Оддын хүүхэд

 


2001: A Space Odyssey (1968). Америкийн мастер кино найруулагч Stanley Kubrick-н продюсерлэж, найруулсан шинжлэх ухааны уран зөгнөлт, туульсын кино. Английн зохиолч Arthur C. Clarke-н "The Sentinel" болон "Encounter in the Dawn" тэргүүтэй богино өгүүллэгүүдээс сэдэвлэн Kubrick, Clarke хоёр кино зохиолыг бичсэн. Киноны гол дүрүүдэд; Keir Dullea, Gary Lockwood, William Sylvester, Douglas Rain (HAL 9000) нар тоглосон. Уг кино сансрын нислэгийг шинжлэх ухааны үндэслэлтэй дүрсэлсэнээрээ, тусгай эффектийн анхдагч гэдгээрээ, мөн тодорхойгүй сэдэв агуулгаараа алдаршсан ба Kubrick уламжлалт кино өгүүлэмжийн техникээс татгалзаж, диалогийг тун бага ашиглахдаа урт үзэгдлүүдийг зөвхөн хөгжим дагалддаг шийдэл нь шинэлэг арга байв. Тухайн цагт том кино продакшн оригнал хөгжимтэй байдаг байсан бол Kubrick үүнээс зайлсхийж, Richard Strauss, хоёрдугаар Johann Strauss, Aram Khachaturian болон György Ligeti нарын классик бүтээлүүдийг саундтрак болгосон нь өвөрмөц шийдэл байсан. "2001" кино Оскарын кино наадамд 4 төрөлд нэр дэвшсэнээс шилдэг дүрслэлийн эффектийн найруулгаар шагнал хүртсэн нь түүний хувьд найруулагчаар хүртсэн цорын ганц Оскар юм.

Киног хар бараан апокалипсисаас авхуулаад хүн төрөлхтний итгэл найдварыг оптимистикээр харуулсан гэх мэтээр нээлтээ хийснээс нь хойш янз бүрээр тайлбарлаж ирсэн бөгөөд критикүүд хүмүүний хувьсал, технологи, хиймэл оюун, харь гаригийнхан боломжтой зэрэг олон сэдвүүдийг судалсан ланжгар бүтээл гэж үнэлж дүгнэдэг. 1984 онд киноны үргэлжлэл болох "2010: The Year We Make Contact" гарсан, гэхдээ энэ кинонд Kubrick-н оролцоо огт байгаагүй. Энэ бүтээлийн гайхамшиг нь Kubrick нөр их хүч хөдөлмөрөөр бус багахан ч оновчтой, зоригтой бүтээлч байсанд оршино. Тэр үзэгчдийн анхаарлыг зориуд татахын тулд ганц ч кадр оруулаагүй, тэр зүгээр л юу хийж байгаагаа тун сайн мэдэж байсан; үүний үр дүнд сод урлагийн бүтээл төрсөн. Kubrick сцэн бүрийнхээ охийг нь гаргаж чадсан төдийгүй үзэгчийг эргэцүүлж, төсөөлөлдөө умбахад хангалттай удаан хугацаанд дэлгэцнээ орхидог. Бүхий л шилдэг шинжлэх ухааны уран зөгнөлт кинонууд дундаас "2001" кино л ганцаараа биднийг догдлуулахыг биш харин бишрүүлэхэд чиглэгдсэн. Тун цөөхөн хэдхэн кино л хөгжим эсхүл уран зохиол шиг бидний ухаан, төсбөлөлд нөлөөлж, улмаар трансцэндент болгодог; энэ тэр цөөхөн сор бүтээлийн нэг юм. Олонх кинонууд нь комедик юмуу драматик байдлаар бэрхшээлийг давж гарч байгаа дүрийн тухай өгүүлдэг бол энэ кинонд зорилго чухал биш, харин эрэл хайгуул, хэрэгцээ шаардлага чухал байдаг. Бүхий л шинжлэх ухааны уран зөгнөлт кинонуудаас хамгийн нөлөө бүхий, хамгийн маргаантай, Kubrick-н магадгүй хамгийн оргил ажил болсон уг кино нь хүн төрөлхтний ур ухаан хийгээд тэнэглэлийн талаарх нягт, яруу найраглаг бясалгал мөн.

Критикч David Denby Kubrick-г киноных нь цул чулуутай харьцуулж: найруулагчийг "өндөр давтамжтай орилоон дунд олонтаа гарч ирдэг, дэлхий ертөнцийг хувьслын дараагийн шат руу хүчээр өшиглөсөн ер бусын оюун ухаан" гэжээ. BBC уг киног Америкийн шилдэг 100 кино жагсаалтынхаа 4-р байрт жагсаасан бол Францын Cahiers du cinema сэтгүүл аугаа 100 кино жагсаалтынхаа 43-р байрт эрэмбэлсэн. Sight & Sound сэтгүүлийн 2022 оны найруулагчдын дундах санал асуулгаар нэгдүгээрт бичигдсэн байхад Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 3-р байрт жагсаасан байна. Ийнхүү үнэмлэхүй аяллаар аялцгаая. George Lucas: "Kubrick шинжлэх ухааны уран зөгнөлт жанрт үнэмлэхүй кино бүтээсэн, миний бодлоор үүнтэй зэрэгцэхүйц, эсхүл илүү гарахуйц кино хийх маш хэцүү байх болно. Техникийн түвшинд энэ киног "Star Wars"-тай харьцуулж болох ч би хувьдаа "2001"-г хамаагүй илүү гэж бодож байна". "2001" бүтээл Steven Spielberg, George Lucas зэрэг дараагийн үеийн Америкийн найруулагчдад үлэмж нөлөөлсөн, өнөөдөр л гэхэд Christopher Nolan зэрэг шилдэг найруулагчдын үзэж өссөн кино нь байсан ба ялангуяа киноны нөлөө тусгай эффектийн техникчдийн гарын авлага болохуйц хэмжээнд яригддаг.

Spielberg эл киног "их тэсрэлт" гэсэн бол Lucas Kubrick-г "найруулагчдын найруулагч" гэж өргөмжилсөн. Martin Scorsese өөрийнхөө дээдэлдэг киноны тоонд багтаасан байдаг, харин найруулагч William Friedkin "жанрынхаа загалмайлсан эцэг болсон кино" гэж. Мөн Америкийн найруулагч Sydney Pollack "Шинэчлэгч" кино хэмээсэн бол Ridley Scott "Шинжлэх ухааны уран зөгнөлт кино жанрыг тодорхой утгаараа устгасан, ялагдашгүй кино" гэжээ. Критикч Michel Ciment бичихдээ, Kubrick энэ киногоороо шинжлэх ухааны уран зөгнөлт жанрын кино урлагийг бүхэлд нь хоцрогдсон болгосон киног бүтээжээ гэсэн буй. "Dr. Strangelove" киноныхоо дараа Kubrick сэтгүүлчдэд дараагийнх нь төсөл харь гаригийнхны амьдралын тухай байх болно гэж хэлсэн бөгөөд тэрээр цуутай шинжлэх ухааны уран зөгнөлт кино хийхээр шийдээд байв. Kubrick хэрхэн, яаж шинжлэх ухааны уран зөгнөлт кино бүтээхийг хүсэх болсон нь яг таг тодорхой болоогүй байна. Намтар судлаач John Baxter-н тэмдэглэснээр, 1950-аад оны сүүлээр Ангилчуудын хийсэн хиймэл дагуултай, эртний хүмүүсийг өөрчилж байгаа харийнхны тухай кинонууд Kubrick-д сэдэл өгсөн байж магадгүй аж. Мөн найруулагчид MGM--ийн өндөр төсөвтэй "Forbidden Planet" кино, Японы kaiju (мангастай кино) жанрын кинонууд нөлөөлсөн байх гэжээ.

  Kubrick Америкийн MGM студитэй санхүүгийн болон түгээлтийн гэрээ байгуулсан ба MGM "How the West Was Won" киногоо хэт өргөн дэлгэцийн Cinerama форматаар гаргаад амжилт олчихоод байсан учир Kubrick-н киногоо Cinerama форматаар гаргах саналыг бодолцон гэрээ байгуулжээ. Киног бараг бүхэлд нь Kubrick-н амьдарч байсан Англид буюу MGM-ийн Англи дахь студид байгууламжийн зураг авалтыг, бас монтажийг хийхээр төлөвлөсөн бөгөөд MGM Англид хэрэгждэг бокс оффисын татвараас болж Kubrick-н хувийн продакшны компанитай гэрээ байгуулсан; уг гэрээнд нэгэн сонирхолтой заалт байсан нь, хэрэв Kubrick найруулагчаар ажиллах боломжгүй болбол Alfred Hitchcock, Billy Wilder, David Lean нарын найруулагчдын аль нэгээр орлуулна гэсэн байв. Тэр үеийн шинжлэх ухааны уран зөгнөлт кинонуудад гардаг сансар огторгуйн тухай фантааз зураглалаас зайлсхийх шийдвэр нь найруулагчийг маань сансар огторгуйн аяллын талаар илүү бодит,  илүү оновчтой дүрслэлийг эрэлхийлэхэд хүргэж. Кинонд гардаг сансрын технологийн зураг, ноорог, уран зургийн концептийг бүтээлгэхийн тулд Chesley Bonestell, Roy Carnon, Richard McKenna нарийн зураачдыг хөлслөсөн.

  Канадын уран бүтээлчдийн "Universe" богино хэмжээний аниматед баримтат кино болоод 1964 оны Нью-Йоркийн Дэлхийн үзэсгэлэнд гарсан "To the Moon and Beyond" гэсэн бүтээлүүд Kubrick-д хамгийн ихээр нөлөөлсөн гэж үздэг. Намтар судлаач Vince LoBrutto-н хэлснээр, "Universe" кино Kubrick-н хараа, дүрслэлийн гол урам зориг, санаа нь байж. 29 минутын хугацаатай тус кино сансар огторгуйг бодитой дүрсэлсэнээрээ алдаршаад байсан ба Kubrick-н эрэлхийлж байсан динамик харааны дүрслэлт реализмын стандартад нийцжээ. "Universe" киноны тусгай эффектийн артистаар ажилласан Wally Gentlemen "2001" кинонд түр хугацаагаар ажиллажээ. Kubrick мөн "Universal" кинонд туслах найруулагчаар ажилласан Colin Low гэгчээс аниматед камерын тухай зөвлөгөө авч, Low түүнд Их Британийн математикч Brian Salt гэгчийг санал болгосон ба Low, Roman Kroitor нар өмнө нь 1957 онд "City of Gold" баримтат аниматед хамтран ажилласан туршлагатай байлаа. " Universe" кинонд хүүрнэгчээр ажилласан Douglas Rain "2001" бүтээлд HAL-н хоолойг оруулсан. Продакшны бэлтгэл эхэлсний дараа Kubrick 1964 оны Дэлхийн яармаг үзэсгэлэн дээр "To the Moon and Beyond" киног үзжээ. Тус киног Cinerama 360-аар хийсэн бөгөөд НАСА болон Америкийн Агаарын цэргийн хүчинд зориулж кино хийдэг Graphic Films Corporation гэдэг компанийг дизайны зөвлөхөөр хөлслөхөөр шийдэж.

Уг компанийн авъяаслаг артистууд сансрын аяллын механик, физик судалгаанд суурилсан концепц ноорог, тэмдэглэлийг хийгээд Kubrick-д шуудангаар илгээдэг байв. Кино продакшны эхэн үед Kubrick кинондоо өгүүлэмжийг уламжлалт техник ашиглахаас зайлсхийж, оронд нь хөгжмөөр сэтгэл санааг өдөөхүйц чухал үүрэгтэй үгэн бус илэрхийлэмжит мэдрэмжийг хүссэн. Кинонд хөгжмийн тал хувь нь диалогийн эхний мөрийн өмнө юмуу сүүлчийн мөрийн дараа сонсогддог; диалогитой сцэнүүдийн үеэр хөгжим барагтай сонсогддогүй. Тэр цагт, мөн өнөөдөр ч ихэнх кинонд голдуу мэргэжлийн хөгжмийн зохиолчдын тусгайлан бичсэн хөгжим эсхүл дуунуудыг ашигладаг байсан ба анхандаа найруулагч маань Холливуудын алдартай хөгжмийн зохиолч Alex North-д хөгжмийн захиалга өгсөн байж, North өмнө нь түүний "Spartacus" ба "Dr.Strangelove" кинонуудад ажиллачихсан байв. Пост-продакшны үеэр Kubrick түүний хөгжмийг орхиод өмнө нь North-д хөгжмийн зохиолд нь сэдэл төрүүлэхээр өгөөд байсан классик хөгжмийн зохиолуудаа шууд ашиглахаар шийджээ. North өөрийнх нь зохиолыг ашиглаагүй гэдгийг киноны нээлт дээр л мэджээ.

Энэхүү кино нь шинжлэх ухааны уран зөгнөлт жанрын зохиолчид болон уг жанрын шүтэн бишрэгчдийн санал асуулгаар Шилдэг Драматик төрөлд Хюго шагналыг хүртсэн байдаг. Америкийн нэрт зохиолч Ray Bradbury киноны зураглалыг магтсан ч диалогийн ихэнх хэсгийг улиг болсон энгийн хэмээжээ. Мөн зохиолч Lester del Rey технологийн гайхамшигт хүрсэн хүн төрөлхтөнийг уйтгартай, үр өгөөжгүй дүрсэлсэн гэж ширүүлсэн авч киноны зураглал дүрслэлийн элементэд алга ташжээ. Шинжлэх ухааны уран зөгнөлт жанрын зохиолч Samuel R. Delany киноны үзэгчдийн орон зай хийгээд чиг баримжааны хэвийн мэдрэмжийг олон аргаар бууруулсанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ. Delany Bradbury-н адилаар дүрүүдийн харилцан ярианд утга учир байдаггүй гээд, мөн харин киноны төгсгөлийн дахин төрөхийн прелюдийг драматикийн хүчийг харуулсан шийдэл байсан гэжээ. Нэрт зохиолч Isaac Asimov "2001"-ийн талаар ерөнхийдөө ам сайтай байв. Английн шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолч James. P. Hogan кинонд дуртай байсан ч төгсгөлийг ямар ч утгагүй гэж үзсэн; тэрээр Clarke-н номын үйл явдлын санааг ичгүүргүйгээр хулгайлаад "Inherit the Stars" номоо бичсэнээ хүлээн зөвшөөрсөн. "2001" нээлтээ хийснээс хойш мэргэжлийн критикүүд, онолчид, шинжлэх ухааны уран зөгнөлт киноны шүтэн бишрэгчид янз бүрээр тайлбарлаж, анализ хийсэн байдаг; киноны тухай асуултууд нь хүн төрөлхтний гарал үүсэл, орчлон ертөнцийн хувь тавиланд үзүүлэх нөлөөллийн талаарх тодорхойгүй байдлаас өгсүүлээд киноны илүү оньсогот сцэнүүд дэх элементүүд; тухайлбал, цул чулууны утга, эсхүл сансрын нисгэгч David Bowman-н хувь заяаг тайлбарлах хүртэл үргэлжилдэг. Мөн түүнчлэн үйл явдлын тухай илүү энгийн асуултаас гадна сансар огторгуйн тухай асуултууд байдгаас HAL-н эвдрэлийн шалтгаан тодорхой бус байдаг (эхэн үеийн нооргуудад тайлбарласан боловч кинонд нууцлаг хэвээр үлдээсэн). 

Олон хүн энэхүү кино ямар сэтгэгдэл төрүүлсэн тухайгаа бичсэн захидлуудыг Kubrick руу илгээж байсны ихэнх захидалд киноны төгсгөлийн талаар байсан; критикүүдээс ялгаатай нь, үзэгчид төгсгөлийг төрөлт хийгээд дахин төрөлт гэж хүн төрөлхтний ирээдүйг өөдрөгөөр үзүүлсэн гэж үзэж байв. Харин кино критикүүд, судлаачид киног хүмүүний мөн чанар ба хүн төрөлхтний ирээдүйн тухай пессимист тайлбар гэж хүлээж авах хандлагатай байсан. Пессимист тайлбаруудаас хамгийн туйлширсан нь дэлхий дээгүүр хөвж байгаа ураг дэлхийг устгах болно гэсэн тайлбар байлаа. Зарим критикүүд сүйрлийг тайлбарлахдаа Kubrick-н өмнөх кино болох хүйтэн дайны сэдэвт "Dr. Strangelove" бүтээлийн зохиомжоос үүдэлтэй гэж үзсэн буюу "2001" кинонд дэлхийг тойрон эргэлдэж буй зүйл бол цөмийн зэвсэг гэсэн таамаглалд хүргэжээ. Энэ тайлбарыг Clarke эсэргүүцсэн, тэрээр: "Олон уншигчид номын сүүлчийн догол мөрийг үр хөврөл дэлхийг сүйтгэсэн, магадгүй шинэ Диваажин бүтээх зорилгоор устгасан гэж тайлбарласан. Ийм санаа надад хэзээ ч төрж байгаагүй" гэсэн буй. Киноны төгсгөлийг хар бараанаар тайлбарлаж байгаад найруулагч маань хариу өгөхдөө "ном дэлхийн сүйрлээр төгсдөггүй" гэжээ. Тэр үнэндээ юу болсон талаар тайлбар өгөхөөс татгалзаж, хүмүүс өөрсдийнхөө тайлбарыг хийхийг уриалсан.

  Тэрээр Playboy сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Та киноны утгыг философи, зүйрлэл гэх мэтээр хүссэнээрээ таамаглаж болно; ингэж таамаглана гэдэг кино үзэгчдийг гүн гүнзгий түвшинд татаж чадсаны илрэл" гэжээ. Дараа нь, Kubrick хэлэхдээ, гол зорилго нь "оюунлаг үг хэллэгээс" зайлсхийж,  "үзэгчдийн доод ухаанд" хүрэх явдал байсан гэсэн буй. Тэрээр хоёрдмол утгыг ерөөсөө эрэлхийлээгүй, хоёрдмол утга нь киног үгээр илэрхийлэхгүй болгосны зайлшгүй үр дүн гэсэн буй. Гэхдээ Kubrick ийм хоёрдмол утга, тодорхойгүй байдал нь киног сонирхолтой болгож байгааг хүлээн зөвшөөрсөн. Зарим судлаачид Clarke-н роман киног ойлгох гол түлхүүр болно гэж үзсэн. Эх романд, цул чулууг хувьслын олон үе шатыг туулж, органик хэлбэрээс биомеханик хэлбэрт шилжиж, эцэст нь шижир энергийн төлөвт хүрсэн харь гаригийнхны бүтээсэн хэрэгсэл гэж тодорхойлсон байдаг ба харь гаригийнхан сансар огторгуйгаар аялж, илүү бага төрөлдөө хувьслын алхам хийхэд нь тусалдаг. Харин үүний эсрэгээр, кино критикч Penelope Houston бичихдээ, эх роман киноноос олон аспектаар өөр ялгаатай тул номоор нь киног тайлбарлах учир дутагдалтай гэжээ. Критикч Carolyn Geduld бичихдээ, киноны бүх дөрвөн эпизодыг бүтцийн хувьд нэгтгэдэг зүйл нь киноны хамгийн том хийгээд шийдэгдэшгүй оньсого болох цул чулуу мөн гэсэн. Критикч Vincent LoBrutto үзэхдээ, Clarke-н роман олон хүний хувьд цул чулууны талаарх ойлголтыг нөхөж, харин кинонд илүү тодорхойгүйгээр дүрсэлсэн байдаг гэсэн буй.

Критикч Bob McClay бичихдээ, сармагчингууд багаж хэрэгсэл ашиглахад цул чулуу анх гарч ирдэг (энэ нь хүн төрөлхтний "эхлэл") хийгээд дөрөв дөх буюу сүүлчийн тохиолдолд цул чулуу гарч ирсэн нь "өөр нэгэн хувьсал" дууссан хоорондын зэрэгцлийг дүрсэлсэн гэсэн буй. Үүнтэй төстэйгөөр, критикч Tim Dirks тоймдоо, сармагчингаас хүн, хүнээс сансрын нисгэгч рүү, сахиусан тэнгэрээс оддын хүүхэд рүү, оддын хүүхдээс супермэн хүртэлх хувьслын мөчлөг дуусч байна гэж тодорхойлсон. Киноны төгсгөлийн харилцан ярианы сэдэв нь цул чулуутай холбогддог; гэхдээ цул чулууны үүсэл, зорилго нууцлаг хэвээр үлддэг билээ. Критикч Roger Ebert цул чулуу бол киноны үндсэн нууцлаг элемент гэж онцолсон ба критикч Patrick Webster киноны төгсгөлийн мөр киног бүхэлд нь хэрхэн авч үзэх ёстойг харуулсан байх гэж таамаглаж. Судлаачдын дэвшүүлсэн олон таамаглал, тайлбараас хамгийн сонирхолтой нь бол цул чулуу нь 90 градус эргэлдсэн үнэндээ өргөн хүрээтэй кино театрын дэлгэц буюу энэ бол кино театрын дэлгэцийн симбол аж. Цул чулуу нэгэн зэрэг дэлгэцийн хоёр тал, хар гадаргуу нь зөвхөн шингээж, юу ч илгээдэггүй; мөн бидэнд өөрсдийгөө, сэтгэл хөдлөлөө тусгахад хөтөлдөг аж. Clarke "2001"-ийн төгсгөлийг Оддын хүүхдээр хангагдсан "шинэ диваажин"-г бүтээхэд чиглэгдсэн гэж ойлгох нь зөв гэсэн; түүний бодол Kubrick-г нас барсны дараа Kubrick-тэй хийсэн ярилцлага нийтлэгдсэнээр баталгаажсан. Kubrick Bowman-г хүмүүний хувьслын дараагийн үе шатыг төлөөлөх илүү өндөр түвшинд хүрсэн гэж хэлсэн. Уг киног мөн зарим критикүүд ер бусын хийгээд эрхэм дээд мэдрэмжийг илэрхийлдэг гэж тодорхойлжээ.

  Судлаач Gregory Caicco бичихдээ, уг кинонд гарах сансрын эрэл хайгуул нь хоёр зөрчилдөөнт хүсэл, өөрөөсөө илүү дээд зүйлтэй учрах хэрэгцээгээр тодорхойлогдсон "эрхэм дээдийн хүсэл"ээр хэрхэн өдөөгдөж байгааг харуулсан буюу "ямар нэгэн ер бусын зүйл"ийн тухай, мөн түүнчлэн биднийг сансар огторгуйд төөрсөн бус, харин орон гэртээ байгаа мэт сэтгэгдэл мэдрүүлдэг гоо сайхны зөрчилдөөнт хүслийн тухай юм гэжээ. Шинжлэх ухааны уран зөгнөлт нэгэн сэтгүүлд бичсэнээр, "2001" бүтээл нь гайхам мэдрэмжийг төрүүлдэг ч бидний ойлгож чадна гэж мэдэрдэг орчлон ертөнцийг дүрсэлсэний хажуугаар "ер бусын мэдрэмж"-ийг хэрхэн бий болгодогийг харуулсан гэсэн байдаг. Кинонд "эрхэм дээд ба улигт" байдал нь зэрэгцэн оршдог, энэ нь сансарт гарахын тулд хүмүүс сансарт гарахад сэдэл болсон "гайхшралын мэдрэмж"ээсээ татгалзах ёстой гэсэн үг гэж критикч Christopher Palmer дүгнэжээ. HAL 9000 супер компьютерын эвдрэл хийгээд үүнээс улбаатай хор хөнөөлт хандлагын талаар судлаачид, критикүүд өргөнөөр хэлэлцсэн; зарим нь үүнийг Frankenstein-н мангастай харьцуулжээ. Clarke-н романд, Hal "Discovery" хөлгийн багийханд худал хэлж, тэднээс нууц мэдээллийг гажуудуулах, нуухгүйгээр үнэн зөв боловсруулах зорилготой бүтээгдсэн ч хүний амь наснаас илүүтэй нууцаар програмчлагдсан даалгаварыг нэн тэргүүнд авч үзэх тушаал авснаар эвдэрдэг аж.

Критикч Ebert HAL төгс компьютер хэдий ч үнэндээ хамгийн хүнлэг дүр нь гэж бичжээ. Kubrick нэгэн ярилцлагадаа, HAL өөрийнхөө алдааны баталгааг хүлээн зөвшөөрч чадаагүйн улмаас хямралд орсон гэсэн нь сонирхолтой. "2001" киног олон янзын зүйрлэлээр тайлбарладаг; амьдрал ба үхлийн симболыг киноны төгсгөлийн мөчүүдээр дамжуулан харж болох агаад эцсийн мөчийн зураглалыг Шведийн гэрэл зурагчин Lennart Nilsson-н "Star Child" бүтээлээс санаа авч бүтээжээ. Уг кино нь Homer, Nietzsche хоёрын бүтээлийн зүйрлэлээс гадна хүн болон машин хоёрын харилцааны тайлбар гэдэг. Критикч Penelope Gilliatt "2001"-г мартагдашгүй, аугаа кино; ховсдохуйц энтертайнмент гэж дүгнэсэн. Критикч Charles Champlin дэлхийн өнцөг булан бүрт байгаа бүх насны шинжлэх ухааны уран зөгнөлт жанрын киноны шүтэн бишрэгчид хэзээ нэгэн цагт энэ салбараас тэдэнд өгөх байх гэж залбиран гуйж байсан кино мөн гэж үгээ олохгүй магтсан. Сэтгүүлч Loise Sweeney энэ бол орчин үеийн технологийн тухай бишрэм галактик хоорондын ёжлол, Kubrick-н кино-хөлгөөр дэлхийгээс гадна орчлон ертөнцөөр аялсан гайхалтай 160 минутын аялал гэж сэтгүүлдээ бичжээ. Өөр нэгэн критикч эл киног D. W. Griffith-н "Intolerance" киноноос хойших анхны олон сая долларын супер аварга кино байж магадгүй хэмээсэн байхад The Boston Globe сэтгүүл дэлхийн хамгийн ер бусын кино, үүнтэй төстэй кино лав л манай Бостонд урьд хожид гарч байгаагүй гэж алмайрсан байна.

  Roger Ebert киноны амжилтыг сансар огторгуйн хэмжээтэй гэж үнэлсэн бөгөөд миний хувьд "2001"-г өөрийн жанрынхаа оргил үед хийгдсэн футуристик салбартаа туйлын чухал ач холбогдолтой бүтээл санагддаг. Гэхдээ бүх хүн киног магтсангүй, урлагт үргэлж байж ирсэн дутагдалтай талыг нь шүүмжилсэн юмуу эсхүл зүгээр ойлгоогүй хүмүүс байлаа. Критикч Pauline Kael уг сууриасаа төсөөлөлөмтгий бус кино гээд цааш нь, Kubrick энэ кинондоо хийхийг хүссэн бүх тэнэг зүйлсээ хийсэн гэж баалсан. Мөн алдартай критикч Stanley Kauffmann маш уйтгартай кино гэсэн бол найруулагч Andrei Tarkovsky шинжлэх ухааны уран зөгнөлт жанрт хангалттай хувь нэмэр болохуйц бус кино гэж хэлсэн нь тун сонирхолтой. Variety сэтгүүл аварга, үзэсгэлэнтэй боловч сонирхолгүй кино шинжлэх ухааны уран зөгнөлт туульс гэсэн ч киноны тусгай эффект хийгээд зураглаачийн ажлыг өндрөөр үнэлсэн. Нэрт критикч Andrew Sarris "2001"-г, амьдралдаа үзсэн хамгийн аймшигтай муу кинонуудын нэгээр нэрлэж,  яагаад ийм гамшгийн байгаа нь абстракт утгыг гаргахад өөрөө хэтэрхий абстракт гэсэн буй. 

Comments