"Хирс". Румын гаралтай Францын жүжгийн зохиолч Эжен Ионескогийн 1959 онд бичсэн жүжиг. Энэхүү жүжгийг Мартин Эсслин дайны дараах авангард "Абсурд театр"-ын хүрээнд авч судалсан боловч бусад судлаачид ингэж гарчиглан тайлбарлахад хэтэрхий хязгаарлагдмал хэмээн татгалзсан байдаг. Жүжиг гурван үзэгдлээс бүрдэх бөгөөд үйл явдал Францын нэгэн жижиг хотын оршин суугчид хирс болон хувирч байгааг харуулна. Үй олноороо хувирч байхад хувиралд автдаггүй цор ганц хүн бол жүжгийн гол баатар Беренгер бөгөөд энэ бол архи уудаг, хоцрогдсон, амьдралын хэв маяг нь удааширсан "байдаг л нэг хүн" ба сүүлдээ түүний параной аажмаар улам гаарч, хирсний хувиралтад хэт автаж буйг харуулна. Энэхүү жүжгийг дэлхийн хоёрдугаар дайны өмнөх нацизмын үйл явдлууд болон фашизмын гэнэтийн өсөлтөд хариулсан шүүмжлэлт бүтээл гэж үзэж болох ба мөн жүжигт нийцэл, соёл, фашизм, хариуцлага, логик, бүлэглэлийн сэтгэлгээ болоод философи, ёс суртахууны сэдвүүдийг судалдаг.
ҮНДСЭН САНАА. Беренгерийг гуньсан, хайхрамжгүй, архичнаас хүн төрөлхтний аврагч болгон хувиргаж байгаа нь "Хирс" жүжгийн үндсэн сэдэв бөгөөд оршин байхын гол тэмцэлд; хүн амьдралд учир утга өгөхийн тулд чухал үйл хэрэгт өөрийгөө зориулах ёстой. Жан Беренгерийг илүү их хүсэл зоригтой байж, амьдралын дарамтад нугарахгүй байхыг тогтмол уриалдаг ба Дудард гэх мэт бусад дүрүүд хувь тавилангаа ингэж л удирдаж байх шиг байдаг. Беренгерт их хүсэл зориг байдаггүй нь түүний архинд живсэн, мөрөөдөх хандлагатайгаас харагддаг. Гэсэн хэдий ч тэрээр жүжгийн нэгдүгээр үзэгдлийн дараа хариуцлагын дарагдсан мэдрэмжээ хадгалж үлдэн, эргэн тойрныхоо хирс-хувиралтад буруутай мэт мэдрэмжтэй байдаг, өөрөөр хэлбэл түүний анхны хайхрамжгүй байдлаас болж хариуцлагагүй, хайхрамжгүй уур амьсгалыг бий болгоход тусалжээ. Цаашилбал, тэрээр ноён, хатагтай Боефуудыг чин сэтгэлээсээ хандаж байгаа нь бусдыг хайрлах сэтгэлтэй буюу жүжгийн эхэнд Дэйси-д санаа тавьж байгаагаас харж болно. Гуравдугаар үзэгдэлд, түүний гэм буруугийн ба хариуцлагын мэдрэмжээс хамгийн хариу нэхээгүй хайр болох бүх хүн төрөлхтнийг болзолгүй хайрлаж, өөрийг нь шоолж байсан хүмүүсийн сайн сайхны төлөө санаа тавьдаг болохыг харуулж байна. Энэхүү бүх зүйлсийг хамарсан хайр түүний амьдралыг учир утгатай болгодог. Жан шиг хүчирхэг гэгддэг дүрүүд хирсний-тахлаар хүсэл зоригийн эцсийн шалгалтад унаж, мөн тэдний сүйрч буй хүсэл хариуцлагаас зайлсхийж буйгаар зөгнөгддөг ба жишээлбэл, Дэйси гэм буруугүй амьдрахыг хүсдэг. Тэдний хүслийн талаарх ойлголт нь Фридрих Ницшегийн "Чадах хүсэл" гэсэн концептоос үүдэлтэй аж. Тэдний хувьд хүсэл бол хүмүүний ёс суртахуунаас давсан хүчирхэг оршихуй болох Ницшегийн "Дээд хүн"-д хувирах явдал юм. Жүжгийн хоёрдмол үзэгдэлд, хирснүүдийн зэрлэгшил, Жаны өөрчлөлт болон мэдэгдэл зэрэг нь Чадахын төлөөх хүслийн жишээ бөгөөд тэр харгис болж, хуманизм үхсэн гэж мэдэгдэж, мөн Беренгерийг гишгэхийг оролддог. Жүжгийн төгсгөлийн элэглэл бол Беренгер хүн төрөлхтний өмнө хариуцлага хүлээхийн тулд хүмүүсийг хайрлах үндсэн дээрээс бий болсон хүсэл зоригийн нөөцөө цуглуулж жинхэнэ дээд хүн болж байгаа явдал юм.
"Хирс" нь логикийн хязгаарлалтыг илчилж, абсурд бол ертөнцийг ноёрхогч хүч болгодог. Логикиан, Жан, Ботард зэрэг өөрсдийгөө рационал гэж мэдэгдсэн дүрүүд нотолгоондоо эргэлзэх юмуу буруу таамаглалаа хөгийн үнсдэлээр тайлбарладаг. Логикиан нэгдүгээр үзэгдэлд хирс хэр олон байсан, ямар үүлдвэр байсныг олж илрүүлэх оролдлогын үр дүн бол ердөө бүр анхны асуултын дахин давталт юм. Нэгдүгээр үзэгдэлд Беренгер Жаны санааг "утгагүй" гэж нэрлэж, энэ үг жүжгийн турш цуурайтдаг ба ертөнц бол учир утгагүй, абсурд, логикийн хүрээнээс татгалздаг. Беренгерийн хэлснээр хирсний тухай сонин дээрээс уншвал үйл явдлаас холдож, рационал болон салангид байж чадах ч эдгээрийн дунд хутгалдахгүй байх боломжгүй ажээ. Салангид зай ба ойрын төөрөгдөл хоёрын хоорондын тэнцвэр Беренгерээс логик шинжтэй дүрүүдийг хуваадаг. Тэд бодит асуудалтай тулгарч, логик нь нурах хүртэл логик зайгаа барьсаар байдаг. Беренгер "амьдрал бол мөрөөдөл" гэж анхнаасаа абсурдыг хүлээн зөвшөөрч, эргэн тойрныхоо тайлбарлагдашгүй тохиолдлуудыг дурддаг ба энэ нь түүнд логик "шийдэлд" хэзээ ч хүрч чадахгүй ч хувирлын абсурд байдлыг илүү сайн ойлгох боломжийг олгодог. Дэлхий ертөнцийг абсурд гэж хүлээн зөвшөөрөх нь учир утгатай амьдралыг хамтдаа бүтээх эхний алхам гэж Ионеско үзэж байна. Хирснүүдийн "тахал" нь дэлхийн хоёрдугаар дайны өмнөх болоод дайны үеийн нацизм ба фашизмын үй олноор сэргэсний зүйрлэл ба Ионеско "Хирс"-ыг бичих болсон гол шалгуур бол нацистуудын аймшигтай явдлыг шүүмжлээд өнгөрөх бус мөн нацизмд автсан хүмүүсийн сэтгэцийг судлах явдал байв.
Хувь хүний чөлөөтэй бодох, хүсэл зоригийг тогтворгүй болгон сүйтгэгч түгээмэл ухамсар нь уг сэтгэхүйг тодорхойлдог буюу өөрөөр хэлбэл хүмүүс эргэн тойрныхоо ерөнхий үзэл бодлын цасан бөмбөгт эргэлдэж, бусад хүмүүс юу бодож байгааг бодож эхэлдэг. Жүжигт, хүмүүс бусдын өмнө хэлсэн санааг давтах юмуу эсхүл ижил зүйлсийг нэгэн зэрэг хэлдэг. Ионеско өөрийн жүжгийг нацизмын харгислалын өрөөсгөл шүүмжлэл болгохоос болгоомжилдог. Жүжиг өрнөх тусамтай зэрэгцэн хирснүүд хүн төрөлхтний бузар булайг харлуулах тусам улам үзэсгэлэнтэй болсоор байдаг ба үзэгчид нацистуудын хорт хавдрыг бусдаас илүү гэж үздэг байсан сэтгэхүйг хүлээн зөвшөөрөх хүртэл мэдрэмжийг авдаг. Чухамдаа, Дудард хирсний "түгээмэл гэр бүлд" нэгдэхийг хүсэж байгаа нь хирс нь бусад хүн төрөлхтнөөс бие махбодийн хувьд илүү гэж үздэг байсан Ари үндэстний арьс өнгөний ялгаварыг харуулдаг. Гэсэн хэдий ч тэд ёс суртахууны хувьд зөрчилтэй хэвээр байгаа бөгөөд жүжгийн явцад хүчирхийллээ улам нэмэгдүүдсээр байдаг. Ионеско философич Жон Стюарт Миллийн "хөнөөлт зарчим"-ын эсрэг аргументыг анхааралтай судалсан буюу энд хэн нэгэнд хор хөнөөл учруулаагүй л бол хувь хүний эрх чөлөөг хадгалах ёстой гэж заадаг. Ионеско 1930-аад оны үед хувь хүмүүс болон бүхэл бүтэн улс орнууд фашизмыг нүдээ аниад өнгөрүүлсэнтэй адилаар жүжигт хирснүүдэд идэвхгүй хандаж буй нь фашизмыг сэргээсний зүйрлэл буюу энэ хоёр тохиолдолд шууд хүчирхийллийн хор хөнөөлтэй гэдгийг харуулж байна.
МОТИФ. Самуэл Беккетийн "Годог хүлээхүй" болон Жан-Пол Сартрын "Гарц үгүй" уламжлалт ёсоор Ионескогийн жүжиг нь абстракт философийн санааг хошигнолтой хослуулдаг. Өмнөх алдаагаа тайлбарлахын дүрүүдийн олон төрлийн үндэслэлүүп тэнэг шинжээрээ биднийг хөгжөөдөг боловч логик, хариуцлагын талаар илүү гүн гүнзгий санааг санал болгодог. "Абсурд театрын" ихэнх жүжигт гардагчлан "Хирс" нь өөрийгөө жүжиг гэж ухамсарладаг ба Жан Беренгерт Ионескогийн жүжгүүдээс үзэхийг санал болгодог бол жүжиг нь өөрийгөө үзэгчдэд өмнө гарч буй бүтээл нь зугаа биш харин жүжиг гэж хүлээн зөвшөөрөхийг албадах арга замаар хүрдэг. Ионеско уг бүтээлээрээ хөрөнгөтний ажилчдын хоосон амьдралыг хэдэнтээ шүүмжилдэг. Беренгерийн хайхрамжгүй байдлын үндэс нь түүний уйтгартай ажлаас үүдэлтэй мэт санагдах агаад хоёрдугаар үзэгдэлд түүний оффис дахь шаргуу хөдөлмөр хийгээд олон дахин давтагдах ажил, корпорацид үйлчлэх дээр бий болсон гүехэн харилцааг танилцуулдаг билээ. Жан Беренгерт соёлын үгийн сангаа сайжруулахыг санал болгож байгаа ч Жан авангард театрыг үнэлж байгаа нь ердөө өнгөц сонирхлыг нь харуулах буюу эс бөгөөс тэрээр хирснүүдэд тийм ч хялбар бууж өгөхгүй байх байсан билээ. Беренгер архинд найдах нь ойлгомжтой байдаг, учир нь өдөр тутмын амьдралын дарамт шаналгаа дэндүү их байдаг бөгөөд үнэн хэрэгтээ архинаас зугтаах нь хувирлаас зугтаахын зүйрлэл буюу Беренгер ба бусад дүрүүд тус тусын замаар зугтахдаа алдагдсан мөн чанараа эргүүлэн олж авна гэж боддог. Бусад дүрүүд ч мөн ажилдаа дарамтлуулдаг, гэхдээ Беренгер л хөрөнгөтний амьдрал түүний оюун сэтгэлийг хэрхэн дарж хавчиж буйг илүү гүн гүнзгий ухаарсан цор ганц хүн бололтой.
СИМБОЛ. Энэхүү жүжиг нь хүмүүний төрөлхийн мөн чанар бүдүүлэг
гэдгийн симбол болдог хэдий ч Ионескогийн үнэлэмжээр уг санааны илэрхийлэл
жүжгийн туршид аажмаар гарч ирдэг; эхний хирс илэрхий хохирол учруулдагггүй,
хоёр дахь нь муур гишгэдэг, хожмынх нь илүү их эд хөрөнгө сүйтгэхээс гадна
Жан-хирс Беренгер руу дайрдаг билээ. Тэд фашиист дарангуйлал болон ийм хувирал
бий болгож чадах ертөнцийн абсурд шинжийг илтгэнэ. Эдгээр санаанууд нь нэг
асуулт болон хувирдаг; дэлхийн хоёрдугаар дайны нацизмын зэрлэг явдлыг хүн
төрөлхтөн хүлээн зөвшөөрч чадав? Ионеско үүнд олон аргаар хариулдаг. Тэрээр
хувирлын тахлыг нацизмын үзэл баримтлал нь хувь хүний ухамсаргүй ухаанд нөлөөлж
болох арга замуудтай адилтгаж үздэг. Гэсэн хэдий ч жүжгийн төгсгөлд хирс илүү
үзэсгэлэнтэй болж, хүмүүс улам муухай болдог. Хирсүүд үзэсгэлэнтэй боловч үзэсгэлэн
нь харгис хүч тэнхээнд нь байдаг бол жинхэнэ үзэсгэлэнг Беренгерийн хирстэй
тулалдаж, хүн төрөлхтнийг аврахаар шийдэж байгаа ёс суртахууны хүч чадлаас олж
харна.
Comments
Post a Comment