Төгс гэр бүл

 


The Ice Storm (1997). Тайванийн кино найруулагч Ang Lee-н драм ба кино зохиолыг James Schamus 1994 онд онд хэвлэгдсэн Rick Moody-н ижил нэрт романаас сэдэвлэн бичсэн. Уг кинонд, өдөр тутмын амьдралынхаа таагүй талуудаас зугтааж, сэтгэлийн хямрал, аливаа гунигт автахаас зайлсхийхийг тулд садар самуун, архи, зугаа цэнгэлийн хойноос хөөцөлдөж буй Америкийн дундаж давхаргын хоёр гэр бүлийн тухай өгүүлдэг. Киноны жүжигчдийн бүрэлдэхүүн чуулга гэдгээ онцлогтой; Kevin Kline, Joan Allen, Tobey Maguire, Christina Ricci, Elijah Wood, Katie Holmes, Glenn Fitzgerald, Sigourney Weaver, James Sheridan нар тоглосон.

Уг бүтээл Канны наадмын дээд шагналын төлөө өрсөлдөж байсан агаад Каннаас шилдэг кино зохиол шагналыг хүртсэн бол жүжигчин Sigourney Weaver BAFTA кино наадмын шилдэг эмэгтэй туслах дүрийн шагналын эзэн болж байв. Америкийн зохиолч Rick Moody-н хүчирхэг, нэгэн эринийг хураангуйлан буулгаж чадсан номоос мөн л хүчирхэг, эрин үеэ амжилттай зурагласан кино төрөн гарсанд гайхах зүйлгүй. Киноны үйл явдал өрнөх 1973 оны сүүлээр рок-н-ролл болон "Watergate"-ын хэрэг гээд бүх зүйл хөмрөхийн даваан дээр байгаа юм шиг сүйрлийн мэдрэмж төрүүлж, ямар нэгэн юмны нууцлаг шилжилтийн цаг үе шиг уур амьсгалын аястай. Хахир, сэтгэл хөдлөлөөр баялаг, оюунлаг, гүн мэдрэмжтэй "The Ice Storm" бол үзэхгүй өнгөрч болохгүй кино. Theyshootpictures сайт бүх цаг үеийн хамгийн шилдэг мянган киноны 954-р байрт эрэмбэлээд байна.

  Ингээд киноны үйл явдлыг товчхон өгүүлсү. 1973 оны Талархлын баярын үе. Ben эхнэр Elena болон хүү Paul, охин Wendy нарын хамт амьдрах ба Ben гэрлэлт, ажилдаа сэтгэл дундуур байх болсон. Тэдний хөрш, гэр бүлийн найзууд болох гэрийн эзэн Jim, гэргий Janey, тэдний Mikey, Sandy хөвгүүд бол манай киноны баатрууд болой. Дашрамд дурдахад дээрх хүүхдүүд бүгд өсвөр насныхан билээ. Ben дунд насны хямралаасаа гарахын тулд Janey-тэй явалдана. Elena мөн л нэг хэвийн амьдралаасаа уйдах боловч хэрхэн энэ бүхнийг өөрчлөхөө мэдэхгүй дэмий л уйтгарлана. Wendy охин Jim-н хөвгүүдтэй элдэв сексийн утгатай тоглоом тоглож зугаацах бол Paul дотуур байртай сургуульд сурж, ангийнхаа Libbets хэмээх охиныг нууцхан хайрлана. Paul-н өрөөний найз Francis бас Libbets-д сэтгэлтэй нь гачлантай. Ben Mikey-г этгээд хүүхэд гэж боддог агаад харин Sandy хөвгүүн үргэлж тэсэрч дэлбэрдэг тоглоомоор наадаж хөгжилдөнө. Ээлжит болзоондоо Janey ирэхгүй, Ben нууц амрагийн харилцаа нь өндөрлөж гэж бодно. Харин Janey гэр бүлийнхээ ажил, амьдралын өмнүүр түүнийг оруулж чадахгүй гэж хатуу хэлдэг.

Ийнхүү Талархлын баярын дараах баасан гарагт Elena нөхрөө Janey-тэй явалдаж байгааг олж мэдээд хэрүүл үүсгэнэ. Нөхөр, эхнэр хоёр хэрүүлтэй байсан ч тэр хавийнхны зохион байгуулж байгаа үдэшлэгт явцгаана. Тэрхүү үдэшлэгт Jim, Janey хоёр очно. Энэ үдэшлэгийг "түлхүүрийн үдэшлэг" гэдэг бөгөөд энэ нь хосууд хамтрагчаа сольж секс хийдэг, нэг үгээр групп сексийн үдэшлэг юм. Ben үдэшлэгт очоод ууж эхлэн согтчихно. Энэ зуур Janey нэгэн залуухан эртэй амраглахаар болно. Ben үүнийг мэдээд тавьтаргүй аашилж, улмаар ариун цэврийн өрөөнд ороод тасарчихна. Харин гадаа шуурга эхэлж байв. Завхай үдэшлэгт оролцогсод бүр шөнийг хамт өнгөрүүлэх хосоо олж, Jim, Elena хоёр үлдэх буюу тэд амраглах ёстой болно. Jim, Elena хоёр гадагшаа гарч, машинд ороод эв хавгүй, түргэн шуурхай секс хийсэн болж, Jim ийм явдал болсонд харуусч, Elena-г гэртээ аваачихаар болж машинаа асаана. Wendy шуурга болж байгаа ч Mikey-тай уулзахаар Jim-нх руу явна. Охиныг очиход Mikey байсангүй харин түүний дүү Sandy байх агаад Sandy охиныг крашлаад удаж буй. Wendy хүүг хувцсаа тайлаад нэг оронд хамт орохыг хүсч, оронд ороод хамтдаа архи ууж согтоод, унтацгаацгаана.

  Нөгөө талд Paul Libbets-н гэрт уригдан очиж байна. Түүнийг яваад очтол охин Francis-тай хамт байж таарна. Paul-н романтик төлөвлөгөө ийнхүү нурж, бухимдсан Paul Francis-г унтуулахын тулд нойрны эмийг мансууруулах нөлөөтэй гэж хэлтэл Libbets бас ууна гэж зөрүүдэлснээр Francis, Libbets хоёр унтаад өгнө. Охин унтахынхаа өмнө Paul-г ах шигээ санадаг гэж хэлдэг бөгөөд урам нь хугарсан Paul тэр хоёрыг орхичихоод гэрийн зүг явнө. Энэ хооронд шуурган дунд алхаж байгаа Mikey мөсөнд хучигдсан мод, талбайн үзэсгэлэнт байдлыг хараад биширнэ. Тэрээр мөстсөн замаар гулгаж яваад өндөр хүчдэлийн шонгийн модны дэргэдүүр явж байгаад тогонд цохиулж тэр дороо үхчихнэ. Шуурганд шалба норсон Jim, Elena-н хамтаар үүр цайж байхад гэртээ ирнэ, Elena тэндээс охин Wendy-гээ нүцгэн Sandy-тэй хамт байхыг олж харна. Janey хэдийнээ ирээд унтаж байв. Эрүүл болсон Ben харих замдаа замын захад үхсэн хэвтэх Mikey-г олоод гэрт нь хүргэж ирнэ. Энэ явдал хоёр гэр бүлийг цочирдуулж бас ухаажуулна. Ben, Elena, Wendy нар шуурганаас болж хоцорч ирж байгаа Paul-г тосохоор галт тэрэгний буудал руу явах агаад Ben-н гэр бүлийнхэн дахиж цуглаж, хамтдаа гэртээ харьснаар кино төгсдөг.

  Эх зохиолыг анх James Schamus-н эхнэр, уран зохиолын скаут Nancy Kricorian гэгч олж илрүүлээд нөхрийнхөө анхааралд өртүүлсэн бөгөөд Nancy Колумбийн Их сургуулийн гадаад харилцааны хөтөлбөрийн ажилтан Rick Moody-г эртнээс таньдаг байжээ. Schamus: "Энэ бол гайхалтай кино болох боломжтой ном юм. Романы жинхэнэ уран зохиолын чанараас болж хүмүүс маш сайн кино болох боломжийг хараагүй байж магадгүй" гэсэн буй. Философич Slavoj Zizek хэлэхдээ; Schamus кино зохиолоо бичиж байхдаа өөрийнх нь номыг уншсан нь нөлөөлсөн гэсэн буюу Schamus кино зохиолоо бичиж байхдаа Zizek-н онолын номыг уншиж байгаагаа өөрөө Философичид хэлж байжээ. Schamus бэлэн болсон зохиолоо үүгээр кино хийж чадах цорын ганц чадвартай найруулагч гэж итгэсэн Ang Lee-д өгчээ. Schamus болон Ang Lee, мөн продюсер Ted Hope нар өмнө нь "The Wedding Banquet" кинонд хамтран ажиллачихаад байсан хэрэг. Ang Lee-д номын оргил хэсэг сэтгэлийг нь татсан учраас найруулахаар шийдсэн гэдэг; түүний сэтгэлийг татсан хэсэг бол Ben мөсөн дээрх цочирдом нээлт,шуурганы маргааш Ben-н гэр бүлийн сэтгэл хөдөлгөм цугларалт байсан ба найруулагч маань энэ хоёр үзэгдлээс л киногоо босгожээ. Кино шүүмжлэгч Roger Ebert уг киног Ang Lee-н шилдэг бүтээл гэсэн бол мөн шүүмулэгч Gene Siskel 1997 оны шилдэг киногоор нэрлэсэн.

1970-аад он манай улсын хувьд ичгүүртэй арван байсан гэу бичсээр ирсэн, энэ үеийг дурсан санахад тун зовиуртай байдаг; найруулагч найруулагч Ang Lee эл киногоороо тухайн үеийн сэтгэл зүрхийг судлахын тулд бүдүүлгээр зүсч, үр дүнд нь үнэнхүү сүйрлийн, нэгдүгээр зэрэглэлийн насанд хүрэгчдийн драм бүтсэн хэмээх нэгэн судлаач бичжээ. The New York Times "Сайхан жүжиглэлттэй энэхүү кино нь одоо ч дүрүүд болон тэдний сэтгэл хөдлөлийг алсад байлгахыг сонгосон хэвээр байна. Тэд бие биенээсээ нуугдаж байгаа шигээ үзэгчдээс бас нуугдаж байгаа нь киноны түгшүүртэй мөн чанарын салшгүй чухал хэсэг болж байна" гэжээ. "The Ice Storm" киноны гайхалтай чанар бол найруулагч өөрийнхөө үйл явдлын сэдлийн нууцыг тайлбарлашгүй байлгахыг зоригтойгоор сонгоод үзсэн бүхнээ үзэгчийнхээ үнэлгээнд үлдээсэн явдал юм. Найруулагч эмэгтэй дүрүүдийнхээ мэдрэмжийг илүүтэй гарган үзүүлдэг, уг кино нь донсолгоотой эрин дэх эмэгтэйчүүдийн уй гашууг тодотгосон эмэгтэй жүжигчдийн гүйцэтгэлд төвлөрдөг. Sigourney Weaver ширүүн, дур булаамаас гадна эмзэг, цөхөрсөн дүрийг төгс тамгалсан бол Joan Allen гунигтай ч энэрэнгүй зан авираараа цаг үеэсээ хоцрогдож буй эмэгтэйн дүрийг гаргууд гарсан. Харин Christina Ricci асуудал үүсгэгч, дарьтай бөмбөг шиг дүрээ тун үнэмшилтэй гаргасанаар хожим энэ дүр түүний замналын тод мөч болж үлдэх нь дамжиггүй. Энэ кино олон дүрийн зовлонг харуулснаараа бусад хотын захын доройтлыг харуулсан драмуудаасаа ялгаатай гэж үзэж болох ч киног хамгаас онцгой болгож байгаа зүйл бол киноны төгсгөлд гэр бүл салах биш харин ч нэгдэн нягтарч буй явдал юм. 

Comments