The Searchers (1956). Америкийн мастер кино найруулагч John Ford-н туульсын вестерн жанрын кино. Америкийн зохиолч Alan Le May-н 1954 оны романаас сэдэвлэн Frank S. Nugent кино зохиолыг бичсэн. Энэхүү киноны үйл явдал Техас-Индианчуудын дайны үед өрнөх бөгөөд гол дүр болох Иргэний дайны ахмад дайчин дунд эргэм насны эр өргөмөл зээ дүүгийнхээ хамтаар Индианчуудад олзлогдсон зээ охин дүүгээ олон жил эрэн хайж байгаа тухай өгүүлдэг. "The Searchers" кино нээлтээ хийсний дараа критикүүдээс өндөр үнэлгээ авч, арилжааны амжилтад хүрсэн; өнөөдөр эл бүтээлийг хамгийн шилдэг кинонуудын нэгээс гадна хамгийн нөлөө бүхий киноны тоонд оруулж үздэг. 2008 онд Америкийн кино хүрээлэн Америкийн хамгийн шилдэг вестерн киногоор энэхүү бүтээлийг нэрлэсэн бол Их Британийн Sight & Sound сэтгүүл 2012 онд критикүүдийн дунд явуулсан олон улсын судалгаагаар бүх цаг үеийн хамгийн шилдэг жагсаалтынх нь 7-р байрт шалгарсан. Францын Cahiers du cinema сэтгүүл хамгийн шилдэг 100 кино жагсаалтынхаа 10-р байрт, Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 9-р байрт тус тус эрэмбэлжээ. Киноны гол дүрүүдэд; John Wayne, Jeffrey Hunter, Vera Miles, Natalie Wood, Ward Bond нар тоглосон. Хайрт уншигчаа, надтай хамт бас аугаа Ford, Wayne нарын хамтаар хамгийн шилдэг вестерн киногоор аялцгаая.
"The Searchers" бол найруулагч Ford-н хүсэлтээр киног хэрхэн бүтээж байгаа хөшигний ардахыг баримтат кино болгосон анхны томоохон бүтээл гэдгээрээ онцлогтой ба уг киноны хөшигний ардахыг үзүүлсэн баримтат кино нь бүрэн хэмжээнийхээ бүтээлийн сурталчилгаа болсон байдаг аж. Америкийн уран зохиолын түүхэн дэх хамгийн аугаа романыг олонх судлаачид Herman Melville-н "Moby-Dick" гэж үздэг бол цөөнгүй Америкчууд Ford-н эл вестерн-г Америкийн хамгийн аугаа киногоор нэрлэдэг. Ямартай ч Wayne-н бүтээсэн Ethan дүр Melville-н романы Ahab ахмадын дүртэй төстэй. Ethan өөрийнхөө хязгаараас хальж, галзууртлаа зорилгодоо автсан, үлгэрлэг Америкийн баатар; түүний нэр төр, ёс зүйн төлөөх амлалт нь өшөө авалтын цөм болон шатаж байгаа нь яах аргагүй Ahab ахмадыг санагдуулна. Тэгвэл кино урлагт энэ үндэстний мөн чанарыг зөвхөн Ford шиг гарамгай урлагийн урлаачид л дээд зэргийн яруу нөйраг шиг үзэсгэлэнтэйгээр дүрсэлсэн нь энэ кино болж байна. Байгалиаараа байх ба иргэншсэн байх хоёрын уулзвар цэг болсон хил хязгаарын нутгийн үндсэн зураглалаар дамжуулан найруулагч маань үзэгчдийг залуухан ч хүчирхэг энэ үндэстний шинж төрхийн хуваагдмал байдлыг, үүний дэг журам болон шаардлагат хүчирхийлэл, нийгмийн сэтгэлзүй хийгээд тусгаар тогтнолын эрэл хайгуулыг задлан судалжээ.
Киноны үйл явдал голдуу Техас мужийн баруун хойд хэсгийн хиллэсэн нутагт өрнөдөг ч үнэндээ киноны зураг авалт Аризона/Юта мужийн Монумент хөндийд хийгдсэн бөгөөд нэмэлт сцэнүүдийг Ютад, мөн Лос Анжелест авчээ. Зохиолч Alan Le May-н судалгааны материалаас харахад алга болсон охиныг хайж явсан хоёр дүр нь 1865 онд Команечуудад олзлогдсон эхнэр, хүүхдээ барьцааны мөнгөөр эргүүлэн авсан тэрэгчин Britton Johnson (Африк гаралтай Америк) гэгчийн бодит түүхээс авсан болох нь харагддаг гэдэг. Энэ явдлын дараа энэ тэрэгчин өөр нэгэн хулгайлагдсан охин болох Millie Durgan гэгчийг хайж Индианчуудын нутаг дэвсгэрээр, мөн Канзас руу багадаа гурвантаа аялсан гэдэг ба харамсалтай нь, Киовагийн дайчид охиныг 1871 онд хөнөөсөн байжээ. Олон критикүүд уг кино 1836 онд 9 настай байсан Cynthia Ann Parker гэдэг охиныг Команечийн дайчид хулгайлсан хэргээс сэдэвлэсэн гэж гэж үздэг. Команечууд охиныг гэрт нь байхад нь дайрсан байдаг. Parker бүсгүй Команечуудтай 24 жил хамт амьдрахдаа омгийн ахлагчийн эхнэр болж, гурван ч хүүхэдтэй болсон ба Техасын Рэнжерүүд түүнийг аврахад тэр тун дургүй байж, эсэргүүцэж байсан гэдэг.
Дашрамд, Parker бүсгүйн төрүүлсэн гурван хүүхдийн нэг нь Команечийн алдарт удирдагч Quanah Parker юм. Parker бүсгүйн авга ах James W. Parker гэгч кинонд гарах Ethan шиг зээ дүүгийнхээ төлөө олон жил байдгаа барсан нэгэн үнэхээр оршиж байжээ. Үүнээс гадна, Пийз голын тулаан гэгддэг Техасын ренжэрүүдийн дайралтын үеэр Parker бүсгүйг аварсан нь кинонд ренжэрүүд Scar-н тосгон руу довтлох үед Debbie-г аврахтай төстэй аж. Parker бүсгүйн түүх бол Alan Le May номынхоо судалгааг хийж байхдаа олсон 19-р зуунд Техас-д 64 хүүхэд Индианчуудад олзлогдсон бодит хэргүүдийн зөвхөн нэг нь л юм. Кинонд, Scar-н Команче омгийг Навека буюу Нокони гэж нэрлэдэг бөгөөд энэ нь Parker бүсгүйг хулгайлсан омог. Зарим критикүүд Команечийн тосгон руу морьт цэргүүд довтолж, уг довтолгооноор Look үхэж, Команечийн хоригдлуудыг цэргийн пост руу аваачсан явдлын түүхэн загвар нь 1868 онд болсон Вашита голын тулаанаас үндэслэлтэй гэж үздэг; мөн киноны энэ үзэгдэл нь 1872 оны Улаан Мөрөний тулалдаантай төстэй буюу Нэгдсэн улсын 4-р морьт цэргүүд 124 Команче эмэгтэйчүүд хийгээд хүүхдүүдийг олзлон аваад Кончо цайзад хорьсон байдаг аж.
"The Searchers" кино нээлтээ хийсний дараа критикч Bosley Crowther киноны үг хэллэг хэтрүүлэгтэй хэдий шилмэл сайн вестерн болсон гээд Ford ийм таашаам сайхан кино бүтээхэд жүжигчид, кино зохиолч, техникчид гээд чадварлаг баг бүрдүүлсэнтэй холбон онцолсон. Гэхдээ критикч Crowther кинонд хоёр жижиг алдааг тэмдэглэсэн; нэгдүгээрт, "нэг эпизодоос нөгөө эпизод рүү, нэг оргил мөчөөс нөгөө оргил мөч рүү, нэг цогцосоос нөгөө цогцос руу гэсэн байдлаар овоорсон Үүний зөвтгөл нь эрлийн уртыг илэрхийлж байгаа нь ойлгомжтой, гэвч ийм хурдаар үргэлжлэх нь үзэгчдийг бага зэрэг ядраадаг" гэжээ. Хоёрдугаарт, "найруулагч студийн тайзны илэрхий хиймэл орчинд дэндүү олон гадаах натуртай сцэнийг авсан" хэмээн шүүмжилжээ. Variety сэтгүүл уг киног "Shane" вестерн шедеврийн уламжлалыг дагасан, үзэсгэлэнтэй зураг авалттай боловч хэт урт, давтагдсан бүтэц ихтэй, урам хугалам хэсгүүдтэй гэж дүгнэсэн. "The Searchers" бүтээл дүрүүд дээр суурилсан, сэтгэлийн тодорхой төлөвийг бий болгодог ба магадгүй үйл явдлын сул талаа дээрх хэв шинжүүдээрээ нөхсөн болов уу. The New York Herald Tribune сонин киног "онцгой" гэсэн бол Newsweek сэтгүүл "гайхалтай" гэж үзсэн. Зарим судлаачид киног Homer-н "Odyssey" зохиолтой харьцуулсан.
Ихэнх критикүүд Wayne-н гүйцэтгэлийг магтаж, "эгэлгүй ноёлсон" гэж байв. Зарим нь Ford-н хамгийн дээд стандартад хараахан хүрэхгүй ч "Shane"-ээс хойших хамгийн шилдэг вестерн гэжээ. Критикч Roger Ebert киноны гол дүр Ethan-г Ford, Wayne хоёрын бүтээсэн хамгийн сэтгэл хөдөлгөм дүрүүдийн нэг гэж бичсэн. Ebert: "Энэ дүрийн түүх нь хурц хийгээд ганцаардмал, зорилгодоо хэт автсан ба үүнээс бид Schrader "Taxi driver" киноныхоо гол дүрийн санааг олсныг харж болно". Мөн нэрт критикч маань "The Searchers" нь хоёр кино шиг, дотроо утгагүй романтик дэд үйл явдалтай, энэ нь киноны өнгө аясыг зөөллөх зорилготой агаад энэ хоёрдахь хэсэг нь сонирхолгүй гэсэн байдаг. Францын найруулагч Jean-Luc Godard киноны төгсгөлийг Homer-н "Odyssey" зохиолын Odyssey, Telemachus хоёрын дахин уулзаж байгаатай зэрэгцүүлэн тайлбарласан. Критикч Richard Corliss уг киног 1950-аад оны хамгийн аугаа вестерн киногоор нэрлэж, хэт авталт, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, баатарлаг ганцаардлын тухай гүнзгий бараан судалгаа гэж тайлбарлажээ. Критикч Scott McGee: "Тухайн үеийн бусад вестерн кинонууд шиг нийгмийн мэдэгдэл хийхээс илүүтэй Ford Америкийн кинонд ховор байдаг, вестерн жанрын кинонд бүр ч ховор байдаг дүрслэлийн яруу найраг, уй гунигийн мэдрэмжийг суулгаж өгсөн".
Киноны үндсэн сэдэв нь цагаан арьст суугуулчидын уугуул улаан арьст Америкчуудад хандах түүхэн хандлага ба Ford энэхүү анализыг кино урлагт анхлан судлах гэж оролдсон хүн биш байсан, авч уугуул Америкчуудад хатуу харгис хандаж байгааг дүрсэлсэн нь дараагийн үеийн үзэгчид хийгээд найруулагчдыг гайхшруулахаас гадна нөлөөлсөн. Найруулагч Ford геноцидийг зөвтгөдөг арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг төгс бус, нервтэйгээр дүрсэлсэн гэж критикч Ebert бичсэн. Киноны зүрх нь ууртай, өш хонзонт Ethan-н дүр нь мэдээж юм. Тэр эрэл хайгуулын эхнээсээ л Debbie-г аврах гэхээс илүү ахынхаа гэр бүлийн өшөөг Команечуудаас авахыг урьтал болгож байсан нь илэрхий харагддаг. Ford:"Индианчуудыг вестерн кинонд үнэн зөв дүрсэлдэггүй гэсэн буруушаалт байдаг нь зарим талаараа үндэслэлтэй, гэхдээ энэ буруушаалт нь ерөнхийлсөн дүгнэлт бөгөөд ихэвчлэн шударга бус юм. Индианчууд цагаан арьстнуудыг уриалгахан угтаж аваагүй, мөн цагаан арьстан тийм ч дипломат байгаагүй. Хэрвээ кино дээр цагаан арьстнууд улаан арьстнуудад шударга бус хандсан аваас харамсалтай нь бодит амьдрал дээр ер нь тийм л байсан. Өрнөдөд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах өрөөсгөл үзэл маш их байсан". Арьс өнгөөр ялгаварлахгүй гэрлэх сэдэв нь киноны туршид цуурайтдаг; "The Searchers" бүтээлийн олон анализид Debbie-г хулгайлагдаж, хүчирхийллээр "бузартсан" гэж үзэж байгаа Ethan-н харах өнцөг, бодлыг онцолсон байдаг. Команечуудад олзлогдсон цагаан арьст эмэгтэйчүүдийн хүчирхийлүүлсэн сэдэв бол киноны бас нэгэн яригддаггүй сэдэв юм. Уг кинонд хүчирхийллийн тодорхой сцэн байхгүй ч Debbie хулгайлагдаж, хүчиндүүлсэн явдал нь өгүүлэмжийг хөдөлгөгч болдог.
Нэгэн судлаачийн бичсэнээр, бодит амьдралд олзлогдсон цагаан арьст эмэгтэйчүүд хүчиндүүлж байсан нь үнэн боловч оргож юмуу төлөөсөөр гарч буцаж цагаан арьстнуудынхаа амьдралд орсон эмэгтэйчүүд энэ талаар ховорхон ам нээдэг байсан гэсэн буй. "The Searchers" киноны эхэн хавьцаа Martin өөрийгөө Чероки омгийн найм дахь хүн гэдгээ хүлээн зөвшөөрөхөд Ethan түүнийг ширүүнээр хардаг. Ethan зээ охин дүүгээ Индианчуудтай хамт амьдруулснаас өөрийн гараар алахыг илүүд үзнэ гэж ахин дахин хэлдэг; киноны зөөлөн эелдэг дүр болох Laurie хүртэл Martin-д "Ethan түүний тархинд сум зоох болно, Martha ч түүнээс үүнийг хүсэх байсан" гэж хэлдэг. Энэ мэт догширсон сэтгэлээс ихэнх дүрүүд арьс өнгөөр холилдохоос айж байгааг харуулж байна. Ethan бол Индианчуудыг хэт үзэн ядсан нэгэн төрлийн маниак юм. Суугуул Америкчууд буюу цагаан арьстнууд бол зөвхөн соёл иргэншлийн дэвшилтэт тэргүүлэгчид биш, тэд үнэндээ арьс өнгөөр ялгаварлан гадуурхагчид. Хил хязгаарын нутаг бол боломж олгодог газар бус хаягдсан газар.
Жүжигчин Wayne өөрийн гүйцэтгэлээрээ вестерн жанрын баатарыг муу муухайгийн хязгаарт хүртэл аваачсан. Ethan болон түүний ахын эхнэр Martha хоёрын хоорондын илэрхий дотно харилцаа нь киноны чухал ч анзаарагдамгүй үйл явдлын нэг билээ. Хэдийгээр диалогиор энэ нь дурдагддаггүй ч киноны туршид тэдний харилцааны талаар олон дүрслэлүүд байдаг. Ethan найман жилийн дараа эргэн ирэхэд Debbie найман настай байдаг буюу Debbie түүний охин байх магадлалтай юм. Ийм нөхцөл нь Ethan охиныг хайж олохын төлөө улайрах шалтгаанаас гадна охиныг Индианчуудтай хамт амьдарна гэхээс жигшиж байгаагийн үндэс сэдэл байж болно; мөн тэрээр Debbie-г гэрт нь эсэн мэнд хүргэж өгдөг ч гэрт оролгүй шууд яваад өгдөг нь сэжигтэй. Ахынхаа эхнэртэй янаглаж хүүхэдтэй болсон ч охиноо орхиод явсан энэ бүх гэм буруугаа цайруулах гэсэн аав, дүүгийн наманчлал байж болох.

Comments
Post a Comment