The Man Who Would Be King (1975) . 1885 оны Энэтхэгт, сэтгүүлч Kipling оффис дээрээ шөнөөр ажиллаж байтал хуучны танил тоор хочит Carnehan гэнэт зочлон ирэх бөгөөд Carnehan нэрээ хэлэх хүртлээ хүн танихын аргагүй эрэмдэг зэрэмдэг болжээ. Carnehan адал явдал эрэлхийлэгч, дотно анд Danny-ын хамтаар (дашрамд тэд хоёулаа Их Британий халагдсан офицерүүд) Энэтхэгээс алс хол Кафиристан (одооны Афганистан болон Пакистаны хэсэг). хэмээх алслагдсан нутаг эд баялаг хайж явсан тухайгаа Kipling-д ярьснаар киноны маань үйл явдал эхэлнэ. 3 жилийн өмнө ажээ. Danny, Carnehan хоёр Kipling-тэй эвгүй байдлаар танилцсан буюу тэд Kipling-ын цагийг хулгайлсныхаа дараа цаган дээр масоны тэмдэг байхыг олж хараад ижил масон нөхрөөсөө хулгайлах ёсгүй гэж үзэж буцааж өгснөөр тэд танилцжээ. Тухайн цагт, найзууд нутгийн ражаг сүрдүүлэх хуйвалдаан дээр ажиллаж байсан ба Kipling тэднийг зогсоодог. Ашигтай дээрэм хомс болсонд бухимдаж, буцаад Их Британид очиход ажилгүй хэцүүхэн байхаа ухамсарласан хулгайч найзууд болох Carnehan, Danny хоёр Kipling-д зоригтой шийдэмгий төлөвлөгөөгөө танилцуулдаг: тэд винтов, сум аваад Кафиристан руу аялаад (Их Александраас хойш европ хүн хөл тавиагүй нутаг) тэнд нутгийн эздэд зэр зэвсгийн тусламж үзүүлэх замаар өрсөлдөгчдийг нь устгах үйлчилгээ үзүүлснийхээ хариуд шан харамж авна гэнэ. Kipling тэднийг яаж ятгаад нэмэргүйгээ мэдээд явахад масоны тэмдэгтэй зүүлтийг Danny-д сайн сайхныг ерөөж бэлэглэнэ. Мэхлэгч найзууд архи уухгүй, хүүхэнтэй орооцолдохгүй, хоёр биедээ үнэнч байхаа баталгаажуулан гарын үсэг зурцгаасныхаа дараа ёстой л нэг туульсын гэмээр аялалд гарна. Тэд Кафиристанд хөл тавих хүртлээ хэдэн долоо хоногийг цөл, цасан шуурга, замын дээрэмчид гээд юу эсийг үзсэнийг тоочих юм биш. Тэд Кафиристанд очоод хэдэн жилийн өмнө Английн экспедицээс ганцаараа амьд үлдсэн Billy гэх цэрэгтэй танилцаж баруун гар, орчуулагчаа болгох буюу Billy Кафиристанд удсан тул орон нутгийн хэлээр ус цас болсон байна.
Луйварчин найзуудын санал болгосноор Кафиристаны жижиг овог аймгууд орчин үеийн зэвсэг, тактикийн өмнө хүчин мөхөсдөж, улмаар манай туульсын баатрууд хавь ойрын бүхий л овог аймгуудыг нэгтгэж, харин өөрсдөө Хаан шиг эрх ямбатай болно. Гэтэл нэг удаагийн тулааны үеэр Danny цээжиндээ сум харвуулдаг ч үхэх байтугай цус гарсангүй нь нутгийнхан түүнийг Бурхан хэмээн өргөмжлөхөд хүргэнэ (үнэндээ сум цээжний дайзын оножээ). Ингээд зальт найзуудын Сикандергул хотын ариун сүмийн тэргүүн тахилч хотдоо урин залах ба тэргүүн тахилч Danny-г үнэхээр Бурхан уу, хүн үү гэж шалгахаар болж, цээжийг нь яран хутгалах гэтэл Kipling-ын өгч байсан масоны тэмдэгтэй зүүлтийг хараад Danny-г Бурхан гэдэгт эргэлзэхгүй итгэнэ. Масоны тэмдэг бол Сикандерын үлдээсэн ариун симбол буюу нутгийнхны хувьд Сикандер гэдэг нь Их Александр агаад Александрын хүү хэзээ нэгэн цагт эргэж ирээд тэлэх дахин удирдана гэдэгт итгэсээр иржээ. Ийнхүү Danny Их Александрын хүү болж, Бурхан шиг шүтэгдээд зогсохгүй Их Александрын үлдээсэн төсөөлөшгүй их хэмжээний алт, эрдэнэсийг захиран зарах эрхтэй болжээ. Carnehan чадах хэрээрээ эрдэнэсийг ачиж аваад хавар болж, уул давах боломж гарангуут буцая хэмээхэд Danny өөрийг нь Бурхан шиг шүтэх олон түмний хайр, бишрэлд сохроод жаргалтай сайхан байгаа газраа солих ямар хэрэг байна, яагаад үлдэж болохгүй гэж бодож эхэлснээр найзуудын дунд хагарал үүсдэг. Ингээд, Carnehan эрдэнэсээ аваад явахаар болоход, Danny нутгийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйтэй хуримлаж Хаан ширээгээ өвлүүлэх тухай бодно. Хурим болоход, олны өмнө сүйт бүсгүй Danny-г хазсанаар хамаг гай үүсэх буюу хазуулсан Danny-гаас цус гарахыг харсан нутгийн иргэд, тэргүүн тахилч түүнийг Бурхан биш (Бурхнаас цус гарахгүй) ердөө эгэл хүн гэдгийг олж мэдээд мэхлэгчдийг даруй барьж гэсгээхээр болдог. Уурссан нутгийнхан Danny-г өндөр гүүрнээс унагаж ална, харин Carnehan-г олон хоног тарчлаасан ч тэрээр азаар амьд үлдэж зугтаасан боловч үлдсэн насаа үзээрийн муухай өнгөрүүлэхээр болжээ. Kipling-ын оффист болсон түүх ингэж төгсөх бөгөөд Carnehan түүхээ дуусгаад Kipling-д нэгэн боодолтой зүйл орхиод явж одно. Kipling боодолтойг тайлахад алтан титэм өмссөн Danny-ын гавлын яс байв.
Английн нэрт зохиолч Rudyard Kipling-ын ижил нэрт туужаас сэдэвлэсэн Америкийн аугаа кино урлаач John Huston-ын найруулсан адал явдалт кино. Киноны гол дүрүүдэд: Michael Caine, Sean Connery, Christopher Plummer гэсэн аваргууд тоглосон. Боломж эрэл хайгуул, хэзээ ч хүрэхгүй хүсэл хийгээд ёжтой эргэлтийн цэгээр үнэмлэхүй бүтэлгүйтэл бол John Huston-ын дуртай сэдэв буюу энэ кино бол цэвэр Huston-г илэрхийлсэн бүтээл юм. Энэ магадгүй түүний хамгийн адал явдалтай кино болов уу. Huston голдуу эршүүд, драматик, зан авираас үндэслэгдсэн хуучинсаг аргаар хүүрнэх дуртайгаас гадна түүний кинонууд бурхны шоглоом мэт аз хийгээд хувь тавилангийн эргэлтийг яруу найраглаг маягаар хүүрнэдэг нь өнөөдрийн үзэгчдэд ч сонирхолтой хэвээрээ байна. TSPDT сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 750-р байрт жагсаагаад байна. Rudyard Kipling-ын эл зохиолыг багадаа уншсанаасаа хойш Huston кино болгохоор төлөвлөж байгаад 1950-аад оноос эхлэн хэрэгжүүлэхээр ханцуй шамлан орсон ба голын дүрийн Danny, Carnehan хоёрт Clark Gable, Humphrey Bogart хоёрыг тоглуулахаар бодож байж. 1957 онд Bogart, 1960 онд Gable тус тус нас барснаар төсөл зогссон бол Burt Lancaster, Kirk Douglas хоёртойгоор нэг үзэх гээд болоогүй аж. 1970-аад онд Robert Redford, Paul Newman нар тоглохоор яригдаж байх үед Paul Newman энэ кинонд заавал Их Британий жүжигчин тоглуулах ёстой гэж Huston-д зөвлөснөөр Michael Caine, Sean Connery хоёр гол дүрүүдийг авсан буюу Paul Newman тэднийг Huston-нд санал болгожээ. Caine энэ кинонд тоглохыг маш их хүсч байсан, ялангуяа өөрийнх нь шүтээн Bogart өөрийнх нь дүрд тоглох боломжтой байсныг мэдээд улам ихээр хүсэх болсон гэдэг. Энэ киноны жүжигчдийн жагсаалтад багтсан цорын ганц эмэгтэй дүрд Michael Caine-ын эхнэр Shakira Caine тоглосон.
Уг нь анх бол
хүүхдийн зохиолч Roald Dahl-ын охин Tessa Dahl тоглохоор болоод Tessa ч дүрдээ
бэлтгэж жин хасаад байсан ч бараг сүүлийн минутад Huston бодлоо өөрчилсөн
гэдэг. Шалтгаан нь гэвэл мэдээж Michael Caine байв; юу гэвэл Huston, Caine хоёр
оройн хоолонд орж, энэ үед найруулагч ганц эмэгтэй дүрдээ араб гүнж төрхтэй
хүүхэн тоглуулах хүсэлтэй байгаагаа хэлэхэд Caine тэр дор нь Энэтхэг гаралтай
эхнэр Shakira-гаа танилцуулснаар энэ асуудал шийдэгджээ. New York сэтгүүл уг
киног Huston-ын "The African Queen" киноноос хойших хамгийн шилдэг
бүтээл гэсэн байдаг бол Time сэтгүүл "Huston энэ киногоо бүтээхийг олон
жил хүссэн, энэ үнэхээр хүлээхүйц үнэ цэнэтэй кино болжээ" гээд цааш нь;
"Адал явдал, гунигаар баялаг энэхүү аядуухан ч зэвүүн кино нь Huston-ын
сүүлд 10 жил дэх хамгийн шилдэг ажил" гэж бичжээ. Тэгвэл Roger Ebert уг
киног "Мастерын гарт байгаа цэвэр бөгөөд энгийн онгироо адал явдалт
түүх" гэжээ. Зарим шүүмжлэгчид Michael Caine-г энэ кинонд замналынхаа
шилдэг дүр бүтээлтийг хийсэн гэдэг бол зарим нь ерөөсөө түүнээс болж кино
комеди шинжтэй болсон гэж шүүмжлүүлжээ. Туульсын кино инээдмийн юмуу
хошигнолтой байдаггүй, ийм чанарыг агуулсан кино цөөхөн. Тэгвэл энэ кино энэ
цөөхөн киноны нэг бөгөөд инээдэм ба гунигийг хослуулснаараа шедевр буюу
"ховор" кино болж байна.
Comments
Post a Comment