The Lusty Men (1952) . Амьдралаа Родеогийн (бух унах, тугал бугуйлдах, эмнэг хангах зэрэг ковбойчуудын тэмцээн) тойрогт өнгөөрсөн Jeff ээлжит тэмцээндээ орж байгаад хүнд бэртэж, улмаар зодог тайлахаар шийднэ. Тэр төрсөн нутаг, гэрээ зорино. Гэвч орон гэр нь өөр хүнийх болсон байна. Jeff тэнд Wes болон Louise гэдэг эхнэр, нөхөртэй танилцах ба Wes, Louise хоёр өөрсдийн гэсэн орон байртай болохын төлөө шаргуу ажиллаж мөнгөө цуглуулж байгаагаа Jeff-д хэлнэ. Wes Jeff-г алдартай родеочин болохыг таньж, өөрийнхөө ажилдаг газарт ажилд оруулна. Эрчүүдийн нөхөрлөл өдрөөс өдөрт зузаарах бөгөөд Wes Jeff-аар дасгалжуулан жижиг тэмцээнд амжилттай оролцож сарын цалингаа цаг хүрэхгүй хугацаанд олж, үүндээ урамшин родеочин болохоор сэтгэл шулуудна. Харин Louise-д энэ санаа огт таалагдахгүй бас нөхрөө яаж я ятгаад нэмэргүй тул нөхрийнхөө амалсан; эдлэн газрын мөнгөтэй болоод л болино гэсэн үгэнд итгэж тэвчихээс өөр замгүй болно. Эрчүүд жижиг тэмцээнүүдэд амжилт үзүүлж, Wes-ын ч ур чадвар мэдэгдэхүйц сайжирна. Louise родеогийн амьдралтай танилцах тусам сэтгэлээр унаж байв, учир родеочид эхнэрүүдийн хамт чингэлэгт амьдран, тэмцээнээс тэмцээн дамжин амьдрахдаа шагналын мөнгөөрөө архидан зугаацан өнгөрүүлэх ба тэдний төгсгөл нь үхэл юмуу тахир дутуу болсоноор өндөрлөнө; нэг үгээр Wes шиг шинээр ирэгсэд хийгээд тахир дутуучууд, мөн бэлэвсэн эхнэрүүд родеогийн амьдралыг бүрдүүлнэ. Wes дажгүй амжилт олж, мөнгө ч олж эхэлнэ. Хосууд хангалттай мөнгөтэй болсон ч ажилтандаа мансуурсан Wes шинэ амьдралын хэв маягаасаа гарахыг хүсэхгүй. Энэ үед нэгэн шаргал үст хүүхэн хосуудын дундуур орж ирэн гал дээр тос нэмнэ. Louise нөхрийнхөө анхаарлыг татаж, хардуулах гэж Jeff-тэй аальгүйтэж эхлэхэд хэдийнээ түүнд хайртай болсон Jeff хүүхнээс нөхрөөсөө өөр эрийг хайрлаж чадах уу гэж асуухад Louise үгүй хэмээн үнэнээ хэлдэг. Wes эхнэрээ харамлан Jeff-тэй муудалцахдаа; би зовж олсон мөнгөнийхөө талыг чамд үүнээс цааш өгөхгүй гэснээр тэд зам салцгаадаг. Jeff Wes-д хэн болохоо харуулах гэж, мөн Louise-д ямаршүү эр гэдгээ үзүүлэх гэж родеогийн тэмцээнд орж маш хүнд бэртэж, энэ удаад бэртлээ даалгүй нас бардаг. Тэр үхлээр Wes-ын хүндэтгэлийг олоод зогсохгүй түүнийг ухааруулдаг ба Wes эхнэрээ дагуулан родеогийн тойргийг үүрд орхин оддог.
Америкийн кино найруулагч Nicholas Ray-ын Вестерн драм. Гол дүрүүдэд: Susan Hayward, Robert Mitchum, Arthur Kennedy нар тоглосон. Кино зохиол 1946 онд Life сэтгүүлд гарсан Claude Stanush-ын нийтлэлээс улбаатай ба кино зохиолыг Horace McCoy, David Dortort нар бичсэн гэдэг ч мөн Alfred Hayes, Andrew Solt нарын хувь нэмэр байсан гэсэн яриа байдаг. Орчин үеийн хувцаслалттай Вестерн нь Ray-ын үргэлж голлон авч үздэг дургүйцэл, өөрийгөө сүйтгэх сэдэв дээр төвлөрдөг ба Ray-ын эхэн үеийн эл шедевр магадгүй түүний хамгийн гунигтай, бодлогошронгуй кино болов уу. Кино зураглаачаар алдарт Lee Garmes ажилласан, Ray зураглаачийнхаа хамтаар родеогийн тоостой, цөхрөлийн тогтворгүй уур амьсгалыг гайхам бүрдүүлдэг; энэ нь түүний дүрүүдийн эсрэгцэлийн өдөөлтийг илэрхийлж; эрх чөлөөний хүсэл нь найдвартай байдлын эрлээр тэнцвэрждэг. TSPDT сайт уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 844-р байрт эрэмбэлээд байна. Шүүмжлэгчид киноны бодитойг магтаад; мэргэжлийн "эмээлтэй тэнүүлчид" буюу Вестерний родеогийн эмх замбараагүй амьдралын хатуу ширүүнийг хурцаар, тод үзүүлсэн гээд найруулагч Ray родеочуудын булчин хийгээд лугшилтыг бодитоор дүрсэлж чадсан гэжээ. Ray замналынхаа туршид холливуудын студиудтэй дайтаж ирсэн ч уран бүтээлчийнхээ хувьд буулт хийж ирсэн хурц сэтгэл хөдлөлтэй, гайхалтай төсөөлөлтэй, өөрийгөө сүйтгэгч зан авиртай хүн байв. Түүний шилдэг кинонууд ганцаардмал, гадуурхагдсан сэдвийг гол болгосон романтизмаар баялаг байдгаараа Америкийн гэр бүл, дундаж давхаргынхны үнэт зүйлстэй зөрчилддөг байв.
Ийм кинонууд Ray-ын
гадуурхагдсан, тусгаарлагдсан хүмүүсийг ойлгодог болохыг илтгэнэ. Тэр үеийнхээ
бусад найруулагчдын адилаар холливуудын студийн даалгавар, шахалтаар янз бүрийн
жанрын кино хийсэн байдаг. Өөрийн хувийн мэдрэмж, хэв маягийг илэрхийлэхийн
тулд тэрээр уламжлалт, арилжааны кинонуудын дунд өөрийнхөө уран сайхны орон
зайг олох ёстой байсан ба ерөнхийдөө амжилттай байсан ч сэтгэл санааны хувьд
асар их үнэ төлсөн. Амьдралынхаа төгсгөлд архи, хар тамхины ноцтой хамааралтай
болсон Ray-ын нэр хүнд шалаар унасан нь харамсалтай. Тэрээр Испанид хоёр кино
хийснийхээ дараа арилжааны кино урлагийг орхисон. Кино родео ба үүнийг дагасан
эрчүүдийн дэд соёлд өрнөнө. Эршүүд, харисматик Jeff үүний нэг жишээ ба хуучин
гэртээ очоод хүүхэд насаа дурсаж байгаа нь түүний өнгөрсөндөө гаргасан шийдвэрт
харамсаж буйг илэрхийлж байгаа нь илт. Ray-ын гүнзгий симпати гэр бүлийн
амьдралыг сонгосон хүнд биш харин гадуурхагдагсдад оршдог. Гэвч кино родео этик
ба тэнэмэл родеочуудыг өрөвдөхөд оршдоггүй; родео амьдралд жинхэнэ ялагч
байдаггүй. Родео бол архидах, хүүхэндэх, нэг төрлийн айдасгүй тэнэглэл бүхий
стоизим ноёрхсон эрчүүдийн ертөнц ба тэмцээний үеэр хүүхнүүд үзэгчдийн суудлаас
нөхрөө битгий л бэртээсэй, үхэх бий дээ бурхан минь гэж залбиран үздэг.
Comments
Post a Comment