Eyes Without a Face (1960). Францын кино найруулагч Georges Franju-н хоррор кино. Зохиолч Jean Redon-н романаас сэдэвлэн кино зохиолыг Pierre Boileau, Thomas Narcejac болон Redon өөрөө оролцон хамтран бичжээ. Итали, Францын хамтарсан уг киноны гол дүрүүдэд Pierre Brasseur, Alida Valli, Juliette Mayniel, Edith Scob зэрэг мөн Франц, Италийн жүжигчид тоглосон. Энэхүү хоррорын үйл явдалд, нэгэн гоо сайхны мэс засалч охинтойгоо хамт автомашины осолд орж, эмч өөрөө эрүүл саруул үлдсэн ч охин нь "нүүргүй" болсон байна; үүнд эмч өөрийгөө буруутгаж, зэрэмдэг нүүртэй болсон охиндоо шинэ нүүр олж өгөхийн тулд залуухан хүүхнүүдийг "агнаж" байгаа тухай өгүүлдэг.
Киноны зураг авалт ерөнхийдөө Парис орчимд авагджээ. Продакшны зураг авалтын үеэр Европын цензурын стандартыг бодолцоод цус нөжийг хамгийн бага хэмжээнд гаргахыг зорьсон ба хэдийгээр "Eyes Without a Face" кино цензурчдыг давсан ч критикүүд хийгээд үзэгчдийн дунд маргаан дагуулсан буюу критикүүдийн үнэлэмж магтаалаас зэвүүцэл хүртэл янз бүр байлаа. Нээлтээ хийснээс дараа нь дахин театрт гарч, гэрийн видео бичлэгүүд гарснаар киноны нэр хүнд өссөн; орчин үеийн критикүүд уг хоррорыг аймшгийн кино жанрт яруу найраглаг шинжээр хандсан гэж магтах болсон ба бусад кино найруулагчдад үлэмж нөлөө үзүүлсэн култ хоррортой бид энэ удаа танилцах болно. Бүх цаг үеийн хамгийн нөлөө бүхий хоррор киноны нэг болсон уг бүтээлийг Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 406-р байрт эрэмбэлээд байна.
Нүүрний арьсыг хуулан салгаж байгаа хэсэг, мөн лаван маскандаа үүрд ганцаараа үлдэж байгаа бүсгүйн шөнөөр тэнүүчилж байгаа хэсэг жихүүцэм бас санаанаас үл гарам. Franju-н дахин давтагдашгүй яруу найраглаг мэдрэмжээр гэрэлтсэн аймшгийг үлгэртэй гайхамшигтай хослуулсан энэ кино өнөөдрийн ямар ч хоррор киноноос дутахгүй сэрдхийлгэм, уран яруу хэвээрээ байна. Нүүргүй охин юу болоод байгааг ойлгосны дараа өөрийнхөө хувь тавилангаас илүүтэй эмч аавынхаа үйлдлийн хохирогчдод сэтгэл нь урагдсан энэ бүтээлийг гэмшилт хийгээд авталтын үлгэр гэмээр. Тухайн цаг үед Францын кино бүтээгчид модерн хоррор жанр руу орохоос зүрхшээгээд байж, харин продюсер Jules Borkon хоррор жанрын зах зээлд орохоор зүрхэлж. Borkon Redon-н номын эрхийг худалдаж аваад Cinematheque Francaise буюу өнөөдрийн кино урлагтай холбоотой бүхнийг хадгалдаг алдартай ашгийн бус архивын газрыг үүсгэгчдийн нэг Franju-д найруулагчаар ажиллах санал тавьсан ба илүү баримтат киноны туршлагатай Franju баримтат бус "La Tete contre les murs" киногоо хийгээд удаагүй байв. Franju Францын дуугүй кино эринд Georges Melies, Louis Feuillade нарын фантааз жанрын кинонуудыг үзэж өссөн учир дуртай жанртаа хувь нэмрээ оруулах боломжийг шууд л шүүрсэн.
Тэрээр киноныхоо түүхийг хоррор гэж үзээгүй, харин ч киноныхоо үйл явдлыг дүрслэхдээ "шаналал, энэ бол аймшгаас илүү нам гүм төлөв. Илүү дотогш, илүү нэвтэрсэн. Энэ бол гомеопатик тунгийн аймшиг" гэжээ. Европын цензурын асуудлаас зайлсхийхийн тулд Borkon Franju-д хэт их цус харуулахгүй байхыг анхааруулсан; тухайлбал цус нөж Францын цензурчдыг бухимдуулна, мөн амьтдыг тамлаж байгааг харуудбал Английн цензурчдыг бухимдуулна, мөн галзуу эрдэмтдийг харуулбал Германы цензурчдыг бухимдуулна. Гэтэл дээрх цензурлагдах хэсгүүд нь романы чухал хэсгүүд байсан ба кинонд эдгээр түүхийн элементүүдийг харуулах зөв өнгө аясыг олох нь бэрхшээлтэй байв. Нэгдүгээр туслах найруулагчаар ажилласан, мөн урьдчилсан кино зохиолыг бичсэн Claude Sautet-тэй хамтран Franju Narcejac, Boileau хоёрыг зохиолчоор хөлслөсөн; Narcejac, Boileau хоёрын романаас сэдэвлэн Alfred Hitchcock "Vertigo" киногоо хийсэн бол Henri-Georges Clouzot "Les Diaboliques" киногоо хийчихээд байлаа. Зохиолчид романы эмч Genessier-д төвлөрсөн байдлыг түүний охин Christiane руу шилжүүлсэн бөгөөд энэ өөрчлөлтөөр эмчийн дүр илүү эерэг, ойлгогдохоор болсноос гадна цензурын хязгаарлалтаас зайлсхийхэд тус болсон аж.
Redon зохиолын эцсийн хувилбарт хувь нэмрээ оруулсан. Franju продакшныхаа багийг өмнө нь хамтран ажиллаж байсан хүмүүсээрээ бүрдүүлсэн; "Schufftan-н процесс" гэдэг тусгай эффектийн аргыг хөгжүүлсэн Eugen Schufftan зураглаачаар ажилласан ба тэр өмнө нь Franju-н "La Tete contre les murs" кинонд ажилласан. Кино түүхч David Kalat-н бичсэнээр, Schufftan бол Franju-н хар дарсан зүүдийг дүрслэхэд хамгийн тохиромжтой сонголт байжээ. Францын хөгжмийн зохиолч Maurice Jarre киноны хөгжмийг бичсэн, тэр мөн л "La Tete contre les murs" кинонд ажилласан. Орчин үеийн критикүүд "Eyes Without a Face" кино хоёр хөгжмийн сэдэвтэй, эмч Genessier залуу хүүхнүүдийг сонгож байхад баяр хөөрийн карнавал вальс хөгжим эгшиглэдэг бол Christiane-д зориулсан хөгжим илүү хөнгөн ч гунигтай байдгийг ажиглажээ. Кино анхны нээлтээ хийхэд Францын критикүүд сэтгэл дундуур, үл тоомсорлосон байдлаар хүлээн авсан ба киног Германы экспрессионизмыг давтсан, Franju баримтат киноноос төрөл жанрын кино бүтээгч гэж оролдсон бүтэлгүйтэл боллоо, энэхүү кино нь "жижиг жанрынх", түүний ур чадварт огт тохирохгүй гэх зэргээр "загнасан". Найруулагч маань эдгээрт хариу өгөхдөө, энэ кино нь түүний жижиг жанрыг нухацтай авч үзэх гэсэн оролдлого гэж мэдэгджээ. Английн критикч Isabel Quigly "Критикч болсноосоо хойш миний үзсэн хамгийн муухай кино".
Variety сэтгүүл жүжигчдийн тоглолт хүчилсэн, дүрүүдийн сэдэл тодорхойгүй, эффектүүдийн давтамж нь анхны нөлөөгөө алдагдуулдаг, сонирхолгүй зохиомж нь киног хуучинсаг өнгө аястай болгодог гэжээ. Monthly Film Bulletin сэтгүүл " Franju шиг өвөрмөц найруулагч хоррор кино хийхэд хүмүүс симбол, зүйрлэл, олон давхаргат утга, тайлбар хайхаас өөр аргагүй болдог". Критикүүд Schufftan-н сэтгэл татам камерын ажиллагаа нь Jarre-н автам сайхан хөгжмийн зохиолтой төгс нийцэж байгаа гээд, Valli, Brasseur хоёрын тоглолтыг, тэд бараг оршин байхгүй дүрүүдийг чадах ядахаараа тоглон гаргасан гэжээ. 1986 онд "Eyes Without a Face" кино Францын кино архивын 50 жилийн ойгоор дахин нээлт хийж, кино критикүүдийн анхааралд дахин орж, шинээр алдаршсан ба Cahiers du cinema сэтгүүлийн ерөнхий редактор Serge Daney киног "Гайхамшиг" гэж нэрлэж байв. Олон критикүүд киноны яруу найраглаг шинж чанарт Францын кино найруулагч, яруу найрагч Jean Cocteau-н нөлөө байгааг онцолсон байдаг. Критикч Jonathan Rosenbaum уг киног "абсурд хэрнээ үлгэр шиг үзэсгэлэнтэй" гэжээ нэрлэжээ. Критикч Roger Ebert кинонд нуар, сюрреализм хоёрыг хослуулсан байдлыг магтаад "Энэ миний сэтгэлийг хөдөлгөсөн, учир нь, охин юу болоод байгааг ойлгосныхоо дараа өөрийнхөө хувь тавилангаас илүүтэй аавынхаа хохирогчдод сэтгэл нь өвдөж байна" гэжээ.
Нэгэн сонины сэтгүүлчийн тэмдэглэснээр, 1960 онд Эдинбургийн кино наадмаар долоон үзэгч ухаан алдаж унаж, "Eyes Without a Face"-ийг үзээд; "одоо л би Шотландчууд яагаад банзал өмсдөгийг мэдлээ" хэмээн найруулагч Franju дээрх явдалд дипломат бус хариу өгсөн байдаг. Энэ хоррор кино үзэгчдийг тун их цочирдуулсан болохоор Францын критикүүд уг киног огт оршдоггүй мэт үгүйсгэхийг оролдож байсан ба өөрт нь таалагдсан гэдгээ илэрхийлсэн нэг Англи критикч ажлаасаа халагдах дөхсөн гэдэг. 1950-аад оны сүүлээр Английн найруулагч Terence Fisher "The Curse of Frankenstein" болон "Horror of Dracula" кинонуудаараа хүмүүсийн триллер киноноос хүлээж болох түгшүүр, секс, цус нөжийн түвшинг мэдэгдэхүйц нэмэгдүүлсэн. Францын кино бүтээгчид иймэрхүү готик төсөөллийн аймшгийн киноны "өлсгөлөн" орон зай, хөндөгдөөгүй зах зээл байгааг мэдэрсэн ба 1955 онд найруулагч Henri-Georges Clouzot "Diaboliques" киногоороо үзэгчдийг айлгахдаа сүртэй "цохилт" хийгээгүй хэрнээ асар амжилт олж болохыг харуулав. Францын ямар ч найруулагч Америк, Англид өндөр ашиг олох аймшигтай кино хийхийг зүрхлэж байгаагүй. Borkon эл хязгаарыг давсан анхны продюсер болохоор шийдээд зорьсондоо ч хүрчээ. Францад фантааз урлагийн баялаг, эрчтэй уламжлал байсан ч хоррор жанрыг үндэсний кино урлагийн суурь мөн чанартай зөрчилдөнө гэж Францын критикүүд үздэг байв. Критикүүд "Eyes Without a Face"-ийг гараад ирэнгүүт энэ киног Францын сайн кино гэж ямар байх ёстой гэсэн тогтсон ойлголттойгоо нийцүүлэх гэж үйл тамаа үзсэн.
Уг нь, хоррор кино хийх нь өөрөө бодит хөгжүүлэлт, үзэгчдийн айдсын татах нь аливаа сэтгэл хөдлөлийг удирдахтай адилхан хууль ёсны гэдгийг хүлээн зөвшөөрсөн бол ийм диллема үүсэхгүй байх байлаа; гэхдээ азаар цөөхөн хэдий ч үүнийг зөвшөөрсөн критикүүд бас байжээ. Францын критикч Michel Delahaye уг киног аймшгийн баг өмссөн нуар жанрын кино байх гэжээ. Ихэнх критикүүд аймшгийн киног нухацтай найруулагчид хийдэггүй гэж үзэж байсан ч үнэндээ Franju нухацтай найруулагч байсан ба тэрээр "Blood of the Beast" богино хэмжээний киногоороо алдартай байсан; уг богино хэмжээний кинонд мал нядалгааны газрын бичлэгийг хүүхдүүдийн тоглож байгаа зургуудтай хослуулан үзүүлсэн байдаг. Тэрээр "Eyes Without a Face" төсөл дээрээ ажиллаж байхдаа анхны бүрэн хэмжээний кино болох "Head Against the Wall" киногоо бүтээсэн; Franju зөвхөн кино найруулагчаас Францын кино урлагийн соёлд их зүйлс хийснийг дээр дурдсан билээ. Тэр зүрх сэтгэлээсээ кино урлагийн шүтэн бишрэгч байлаа.
François Truffaut, Jean-Luc Godard, Claude Chabrol зэрэг түүнтэй нэг үеийн найруулагчид өөрсдийн онолоо хэрэгжүүлж, нийгмийг шүүмжлэхийн тулд камер барьдаг байсан бол Franju Францын Шинэ Давалгаанаас үргэлж хол байсан бөгөөд тэр зүгээр л кинонд дуртай кино донтон байлаа. Christiane-н дүрд томоохон од тоглох магадал бага байж, учир нь энэ дүр бусад дүрүүд шигээ бага яриатай, нүүр нь далдлагдсан байлаа. Гэвч энэхүү эмзэг, сүйрсэн бүсгүй бол киноны жинхэнэ од ба Christiane-д тоглосон Edith Scob-той Franju өмнө нь "Head Against the Wall" кинонд хамтран ажиллаад тун сайн баг болчихоод байж. Franju түүнтэй дахин 4 кинонд хамтран ажилласан. Edith үзэсгэлэнтэй, эмзэгхэн харагддаг ч түүнээс нууцлаг аура мэдрэгддэг. Franju түүний тухай "Тэр бол ид шидтэй хүн. Тэр бодит бусыг бодит болгодог".

Comments
Post a Comment