The Hunt (2012). Данийн кино найруулагч Thomas Vinterberg-н сэтгэлзүйн драм. Thomas Vinterberg бол Lars von Trier-н хамтаар "Dogme 95" хөдөлгөөнийг үндэслэгчдийн нэг юм. Киноны үйл явдал Зул сарын үеэр Данийн нэгэн жижигхэн тосгонд амьдрах цэцэрлэгийн багш залуу хүчингийн хэрэгт буруутгагдан тосгоныхондоо ад үзэгдэн хэлмэгдэн буй тухай өгүүлдэг. Уг бүтээлийг тухайн жилийнхээ шилдэг сэтгэлзүйн драмын нэгээр шүүмжлэгчид өргөмжлөхдөө гол дүрд тоглосон Mads Mikkelsen-н тоглолт, Vinterberg-н найруулгыг магтсан байдаг. Жүжигчин Mads Mikkelsen хэлмэгдсэн багшийн дүрээрээ Канны кино наадмаас шилдэг эрэгтэй жүжигчиний шагнал хүртсэн. Хэцүү асуултыг асуухдаа зоригтой хариултыг үзэгчдээс шаарддаг энэхүү киноны үйл явдлыг товчхон хүргэе.
Lucas бол амьдардаг жижигхэн хотдоо хүндлэгдсэн, олон найзтай цэцэрлэгийн багш юм. Тэрээр эхнэрээсээ салсан, ганцаараа амьдардаг бөгөөд өсвөр насны хүү Marcus-гаа үргэлж санаж үгүйлдэг сайн эцэг. Цэцэрлэгийн хүүхдүүд ч түүнд сайн гэж тоймгүй, үргэлж түүнтэй тоглож наадна. Marcus аавтайгаа хамт амьдармаар байгаагаа хэлэх баярт мөчтэй зэрэгцэн Lucas хамтран ажилладаг Nadja гэдэг хүүхэнтэй болзож эхэлснээр одоогоор түүнд бүх зүйлс сайхан, жаргалтай санагдаж байв. Lucas-н хамгийн сайн найз бол Theo; түүний хэлснээр Lucas-н нүд рүү хараад л найзынхаа үнэн эсхүл худал ярьж буйг мэддэг нэгэн. Мөн түүний жаахан охин Klara Lucas-н тоглодог олон хүүхдүүдийн нэг юм. Klara-н эцэг эх үе үе маргалдахад Lucas л охинд хань болдог учраас Klara түүнд туйлгүй сайн бөлгөө. Klara багшийгаа "крашилж" эхэлдэг; охин түүний уруул дээр гэмгүй үнсэж, бэлэг өгнө, Lucas охины сэтгэлийг эелдгээр няцааснаар түүний сэтгэлийг шархлуулж байгаагаа ухаарсангүй. Ахынхаа найзын үзүүлсэн порнографаас үүдэн, мөн Lucas-д гомдсон сэтгэлдээ хөтлөгдөн Klara цэцэрлэгийн эрхлэгчид Lucas биеийнхээ хэсгийг буюу "ичимдэг эрхтэнээ" үзүүлсэн гэсэн утгатай зүйлс ярьчихна.
Эрхлэгч танил мэргэжилтэнээ дуудан охинтой яриулахад Klara асуусан болгонд нь толгой дохисноор Lucas гаж этгээд гэсэн сэтгэгдлийг цэцэрлэгийн ажилчдад шууд өгнө. Эрхлэгч цэцэрлэгт явдаг хүүхдүүдийн эцэг эхчүүдэд энэ тухай мэдэгддэг ба Klara-н хожуу өгсөн яриа эхнийхтэй нь зөрчилдөж байсан ч насанд хүрэгчид аль хэдийнээ охины худал түүхэнд итгэчихсэн байлаа. Ингээд Lucas ажилгүй болж, хамгийн сайн найзтайгаа тангараг тасраад зогсохгүй олон нийтээрээ түүнийг педофил гаж амьтан гэж гадуурхана. Мөрдөн байцаалтын нууцлалт, тодорхойгүй үг хэллэгээс болж тэрээр юу хийх ёстойгоо мэдэхгүй балмагдана. Зарим талаар бардам, дотогшоогоо гэмээр зангаас нь болж Nadja ч түүнийг орхино. Энэ хооронд Marcus ээжтэйгээ муудалчихаад аавтайгаа амьдрахаар ирнэ. Нэг дэлгүүрт ортол худалдагч педопил аавд нь мөн түүний хүүд үйлчлэхгүй гээд бараг хөөж туух ба буцаж явтал цагдаа нар аавыг нь баривчилж байна. Гэртээ орох аргагүй болсон Marcus Theo-нд очих бөгөөд тэнд Klara-тай таараад охиныг худалч, аавыг нь ийм байдалд оруулсан гэж дайрч давшилж байгаад Theo тэргүүтэй томчуулд зодуулаад дахиад л хөөгдөнө.
Шөнө болсон хойно загалмайлсан эцэг, аавынхаа найз Bruun гэгчийнд очно; энэ эр болон түүний гэрийнхэн Lucas буруугүй гэдэгт итгэж байгаа цөөхөн улсын нэг учир хүүг халуун дотноор угтана. Маргааш өглөө нь, Bruun шүүх хурал болж Lucas-г гэмгүй гэж үзээд сулласан гэж хэлнэ. Чухам юу болсон гэвэл, цэцэрлэгийн хүүхдүүд бүгд Klara-н ярьсан шиг зүйлс ярьж Lucas-г гарцаагүй байдалд оруулсан ч хүүхдүүд бүгдээрээ Lucas-н гэрт очиж байсан, байшингийнх нь дор байх подвалд орж байсан тухай ярьсан ч үнэндээ Lucas-нд ямар ч подвал байхгүй буюу энэ бол цэвэр хүүхдүүдийн төсөөлөл, санаанаасаа зохиодог онцлог шинжээс үүдсэн хэрэг болох нь тодорхой болжээ. Lucas суллагдсан ч хотынхон түүнийг гэмгүй гэдэгт итгэхгүй байгаагаа нохойг нь алснаар харуулна. Айсан Lucas хүүгээ ээж рүү нь явуулна. Зул сарын өмнөх орой хүнс цуглуулахаар дэлгүүрт ортол худалдагчид нь нийлээд Lucas-г сүрхий зодох боловч шазруун Lucas зодуулсан ч тэмцсээр байгаад хүнсээ авч чаддаг. Орой нь, сүмийн ёслол дээр халамцуу очиход бүгд түүнийг эвэртэй туулай үзсэн мэт харах дотор Theo эхнэртэйгээ ямар нэг юм шивнэлдэх нь зэвүүн. Lucas дайрч очин Theo-г барьж аваад; миний нүд рүү хар, би тийм юм хийсэн юм шиг харагдаж байна уу гэж орилдог.
Зул сарын орой Klara аавдаа Lucas өөрт нь муу юм хийгээгүй, би зүгээр тэнэг зүйлс хэлчихсэн гэж хэлдэг. Theo архи, хоол аваад Lucas-нд очоод эрчүүд хамтдаа суун ууцгаадаг. Жил өнгөрчээ. Бүхий л хурцадмал байдал үгүй болжээ. Lucas дахин хүрээлэлд орох болж, найзуудаараа цуглаж байна. Nadja ч түүнтэй эвлэрсэн байна. Marcus насанд хүрсэн тул ааваасаа ангийн буу авах ба Klara ч багштайгаа эргээд дотно найзууд болсон байлаа. Маргааш өглөө нь эрчүүд анд гарцгаана; Lucas ой дотор ганцаараа зогсож байтал хаанаас ч юм өөр рүү буудаж золтой л алсангүй; эргээд хартал нарны гэрэлд нэг хүний сүүдэр харагдана, тэр этгээд буугаа дахин шагайсан ч буудалгүй эргээд явчихна. Mads Mikkelsen-н царай өгөршиж, ядарсан харагддаг; бүх цөхрөл, хэлмэгдэлт нь нүүрэн дээрээс нь харагддаг. "Casino Royale", "Hannibal Lecter" кинонуудад тоглосноороо илүү олонд танигдсан Mikkelsen-н энэхүү царай үнэндээ эсрэг талын дүрд тохирдог. Vinterberg-н энэхүү драм Mikkelsen-г жүжигчиний хувьд зөвхөн эсрэг талын дүрд бус олон талт жүжигчин болохыг нь харуулжээ. Төмөр хүрээтэй шил зүүж, шар үсээ урагшаа самнасан хийгээгүй хэргийнхээ төлөө яллагдаж буй багшийн дүрээрээ тэрээр Канн-д гангарсанаар өөрийгөө А зэрэглэлийнх гэдгийг нотлов. Энэ бол өөрийг нь буруутгаж буй олонхын эсрэг тэмцэж буй хүний түүх юм. Эцэстээ үнэн ялж байгаа ч аливаа гүтгэлгээс заавал шарх үлддэгийг харуулсан аж. Кино эхлэхэд Lucas-н амьдрал тайван, бараг л төгс мэт харагддаг; тэр өдөр нь хүүхэд харж, оройн харсан хүүхдүүдийнхээ эцэг эхчүүдтэй ууж өнгөрүүлдэг; тэр эрч хүч, тамир тэнхээгээ нэг зүйлд хадгалж буй мэт харагддаг.
Гэхдээ түүний хүүхдүүдтэй харьцах сэтгэл чин үнэн, мөн түүнийг найзууд нь ганцаараа амьдраад байгаад зовдог халамж ч жинхэнэ байдаг. Цэцэрлэгийн нэг охин өөрт нь бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэж хэлснээр Lucas-н амьдрал эгнэгт нурж унаж байна. Уг кино үзэгчдэд таавар тавьдаггүй ба Lucas гүтгэгдэж байгаа нь бүр анхнаасаа тодорхой байдаг. Эрхлэгч анхнаасаа шууд Lucas-тай нүүр тулан ярихын оронд түүний ард урдуур "мөрдлөг" явуулж, түүнд амралт өгч явуулж байгаа нь байдлыг хүндрүүлж, Lucas-д тодорхойгүй мэдрэмж өгсөн санагдсан ба нэг үгээр эрхлэгчид асуудлыг тэр дор нь шийдвэрлэх боломж байсан санагдсан. Урагшгүй эрхлэгч, айсан эцэг эхчүүд хийгээд хүүхдүүдийн гайхамшигтай төсөөлөл Lucas-г нийтийн дайсан болгодог буюу хүмүүс түүнийг педофил араатан гэж харан нийгмээсээ зайлуулахыг оролддог. Яг эндээс л киноны хөндсөн сэдэв гарч ирдэг; гүтгэлгэ буюу хуурамч ял юм. Тэр үнэхээр гэмтэн эсэх нь хамаагүй юм нэгэнт нийгэм түүнийг буруутан гэж үзсэн бол. Чухам ийм хүчээр буруутгагдан хэлмэгдсэн хүний бүхий л шинж тэмдэгийг жүжигчин Mikkelsen гаргууд гаргасан.
Comments
Post a Comment