The Unfaithful Wife (1969). Францын Шинэ Давалгаа Хөдөлгөөний сонирхолтой төлөөлөгч Claude Chabrol-н зохиолыг нь бичиж найруулсан гэмт хэрэгт драм. Гол дүрүүдэд Stephane Audran, Michel Bouquet нар тоглосон. Шүүмжлэгчид найруулагч Claude Chabrol энэ киногоо бүтээхэд Alfred Hitchcock-н "Psycho" болон "Vertigo" кинонууд нөлөөлсөн гэж үздэг. Киноны төгсгөлд Charles эхнэр, хүү рүүгээ хардаг зураглалыг "Vertigo" бүтээлд анх ашигласан "долли томруулалт" техникийг ашигласантай энэ холбоотойгоос гадна аллагынхаа газрыг цэвэрлэж, цогцсыг цөөрөмд живүүлдэг хэсгүүд аргагүй л Hitchcock мастерын шедеврүүдийг санагдуулдаг.
Гэвч Chabrol өөрийнх нь кинонд ямар нэгэн Hitchcock маягийн зүйл байхгүй гэж мэдэгдсэн байдаг. Францын элитүүдийн давхаргаар гэм буруу, хайр дурлал, аллагын тухай Hitchcock маягаар судалсан гайхалтай сайн тоглолттой Chabrol-н бишрэм бүтээлтэй ойроос танилцахаасаа өмнө киноны үйл явдлыг товчхон хүргэе. Амьдрал нь тогтчихсон Charles Парисын ойролцоох эдлэн газартаа үзэсгэлэнтэй эхнэр Helene болон бяцхан хүүгийнхээ хамт амьдарна. Helene дэлгүүр хэсэх, кино үзэх, гоо сайхны салон орохоор үе үе Парис орох ба нэгэн өдөр Charles эхнэрээ сэжигтэй байдалтайгаар утсаар ярьж байхыг хараад хардах сэтгэлдээ шаналж явсаар хувийн мөрдөгчөөр эхнэрээ мөрдүүлсэн нь аймшигтай үр дүнд хүргэдэг. Эхнэр нь Victor хэмээх зохиолч залуутай долоо хоногт хоёронтоо уулзаж зохиолчийн гэрт янагладаг болохыг хувийн мөрдөгч хөдлөшгүй баримтаар азгүй нөхөрт гэрчилж үзүүлнэ. Хүүгийнх нь төрсөн өдөр тохиодог өдөр Charles зохиолчийнд зочлон очоод шууд л өөрийгөө унтдаг хүүхний чинь нөхөр байна гэж танилцуулчихна.
Зохиолч Charles-г вискигээр дайлж, эрчүүд эвтэй, бараг л хөгжилдөж буй найзууд шиг ярилцах агаад бид бол бүх зүйлд нээлттэй ханддаг гэр бүл хэмээн Charles тэнэг хүн шиг ярьж гарна. Victor зочиндоо гэрээ танилцуулахыг хүсч, Charles унтлагын өрөөнд ороод эхнэр нь хэрхэн энэ залуутай хурьцдаг талаар төсөөлсөнөөр зан авир нь өөрчлөгдөх бөгөөд тэрээр орны дэргэд хуримынхаа гурван жилийн ойгоор эхнэртээ бэлэглэж байсан асаагуур (аварга том) байхыг хараад Charles бараг л ухаан алдчихна. Нэг ухаан ортол тэрээр ширээн дээр байсан цээж баримлаар зохиолчийн толгойг хага цохиод алчихсан байв. Дараа нь тэрээр хурууных нь хээ байж болох бүхнийг цэвэрлэж, арилгаад зохиолчийн цогцсыг машиндаа ачиж яваад цөөрөмд живүүлдэг. Дараагийн өдрүүдэд, амраг нь сураггүй болчихсонд Helene гайхаж, улмаар сэтгэлээр унана. Удалгүй хоёр мөрдөгч ирэх бөгөөд экс эхнэрийнх нь мэдэгдсэнээр зохиолчийн талаар асуухаар Charles-н гэрт ирнэ. Журамгүй эхнэрийн нэр Victor-н утасны дэвтрээс олдсон нь мөрдөгчдийг тэднийд ирэх шалтгаан болсон ба Helene дөнгөж таних төдий л хүн гэж хэлдэг бол Charles огт танихгүй гэж хэлдэг.
Удсангүй Helene нөхрийнхөө хүрэмний халааснаас Victor-н хаягийг ард нь бичсэн зургийг олно. Helene зургийг шатаагаад цэцэрлэгт байсан нөхөр, хүү хоёр руугаа инээмсэглэн очно. Мөрдөгчид дахиад хүрч ирээд Charles-тэй уулзахыг хүсдэг бөгөөд сүүлчийн кадр Charles-н нүдээр харагдахдаа эхнэр, хүүгээсээ холдож байгааг нь зурагласан нь Charles тэднээсээ холдож буйг илтгэнэ. Өнөөдөр Claude Chabrol гэж ямар найруулагч байсныг хэр баргийн хүн мэдэхгүй болов уу. 1960-1970-аад оны хооронд Chabrol "Les Biches", "Juste Avant La Nuit" зэрэг хэд хэдэн сайн сэтгэлзүйн триллер хийсэн нь тухайн үеийн Европын найруулагчдаас эрс ялгарч, богино энэ хугацаанд өөрийгөө чадварлаг найруулагч болохоо нотолсон юм. Chabrol үргэлж Hitchcock-гоос урам зориг авдаг байсан гэж хэлдэг байсан ч урам зориг өгөгч Hitchcock нь өөрөө ч Францын хөрөнгөтнүүдийн үнэн төрхийг түүн шиг сэтгэл хөдлөлтэйгөөр гаргаж чадахгүй байсан болов уу. Түүний ихэнх кинонд эхнэр Stephane Audran тоглосон байдгаас гадна алдарт зураглаач Jean Rabier ажилласан байдаг. Энэ гурвал бие биенээ төгс нөхөж, хамтдаа өмнө дэлгэцнээ гарч байгаагүй хамгийн бүдүүлэг зан авирыг хамгийн соёлтойгоор дүрсэлдэг байв.
Энэ кино тун эгэл, энгийн; Chabrol үйл явдлын аймшигт үр дагаварт огт саад болдоггүй логик, егөөдөлт хошигнолыг харуулдаг. Charles үнэндээ зохиолчийг санаатайгаар алдаггүй, тэр энэ бүхнийг эхнэрээсээ нуудаг ч эхнэр, цагдаа нар ч түүнийг аллагыг илрүүлдэг. Тэр журамгүй эхнэрээ хөөж болох байсан ч тэгдэггүй, харин ч хүүгийнхээ ээж хэвээр үлдээдэг. Ул сууриараа бол тэд хоёулаа буруутай болов уу. Charles эхнэрээ орхихдоо "би чамд дэндүү их хайртай" гэж хэлдэг, үзэгчид ч түүний хайранд эргэлзэхгүй болов уу. Жишээлбэл, Charles-н нарийн бичиг гэж залуухан, халуухан хүүхэн үргэлж сээтэгнэх боловч Charles түүнийг харах бүү хэл бараг үзэн ядаж, цаг тутамд эхнэрээ л боддог билээ. Энэ бол тун сэтгэл хөдөлгөм кино, гэхдээ Chabrol зоригтой илэрхийлэхээс илүүтэй сэтгэл хөдлөлийг хуримтлуулж дүрслэхийг чухалчилдаг ба хяналт бүхэлдээ төгс байж, төгсгөлийн хэсгийг илүү сэтгэл хөдөлгөм болгодог.
Helene нөхрөө нууц амрагийг нь хөнөөснийг олж мэдээд хэрхэн балмагдсан нь ярихад илүүц боловч энэ аллагаар тэрээр нөхрөө дахин шинээр үнэлэн хүндэтгэж байгаа нь түүний инээмсэглэлээс илэрхий харагддаг; хэрвээ аллага дарагдаад өнгөрсөн бол энэ гэр бүл жинхэнэ аз жаргалтай гэр бүл болох байсан болов уу. Концепт хийгээд гүйцэтгэлийн хувьд уг кино нь зөвхөн Chabrol-н өвөрмөц кино уран төсөөллөөс л урган гарахуйц намуухан, бодлогшруулам бүтээл юм. Chabrol уламжлалт маягаар ажилладаг байсан нь, мөн голдуу аллагын тухай өгүүлдэг байсан учир Jean-Luc Godard, François Truffaut нар шиг бусад Францын Шинэ Давалгаа хөдөлгөөний найруулагчид шиг олны анхаарал татаж байгаагүй боловч тун оюунлаг найруулагч байсан гэдэг. Түүний арилжааны кино хүртэл арт кино шиг байдаг байснаас гадна шаардлагатай үед буюу мөнгөний төлөө тагнуултай триллер ч хийчихдэг нэгэн юм.
Тэрээр алив юмсыг ихэнх хүмүүсийн харж байгаачлан хардаггүй, тэр ижилхэн харахдаа илүү онцгой өнцгөөс хардаг байв. Уг кино дахь байшин, барилгуудын доторх засал чимэглэл голдуу гүн бор, хөх, бүдэг шар, ногоон байдаг нь уламжлалт засал чимэглэлийг илтгэж байгаа ч Chabrol-н төсөөлөлд өөрөөр буюу хүний сэтгэлийн тогтворгүй, бараан шинжийг харуулдаг байж магадгүй юм. Уг киноны ертөнцөд бараг бүхий л зүйлс нь сайхан харагддаг; өрөөнүүд шинэхэн цэцэгсээр дүүрэн, эмх цэгцтэй, амьд, цоглог мэдрэмж төрүүлнэ. Гэхдээ энд холбоогүй ямар нэгэн эв хавгүй юм байгааг та удахгүй мэдэрдэг бөгөөд камер уран яруугаар хөдөлдөг, гэхдээ хэт уянгалаг хөдөлгөөн нь үнэндээ галзуурлыг илтгэж буйг тааварлаж болно. Жишээлбэл, Charles-н дүр эелдэг боловсон харагддаг ч тэрээр ширтээд эхлэхэд л харцанд нь ямар нэгэн "болохгүй" юм байгааг бид дотроо мэдэрнэ.
Comments
Post a Comment