Шуурга сөрөгчид

 


The Grapes of Wrath (1940). Америкийн домогт кино найруулагч John Ford-н драм. Энэхүү киног Америкийн нэрт зохиолч John Steinbeck-н 1939 оны Пулицерийн шагналт ижил нэрт романаас сэдэвлэн Nunnally Johnson дэлгэцнээ хөрвүүлсэн бол гүйцэтгэх продюсерээр Darryl F. Zanuck ажилласан. Кинонд Оклахома дахь хамтран тариа тарьдаг нэгэн гэр бүлийнхэн Их Хямралын үеэр механикжуулалт өргөн тархсаны улмаас фермээ алдаж, ажил хийж амь зуухаар Калифорни руу аялж байгаа тухай өгүүлдэг. Нэгдсэн улсаар аялсан хүнд хэцүү аяллыг зураглаач Gregg Toland бишрэм зурагласан. Төмсний хомсдолын тухай бага насныхаа дурсамжаас санаа авсан John Ford-н энэхүү John Steinbeck-н гайхамшигтай дэлгэцийн хөрвүүлэлт нэгэн зэрэг сентиментал, догшин байдаг.

  Киноны гол дүрд алдарт Henry Fonda тоглосон ба түүний ядарсан, цонхийсон төрх сэтгэлд хоногшим. Энэ бол маргаангүй түүний оргил ажлыг нэг. Зураглаач Toland-н ширүүн гэрэлтүүлэг, заналтай сүүдэр Steinbeck-н болхи яруу найраглаг бүтээлийг илүү дээд түвшинд гаргасан. Энэ киноны ертөнц хүмүүсийг түр зуурын ялагчид болон үүрдийн ялагдагчид гэж хоёр хуваадаг ба энэ шуургатай тэмцэх цорын ганц арга зам бол хамтрах буюу эв хамт болой. Кино урлагийн түүхэнд шилдэг романыг амжилттай кино болгосон цөөхөн тохиолдлын нэг болсон уг киног Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 223-р байрт жагсаасан байна. Ингээд киноны үйл явдлыг товчхон өгүүлсү.

Өгүүлэх нь, хүн амины хэргээр \санаандгүй\ дөрвөн жил шоронд ял эдэлсэний эцэст тэнсэнгээр суллагдаж, замын машинд дайгдан, олон жил гэр бүлийнхнийгээ санасан сэтгэл болон шинэ амьдарлаа түргэн эхлүүлэхийг хүсэгч бол Tom Joad буюу гуч л хүрч яваа болов уу, гэмээр энэ эр өгүүлэх киноны маань гол дүр. Тун зоримог, шударга ёсонд үнэнч энэхүү залуу түргэн хуумгай гэнэн зангаасаа болж муу нэртийн хаалга татсан ч сайн хүмүүжсэн гэсэн үндэслэлээр ийнхүү гэрийн зүг инээмсэглэл тодруулсаар явах агаад үйл явдал болж буй он цаг бол Америкийн Их Хямралын оргил үе бөлгөө. Ингээд Tom гэр бүл нь олон арван жил нутагшин суурьшсан газартаа ирэхэд тэнд хэн ч байхгүй ба ерөөсөө хүн амьтан, айл өрх үзэгдэхгүй, нэг үгээр ямар нэгэн гамшиг, гай дайрсан юмуу гэмээр эзэнгүй хоосон цөл мэт угтана. Гайхаж хоцорсон тэрээр ашгүй нэг хүний бараа үзсэн нь эртний танил Casy \хуучин лам байсан ч итгэл үнэмшлээ алдан хар болсон хэмээнэ\ гэгчтэй таарч, ганц юм мултлангаа Tom-г эзгүйд энэ нутаг оронд юу болсоныг хуучин лам маань хүүрнэн өгүүлнэ.

Casy хэлэхдээ: Их Хямралын улмаас зөвхөн энд гэлтгүй газар сайгүй хүмүүс өлсөж, ядарч, хоосорч байгаа гээд энэ зовлон ч танайхыг дайрч асар ядуурсан гэнэ. Үргэлжлүүлээд: тэд амьдрахын эрхэнд өвөө, ааваасаа уламжлагдаж ирсэн эдлэн газраа банкны өрөнд тавьж, өрөө төлж чадахгүй улмаас газар нутгаа алдаж төрсөн гэрээсээ хөөгдсөн болохыг нулимс цийлэгнүүлэн байж хэлнэ. Эцэст нь: ихэнх нь гэрээ, газраа орхиж өөр өөр тийшээ явсан бол зарим шазруучид нь эсэргүүцэн боссон ч эцэстээ шорон юмуу үхлийн хаалга татсан гээд танай гэр бүлийнхэн эсэн мэнд ойрхон байгаа гэж Tom-ын сэтгэлийг амраана. Маргааш болж Tom, Casy хоёр Tom-ынхан буюу Joad-ынхан дээр ирцгээнэ. Tom болон түүний ээж хатагтай Joad хоёрын баярын нулимстай тэврэлтийг зухас дурьдаад Joad-ынхныг товчхон танилцуулъя. Эдгээр хүмүүс бол өнөө маргаашгүй шахуу болсон өвөө эмээ болон арваас доош насны хоёр хүүхэд, мөн том ах, дүү охин нөхөртэйгөө энэ тэр гээд арванхоёр хүн дөнгөн данган хооллосон болж, эгнүүлж барьсан банзанууд дор толгой хорогдоно.

  Гэр бүлээрээ цуглаж аваад хуралдаж, цаашид энэ нутаг оронд амьдрах аргагүй болсоноо тогтооцгоож, улс амьтны яриагаар Өрнөдөд амьдрал сайхан байгаа, ажиллах хуч тэнд хэрэгтэй гэсэн ярианд үндэслэж Калифорни руу гэр бүлээрээ явах шийд гаргаж, маргааш нь арванхоёулаа, дээр нь Casy нэмэгдээд цөмөөрөө хамаг хогшлоо аван том ачааны машинд сууцгаан Өрнө зүг рүү итгэлээр жигүүрлэн хөдөлнө. Машин тэднийг дааж ядан бараг л газартай нийлэх бөгөөд энэ хэсэг хөгтэй бас эмгэнэлтэй. Зам урт, харин тэд удаан явж байлаа. Замын урт болон зүдэргээнд хоёр хөгшин нас барж, замдаа хөгшдөө оршуулна. Энэ үед охин Joad бас жирэмслээд амжина. Энэ бүхэн тэднийг зогсоосонгүй, итгэлийг бөхөөсөнгүй, ингэж яваад нэгэн сууринд иртэл тэнд нэг хүнтэй уулзана. Тэр хүн яг л тэд нартай адил сэтгэл өвөрлөн Өрнөдөд очтол бүх юм адилхан байсан, тэнд бас л хүмүүс өлсөж үхэж, ажилгүйчүүд хэдэн саяараа байсан гэж хэлдэг. Joad-ынхан цааш явсаар өөрсөдтэйгөө адилхан нүүдэлчдийн суурин дээр ирнэ. Газар газраас ирсэн орон гэргүй, ажилгүй бөөн хүмүүсийн түр цугларалт болсон энэ суурин дээр баян хүмүүс ирж яг боол худалдаж авдаг шиг хямдхан ажилчид сонгож авах ба сонгогдсон хүн тэр өдрийнхөө эхнэр хүүхдийнхээ хоолыг олно гэсэн үг.

  Нүд хальтрам өрөвдөлтэйгөөс гадна ядуусын нэгэн том хороолол шиг энэ газарт чоно борооноор гэдэг шиг хүмүүсийн хөдөлмөрийг ашиглаж мөлждөг цагдаагаар хамгаалуулсан баячууд байна. Ийм муу хүмүүстэй Tom, Casy хоёр дорой нэгнийг өмөөрөн асуудал үүсгэх бөгөөд саяхан суллагдан Tom-д энэ ёстой гай дуудсан хэрэг байсан учир Casy түүний хэргийг өөр дээрээ хүлээж цагдаад баригдаж явна. Харин Tom хэсэгтээ нуугдах шаардлагатай болно. Хэсэг хугацаа өнгөрч Joad-ынхан бас нэг ажилчдын сууринд ажиллаж, амьдарна. Энд бүх юм цэгцтэй журамтай ч хатуу чанд хараа нь дор байгаа нь зарим талаараа шоронг санагдуулна. Энд тэндгүй буутай цагдаа зогсох ба нүүдэлчдийг маш хямдханаар шулан мөлжиж байна гэсэн эсэргүүцлийн хөдөлгөөн суурингийн өмнө байнга болж, уг хөдөлгөөнийг Casy удирдана.Tom нууцаар Casy-тай уулзаж дэлхийд шинэ дэг журам тогтох цаг нь болсныг, нэг талдаа гарсан эрх мэдэл, эд хөрөнгийг тарааж нийтээр эзэмших ёстойг хийгээд ганц хүн уудам дэлгэр газар эзэмшиж байхад мянга мянган хүн орон гэргүй өлсөж байгаа энэ тогтолцоог энэ цэгээс, энэ цагаас халах ёстойг ухаарна.Энэ үед босогчид цагдаа нартай тулж Casy алуулж, Tom цагдаагийн аминд хүрнэ. Энэ бол Tom дахиж гэр бүлтэйгээ хамт байх аргагүй ба нуугдаж амьдарна гэсэн үг болой.Tom явахаасаа өмнө ээждээ хэлнэ: хаана шударга ёс бөхөж харанхуй нөмөрнө би тэнд байж тэмцэнэ;  хаана хүүхэд өлсөж гэмгүй хүн төмөр нударга дор зовно би тэнд байж тэмцэнэ гэж хэлдэг ээ.

Энэхүү кино нь үзэгчээ сэтгэл урсан үнэн буюу өлсгөлөн,ядуурал, шударга үнэн ялагдсан, баян ядуугийн зааг ялгааг хэмжсэн гашуун аялалаар аялуулна. Мөн Henry Fonda болон ээж Joad хоёрын үгс үзэгчийн зүрхэнд тэмцлийн \шударга ёс\ галыг бадрааж, урам хурцалдагаараа алдартай ба кино урлагийн түүхэнд ч нэн алдартай.  "The Grapes of Wrath" роман 1939 онд Америкийн хамгийн их борлогдсон номоор шалгарсан ба удалгүй уран зохиолын төрөлд Пулицерийн шагналыг Steinbeck-д авчирсан. Ингээд домогт Ford кино болгон найруулахаар болж, гүйцэтгэх продюсер Zanuck номын улс төрийн зүүний үзэлд, ялангуяа төгсгөлийн хэсэгт сандарч байсан тул киногоо хууль ёсны болгохын тулд Оклахома руу хувийн мөрдөгчид илгээж байж. Zanuck-н мөрдөгчид Оклахомагийн нөхцөл байдал үнэхээр аймшигтай муу болохыг олж мэдсэний дараа Zanuck киногоо ямар нэгэн байдлаар коммунистыг дэмжсэн гэсэн улс төрийн дайралтыг хамгаалж чадна гэдэгт итгэсэн.

  Шүүмжлэгч Roger Ebert-н үзэж буйгаар Дэлхийн 2-р дайн мөн киноны мессежийг түгэхэд тус болсон аж; учир нь тэр үед коммунизм Америкийн заналхийллээс түрхэн ч гэсэн амсхийжээ. Критикч Bosley Crowther 1967 онд тэтгэвэрт гарахдаа уг киног бүх цаг үеийн хамгийн шилдэг 50 киноны нэгээр нэрлэсэн. Жинхэнэ кино үзэхийг хүсдэг хэн бүхний үзэх ёстой энэхүү бүтээлд гарах газраа банк, мөнгө хүүлэгчдэд алдсан гэр бүлийнхэн хэрэн тэнүүчилж, зовж шаналдаг ч тэсдэг, тэд хэзээ ч ялгагддаггүй, тэдний тэсч үлдсэн нь өөрөө ялалт болдог. Үзэгч та энэ киног коммунизмын сэдэв агуулгатай гэж бодно уу, эсхүл зүгээр л Их Хямралын үеэрх нэгэн гэр бүлийн баатарлаг тэмцэл гэж үзнэ үү, хамаагүй, энэ бол тэр үеийн бас өнөөдрийн мөрөөдлийн нутгийн үнэн төрх. Variety сэтгүүл: "Энэ кино бол Америкийн нийгмийн зүрх шимшрүүлсэн секторын эсрэг чиглэсэн онцгой гойд зугаатай бүтээл". The Film Daily сонины орон даяарх санал асуулгаар "The Grapes of Wrath" Alfred Hitchcock-н "Rebecca" киноны ард оны шилдэг кино жагсаалтын хоёрдугаарт орсон байдаг. Тухайн цагтаа ямаршуу нийгмийн ач холбогдолтой байсан шигээ өнөөдөр магадгүй бүр ч илүү чухал болсон эл бүтээлийг Америкийн классик гэж үнэлж байна. 

Comments