн кино хийхдээ уран сайхны хувьд хараат байхыг хүссэн бол Lem кино зохиол номоос нь ялгаатай байна гэж бухимдалтай байжээ.
Tarkovsky Lem кино урлагийг бүрэн үнэлдэггүй, кино нь зөвхөн номыг нь тэр чигээр нь дүрслэн харуулна гэж хүлээж байсан гэжээ. Гэтэл Tarkovsky оригнал кино ертөнцийг бүтээхийг зорьж байв; Tarkovsky-н кинонд илүүтэй дүрүүдийн дотоод амьдралыг үзүүлдэг бол Lem-н романд илүүтэй орчлон ертөнц дэх хүний мөн чанарын зөрчлийг судалдаг. Tarkovsky-н хувьд Lem-н уг эксистенциал зөрчлийн тайлбарласан явдал нь дүрүүдийн дотоод амьдралыг дүрслэх эхлэлийн цэг болжээ. "Voyage in Time" намтарчилсан баримтат кинонд Tarkovsky "Solaris" киногоо уран сайхны бүтэлгүйтэл гэсэн байдаг ба учир нь уг кино нь технологийн диалоги, тусгай эффектийн улмаас "Stalker" кинонд авч үзсэн шиг жанраас трансцэндент болж чадаагүй гэжээ. Tarkovsky бол цөөхөн бүтээл хийсэн ч өөрийн гэсэн кино хэл, ертөнцийг бүтээж чадсан цөөхөн кино урлаачдын нэг юм. Зөвлөлтийн цензуртай тэмцэж, дараа нь хорт хавдрын улмаас зовсон тэрээр замналдаа долоон кино хийсэн ч эдгээр кинонуудаараа ердийн амьдралын гадаргуугаас цааш гарч, илүү том оюун санааны утгыг олох, модерн урлагийн шашингүй хуваагдлыг метафизик хэмжээсээр цэнэглэх замаар өөрийнхөө хүсэл тэмүүллийг илэрхийлсэн.
Ингэхийн тулд тэрээр Sergei Eisenstein-н монтажийн аргаас татгалзаж, удаан үргэлжилсэн кадрыг шаардсан эстетикийг боловсруулсан ба үүгээрээ Tarkovsky түр зуурын, гүйцэтгэлийн агшны цаана байгаа гүн гүнзгий үнэнийг илчлэх болно гэж үзжээ. Ганцаардсан, шаналсан кино суутан гэж танигдсан Tarkovsky Sergei Parajanov, Andrei Konchalovsky, Larisa Shepitko, Alexei German нарын хамтаар Зөвлөлтийн кино урлагийн нэгэн гайхалтай үеийнхний тэргүүлэгч нь байлаа. Мэдээж тэд бүгд цензурын асуудалтай байсан. Tarkovsky-н дебют болох "Ivan's Childhood" бол гайхалтай бүтээл байсан бол "Andrei Rublev" киног найруулагчдын сурах бичиг гэдэг, харин "The Mirror" шедевр нь илүү хувийн шинжтэй бас экспериментал хэв маягтай; "Stalker" кино нь илүү бараан, илүү том, илүү хүнд бүтээл болсон байдаг ба "The Sacrifice" болон "Nostalghia" гэсэн цөллөгт байхдаа хийсэн сүүлчийн хоёр кинонууд нь яруу найраглаг, бясалгалын шинжтэй болсон. Tarkovsky сүүлийнхээ киног дуусгаад удалгүй 54 насандаа нас барсан. Tarkovsky Kubrick-н "2001: A Space Odyssey" киног "хүйтэн" гэж таашаагаагүй нь Хүйтэн Дайны үр нөлөө орсон гэж хардах сэтгэл төрүүлж байна. Өнөөдөр Tarkovsky болон Kubrick-н хоёр сор шинжлэх ухааны уран зөгнөлт жанрын кинонуудыг эсрэг тэсрэг гэж хараахаас илүүтэй "найзууд" гэж харж болно; хоёр кино хоёулаа тайван аядуу өгүүлэмжтэй, үйл явдлууд нь сансарт, сансрын хөлөгт өрнөдөг, мөн аль аль нь урлагийн өндөр түвшинд өргөн дэлгэцийн мизасцэнтэйгээс гадна асар олон тайлбар шаарддаг нууцлаг уур амьсгалтай билээ.
Гэсэн хэдий ч "2001" киноноос ялгаатай нь "Solaris" кино нь уй гашуугаар ханасан ба уй гашуу үйл явдал Дэлхийг орхихоос ч өмнө эхэлчихсэн байдаг. Гунигтай оршилд бид Kris усан доорх зэгсийг живсэн эмэгтэйн үс шиг харж байгааг хардаг. Donatas Banionis-н дүр үүрдийн зовлонд унасан, уй гунигаа үгээр илэрхийлж ч чадахгүй мэт харагддаг ба аав нь түүнд сэтгэл зовж, зэмлэдэг. Kris-н үндсэн даалгавар бол станц дээрх жигтэй явдлыг үнэлж үзээд судалгааны ажлыг цааш үргэлжлүүлэх эсэхийг шийдэх мэдээллийг дэлхий рүү илгээх юм. Kris бэлтгэлийн хүрээнд Соларис гариг дээрх асуудлын тухай эрдэм шинжилгээний бага хурлын видеог үздэг; энд найруулагч маань төрийн албан хаагчдын хоцрогдлыг ёжилсон байх гэдэг. Усан доорх зэгс, морь, нохой зэргийг харахад киноны ертөнцөд хүн төрөлхтөн машин механизм болон ТВ (одоо бол гар утас) гэсэн технологт хэт автаад байгаль орчноосоо салсан юм шиг харагддаг. Tarkovsky хурдны замаар давхих машинтай хэсэгт тухайн үеийнхээ жинхэнэ машинуудыг ашигласан нь угаасаа энд ирчихсэн ирээдүйг зураглахад элдэв хэлбэр дүрстэй машинууд шаардлагагүй гэж үзсэнийх болов уу, тэр нь ч зөв юм. "Solaris" бүтээл нь уй гашуу ба хэсэгчилсэн эдгэрэлтийн драм гэдгээрээ төрөл жанрыг артхаус болоход хувь нэмрээ оруулсан ба энэ кино таныг зовоож, айлгаж, гарын алгыг чинь хөлөргөх болно, нэг үгээр энэ киног үзэх нь өндөр халуураад тайвшран хөлрөөд халуун буух мэт.
"Solaris" Киноны жинхэнэ аймшиг юу вэ гэвэл хайртай хүнийгээ нүдэн дээрээ үхэхийг харах явдал юм. "Solaris" кино сэдэвчлэлийн хувьд "2001" кино гэхээсээ илүү Alfred Hitchcock-н "Vertigo" кинотой адилхан буюу эрэгтэй хүн эмэгтэйгээ хамгаалж чадахгүй байх, хайртай бүсгүйнхээ олон удаагийн зүс хувиргалт юмуу "дахин амилалт", өнгөрсөний алдаагаа удаа дараа зайлшгүй давтах зэргээрээ дээрх хоёр бүтээлд төстэй чанарууд бий. "Solaris" киноны жинхэнэ хүч буюу гол асуудал нь Kris-н хайрт эхнэр Hari дахин амьдарсан явдал ба тэр эхнэрээ жинхэнэ хүн биш гэдгийг мэддэг ч хайртай хүнээ дахин тэврэхийн тулд юу ч хийхэд бэлэн байдаг. Өнгөт хийгээд монохромат ээлжилсэн кадрууд нь энэхүү эксистенциализмын тогтворгүй шинжийг илэрхийлдэг буюу номын тавиур ба хана дээгүүр татганах камерын эрэл хайгуул нь үүнийг давхар илтгэнэ. Hari өөрийгөө эпилепситэй эсэхдээ гайхан хашгирч, дараа нь байх ба байхгүй хоорондын босгон дээр тамлагдаж байгааг үзэх ямар ч хоррор кинотой зүйрлэшгүй аймшигтай. Үүний зэрэгцээгээр Tarkovsky бодит байдал, хүн байх, симпатик харилцан яриануудаар соёл иргэншлийн гол урлаачид болох Tolstoy, Dostoyevsky, Goethe, Cervantes, Bach, Luther нараас харамгүй иш татан дурддаг.

Comments
Post a Comment